Богдхан ууланд алхдаг хүмүүс нийтийн эзэмшлийн талбай, ариун цэврийн байгууламж, автомашины зогсоолтой болох санал гаргасан. Үүний дагуу Засгийн газраас Богдхан уулын Зайсангийн ам дахь “Энигма” компанийн эзэмшиж буй 42 га газрын гурван га-г нь төрд буцаан авч, олон нийтэд зориулахаар шийдвэрлэсэн билээ. Уг гурван га газарт 2015 онд улсын төсвийн хөрөнгөөр авто зогсоол барьж, ашиглалтад оруулсан юм. Мөн 220 сая төгрөгөөр нийтийн ариун цэврийн байгууламж, хогийн цэг барих ажил өдгөө үргэлжилж байна.
Гэвч “Энигма” компанийнхан газраа буцаан авахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэ талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Батмөнх “БОАЖЯ-наас газар ашиглах эрх цуцлах шийдвэр удаа дараа гаргасан ч шүүх уг шийдвэрийг хүчингүй болгочихоод байна. Үүнээс болж төрийн ажил удааширдаг. Тухайлбал, “Энигма” компанийн, Зайсангийн ам дахь гурван га газрын эрхийг цуцалсан ч шүүхэд хандаж, ажилд саад болсоор байгаа. 2017 онд нийтийн эзэмшлийн зогсоол барихад нэлээд маргаан үүссэн. Өнөөдөр ариун цэврийн байгууламж барихад бас л маргаан дэгдсэн хэвээр байна” хэмээн ярилаа. Мөн ашиглалтад оруулсан гурван авто зогсоолын нэгэнд тус компанийнхан эзэн сууж, автомашинаа тавьсан иргэдээс төлбөр авдаг болжээ. Тодруулбал, аяллын автобуснаас зогсоол ашигласны төлбөр гэж таван мянган төгрөг хурааж буй гэнэ.
Үүнээс гадна БОАЖ-ын сайдын А/113, А/76 тушаалаар Туул гол дагуух, онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэм зөрчсөн компаниудын газар ашиглах эрхийг дуусгавар болгожээ. Гэвч аж ахуйн нэгжүүд нэхэмжлэл гаргаснаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх сайдын тушаалыг хүчингүй болгох шийдвэр гаргаад байгаа гэнэ.
Бэлтгэсэн: Б.Уянга