Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн урд хэсэг буюу одоо барилга барихаар төлөвлөж буй газар. 2019.11.04
Монгол Улсын Үндэсний урлагийн их театр өмнө нь 12 удаа буурь сэлгэн нүүсэн гэдэг. Хамгийн сүүлийн нүүдлээ 1960 онд хийж, одоогийн байрандаа төвхнөсөн түүхтэй. Харин сүүлийн 10-аад жил 13 дахь нүүдлээ хийхээр ярьж, төлөвлөн, зарим шийдвэр төрөөс гаргасан байдаг. Тухайлбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газраас хамгийн сүүлд буюу энэ оны дөрөвдүгээр сарын 10-нд Үндэсний урлагийн их театрыг барих тогтоол баталсан. Нэг ёсондоо тэрбээр 2017 онд болсон “Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган”-ыг нээж, “Үндэсний урлагийн их театр барих ажлыг эхлүүлнэ” гэж хэлснээ ажил хэрэг болгох эхний алхмаа хийсэн нь энэ. Тус театрынхан Ерөнхий сайд түүхэн шийдвэр гаргалаа хэмээн битүүхэндээ баярлаж суугаа ч энэ нь ажил хэрэг болтлоо нэлээд сунжрах төлөвтэй. Дөрөвдүгээр сарын 10-нд шийдвэр гаргасны дараа байгуулагдсан ажлын хэсгийнхэн Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн паркийн баруун урд хэсгийн дөрвөн га талбайд Үндэсний урлагийн их театр барих боломжтой гэж үзсэн. Харамсалтай нь, эл газар “эзэн”-тэй тул шүүхээр эцэслэн шийдвэрлэхээс нааш барилгын шав тавих боломжгүй. Авсан газраа зориулалтаар нь ашиглаагүй удсан шалтгаанаар дөрвөн га газар эзэмших эрхийг нь нийслэлийн Засаг дарга цуцалсан байна. Тиймээс тухайн газрыг эзэмшигчид шүүхэд хандсан сурагтай.
Үндэсний урлагийн их театрын байр ашиглалтын шаардлага хангахгүй гэх дүгнэлтийг мэргэжлийн хяналтын байгууллагаас хэдэнтээ гаргаж, үйл ажиллагааг нь зогсоох мэдэгдэл удаа дараа өгч байж. Ашиглалтын шаардлага хангахгүй гэх дүгнэлтээ өнгөрсөн онд театрын удирдлага дахин гардсан гэх. Тийм хэдий ч толгой хоргодох өөр газаргүй тул тус театрынхан эл газартаа өнөөг хүртэл уран бүтээлээ туурвисаар. Эл театрыг тоосгоор өрж, дээврийг нь модоор хийсэн. Тоосго өдгөө хуучирч сийгэх болжээ. Дөрвөн баллын газар хөдлөлтөд тэсэхгүй, үертэй үед усанд автах эрсдэлтэй. Гал түймэр гарахад сан хөмрөгөө аврахад хэцүү гэнэ. Урлагийн үнэт өв, уламжлалт хувцас, үнэт архивуудаа дээврийн өрөөнд хадгалдаг гэсэн. Гэхдээ хавар цас ханзрах юм уу, зун бороо ихтэй үед эднийхэн архивтаа “аврах ажиллагаа” байнга явуулдаг. Наадмын дараахан Үндэсний урлагийн их театрынхан их засвар хийсэн гэнэ. Гэхдээ дээр хэлсэнчлэн тоосго нь сийрэгжиж муудсан учраас ханын цаас чийгтэж, энд тэндгүй ус нэвчиж, шарласан харагдав.
Нүүх үү, үлдэх үү гэх асуултад Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид өөрсөд өөрсдийнхөөрөө хариулав. Ашиглалтын шаардлага хангасан орчин үеийн театртай болохыг нэг хэсэг нь мөрөөдөж суухад зарим нь үндэсний хэв маягаа хадгалж үлдэх нь чухал хэмээлээ. Ингэхдээ Москвагийн их театр буюу Большой театрын жишгээр засаж, тохижуулах хэрэгтэй гэж байв. ОХУ тэрбум ам.доллар зарцуулж, өмнөх өнгө төрхийг нь алдагдуулахгүйгээр Большой театраа засжээ. Үүний нэгэн адил зарим уран бүтээлч театрынхаа өмнөх баганууд болон баганын дээд талд сийлсэн морин толгойг хэвээр үлдээх сонирхолтойгоо нуугаагүй. Гол нь театрын тоглолтын тайзыг жинхэнэ утгаар нь тохижуулж, тоног төхөөрөмжийг сайжруулах шаардлагатай гэцгээж байлаа.
2007 онд буурь сэлгэж нүүх гэсэн уран бүтээлчдийн хүсэл биеллээ олох тун дөхсөн гэнэ. Тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр нэг дээвэр дор (Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Улсын драмын эрдмийн театр, Хүүхэлдэйн театр) ажиллаж буй гурван байгууллагын удирдлагыг хүлээн авч уулзсан аж. Уулзалтаас хойш хэсэг хугацааны дараа Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгыг өрх тусгаарлах УИХ-ын шийдвэр гарчээ. Улс тус барилгад найман тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт суулгасан гэдэг. Харамсалтай нь, тухайн үедээ барилга барих газар олдоогүй аж. Гэтэл 2009 онд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын урд талын газар зарагджээ. Тухайн үедээ дээрх театрын уран бүтээлчид барилга барихыг эсэргүүцээд эрх мэдэлтнүүдийн өмнө хүч мөхөстсөн байна. Улмаар Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын дарга нь хамт олноо турхирсан хэмээн салбарын сайд Ё.Отгонбаяраас сануулга аваад өнгөрснийг уран бүтээлчид хэлсэн. Өдгөө Үндэсний урлагийн их театрынханд барилга барих газар олдохгүй байгаа. Харин эл театрынхантай хаяа дэрлүүлэн “Индустр” ХХК-ийнхан 32 давхар “Соёмбо” гэх барилгын ажил эхлүүлж, ашиглалтад ороход бараг бэлэн болжээ. Энэ газарт барилга барихдаа Улсын драмын эрдмийн театрынханд 35 байр өгөхөөр гэрээ байгуулж, зөвшөөрөл авсан аж. Эндээс харахад Үндэсний урлагийн их театрынхан энэ олон жил газар хайж гүйх шаардлагагүй байсан мэт. Хэрвээ эрх мэдэлтнүүд хуйвалдаж, “Индустр” ХХК-ийнханд давуу байдал олгоогүй бол өдгөө эл газарт Үндэсний урлагийн их театрынхны шинэ өргөө хэдийн сүндэрлэх боломжтой байж. Ганц “Индустр” биш, өөр хоёр ч компанид театрын урд талын газраас өгсөн нь үнэхээр харамсалтай.
Үндэсний урлагийн их театрынхан ам бүл 189-үүлээ. Тэдний 170 нь уран бүтээлч. Үлдсэн нь аж ахуй, захиргааны ажилтан. Эл театр анх 1945 оны дөрөвдүгээр сарын 7-нд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 23/20 тоот тогтоолоор Эстрад концертын товчоо нэртэйгээр байгуулагдаж, зургаан хөгжимчин, таван дуучин, зургаан бүжигчин, уран уншигч, илбэчинтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Хот, хөдөөгийнхнийг урлаг, уран сайхнаар хангах үүрэгтэй Эстрад концертын товчооныхон анх одоогийн ХААН банкны байр буюу хуучнаар Хүүхэд залуучуудын театрын хоёр өрөөнд суурьшжээ. Дараа нь 1945 оны тавдугаар сарын 3-нд “Бөмбөгөр” ногоон театр руу нүүсэн гэх. Энд ирээд нэрээ Ардын дуу, танцын үндэсний хөгжмийн ансамбль болгон өөрчилжээ. 1946 онд “Бөмбөгөр” ногоон театр шатаж тэндээсээ нүүхээс аргагүй байдалд орсон гэдэг. 1950 онд Ардын дуу, танцын улсын ансамбль болж нэрээ өөрчлөхдөө Элдэв-Очирын нэрэмжит кино театр буюу одоогийн Хөрөнгийн биржийн байранд нэг хэсэг уран бүтээлээ туурвиж байв. Ээдрээтэй түүхийг туулж ирсэн ч тус ансамблийнхны уран бүтээл хүрээгээ тэлсээр, үйл ажиллагаа нь өргөжсөөр байсан гэх. Тухайлбал, 1950 онд эстрадын анги, мини театр, жазз хөгжмийн ансамбльтай болж уран бүтээлчийн тоо 76 болжээ. Энэ мэтээр тус ансамблийн уран бүтээлчид хэрмэл цыган шиг нүүж, суусаар 1960 онд 12 дахь удаагаа буурь сэлгэж, Залуучуудын соёл, хүмүүжлийн ордон буюу одоогийн байрандаа нүүж иржээ. Энэ барилга театрын зориулалтаар баригдаагүй. Энэ ордныг 1957 онд бүх нийтийн хандиваар барьж байсан гэдэг. Тухайн үеийн Залуучуудын соёл, хүмүүжлийн ордон хөх, цагаан, ногоон гурван заалтай. Хөх зааланд бүжгийн дасгал сургуулилалт хийхээс гадна, нийтийн бүжиг зохион байгуулж, шинэ жил дөхөхөөр харшийн наадмаа хийдэг байж. Цагаан заал урлагийн тоглолтынх. Ногоон заалыг Хүүхэлдэйн театрынхны мэдэлд өгсөн. 1963 онд Драмын театрынхантай айлсаж, нэг дээвэр дор, үйл ажиллагаа явуулах болжээ.
Үндэсний урлагийн их театрынхан 10 жилийн өмнөөс туурга тусгаарлахаар хөөцөлдсөн талаар дээр дурдсан. Тухайлбал, 2007 онд Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг Хүүхдийн урлан бүтээх төвийн ардхан талд барилга барих газар өгсөн гэх. Тухайн үедээ улс ойр орчмынх нь айлуудтай тохиролцож чадаагүйгээс тухайн газрыг авч чадаагүй. Өдгөө тэнд хувийн хэвшлийн өдий төдий барилга баригдсаныг та бид мэднэ. Дараа нь Тасганы овооны орчим газар олгосон ч хэт жижгээс гадна, автомашины зогсоолгүй учраас бас цуцлагджээ. Мөн “Автобус I” компанийн автобаазыг хотоос гаргаж бууринд нь Үндэсний урлагийн их театрыг барихаар төлөвлөсөн ч бас л бүтэлгүйтэв. Үүнээс гадна Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаан доторх задгай тайзтай хэсэгт мөн барилга барих газар олгож байсан удаатай. Гэхдээ энэ газрыг хэдийн бусдад зарсан байж. Тиймээс шүүхэд ялагдал хүлээж, энэ газраа бас л алдсан. Өнгөрсөн хавар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон холбогдох албаны хүмүүс театр барих газар судлаад Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн урдах газрыг боломжтой гэсэн ч бас л бүтэлгүйтэж буй бололтой. Газрын маргаан шийдэгдтэл тодорхой хугацаа орно.
Өнгөрсөн хавраас театр барих ажлын хэсгийнхэн гадаадын цөөнгүй орноор “аялжээ”. Ингэхдээ тус театрын ажилтнуудаас төлөөлөл авч яваагүй гэх. Хамгийн сүүлд БНХАУ-ын Шанхай, Бээжин, Хөх хотоор явж театр, тайз судлахдаа харин театрынхнаас авч явсан юм билээ. Энэ ажлын хэсэгт багтсан Үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатарын яриагаар энэ нийтлэлээ төгсгөе. Тэрбээр “Манайх 10-аад жилийн өмнөөс шинэ театртай болохоор хөөцөлдсөн. Энэ хугацаанд өөрсдийн хэмжээнд судалгаа хийсэн. Очиж тоглосон театр болгоноо судаллаа. Гэхдээ бид шийдвэр гаргадаггүй. Зөвхөн санал гаргах эрхтэй. Ерөнхий сайд нэгэнт шийдвэр гаргасан бол үүнийг эрх бүхий байгууллагууд нь хурдхан шийдээд өгөөсэй. Миний хувьд мэргэжлийн театр, тайз ямар байдаг талаар үзэж харснаа саналдаа тусгах боломжтой. Бид Солонгосын Үндэсний урлагийн их театрт хэд хэдэн удаа очсон. Энэ театр Хан мөрөнд хөвж буй усан онгоц мэт харагддаг. Тайз нь ямар гоё гээч. Урд хөршийн Хянган аймаг гэхэд театр барихдаа 137 сая ам.доллар зарцуулсан. Тайз нь доошоо 20 орчим метр гүн. Тайзыг дээш доош гүйлгэдэг механизм нь үйлдвэр шиг том юм билээ. Тайз доош буухад ард нь байгаа тайз урагшилж “нүүж” ирнэ. Хажууд нь оркестрынхон сууж, шаардлагатай бол бас гулсаад ороод ирнэ. Дээшээ мөн байгууламжтай. Энэ бүгдийг компьютерын ард суугаад удирддаг. XXI зуунд театр, тайзны урлаг ямар болсныг мэддэг мэдлэгтэй архитектор Монголд алга. Гадаадын мэргэжилтнүүдээр зураг төсөл хийлгэнэ гэвэл их үнэтэй. Тиймээс энэ барилгыг барихаар тендерт шалгарсан “Building’s technology” компанийнхан гадаадаас мэргэжилтэн урьж ирүүлээсэй. Бид туршлага судлахаар явахдаа дээрх компанийн ажилтнуудыг дагуулж, театр, тайз гэж юу болохыг бодитоор нь харуулсан” гэсэн юм.