Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглож, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэж буй сайжруулж боловсруулсан түлшээр нийслэлчүүд энэ өвлийг давахаар болоод буй. Ид хүйтний улирал эхлээгүй аравдугаар сарын эхэнд 40 гаруй хүн угаарын хийд хордож, дөрвөн хүн нас барсан нь энэ түлшийг түлэх, эсэхэд иргэдийг эргэлзэхэд хүргэсэн. Угаарын хийд иргэдийг дахин хордохоос урьдчилан сэргийлж “Тавантолгой түлш” компаниас гэр хорооллын айл, өрхүүдийн зуух, пийшинг шалгаж, шаардлагатай тохиолдолд засвар үйлчилгээ хийх “Сервис төв” байгуулжээ. Тус компаниас мэргэжлийн 350 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 16 бригад байгуулж, нийслэлийн зургаан дүүргийн гэр хорооллын иргэдэд үйлчлэхээр болсон аж. Бид “Тавантолгой түлш” компанийн “Сервис төв”-ийн ажилчдын нэг өдрийн ажлыг сурвалжиллаа.
Сүхбаатар дүүргийн XI хорооны нутаг, иргэдийн нэрлэж заншсанаар 32-ын тойргийн замын урд талд байрлах “Сервис төв”-ийн төв байрыг зорилоо. Тус төвийнхөн иргэдээс ирсэн дуудлага, санал, гомдлыг бүртгэж, заавар, зөвлөгөө өгөх юм билээ. Угаар их гарч буй айл, өрхөд очиж янданг нь хөөлдөг аж. Дээрх төвийнхөн өнгөрсөн есдүгээр сарын 2-ноос эхлэн иргэдээс дуудлага хүлээн авч, 6-наас нь айл өрхүүдээр явж засвар, үйлчилгээ үзүүлэх болжээ. Түүнээс хойш 800 гаруй дуудлага хүлээн авч, 400 орчим айл, өрхөд очиж үйлчилгээ үзүүлсэн гэнэ. НМХГ, хороо, дүүрэг зэрэг төрийн захиргааны байгууллагаас өгч буй дуудлагыг тусгай дуудлага гэж нэрлэдэг юм байна. Өндөр настан, өрх толгойлсон эмэгтэй зэрэг тусламж, үйлчилгээ зайлшгүй шаардлагатай иргэдээ хороо, дүүргийнх нь удирдлага дээрх төвд мэдэгдэхийг ийн нэрлэдэг аж. Зөвхөн дуудлагын дагуу дээрх төвийнхөн очдоггүй, эрсдэлтэй айлуудыг тодорхойлж үйлчилгээ үзүүлдэг. Ханан пийшин хэрэглэдэг, хашаа, байшинд амьдардаг иргэд дуудлага өгөөгүй байсан ч очиж заавар, зөвлөгөө өгч, үзлэг хийдэг гэнэ. Ийм үзлэгийг 20 000 гаруй айл, өрхөд хийжээ.
“Уг нь ханан пийшинг 2-3 сарын дотор нэг удаа хөөлөх шаардлагатай боловч иргэд 2-3 жилд нэг удаа, тэр ч бүү хэл 10 жил ч хөөлөөгүй айл байна. Хөө, тортог нь агаар сорох хэсгийг бөглөснөөс үүдэн угаартдаг. Хашаа байшинд амьдардаг, ханан пийшинтэй, нам даралтын зуухтай иргэдээс өгч буй дуудлага дийлэнх хувийг нь эзэлдэг. Ер нь гэрт амьдардаг айл, өрх дуудлага өгсөн тохиолдол тун ховор. Манай төв 08.00-22.00 цагийн хооронд өдөрт дунджаар 50-60 дуудлага хүлээн авдаг. Үүний 50-60 хувьд нь заавар, зөвлөгөө өгч, үлдсэн өрхүүдэд очиж тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Ханан болон нам даралтын зууханд тавьдаг хэд хэдэн стандарт бий. Гэвч иргэд үүнийг тэр бүр мэддэггүй. Нэгдүгээрт, нам даралтын зуухтай бол холболт, битүүмжээ сайн хийх ёстой. Харин ханан пийшинтэй бол хаалтыг нь бүрэн биш, гуравны нэгийг л хаах хэрэгтэйгээс гадна яндангаа сайн хөөлөх нь чухал” хэмээн дээрх төвийнхөн хэлж байлаа.
Хана, зуух хоёрын хоорондох битүүмж алдагдсан байдал
Биднийг ярилцаж байх хооронд гэрт нь очиж тусламж, үйлчилгээ үзүүлэх шаардлагатай хэд, хэдэн дуудлага ирсэн юм. Өмнөхөд нь яваагүй бригадынхан дараагийнх нь дуудлагыг дүүрэг бүрээр хуваан авдаг аж. Бид Сонгинохайрхан дүүргийн иргэдийн ирүүлсэн дуудлагын дагуу дээрх төвийн ажилтан н.Амарсайхантай тийш явлаа. Тус дүүргийн X хорооны нутагт байрлах нэгэн айлд очив. Долоон сартай жаахан хүүхэд тэвэрсэн энэ эмэгтэй том хүүхдээ хичээлд нь хүргэж өгөхдөө багыгаа гэрт нь цоожлоод орхидог аж. Бага хүүхдээ гэрт нь орхиход хүйтэн учир гал түлчихсэн байлаа. Жижиг өрөө сайн халах боловч том нь сэрүүхэн аж.
Яндангийн хаалтыг нааш, цааш хөдлөхгүй болтол нь битүү шавардчихсан байв. Яндан хөөлөх тусгай баг гарсан гэж сонсоод яндангаа хөөлүүлэх гэж дуудсан гэнэ. Эмэгтэй бидэнд нэрээ хэлсэнгүй. “Нөхөр минь өглөө ажилдаа явсан. “Дуудлагын дагуу яндан хөөлж байгаа гэсэн. Дуудаад цэвэрлүүлчих” гэсэн юм. Би уг нь дуудлага өгөхдөө яндангаа хөөлүүлнэ гэж хэлсэн. Манайх энэ байшинд нүүж ороод жил гаран болж байна. Яндангаа огт хөөлж байгаагүй” гэлээ. “Гал түлчихсэн учир яндан хөөлөх боломжгүй. Тиймээс маргааш өглөө гал түлэхгүй, биднийг ирэхийг хүлээж байгаарай” гэж н.Амарсайхан гэрийн эзэгтэйд сануулсан юм. Иргэд арчаатай бол амьдарч буй гэрээ өөрсдөө өөд нь татчихмаар. Тэр гэрт өндөр настай, өрх толгойлсон эмэгтэй амьдраагүй. Эрүүл, саруул, залуу гэр бүл байж ийн бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон нь харамсалтай. Бид чинь хүний өмнөөс амьдраагүй шүү дээ. Өнөөгийн монголчууд өөрсдийн амьдарч буй гэр, яндангаа хүртэл хүнээр хөөлүүлэх хэмжээний залхуу болжээ.
Бидний дараагийн очсон айл Сонгинохайрхан дүүргийн X хорооны иргэн Ц.Лхагвасүрэнгийнх. Тэрбээр гэртэй ганцаараа амьдардаг, өндөр настан. Хүү нь “Сервис төв”-д дуудлага өгсөн учир биднийг очиход юун хүмүүс болохыг асууж, тодруулав. Хүү нь биднийг (аравдугаар сарын 24-нд) очихоос хоёр хоногийн өмнө аавынхаа гэрт ирж янданг нь хөөлж өгсөн аж. Одоогоор сайжруулсан түлш хэрэглээгүй, мод л түлж байгаа гэсэн. Гал түлэхээр угаар гарч, том өрөөндөө унтах аргагүй байгаа учир нүүрс түлж эхлэхээсээ өмнө мэргэжлийн хүмүүсийг дуудаж шалгуулж буй нь энэ. “Хүү нь янданг нь сайн хөөлсөн боловч зуухны хүрээ орчмын битүүмжлэл алдагдаж, хагарч, цуурсан хэсгийг шавардаагүй учир том өрөөний хананд гарсан цоорхойгоор угаар гэрт нь хуримтлагдаад байгаа юм” гэж н.Амарсайхан хэлсэн. Ер нь дуудлага өгсөн ихэнх айлын зуух нь ямар нэг байдлаар доголдолтой байв. Тухайлбал, зуух, пийшин нь хөөгөөр дүүрсэн, яндан нь байшингийнхаа шувуун нуруунаас цухуйх төдий, ханан пийшин залгагдаж байгаа зуухны хүхээ орчим битүүмжлэл алдагдсан, хагарч, цуурсан байдаг гэнэ. Хагарсан хэсгээрээ агаар сорсны улмаас утаа гадагшаа биш, гэрт тархдаг аж.
Залуу үеийнхнийг хойрго, залхуу, ажлаас хойш суудаг гэж хөгшчүүдийн хэлдэг үнэний ортой. Яндангаа хөөлүүлэх хэмжээнд хүртлээ залхуурах болсон бэлэнчлэх сэтгэлгээгээ хэзээ болих вэ. Өндөр настан, өрх толгойлсон эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд тэдний тусламж зайлшгүй шаардлагатай хүн олон. Гэвч эрүүл, саруул, хөдөлмөрлөх чадвартай хүн “Яндангаа хөөлүүлэх гэж л дуудсан” гэх нь хачирхалтай санагдасныг нуух юун.
Бэлтгэсэн: Ж.Отгонтуул