Америкийн хувийн, нэр хүндтэй Брауны их сургуулийнхны судалгаанаас үзвэл 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон үйл явдлаас хойш Ирак, Афганистан, Пакистанд АНУ-аас явуулсан дайны үеэр 480-507 мянган хүн амь эрсэдсэн байна.
“Дайны үнэлэмж” судалгаанаас үзвэл цэргийн шууд хүчирхийллийн улмаас мөргөлдөөнд оролцогч бүх талын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, гэрээт цэрэг, жирийн иргэн, сэтгүүлч болон хүмүүнлэгийн ажилтан нийлсэн 480 мянга гаруй хүн амь үрэгджээ. Дээрх гурван улсад болсон дайнд амь үрэгдэгсдийн олонх нь өлөн зэлмүүн байдал, дэд бүтэц сүйдсэн, байгаль орчин доройтсоны улмаас хорвоог орхижээ. Эдгээр мөргөлдөөнд оролцогч бүх талын шууд хүчирхийллийн улмаас жирийн 244 мянган иргэн, Америкийн 6900 гаруй цэрэг амиа алдсан байна. Дайны талбараас харьсан АНУ-ын цэргийн алба хаагчдаас хэд нь шилжүүлэн байрлуулах үеэр шархдаж, өвдсөн нь тодорхойгүй.
Америкийн гэрээт цэргийн алба хаагчдын дунд амь үрэгдсэн болон гэмтсэн тохиолдлуудын олонх нь хуулийн шаардлагад нийцсэн бүртгэлгүй ч, наад зах нь 7800 хүн амь эрсэджээ. Афганистан, Ирак, Пакистан, Сирийн 21 сая иргэн дайны дүрвэгч, аргагүйн улмаас шилжин суурьшигч байдлаар аж төрж байна.
АНУ-ын Засгийн газар дэлхий даяар терроримзтой хийж буй тэмцлээ үлэмж өргөжүүлж, 76 улсад террористуудтай тэмцэж буй. Дайны улмаас хүмүүсийн эрх, эрх чөлөө эх орондоо болон хилийн чанадад зөрчигдсөн. Ирак, Афганистаныг сэргээн босгоход АНУ-аас 170 тэрбум гаруй доллар зориулжээ. Үүний ихэнх нь тус хоёр улсын аюулаас хамгаалах хүчнийг зэвсэгжүүлэхэд зарцуулсан байна. Хүмүүнлэгийн тусламж, иргэний нийгэмлэгүүдийг сэргээхэд зориулах мөнгөний ихэнх нь луйварчдын гарт оржээ. Ирак, Афганистан, Пакистан, Сирид явуулсан дайны зардал 5.9 их наяд доллар болсон. Үүнд дайнд зориулсан зээлийн хүү ороогүй. Энэ зардал дараагийн 40 жилд найман их наяд доллар болох гэнэ.