ТЭД БИДНИЙ ТУХАЙ
-Газар зүйн байршлын хувьд Монгол Улс бүс нутагтаа чухал үүрэг гүйцэтгэдэг-
Монгол Улсад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хийх айлчлалыг Азийн бүс нутагт Оросын гадаад бодлого идэвхжиж буйн илрэл гэж үзэх нь зүйтэй хэмээн олон улсын мэтгэлцээний “Валдай” клубийн программын захирал Тимофей Бордачев мэдэгджээ.
“Энэ айлчлалыг хэдийн хийх ёстой байсан гэж бодож байна. Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад гурав дахь удаагаа оролцох гэж байгаа бөгөөд Монгол Улс үлэмж байр суурь эзэлдэг Евразийн том орон зайн бүтээн байгуулалтын үзэл баримтлалаа ОХУ шат дараатай хэрэгжүүлнэ. Ер нь Орос улс Азид харилцаагаа идэвхжүүлж байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал ч хоёр орны хувьд стратегийн чухал ач холбогдолтой. Хил залгаа оршдог том хөршөө хэрхэвч мартаж болохгүй” гэж тэрбээр онцолжээ. Хэдийгээр хүн ам цөөн, эдийн засгийн хэмжээ бага ч Монгол Улс байршлынхаа хувьд бүс нутагтаа чухал үүрэг гүйцэтгэдгийг Т.Бордачев тэмдэглээд, хөршүүд нь тус улсыг хамтын ажиллагааны бүс нутгаа болгох сонирхолтой байдаг гэв.
Түүний хэлснээр Оросын удирдагч Улаанбаатарыг зорихоор эрт төлөвлөсөн бөгөөд өнгөрсөн долдугаар сард АНУ, Монголын хооронд стратегийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулсан нь уг айлчлалд нөлөөлөөгүйгээс үзвэл Азийн эл улсын төлөөх Орос, Америкийн геополитикийн өрсөлдөөний тухай ярих нь зохимжгүй юм. “Америкчууд боломж байгаа газар бүрт очихыг эрмэлздэг ч энэ удаа Орос, эсвэл Хятадын талд сэтгэл түгших шалтаг байсангүй. Монголын өнөөгийн засаг захиргаа өмнөх Засгийн газруудаасаа ч илүү Орос, Хятадтай харилцаагаа тэнцвэртэй байлгаж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх эрмэлзэлтэй байна. Монголын талын хувьд Оростой хамтран ажиллах нь маш чухал. Энэ нь Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөөг ямар нэг байдлаар тэнцвэртэй болгох юм” гэж судлаач тайлбарласан байна.
“Экономика сегодня”: Монголын тусламжтайгаар ОХУ Ази руу чиглэсэн харилцаагаа өргөжүүлж байна
Монголтой хамтран хөрөнгө оруулалтын сан байгуулсан нь тус улс манай орны хувьд Ази руу харилцаагаа өргөжүүлэх трамплин буюу түлхээс болсны нотолгоо юм гэж ОХУ-ын Улс түмний найрамдлын их сургуулийн Хятадын стратегийг судлах төвийн захирал Алексей Маслов тэмдэглэжээ.
УЛААНБААТАР, МОСКВАГ ОЛОН ЗҮЙЛ ХОЛБОДОГ
“Орос болон Монгол Улс Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хамтарсан сан байгуулах тухай хэлэлцээр байгуулсан. Энэ нь тус хоёр орны компаниуд худалдаа, эдийн засгийн салбарт хамтран ажиллахад тус болно” гэж ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев мэдэгджээ.
В.Путин Улаанбаатарт албан ёсны айлчлал хийсэн нь хамтын ажиллагаанд нухацтай хандаж буй илрэл юм. Үнэн хэрэгтээ, Монгол хэзээд манай орны дотно түнш байсан. Москвагийн ачаар тусгаар тогтнолоо хамгаалж чадсан. Үүний жишээгээр Хасан нуур, Халхын голын дэргэдэх тулалдааныг нэрлэж болох юм.
Мөн Монголд манай олон мянган мэргэжилтэн ажиллаж, тус орныг ЗХУ-ын 16 дахь бүгд найрамдах улсаар нэрлэхдээ тултал дотно харилцаатай байсан. ЗХУ задарсны дараа олон зүйл өөрчлөгдөж, Оросын байр суурийг Хятад улс эзлэх болсон. Гэсэн ч манай хоёр орны харилцаа үлэмж хэвээр үлдсэнийг кирилл үсэг ашигласаар байгаагаас харж болно. Нөгөөтэйгүүр, Монгол нь маш цөөн хүн амтай их том улс. Ашигт малтмалын хувьд гадаадын дарамт шахалтад их өртдөг. Эл салбарт Хятад, АНУ идэвхтэй өрсөлддөг ч Бээжин гол зээлдэгч бөгөөд хөрөнгө оруулагч нь болсон. Тиймээс Хятадын талын амбицтай маргах аргагүй аж.
МОНГОЛД ОРОС УЛС ХЯТАДЫН ӨРСӨЛДӨГЧ БОЛДОГ
“Хятадаас авсан зээл нь Улаанбаатарт дарамт болдог. Харин Оростой хамтран ажиллах загвар нь үндэсний эрх ашгийг хүндэтгэсэн, илүү үр өгөөжтэй” гэж А.Маслов тайлбарлажээ. Орос, Монголын хамтарсан олборлох ажлыг сэргээхийн тулд дээрх санг байгуулж байгаа бөгөөд үүгээр дамжуулан Оросын хөрөнгө оруулалтыг Монгол руу татах аж. “Үүний тулд Зөвлөлтийн үеийн төслүүдийг түшиглэн ложистикийн чиглэлүүд байгуулна. Тухайлбал, Монголын болон Улаанбаатар төмөр замтай хамтран ажиллана” гэж тэрбээр үзэж байна. Ложистикууд байгуулснаар Монголын ашигт малтмалыг гадаад зах зээлд худалдах боломж олгох юм. Үүгээр сүүлийн жилүүдэд Хятадын хөрөнгө оруулалт, буцалтгүй тусламжийн улмаас үүссэн өрөө Монгол Улс хэтдээ дарж болох аж.
“Орчин үеийн технологиуд уг үйл явцыг хялбаршуулснаар бидний хамтын ажиллагааны гурав дахь чиглэл болох Монголын боловсролын салбарыг хөгжүүлэх боломжийг бий болгоно. Тэгээд ч тус улсын их сургуулиудын олонхын боловсролын стандартыг Зөвлөлтийн мэргэжилтнүүд тогтоож, үүнд тулгуурлан Монголд орос хэлтэй хүний тоо аажмаар өссөн” гэж А.Маслов дүгнэжээ. Монголын тал нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэх талаар Оростой хамтран, эрх тэгш түншийн хувиар ажиллах бус, хөрөнгө оруулалт хүсэж буй нь гол асуудал. Энэ чиглэлээр хийх ажил их. Ази руу чиглэсэн Оросын энэ чиглэлийг Хятадад алдахгүйн тулд идэвхтэй ажиллах хэрэгтэйг тэрбээр тэмдэглэсэн байна.
Үүний сацуу Монгол Улс Зүүн Азид стратегийн чухал байр суурь эзэлдэг нь Орост маш чухал гэдгийг “Рамблер” уламжилжээ.