Шонхортой багийн харцгайнхан овгийн нэн ховор зүйлд багтсан могойч загалайтай танилцья. Эл шувуу Монголд цөөн тоогоор нутагладаг учраас Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангиллын шалгуураар “устаж болзошгүй” хэмээн бүртгэжээ. Манай оронд 250 могойч загалай байгааг судлаачид 2015 онд тоолсон байна. Гэхдээ энэ нь нарийвчилсан судалгаа биш. Өмнөговь аймгийн Ханбогд сумд одоогоос гурван жилийн өмнө судалгаа хийхэд ердөө долоон могойч загалай ажигласнаа шувуу судлаачид онцолсон.
“ЭРХ” АМЬТАН
Могойч загалай буюу лусч сарын нүүдлийн хугацаа идэш, тэжээл, цаг уурын онцлогоос шалтгаалан янз, янз. Намрын нүүдэл наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр эхэлдэг бол үржлийн үедээ буюу 9-10 дугаар сард Дорноговь, Өмнөговь, Хэнтийн баруун өмнөд хэсгээр нутагладаг. Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газраар болон Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Зүүн Хайлааст, Шүтэгийн Баянгол, Өөшийн говь хэмээх газарт өндөглөн, зусах нь элбэг. Үржлийн насны хос цөл, хээрийн бүс нутагт говийн тоорой, улиас, хайлаас зэрэг модон дээр бутлаг ургамлын иш, мөчир ашиглан үүрээ засдаг юм байна. Ихэвчлэн 1-3 өндөг гаргаж 45-47 хоног дарж, бойжуулахад нэг нь л нас бие гүйцэж, ан хийх хувьтай болно. Эмэгчин загалай өндгөө дарах үүрэгтэй бол эрэгчин нь могой, гүрвэл, жижиг сээр нуруутан зэрэг амьтан агнаж, түүгээрээ гэр бүлээ тэжээнэ. Өндөг нь ангаахай болж амжилгүй бусдын идэш болох нь элбэг. Тиймээс бие гүйцэж, үүрээ орхиж ниссэн ч эцэг, эхээрээ хоолоо зөөлгөдөг “эрх” амьтан аж.
Өмнөговь аймгийн нутагт гурван жилийн өмнө хийсэн ажиглалтаар шувуудын үүр хоорондын зай 50 метр байжээ. Мөн үүр, “сууц”-аа ихэвчлэн 3-4 метр өндөртэй хайлаас модонд зассан байв. Гэвч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс болж ихэнх могойч загалай үүрнээсээ дайжсан байх магадлалтайг судлаачид ажиглажээ.
Манайд элбэг тархсан бамбай хошуут, сум могой зэрэг хэвлээр явагч амьтдын сэг, зэмээр лусч сарын “сууц”-ыг таньж болно. Нэг зассан үүрээ дахин ашигладаг аж.
МОГОЙН ТОО ТОЛГОЙГ ТЭНЦВЭРЖҮҮЛЭГЧ
Эл жигүүртний цөөрч буй шалтгаан нь үүрлэх газар, идэш тэжээлийн хомсдол, уул уурхайн олборлолт, аялал жуулчлалыг дагасан бүтээн байгуулалттай холбоотой аж. Ялангуяа үүрээ засдаг модыг нь түлшинд хэрэглэх зорилгоор огтлох болсон байна. Цөлд элбэг тархсан элдэв мэрэгч амьтан, могойн тоо толгойг тэнцвэржүүлэгч хэмээж болох энэ шувууны ангаахай нь нэгнээ барьж идэх нь бий. Ангаахай нь 70-75 өдрийн дараа үүрээ орхидог төдийгүй ганцаараа эсвэл бусад үүрний ижил зүйлийн 3-4 шувуутай “баг бүрдүүлж” ниснэ.
Шар шувууг эс тооцвол бусад махан идэштэн могойч загалайгаар хооллохгүй. Шар шувуу могойч загалайг ангаахай үед нь барихаас, нас бие гүйцсэн үед нь хүчрэхгүй. Лусч сар өөрөөсөө том биетэй тасыг ч агнаж чаддаг. Өөрөөр хэлбэл, могойч загалайд “дайсан” ховор. Тиймээс хамгийн удаан амьдарсан могойч загалай 17 насалсан байдаг.
ЗАНТГАР ТОЛГОЙТ ЗАГАЛАЙ
Нас бие гүйцсэн могойч загалай 63-68 см урт, далавчаа дэлгэхэд 185-195 см болно. Ойролцоогоор хоёр кг орчим жинтэй. Толгой, цээж, нуруу хэсгээрээ бараан хүрэн бор толботой. Суух үед толгойн өд нь сэгсийж харагддаг учраас зантгар толгойтой мэт болдог. Далавчны доод бүрхүүл өд нь хөндлөн судал, толбо их учраас цоохор зүстэй гэж болно. Залуу шувууд бие гүйцсэнийгээ бодвол судал багатай, хондлойн дээрх цайвар өд бараг үгүй. Хошуу, хөл нь хөх саарал, хумс нь хар өнгөтэй.
ДЭЛХИЙД ЭЛБЭГ ШУВУУ
Манай оронд устаж болзошгүй ангилалд багтдаг боловч дэлхийд эл шувуу элбэг тархжээ. Газрын дундад тэнгис орчим, Европ, Ойрхи Дорнод, Төв Ази, Африк, ОХУ-д элбэг тохионо. Европын хойд хэсэгт амьдардаг нь өвлийн улиралд Африкийн Сахарын цөлийн бүс рүү өвөлжихөөр нүүдэг. Испанид хамгийн олон тоогоор тархсан тэд 9-10 дугаар сард нүүгээд 4-5 дугаар сард “гэртээ харьдаг” байна.
Эл жигүүртэн манайд цөөн тоогоор тархсан тул Зэрлэг ан амьтны ховордсон зүйлийг олон улсад худалдах тухай болон Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах тухай конвенцын II хавсралтад бүртгэжээ. Монголд тархсан могойч загалайн 12 хувь нь буюу ойролцоогоор 29 нь л улсын тусгай хамгаалалттай газарт нутагладаг аж. Тиймээс эл шувууг нарийвчлан судалж, тархац нутгийг нь улсын тусгай хамгаалалтад нэмж аван, хамгаалалтыг сайжруулах, амьдрах орчны доройтлыг бууруулах шаардлагатай гэж эрдэмтэд үзжээ.