“Их-7”-гийн дээд хэмжээний уулзалтыг хүлээн авсан Францад Ираны Гадаад хэргийн сайд Мохаммед Жавад Зариф айлчилжээ. М.Зариф Францын баруун өмнөд нутгийн Биарриц хотод болсон дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулсан яриа хэлэлцээнд оролцсон гэнэ. Тэрбээр Францын Ерөнхийлөгч болон Гадаад хэргийн сайд нартай үр өгөөжтэй хэлэлцээ хийсэн тухайгаа твиттер хуудсандаа бичсэн байна. Өрнөдийн сайн санааны илрэл болгож хоногт 700 мянган баррель нефть экспортлох зөвшөөрлийг Ираны тал энэ үеэр хүссэн тухай тус улсын дипломат эх сурвалжуудаас эш татан “Reuters” уламжилжээ. Европын төлөөлөгчидтэй хийж буй хэлэлцээ нь амжилттай болбол Иран нефтийн экспортын хэмжээгээ нэмэхийг хүсэж буй гэнэ. Мөн уран баяжуулах эрхийг нь тойрсон асуудлыг хөндөхөө болихыг Өрнөдийн орнууд зөвшөөрвөл Тегеран Үйл ажиллагааны бүх талыг хамарсан хамтарсан төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ биелүүлэхээр төлөвлөж буй аж.
Ираны цөмийн үйл ажиллагааг хязгаарлах зорилгоор 2015 онд байгуулсан гэрээнээс Вашингтон өнгөрсөн онд гарснаас хойш Иран, АНУ-ын харилцаа хурцадсан юм. Франц тэргүүтэй гэрээнд оролцогч бусад таван орон уг баримт бичгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаа бол АНУ эдийн засгийн хориг арга хэмжээ дахин авсантай холбогдуулан Ираны эрх баригчид өгсөн амлалтуудаасаа буцаж эхэлсэн билээ.
Ираны Гадаад хэргийн сайд өнгөрсөн долоо хоногт Финланд, Швед, Норвег, Францад айлчилсан бөгөөд энэ долоо хоногт Хятад, Япон, Малайз гэсэн Азийн орноор зочлох юм.
Д.ТРАМП ОРОСООС БОЛЖ МАРГАЛДАВ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Францад болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Оросын оролцоотой “Их-8” бүлгийг сэргээхийг шаардаж, “Их-7”-гийн удирдагчидтай маргалджээ. Дипломат эх сурвалжуудын тодруулснаар уг саналыг “Их-7”-гийн удирдагчдын олонх нь эсэргүүцсэн бол Д.Трамп тэдний тайлбарыг няцаасан гэнэ. “Guard¬ian”-ы мэдээлснээр Д.Трампыг зөвхөн Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте дэмжжээ. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ асуудлаар төвийг сахисан байр суурьтай байсан бол бусад удирдагч эл санаачилгыг эсэргүүцсэн байна.
“Их-7” бол либерал ардчилсан нийгэмлэг, нэгэн гэр бүл учир Оросын эрх баригчид ийм үнэт зүйлсэд нийцэхгүй тул тус улсыг нэгтгэхийг эсэргүүцэж байна хэмээн “Их-7”-гийн удирдагчид үзжээ. Үүнийг Д.Трамп няцаагаад, Иран, Сири, БНАСАУ-тай холбоотой асуудлуудыг хэлэлцэхэд Оросын оролцоо зайлшгүй шаардлагатайг тэмдэглэсэн гэнэ.
ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХААР ТОХИРОЛЦЛОО
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар Францад уулзахдаа ирэх сард худалдааны хэлэлцээр байгуулах арга замыг эрэлхийлэхээр тохиролцлоо. Тэд ирэх сарын сүүлчээр болох НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдааны үеэр дахин уулзах юм. Үүний өмнө АНУ-тай хийх худалдааны хэлэлцээ хариуцсан Японы сайд Тошимицү Мотэги, Америкийн Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер нар аж үйлдвэр, хөдөө ах ахуйн асуудлуудаар тохиролцоонд хүрсэн аж.