Ердөө гуравхан хоногийн өмнө ОХУ-ын Сибирийн Ачинск хотын ойролцоо байрладаг зэвсгийн агуулахад дараалсан хүчтэй дэлбэрэлтүүд болж нэг хүн амь үрэгдэж, найман хүн шархадсан бол өчигдөр /2019.08.08/ тус улсын Архангельск мужид оршдог цэргийн баазад мөн л дэлбэрэлт болж хүний амь эрстсэн байна. ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдэгдэж буйгаар бол дэлбэрэлт цэргийн полигонд пуужингийн хөдөлгүүрийн шингэн түлшний системийг турших үеэр болжээ. Дэлбэрэлтийн дараа агаарт хор хөнөөлгүй химийн бодис тарсан, цацраг туяаны хэмжээ хэвийн байгаа талаар тус байгууллага мэдээлсэн бол цэргийн баазаас 30 км зайд оршдог Северодвинск хотод цацраг туяаны хэмжээ огцом өсөөд буурсан тухай мэргэжилтнүүд мэдээлсэн байна. Тус хотын онцгой байдлын албаны хэмжилтээс үзвэл цацраг туяаны хэмжээ хэвийн түвшнээс 20 дахин өсөөд буцаж буужээ.