Өчигдөр /2019.08.05/ ОХУ-ын Красноярск хязгаарын Ачинск хотод орон нутгийн цагаар 15:00 цагт цэргийн зэвсгийн агуулах дэлбэрчээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас мэдээлж буйгаар агуулахад гал гарсны улмаас дэлбэрэлт үүсжээ. Агуулахад 40 мянган танк болон их бууны сум хадгалагдаж байсан бөгөөд их хэмжээний төмрийн хэлтэрхий цацагдаж нэг цэргийн аминд хүрч долоон хүнийг шархаджээ.
Дэлбэрэлт 10 гаруй секундийн зайтай гарч хэдэн цагийн турш үргэлжилжээ. Ачинск хотод ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд, армийн генерал Дмитрий Булгаков ирэн, тус бүс нутгийн онцгой байдлыг урьдчилан сэргийлэх болон арилгах комиссын гишүүдтэй яаралтай зөвлөгөөн хийжээ. Түймэр химийн зэвсгийн агуулахад хүрч болзошгүй гэсэн болгоомжлол байгаа бөгөөд Ачинск хотын 100,000 оршин суугчдыг нүүлгэж эхэлсэн байна. Дэлбэрэлт 03:00 цагийн орчим зогсжээ. Гал гарсан шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна.