Зээлийн батлан даалтын сангаас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд "Зээлийн батлан даалтын сан /ЗБДС/ болон хамтран ажилладаг Арилжааны банкуудын эрх бүхий албан тушаалтнуудын нэрийг барьж зээл баталж өгнө, зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргаж өгнө гэх зэргээр бизнес эрхлэгчдийг төөрөгдүүлэх худал хуурмаг мэдээллүүд бизнес эрхлэгчдийн дунд тархсан байдаг.
Зээлийн батлан даалтын сан нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, эрх бүхий байгууллагаас баталсан хэм хэмжээг дагаж мөрдөн ажилладаг барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр эрхлэгчидийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой байгууллага юм.
Бид үйл ажиллагаандаа тэгш оролцоог хангасан, ашиг сонирхлын зөрчилгүй, сайн засаглалын зарчмыг баримтлан ажиллаж байгаа бөгөөд жижиг, дунд бизнес эрхлэгчид та бүхэн дээрх байдлаар худал ярьж, амлалт өгсөн этгээдүүдэд хуурталгүй холбогдох хууль журмын дагуу үнэн бодит мэдээллийг хамтран ажиллагч Арилжааны банкнаас, ЗБДС-гийн ажилтан, алба хаагчид болон доорхи цахим хуудаснаас авч байхыг зөвлөж байна.
Цаашдаа Сангийн ажилтан, албан тушаалтнуудын нэрийг барьж жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг төөрөгдүүлж худал хуурмаг амлалт өгсөн аливаа этгээдүүдийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хуулийн байгууллагаар шалгуулан шийдвэрлүүлж байхыг албан ёсоор мэдэгдэж байна" хэмээсэн байна.