2016 онд Худалдаа хөгжлийн банк "Монголиан нэшнл рийр ийрт корп" компанийг худалдан авчээ. Энэ этгээд нэртэй компани нь "Mongolian National Rare Earth corporation" буюу ховор металл хайх зорилготой компани бололтой. Уг компани 2012 болон 2013 онуудад нэлээн шуугиан тарьж байсан. Тухайн үед “Монголын Мэдээ” сонины сэтгүүлч М.Ариусувд ийн бичиж байжээ “Манай улс газрын ховор элементийн хэд хэдэн ордтой. Одоогийн байдлаар гурван орд, 20 орчим илрэл байдгийг судлаачид хэлдэг. Манайхан газрын ховор элементийн хайгуул, судалгааг муу хийсэн бөгөөд 1985 оноос ЗХУ болон Польштой хамтран хийж эхэлжээ. Тухайлбал, Лугийн голын ордод Монгол-Польшийн хамтарсан экспедици нарийвчилсан эрэл хайгуул хийж, уг ордыг нийлбэр ислээрээ 12 мянган тонн газрын ховор элементийн нөөцтэй гэж тогтоосон.
Харин "Халзан бүргэдэй"-н ордын хувьд хүдэр дэх эрдсийн болон химийн найрлага, дагалдах ховор металлуудын судалгааг хийжээ. Мушгиа худгийн орд бол апатит, карбонатит, флюорит, магнетид гэх мэт 5-6 хүдрийн биетээс бүрэлддэг бөгөөд апатитээс газрын ховор элемент гаргах судалгааг ч хийсэн байна. Тухайн үед эдгээр ордыг харьцангуй сайн судалсан ч батлагдсан нөөц нь үйлдвэрлэл явуулах, үр ашгийг нь хүртэх боломжтой эсэхийг эцэслэн тогтоогоогүй.
Тиймээс манай ховор элементийн нөөцийн тухай тодорхой дүн мэдээ байдаггүй аж. Газрын ховор элементийн нарийвчилсан судалгааг хийх хэрэгтэй гэдгийг эрдэмтэд санал нэгтэй дуугардаг. Гэтэл энэхүү баялгаа ашиглаж, эргэлтэд оруулах талаар анхааралгүй, ганц нэг компанийн мэдэлд хууль бусаар ашиглуулж байгаа талаар Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа мэдээлсэн юм.
Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан бүргэдэйн ордыг энэ зуны турш “Монголиан нэйшнл рийр ийрт корп” ХХК ашигласан байна. Энэ талаар тус аймгийн Засаг дарга Г.Нямдаваа хэлэхдээ “Халзан бүргэдэйн ордыг судалж, нэлээд хэмжээний газрын ховор элементийн нөөц байх боломжтой гэдгийг тогтоосон. Гэхдээ нөөц нь нарийвчлан тогтоогдсон орд газар биш юм.
Гэтэл тус компани энэ зуны туршид хайгуулийн ажил хийж, гурван өрөмдлөг хийсэн. Хайгуулийн лиценз эзэмшиж, судалгаа шинжилгээ хийж болно. Гэтэл энэ компани ашиглалтын хоёр лиценз эзэмшиж байгаа юм” гэлээ. Одоогийн мөрдөж байгаа хуулийн дагуу байгаль орчны ерөнхий үнэлгээ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийж, нөөцийг нь бүрэн тогтоосны дараа ашиглах эсэхийг нь судалсны үндсэн дээр ашиглалтын лицензийг олгодог байна.
Гэтэл энэхүү ордод нарийвчилсан судалгаа, шинжилгээг хийгээгүй байхад ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2001, 2004 онд анх Монтем гэх компанид өгчээ. Монтем компани нь лицензээ одоогийн ашиглаж байгаа компанид шилжүүлсэн байна. Монтем компанийн захирал Ж.Мэндсайхан геологийн, тэр дундаа газрын ховор элементийн чиглэлээр ажилладаг хүн бөгөөд одоогоор “Монголиан нэйшнл рийр ийрт корп” ХХК-д зөвлөхөөр ажиллаж байгаа гэлээ.
“Монголиан нэйшнл рийр ийрт корп” компанийн зүгээс ашиглалтын лицензүүдийг тухайн үеийн хуулийн дагуу авсан гэж тайлбарлаж байгаа аж. Гэвч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн шаардлагыг хангахгүй байгаа бөгөөд үүнд нутгийн иргэд ихээхэн санаа зовж, хүсэлт гомдол гаргасан байна. Үүний дагуу Ховд аймгийн Засаг дарга Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газартай хамтран хэд хэдэн удаа хяналт, шалгалт хийсэн бөгөөд олон дутагдал гарчээ.
Хайгуул хийх нарийвчилсан төлөвлөгөөг сумын захиргаагаар батлуулсан байх ёстой. Гэтэл төлөвлөгөө гаргаж, батлуулаагүйгээс гадна нөхөн сэргээх үйл ажиллагаа нь ойлгомжгүй байсан аж. Тиймээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас акт тогтоож, торгууль тавьсан байна. Түүнчлэн хууль бусаар олгосон ашиглалтын лицензүүдийг цуцлах хүсэлтийг Ашигт малтмалын газарт хоёр ч удаа илгээжээ.
Энэхүү хүсэлтэд Ашигт малтмалын газраас “Хэрэв та цуцлуулах хүсэлтэй бол байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэдгийг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас тогтоолгох хэрэгтэй” гэсэн хариуг өгсөн байна. Тиймээс Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, С.Оюун сайдад ашиглалтын лицензийг цуцлуулах тухай хүсэлт тавьсан байна.
Хамгийн сонирхолтойн уг компани 2016 онд “Худалдаа Хөгжлийн банк”-ны эзэмшилд очсоны дараа хэрэг дахин “амь орж” 2017 онд “Монголиан нэйшнл рийр ийрт корп” буюу “Худалдаа Хөгжлийн банк” Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийг шүүхэд өгч шүүгч Мишигдоржийн Батзориг “Монголиан Ашигт малтмалын тухай 2006 оны хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “XV-009819, XV-009821 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ийн өргөдлийг хүлээн авахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж, XV-009821 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас 546.3 гектар талбайг, XV-009819 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас 1928.56 гектар талбайг хүчингүй болгож бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “бүртгэлийг хүчин төгөлдөр болгохыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн шийдвэр гаргасан байна.
Мөн “Монголиан нэшнл рийр ийрт корп”-ийн гүйцэтгэх захирал Т.Даваажав нь “Ти Ди Би капитал ҮЦК”-гийн гүйцэтгэх захирал юм байна.
Банкны охин компани аль эсвэл хувьцаа эзэмшиж буй компани нь уул уурхайн лиценз эзэмших нь хуулиар хориотой биш ч дандаа “мапантай” бизнесүүд рүү орж, улсын байгууллагуудыг шүүхэд өгөн, улсын мөнгөөр хайгуул хийсэн газруудтай холбогдож байгаа нь банкны үндсэн үйл ажиллагаа, хадгаламж эзэмшигчдийн мөнгө цаашлаад Монголын эдийн засгийн эрсдэлд оруулж байна гэж хэлж болох байх.