Капитал банктай холбоотой асуудлаар Монголбанк мэдээлэл хийлээ.
Хяналт шалгалтын захирал Н.Батсайхан: Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар төлбөрийн чадамжгүй болсон Капитал банкийг татан буулгах шийдвэр гарсан. Тус банк нь 2015 оны сүүлчээр төлбөрийн хүндрэлд орсон. Тухайн үед Капитал банк нь Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын газар, Хөгжлийн банк зэрэг төрийн байгууллагуудын санхүүгийн нэлээд эх үүсвэрийн өөртөө төвлөрүүлсэн. Ингээд төлбөрийн чадварын хүндрэлд ороод төрийн мөнгийг нэг дор гаргаж өгөх чадваргүй болж эхэлсэн.
Иймээс Монголбанк тус банкны үйл ажиллагааг хэвийн болгохын тулд хууль тогтоомжийн дагуу урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн.
Үүний зэрэгцээ 2017 оны тавдугаар сард Монгол Улс ОУВС-тай хамтарч, хөтөлбөр хэрэгжүүлэх болсон. Үүний гол бүрэлдэхүүн хэсэг бол Монголын санхүүгийн систем, тэр дундаа банкны салбарыг бэхжүүлэх, активын чанарын үнэлгээг хийх байсан. Активын үнэлгээг 2016 оны эцсээр хийж, үр дүнг гаргасан. Гэхдээ 2017 оны гуравдугаар улиралд үнэлгээг дахин шинэчилж танилцуулсан. Мөн хөрөнгө өрийн дутагдалтай гарсан бүх банкинд өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх үүрэг даалгавар өгч ажилласан.
Ингээд 2018 оны эцэст Капитал банк нь өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж чадаагүй учир Монголбанк ийн шийдвэр гаргасан” гэлээ.
Мөн “аливаа банкийг татан буулгах шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч дангаараа гаргадаггүй. Капитал банкийг татан буулгах шийдвэр нь Банкны хяналт шалгалтын хороогоор хэлэлцэгдээд, зөвлөмж гарч, татан буулгахаас өөр гарц байхгүй юм байна хэмээн дүгнэлтэд хүрсэн. Тухайлбал, тусгай төлөөлөгч буюу бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хууль зүйн болоод санхүүгийн боломжгүй байсан” гэв.
Капитал банкны эрх хүлээн авагч: Банкны эрх хүлээн авагчийг найман хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж мэдэгдэл гаргасан. Тус мэдэгдэлд "Капитал банкны хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэлх сая төгрөгийн даатгагдсан мөнгөн хөрөнгийн даатгалын нөхөн төлбөрийг хуульд заасан хугацаанд ХААН банкаар дамжуулан олгох ажил хийгдэж байна. 20 сая төгрөгөөс дээш дүнтэй хадгаламж эзэмшигч болон банкнаас өөрийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэл гаргах хугацааг 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс зургадугаар сарын 20-ны өдрийг хүртэлх 60 хоногийн хугацаанд хүлээж авахаар тогтоож байна. Банкны эрх хүлээн авагч нь нэхэмжлэл хүлээн авах эцсийн хугацаа өнгөрснөөс хойш 90 хоногийн дотор Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт зааснаар шаардлагын хэмжээг тодорхойлж, хуульд заасны дагуу нэхэмжлэлийн дарааллыг тогтоох, нэхэмжлэгчийн шаардлага болон түүний баталгаажсан хэмжээний талаар тухайн этгээдэд мэдэгдэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллана" хэмээн заасан.
Нэхэмжлэл хүлээн авах хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-43, Капитал банкны Төв байранд өөрийн биеэр, орон нутгаас өөрийн биеэр, шуудангаар эсхүл тухайн орон нутагт ажиллаж буй Монголбанкны салбар, хэлтсээр дамжуулан нэхэмжлэлээ гаргаж болно. Тодруулга мэдээлэл авах утасны дугаар: 18001912, 70001912