“Капитал” банкны нэгэн харилцагч маш бухимдалтай явж байхад нь өнгөрсөн жил таарсан юм. Тэрбээр тус банканд 10 сая төгрөг хадгалуулжээ. Мөнгө нь гэнэт хэрэг болоод авах гэтэл тус банк гаргаж өгч чадаагүй гэнэ. Банкны теллер түүнд “Бэлэн мөнгө байхгүй учраас гаргаж өгч чадахгүй нь. Мөнгө хуримтлагдахаар ирж авах боломжтой” гэж хэлжээ. Мөнөөх харилцагч маргааш нь дахин “Капитал”-ын өөр нэгэн салбарт очиж хадгаламжаасаа мөнгө авах хүсэлт тавьжээ. Мөн л гаргаж өгч чадаагүй байна.
Ингээд арга ядсан тэрбээр банкны теллертэй “найзалж” 10 сая төгрөг хуримтлагдах юм уу, эсвэл харилцагч их хэмжээний орлого тушаавал ахыгаа дуудаарай гэж ятгасан гэнэ лээ. Ингээд теллер ч тохирсон ёсоор мөнгөтэй болонгуутаа мөнөөх харилцагчийг дуудан, нөгөөх нь яаран очиж мөнгөө авч, санаа нь амарчээ. “Капитал” банкны харилцагч тэрбээр нэгэн ажилтных нь ятгалгаар мөнгөө хадгалуулсан гэсэн. Тэрбээр тухайн үед “Капитал” банкаар дахин хэзээ ч үйлчлүүлэхгүй. Найдваргүй” гэж ярьж байв.
Монголбанкнаас “Капитал” банкийг татан буулгах шийдвэр гаргахдаа төлбөр түргэн гүйцэтгэх чадваргүй, хадгаламж эзэмшигч, харилцагчийн анхны шаардлагаар мөнгөн хөрөнгийг нь гаргаж өгч чадахгүй болсон гэж онцолсон. Харилцагчынхаа хүссэн үед мөнгийг нь гаргаж өгч чадахгүй болсныг албаны хэлээр ингэж яриад байгаа хэрэг. Банк харилцагчийн мөнгийг хүссэн үед нь гаргаж өгөх үүрэг хүлээдэг. Ингэхийн тулд нийт активынхаа 25 хувийг заавал байлгах нөөцөд хадгалуулдаг юм. Ийм нөөцгүй учраас л “Капитал” харилцагчийнхаа мөнгийг цаг тухайд нь гаргаж өгч чадахгүй байжээ. Энэ бол санхүүгийн зах зээлд байж болшгүй үйлдэл. Ийм банканд хэн ч итгэж мөнгөө хадгалуулахгүй, төлбөр тооцоогоо дамжуулахгүй. Мөн “Капитал” банк хоорондын гүйлгээг саатуулдаг болсон гэдэг. Харилцагч тэднийхээс өөр банк руу мөнгө шилжүүлбэл, “Капитал”-ынхан даалгаврыг нь гүйцэтгэж чадахаа больсон гэсэн үг. Харилцагч мөнгөө шилжүүлсэн гэж бодож байтал үнэн хэрэгтээ банк гацаачихсан байвал ажил нь доголдох нь дамжиггүй.
Төвбанкнаас “Капитал” банканд өнгөрсөн оны есдүгээр сарын 30-ны өдрийн санхүүгийн тайлан, тэнцэлд үндэслэн газар дээрх шалгалт хийсэн байдаг. Уг шалгалтаар тэднийх Газар дээрх иж бүрэн шалгалтаар банкны үйл ажиллагаа, санхүүгийн байдлыг үнэлэх журмын дагуу “муу” үнэлгээ авч, онцгой арга хэмжээ авах шаардлагатай банканд тооцогджээ. Шалгалтын дүнгээр банк бусдаас татсан эх үүсвэрийнхээ 98.8 хувийг харилцагчийн анхны шаардлагаар эргэн төлөх төлбөрийн чадваргүй болсон нь тогтоогдсон байна. Тэгэхээр татан төвлөрүүлсэн эх үүсвэрээ бараг 100 хувь буцаан төлөх чадваргүй болсон байх нь.
Тартагтаа тулсан учраас татан буулгах шийдвэр гаргасан гэж тайлбарлаж буй “Капитал”-ын дүр төрх ямар байсан бол. Татан буулгасан тус банкны нийт актив энэ оны хоёрдугаар сарын 28-ны байдлаар 370 тэрбум төгрөгт хүрсэн байжээ. Харин өр төлбөр нь 649.7 тэрбум төгрөг болж активаасаа хэтэрсэн аж. Өөрөөр хэлбэл, хөрөнгө нь 279 тэрбум төгрөгийн алдагдалтай болсон гэсэн үг. “Капитал” нь банкны системийн 3.4 хувийг бүрдүүлдэг байж. Бүтцээр нь авч үзвэл Засгийн газар болон улсын байгууллага нийт харилцах хадгаламжийн 51.1 хувь буюу 247.4 тэрбум төгрөгийг бүрдүүлж байжээ. Аж ахуйн нэгж 4.3 хувь буюу 21, иргэд 42 хувь буюу 203.5, бусад харилцагч 2.4 хувь буюу 11.9 тэрбум төгрөг тэднийд байршуулсан байна. Тус банк 184 ажилтан, 187 817 харилцах данс эзэмшигч, 62 165 хадгаламж эзэмшигч, 6962 зээлдэгч, 28 салбар, нэгжтэйгээр үйл ажилагаа явуулж байв.
Төвбанкнаас мэдээлснээр, “Капитал” банкны үйл ажиллагаа 2015 оны аравдугаар сараас доголдож эхэлжээ. Ингээд хуулийн дагуу банкны системд хяналт шалгалт, зохицуулалт хийх үүрэгтэй Монголбанк анхааралдаа авч, үүрэг даалгавар өгч, зарим үйл ажиллагаанд нь хязгаар тавьж эхэлсэн байна. Тус банкны зөрчил дутагдлыг арилгах, засаглалыг сайжруулах арга хэмжээг 2016 онд Төвбанкнаас авчээ. Банк бол онцгой хариуцлагатай бизнес. Хүний хөрөнгийг хүнд зуучлан дундаас нь ашиг олдог учраас тэр. Хүний хөрөнгийг үрэн таран хийвэл банк л хариуцлага хүлээнэ. Тиймээс маш сайн засаглалтай байх шаардлагатай. Эдийн засгийн хямрал тохиогоогүй, зах зээл доргиогүй байхад банк дампуурсан нь засаглал сул байсны гор.
Манай улс 2017 оноос Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд банкуудад активын чанарын үнэлгээ хийсэн юм. Хөндлөнгийн байгууллага банкуудын активын чанарыг хагас жил шинжилсэн дүгнэлтээ өнгөрсөн оны хоёрдугаар сард танилцуулсан. Ингэхэд “Капитал” банк өөрийн хөрөнгийн дутагдалтай гарчээ. Улмаар Монголбанкнаас тус банканд өөрийн хөрөнгийн дутагдлаа нөхөх есөн сарын хугацаатай даалгавар өгсөн байна. Өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх хугацаа нь өнгөрсөн оны эцэст дууссан. Гэвч банкны хөрөнгө оруулагчид өр төлбөрийг нь барагдуулж, өөрийн хөрөнгийг нь нэмэгдүүлж чадаагүй юм. Иймээс дутагдлаа арилгаж чадахгүй байгаа тус банкийг татан буулгах шийдвэр гаргасан хэрэг.
“Капитал” банканд 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай байсан харилцагчид нь жагсаал зохион байгуулж байна. Тэд хадгалуулсан мөнгөө авч чадахгүй нөхцөл үүсгэсэн буруутнаар Монголбанкийг тодруулав. Харилцагчид удирдлагаас нь банкны үйл ажиллагаа ямар байгааг лавлахад “Хэвийн” гэсэн хариулт өгдөг байжээ. Тэд банкны удирдлага биднийг мэхэлсэн гэж үзэж буй бол Төв банкныхныг үйл ажиллагаа нь доголдож, өр ширэнд баригдсаныг нь мэдсээр байж “Капитал”-ыг ажиллахыг зөвшөөрч байсан, харилцагчдад нь ташаа мэдээлэл өгсөн гэж буруутгаж байгаа юм. Банкны удирдлага “Байдал бишидлээ. Манайхаас хадгаламжаа татаарай” гэж хэзээ ч хэлэхгүй. Ингэвэл өөрийн гараар банкаа дампууруулна. Монголбанкныхан ч “Энэ банкны байдал хэцүү байна” гэсэн мэдээлэл өгөх боломжгүй. Хэрэв тэгж хандвал аав нь хүүгээ алж байгаатай адил юм. Алдсан хүн арван тамтай гэж үг бий. Хуруу хумсаа хугалан уйгагүй хөдөлмөрлөж, хурааж, хадгалуулсан хэдэн төгрөгөө хэзээ, яаж, хэрхэн олж авахаа мэдэхгүй байгаа хүмүүс жагсаж, цуглан эсэргүүцлээ илэрхийлэхээс өөр яах билээ. Тэд бол хохирогч мөн. Хохироогч нь Төвбанк гэхээс илүү банкны хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчид. Тэд хууль, журмын дагуу дэгтэй ажилласан бол банкийг татан буулгах шаардлага үүсэхгүй байлаа.
...Төвбанкнаас “Капитал” банканд өнгөрсөн оны есдүгээр сарын 30-ны өдрийн санхүүгийн тайлан, тэнцэлд үндэслэн газар дээрх шалгалт хийсэн байдаг. Уг шалгалтаар тэднийх Газар дээрх иж бүрэн шалгалтаар банкны үйл ажиллагаа, санхүүгийн байдлыг үнэлэх журмын дагуу “муу” үнэлгээ авч, онцгой арга хэмжээ авах шаардлагатай банканд тооцогджээ...
“Капитал” банкны хөрөнгө оруулагч нь “Бишрэлт холдинг” компани. Уг компанийн хөрөнгө оруулагч Б.Ундармаа 2016 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Тэрбээр банкийг нь татан буулгасан талаар хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлэхдээ “Улс төр орсон” гэж хэлсэн. Гэхдээ тэрбээр “Манай банк хэвийн ажиллаж байсан” гэж хэлж чадаагүй. Угаасаа ч ингэж хэлэх үндэсгүй юм. Санхүүгийнх нь нөхцөлөөс харахад эл банк угаасаа эрт, орой хэзээ нэгэн цагт дампуурах нь тодорхой байсан нь илэрхий. Улс төрийн шалтгаанаар энэ банкийг дампууруулсан гэж хэлбэл эндүүрэл болно. Харин ч үйл ажиллагаа нь доголдсон банкийг дөрвөн жил мөлхүүлэхэд эрх баригч намаас УИХ-д сонгогдсон эзнийх нь нөлөө байсан байж мэдэх юм. “Капитал” банкны харилцах, хадгаламжийн талаас илүүг төрийн мөнгө бүрдүүлжээ. Нэгэнт иргэд, харилцагчид жийрхдэг болсон банк төрийн мөнгийг захиргаадах аргаар татаж, амь зогоодог байсан юм болов уу гэсэн хардлага ч төрж байна.
Банкны системийн тогтвортой байдал хамгаас чухал. “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэсэн томьёолол бий. Үүнээс гадна Төвбанкны үндсэн зорилт банкны системийн тогтвортой байдлыг хамгаалах юм. Банкны систем ганхвал төгрөгийн тогтвортой байдлыг хангахад бэрх. Тиймээс ч хуулийн дагуу банкуудад үйл ажиллагаа, хөрөнгө чадлын өндөр шалгуур тавьж ажилладаг. Хэрэв зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангахгүй, харилцагчдын эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр байвал тухайн банкийг татан буулгадаг учиртай. Олон харилцагчийн эрх ашиг хөндөгддөг учраас ингэхээс өөр сонголтгүй. Хэрэв банкуудын толгойг илээд, ямар ч шалгуур тавихгүй бол банкны систем замбараагүй болно. Эдийн засагтаа тус биш, ус болох юм. Тиймээс банкуудыг чанга гараар удирдаж, хянах нь зөв.
“Капитал” бол системийнхээ 2-3 хувийг эзэлдэг жижиг банк. Нийт актив нь 370 тэрбум төгрөгт хүрээд байсныг дээр дурдсан. Тэгвэл Монголын хамгийн том Худалдаа, хөгжлийн банк долоон их наяд төгрөгийн активтай. Харьцуулбал, “Капитал” үүнээс 20 дахин жижиг банк байгаа биз. Нийт системдээ эзлэх хувь нь бага учраас “Капитал”-ыг татан буулгахад санхүүгийн системийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөхгүй. Товчхондоо, жижиг дампуурал юм. Гэхдээ жижиг банк учраас байсан ч, байхгүй ч ялгаагүй гэсэн хандлагаар харж болохгүй. Хууль жижиг, том, зах зээлдээ нөлөөтэй, нөлөөгүй гэж ялгалгүй бүгдэд тэгш үйлчлэх ёстой. Тиймээс хуулийн дагуу арга хэмжээ авах учиртай юм. Монголбанкнаас анх үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн 2015 оноос хойш “Капитал” банкны өр нэмэгдсээр өдийг хүрснийг мэдээлсэн. Өдөр хоногоор доройтож буй банкийг танагтай дээр нь татан буулгаж, өр төлбөр, өглөг авлагыг нь цэгцлэхээс яах билээ. Тус банкны нийт зээлийн 80 хувь нь чанаргүй болсныг Төвбанкнаас мэдээлсэн юм. Энэ бол санхүүгийн зах зээлд байж боломгүй гажуудал. Магадгүй “Капитал” банкийг татан буулгах шийдвэр цагаасаа оройтсон байж ч мэднэ.