Төрийн дээд, өндөр албан тушаалтнууд өөрсдөдөө ашигтай, жирийн иргэдэд халтай хууль баталдаг “жишиг” тогтоогоод удлаа. Яавал ард иргэдийнхээ халаасыг “ухах” вэ гэж тэд үргэлж толгойгоо гашилган, болж өгвөл торгож, дээрэмдэх болсон. Үүнд хадгаламжийн хүүгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл, Зөрчлийн тухай хуулийн торгууль зэргийг нэрлэж болно.
Эдгээрийг иргэд эхэндээ эсэргүүцэж байсан ч тэгсхийгээд мартсан. Мартсан ч гэж дээ, эвлэрсэн гэх нь үнэнд нийцнэ. Муу “юм”-нд амархан дасдаг монголчуудыг хууль мөрдүүлэх үүрэг бүхий албан тушаалтнууд дахин мад тавихаар зэхжээ. Тодруулбал, Үндсэн хуулийн цэц, шүүгч, прокурорын байгууллагууд тэтгэврийн санг цөлмөж мэдэхээр нөхцөл байдал үүсгэснийг одоо сийрүүлье.
Монгол хүн бүр хуулийн өмнө тэгш эрх, үүрэгтэй. Тиймдээ ч манай улс үндсэн хуулиа тунхаглахдаа “Тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгмийг цогцлоохыг эрхэм зорилгоо болгоно” хэмээсэн.
Үүний дагуу бүх нийтээрээ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд захирагдан, тус хуулийн 4.1-т заасанчлан “Даатгуулагч нь 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй. Дээрх болзол хангасан 55 настай эмэгтэй, 60 настай эрэгтэй өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгож болно” гэснийг мөрдөж, гавьяаныхаа амралтыг эдэлдэг. Гэвч дээрх хуулийн заалтад хамаарахгүй, эрх мэдэл нь дэндсэн хэсэг бүлэг байна.
Монгол Улсын үндсэн хуулийн цэцийн тухай хуульд 2016 оны нэгдүгээр сарын 19-нд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “Цэцийн гишүүнээр ажил лаж байсан хүнийг өндөр насны тэтгэвэрт гарах үед нь Цэцийн гишүүнийх нь цалингийн 60 хувиар бодож, тэтгэвэр тогтоож болно. Тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгоно” гэх заалт оруулжээ. Энэ нь тус хуулийн 5.6 буюу “Цэцийн гишүүний бүрэн эрхийн баталгаа” гэх хэсэгт бий. Цэцийн гишүүд сард 3.2 сая хүртэлх төгрөгийн цалин авдаг нь нийгэмд нэгэнт ил болсон зүйл. Тэгвэл цалингийнхаа 60 хувиар тэтгэвэр тогтоолгоно гэвэл сар бүр 1.8 сая төгрөг авна гэсэн үг.
Бидний аав, ээж, эмээ, өвөө улсад насаараа ажиллаж, хүнд хүчир ажлаас эхлээд удирдах алба хашсан ч бусдын л адил сарын дундаж цалингийнхаа 45 хувиар, 55, 60 нас хүрээд тэтгэвэр авч ирсэн. Гэтэл Цэцийн гишүүдийн даварч байгааг юу гэж ойлгох вэ.Үүнээс гадна шүүгч нар ч тэдний адил давуу эрх эдлэх болжээ. Тухайлбал, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн “Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний нийгмийн хамгаалалт” гэсэн хэсгийн 24.6, 24.7-д “50 насанд хүрсэн шүүгч өөрөө хүсвэл, 25 жил ажилласан бол өндөр насны тэтгэврээ тогтоолгож болно” хэмээн тусгажээ.
Энэхүү заалтаар бол шүүхийн байгууллагад 20 настайдаа ажилд орсон Д 45-тайдаа, өөрөө хүсвэл тэтгэвэрт гарч болох нь. Түүгээр ч зогсохгүй, Прокурорын тухай хуулийн 60.3 буюу “Нийгмийн баталгаа” гэсэн хэсэгт “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 байх ба 50 хүрсэн эмэгтэй, 55-тай эрэгтэй, эсвэл 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр тэтгэврээ тогтоолгож болно” гэсэн байна.
Энэ мэтчилэн Цэцийн гишүүд болон шүүгч, прокурор нар хуульд тэтгэвэр авах хувь хэмжээгээ болон гавьяаны амралт эдлэх насаа өөрсдөдөө ашигтайгаар тогтоолгохоор тусгажээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар “Газрын доор болон хөдөлмөрийн хүнд, хортой, халуун нөхцөлд ажилласан даатгуулагч 20-иос доошгүй жил, үүнээс 7-10 жилд нь газрын доор, хүнд хортой орчинд ажилласан бол эрэгтэй 50, эмэгтэй 45 нас хүрээд тэтгэвэр тогтоолгох эрхтэй” гэж заасан байдаг.
Гэвч хууль мөрдүүлэх эрхтэй төрийн өндөр албан тушаалтнуудыг хүнд, хортой нөхцөлд ажилладаг болохыг мэргэжлийн байгууллага тодорхойлоогүй. Олон хүүхэд төрүүлсэн эх, малчин зэрэг зорилтот бүлэгт хамаарахгүй тул тэд бүх нийтээс онцгой, давуу эрх эдлэхгүй баймаар санагдана.
Энгийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгож буй мянга мянган хүний эрх ашгийг энд хөндөх ёстой. Улс даяар хүчин төгөлдөр мөрдөж буй Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиас давсан мэдэлтэй шүүгч, прокурор, Цэцийнхэн жирийн иргэдийн төлсөн татварыг их хэмжээгээр, олон жил цөлмөх гэсэн атгаг санаагаа гүйцэлдүүлэхээр хөөцөлдөөд эхэлсэн сурагтай.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 410 мянга гаруй хүн тэтгэвэр авч буйг нийгмийн даатгалын статистикийн эмхэтгэлд дурджээ. Тэднээс 317 500 нь өндөр насны тэтгэвэр авдаг бөгөөд 2018 онд үүнд 1.3 их наяд төгрөг зарцуулсныг дээрх судалгаанд онцолсон байна. Тэтгэвэр авагсдын дундаж мөнгөн дүн 374 мянган төгрөг бөгөөд жил бүр улсаас 600 тэрбум төгрөгийн татаас авч, дээрх мөнгийг олгодог аж.
Үүнээс тэтгэврийн сан 200 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээж иржээ. Тэтгэвэр тогтоолгох хүний тоо жилд 20-25 мянгаар нэмэгдсэн, ажилласан жилээ нөхөн тооцуулсан хүмүүст зориулж жилд 302 тэрбум төгрөг зарцуулж буй зэрэг нь тэтгэврийн санг “модоо барихад” хүргэж буй гэх.
Хууль хэрэгжүүлэгчдийг бусдаас давуу эрх эдлэх болсон талаар иргэд ямар нэгэн ойлголт, мэдээлэлгүй байна. “Цэцийн гишүүд, шүүгч, прокурор нар хуульд зааснаас эрт, их хэмжээгээр тэтгэвэр тогтоолгох болсныг мэдсэн үү” гэсэн асуултад Баянгол дүүргийн иргэн Б.Зулзагаа “Хууль мөрдүүлэх үүрэгтэй хүмүүс давуу эрх эдлэх нь буруу гэж бодож байна. Би 75 настай. Хүнд нөхцөлд ажиллахаас эхлээд удирдах алба хаших хүртэлээ улсад 41 жил ажилласан. Гэтэл сард 380 000 төгрөгийн тэтгэвэр авч байна. Шүүх, прокурорынхон өндөр цалинтай, дээр нь бусад хүнээс хувь өндөр тэтгэвэр тогтоолгоно гэдэг нь тэгш бус. Хууль хяналтын байгууллагад ажилладаг, эсвэл хувийн хэвшилд харьяалагддаг байх нь хамаагүй. Монгол хүний үнэлэмж ижил байх ёстой. Мэдээлэлд ойр ажилладаг нөхөд асуудлыг үргэлж өртөө ашигтайгаар шийдэж ирсэн. 1990-ээд онд улс даяар өмч хувьчлал явагдахад ард иргэдэд цэнхэр, улаан тасалбарын үр ашгийг нь ойлгуулж мэдүүлээгүйгээс олонх нь хувьцаагаа 100 төгрөгөөр арилжчихсан. Гэтэл цөөн хэдэн хүний нэг нь л гэхэд 7-8 үйлдвэрийн эзэн болж, бүх ард түмэн нэг гараанаас эхлэх ёстой ардчилал үгүй болсон. Үүний нэгэн адилаар жирийн иргэдийн мэдлэг, мэдээлэлгүйг далимдуулан эрх бүхий байгууллагууд өөрсдөдөө ашигтайгаар хууль батлуулж, бусдыг хохироож болохгүй. Монгол Улсын иргэн бүр тэгш эрхтэй. Үүнийг хүнийг нийгмийн гарал, эдэлж хэрэглэснээр нь ялгаварлан гадуурхах, цаашлаад хүний эрх зөрчсөн үйлдэл гэж хэлж болно” гэсэн юм.
Чингэлтэй дүүргийн иргэн Л.Наранцацрал гурван хүүхэдтэй тул улсад 25 жил ажиллаад тэтгэвэрт гарчээ. Одоо сард 318 000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Тэрбээр “Малчид, олон хүүхэд төрүүлсэн эх, хүнд, хортой нөхцөлд ажиллагсад тэтгэвэрт арай хөнгөн нөхцөлөөр, эрт гарах заалттай. Гэтэл шүүгч, прокурор, Цэцийнхэн жирийн иргэдээс өндөр хувиар, нас нь болоогүй байж тэтгэвэрт сууна гэвэл энэ нь хууль бус” гэж ярив.
Мөн тус дүүргийн иргэн Х.Отгонцэцэг “Энэ талаар сонсоогүй юм байна. Би 15 жил нийгмийн даатгал төлж яваа, залуусын төлөөлөл. Гурван хүүхэдтэй. Тэтгэврийн нас 2030 он хүртэл жил тутам гурван сараар уртсаж байна. Өндөр цалинтай, том албан тушаалтай хүмүүс хүнд нөхцөлд ажилладаггүй болохоор бидэнтэй адил цалингийнхаа 45 хувьтай тэнцэх хэмжээгээр тэтгэвэр тогтоолгох хэрэгтэй. Эсвэл жирийн иргэдийг ч ялгаварлахгүй, нийтээр нь 60 хувь болгоё л доо.
Өнөөгийн нөхцөлд эмэгтэй 55, эрэгтэйчүүд 60 хүрээд тэтгэвэрт гарч байгаа ч үр шимийг нь хүртэж чадахгүй “өнхрөөд” унах нь олон болсон. Дээд албан тушаалтнуудыг дураар нь тавьж байснаас тэтгэвэртээ гараад нас барсан хүмүүсийн үр хүүхдэд нь тэтгэмжийг нь өвлүүлэх уян хатан заалтыг хуульд оруулах хэрэгтэй” хэмээсэн.
Сард 1.7-4 хүртэлх сая төгрөгийн цалинтай Цэцийн гишүүд, шүүгч, прокурор нас харгалзахгүй, их хэмжээгээр тэтгэвэр тогтоолгоод эхэлбэл улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй. Эрх бүхий хүмүүс энэ асуудлыг анхааралдаа авах цаг иржээ.