Зайсангийн аман дахь суурьшлын бүс болсон талбайн хэмжээ 400 орчим га хэмээн өмнө нь тогтоожээ. Энэ тоонд өөрчлөлт ороогүй гэх. Тэгвэл үлдсэн 100 гаруй га талбай хэний “халаасанд” орох вэ.
- БОАЖЯ дархан цаазат Богдхан уулын амийг тасалж, Монголыг дэлхийд шившиг болгох нь –
Байгаль орчин, аялал жуулчлал, газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн сайд Н.Цэрэнбат... Өгүүлбэр логикийн алдаатай байна уу. Монгол орны байгалийг хамгаалах төрийн бодлогыг атгаж буй сайдын гуншинг ийн өөрчилж, “өргөмжилсөн”-д учир бий. Дэлхийн хамгийн анхны дархан цаазат уулын амийг таслах төлөвлөгөөт ажлыг БОАЖЯ гардан эхлүүлж, одоо бүр бодитоор хэрэгжих шатандаа тулаад байна. Дархан цаазат газрын хамгаалалтаас Зайсангийн амыг бүхэлд нь гаргах талбайн хэмжээг эхний ээлжинд 500 га байхаар тооцжээ.
“Зайсангийн ам орчмын газар суурьшлын бүс болсныг тогтоосон. Иймд ЮНЕСКО-д хандан талбайн хэмжээг өөрчлөх үндэслэл, тооцоог хүргүүлэхээр ажиллаж байна” хэмээн тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Э.Сансарбаяр хээвнэг ярьж сууна. Байгалиа хамгаалдаг яамнаас нь ийм хүсэлт авсан ЮНЕСКО-гийн “царай” чухам тэр үед хэрхэн өөрчлөгдөж, “нүд” нь хэрхэн томрохыг төсөөлөөд нэг үз дээ.
ГАЗРЫН АЛБА БОЛСОН БОДЛОГЫН ЯАМ
Дархан цаазат Богдхан уул үе үеийн сайд нарын бизнесийн чухал хэрэглүүр байв. Энэ бизнест УИХ-ын гишүүд, хотын захирагч нар бас хуруу хумсаа нэмэрлэсэн. Одоо ч тэр. Харин одоо олон жил хууль зөрчсөн нүглээ цайруулж, цаашлаад Зайсангийн амыг бүхэлд нь хамгаалалтаас гаргаж, дураар дургих талбараа ийнхүү бэлдэж байна. Бодлогын яам нь дархан бүсэд газар хуваарилдаг, кадастрын зураглал хийдэг, бүр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгож байна гэхэд болно.
Тодорхой хэлбэл, Богдхан ууланд яамнаас газар ашиглах эрх буюу нэгж талбайн дугаар олгоод эхэлсэн нь чиг үүрэг, зорилго зорилт нь хэдийн ГАЗАР-аар овоглосны нэг баталгаа. Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт үл хөдлөх хөрөнгө барьж байгуулахыг хориглодог. Гэтэл нэгж талбайн дугаар олгосноор үл хөдлөх гэрчилгээ авах эрх нь үүсчихэж байгаа юм.
“Зайсангийн амыг хамгаалалтын бүсээс гаргачихвал Богдхан уул аажимдаа тэр чигтээ доройтолд орох суурь тавигдана. Нэгмөсөн дуусна гээд ойлгочих. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд хууль зөрчиж, олон иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах эрх олгосон ч дархан цаазат хамгаалалттай бүс гэдэг утгаараа өдий зэрэгтэй байгаа юм. БОАЖЯ, яамыг толгойлсон сайд нь үүнийг дэмжин идэвхийлэн ажиллаж байгаад харамсаж байна.
Мэдээж Зайсанг хамгаалалтаас гаргах асуудлын цаана олон эрх ашиг бий. Гэхдээ олон монгол хүний, иргэдийн эрх ашиг гэж энд байхгүй. Манай баячууд, зарим улстөрч хийгээд Хятад, Солонгосын компаниудын эрх ашиг байгаа нь нууц биш. Тэрчлэн хэрхэн хувааж, ямар замаар газрын хуваарийг хийж байгаа зэрэг ажил БОАЖЯ болон нийслэлийн Засаг даргын мэдлийн хэдхэн хүний гараар шийдэгдэж байна. Бодлогын хэмжээнд үнэлгээ, дүгнэлт өгөх ёстой маш олон асуудал бий. Гэтэл бүх зүйлийг маш хурдан, нууцаар хийж байна” хэмээн албаны эх сурвалж хэллээ.
Зайсанг хамгаалалтаас гаргах хамгийн чухлыг буюу хилийн цэсийг тогтоох, нэмэх, хасах гээд газар хуваарилах ажлаа салбарын сайд Н.Цэрэнбат өөрийн нутгийн болон сайн “анд” нартаа хариуцуулжээ. Тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар шинээр томилогдсон Э.Сансарбаяр, ахлах мэргэжилтэн Ч.Гал нар өмнө нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт ажиллаж байсан. Нийслэлийн газрыг “зураглах” ажлаар мэргэшсэн нөхөд ийнхүү гар нийлэн баг болж, Зайсанг “хувьчлах” үйлд ханцуй шамлан оржээ.
СОНИРХЛЫН БҮЛЭГ БА ТӨМӨР ЗҮРХТЭН
Их хөрөнгийн будилаантай асуудлууд сөхөгдөх бүрт байгалийн баялаг ихтэй тусгай хамгаалалттай газрууд хавчуулагддаг. 2002 онд Богдхан уулын дархан цаазат газрын Их, Бага тэнгэр, Ар Зайсангийн амны хилийн цэсийг өөрчлөх тухай яригдаж байв. Хилийн зурвасыг дээш ахиулж уулын хормойгоор тогтооё хэмээн УИХ-ын гишүүн асан Б.Эрдэнэбат хэсэг зүтгэсэн. Шалтгаан нь мөн л “Суурьшлын бүс болсон газрыг чөлөөлөх хэрэгтэй” гэх. Ийм яриа, сэдэл дэгдэх бүрт дархан ууланд газар ашиглах сонирхлын бүлгийнхний дайралт идэвхждэг байв. Ялангуяа сонгуулийн өмнөх жилд ёс мэтээр өрнөдөг нь өдгөө бараг уламжлал боллоо.
...Зайсан толгой хотын нэгэн дүүрэг болж, хүний хөлд дарагдах тэр мөчид Туул гол мөхөх, сэхэх асуудал сөхөгдөнө...
Түүнчлэн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбаттай ханьсан Зайсанг дүүрэг болгохоор “чичирч” буй Засаг дарга С.Амарсайхан Туул голын бургасыг хядаж, байшин барьсан төмөр зүрхтэн. Уг нь хуульд Туулын бургасыг хядах байтугай газар, хөрсийг нь дур мэдэн хөндөх эрх хэнд ч байхгүй. Бүр тодорхой хэлбэл, тусгай хамгаалалттай газарт зөвхөн тодорхой зориулалтаар байгаль орчинд ээлтэй газар ашиглуулдаг. Ашиглуулахгүй ч байж болно. Барилга байгууламж нь хүртэл байгалийн өнгөтэй, буулгаж зөөвөрлөх боломжтой, хоёр давхраас дээш өндөр байж болохгүй стандарттай. Гэтэл үүнийг өөрчилж, юу ч барьж болохоор болгосон нь бас л салбарын яамны ажил.
“Богдхан ууланд нэг га газрын төлбөр жилд 14.4 сая төгрөг. Өндөр төлбөртэй болохоор Монголын баячууд болон гадаадынхан, тэр дундаа хятад, солонгосууд мөнгө хаяж байшин бариад, ашиг олдог нь нууц биш. Төлбөрөө төлж дийлэхгүй болохоор нь эрхийг цуцлаад бусдад зардаг аргыг олон жилийн өмнө эхлүүлсэн. Авлигын сүлжээ эндээс харагдана. Ямартай ч Үндэсний аудитын газраас шалгалт хийж байгаа гэсэн. Гэхдээ шалгалт хийдэг ч үр дүнгүй” гэж нэг албан тушаалтан шивнэв. Түүнчлэн одоо Зайсангийн аман дахь суурьшлын бүс болсон талбай нь 400 орчим га байгаа аж. Тэгвэл үлдсэн 100 гаруй га талбай хэний “халаасанд” орох вэ гэдэг сонин байна.
2018 оны дөрөвдүгээр сарын 12. БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга асан Ч.Батсансар “Төр тусгай хамгаалалттай газрыг аялал жуулчлал, судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглуулах ёстой. Газар олгоход алгаа тосож авчихаад, хуулийнхаа дагуу бүртгүүлэх, төлбөр төлөх болохоор хойш суудаг... Зөвшөөрөлгүй барьсан олон барилга бий. Ингэж даварч, төрийг доромжилж болохгүй. Зөвшөөрөлгүй, хууль зөрчсөн барилгуудыг системтэйгээр буулгаж, төр газраа эргүүлэн авна гэдгийг хатуу мэдэгдье...” хэмээн ярьжээ. Чухам тэр үед Зайсангийн амыг тусгай хамгаалалтаас гаргах Засгийн газрын тогтоол гуравдугаар сард батлагдаж, БОАЖ-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулаад байв.
ЭКОСИСТЕМИЙН ХАМААРАЛ
Дархан цаазат Богдхан уулын Хамгаалалтын захиргаа гэж төрийн бүхэл бүтэн нэг байгууллага бий. Нэг хэсэг тус захиргааны даргаар Д.Түмэнхүү гэгч ажиллахдаа нэжгээд газар олгосон төдийгүй нэг га-г 100 мянган ам.доллароор зарсан талаар тухайн үед хэсэг шуугисан. Тэрчлэн засаг өөрчлөгдөж, сайд солигдох бүрт Богдхан уулын Хамгаалалтын захиргааны дарга нь өөрчлөгддөг энэ байгууллагын “хаалга нь хаалттай, цонх нь битүү”. Олон саяар үнэлэгдэх газрын бизнесийн чухал хэсгүүд яалт ч үгүй хамгаалалтын захиргаагаар дамждаг болохоор арга ч үгүй биз хэмээн хардах хүн олон. Тиймдээ ч “Богдхан уулын газрын албаны дарга” хэмээн хошигнон дууддаг болоод удаж байна. Угаас энэ замбараагүй байдал 2003-2004 оноос эхтэй. Байгаль орчны сайд асан У.Барсболд болон бусад сайдын “буянаар” дархан ууланд амьдрах давуу эрхийг олон улстөрч, бизнесмэн, урлаг, спортын одод авсан.
Дэлхийд данстай дархан цаазат уулаа түмний дэвсгэр болгох ажлыг яам нь өөрөө гардан гүйцэтгэчихээд, хамгаалалтаас гаргах аргаар асуудлаа шийдчихдэг жишгийг үнэндээ Монголд л зөвхөн харах биз
Аливаа улс орон зарим газраа хэсэгчлэн тасдаж, хамгаалалтад авах зайлшгүй шаардлага нь юунд байна вэ? Олон улсын хэмжээнд биологийн нэг төрөл зүйл, амьтан, ургамлыг хамгаалахад дангаар нь бус, тэдгээрийг амьдрах таатай орчин, байгальтай нь хамт “бөөцийлөх” хэрэгтэй хэмээн үздэг. Үүнийг дэлхийн орнууд “Экосистемийн хандлага” гэнэ. Харин хэрэгжүүлэх ганц боломж нь тусгай хамгаалалттай газар нутагт бүрддэг. Гэтэл хамгаалалтад авсан газрынхаа хилийн цэсийг нь өөрчилж аж ахуйн зориулалтаар ашиглахаар улайрдаг улс орон дэлхийд Монголоос өөр алга. Угтаа энэ байдал нь газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авна хэмээн хүн төрөлхтний өмнө тунхаглан зарласан Монгол Улсыг шившиг болгох хангалттай баримт биш гэж үү.
БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга “Зайсангийн ам орчмыг суурьшлын бүс болгохоор ажиллаж байгаа гол шалтгаан нь Богд уулаа тусгай хамгаалалтад авч үлдэх эхний алхам юм. Ингэж дахин газар олгохгүй, суурьшлын бүс болгохгүй байж чадна” гэж ам өгөн мэдүүлжээ. Улиг болсон сайхан амлалтуудын нэг загвар нь энэ.
Дэлхийд данстай дархан цаазат уулаа суурьшлын бүс болгох ажлыг яам нь өөрөө гардан гүйцэтгэчихээд, хамгаалалтаас гаргах аргаар асуудлаа шийдчихдэг жишгийг үнэндээ Монголд л харах биз ээ. Угаас Богдхан уулын экосистем доройтолд орж эхэлсэн нь маш ноцтой асуудал хэмээн эрдэмтэн, судлаачид анхааруулсаар байгаа. Ууланд алхдаг, алжаалаа тайлдаг олон түмэн ч баталсаар байна.
...Богдхан уулыг харамлан хайрлаад, өмгөөлөн өмөлзөөд буйн гол шалтгаан ердөө л бидний үр хүүхэд, хойч үедээ өвлүүлэн үлдээх асуудал. Дархан уулын экосистемийн тэнцвэрт байдал Улаанбаатар хот орших уу, эс орших уу гэдэгтэй шууд холбоотой.
Сүржигнэлээ гэж бүү бод. Богдхан уул хүний хөл, байшингийн суурь, их хотын дэд бүтцийн хөгжилд шууд хормой нийлүүлээд эхэлбэл экологийн тэнцвэрт байдал нь алдагдах маш том эрсдэл бий. Зайсангаас эхлээд бусад ам ялгаагүй хотын нэгэн дүүрэг болж, хүний хөлд дарагдах тэр мөчид Туул гол мөхөх, сэхэх асуудал ч давхар сөхөгдөнө. Чухам тэр үед зарилгаар дархалсан Богдхан уулыг зоосны нүхээр харсан сайд, дарга, албан тушаалтнууд ямар хариу өгөх бол?!