ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу тува үндэстэн. Түүний эцэг монгол удамтай. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп герман, шотланд цустай. Баталгаатай, эсэх нь тодорхойгүй ч урд хөршийн дарга Си Зиньпиний уг гарваль, цус нь ч холимог гэдэг. Эдгээр хүн дэлхийн хүчирхэг гүрнүүдийн тэргүүн, армийн удирдагч. Тэд улс, эх орноо гэсэн чин сэтгэлтэй, түүнийхээ төлөө амь, амьдралаа зориулж чаддаг учраас ийм өндөрлөгт гарсан. Энэ бол хүнийг “үүлдэр”, угсаагаар нь бус, чин сэтгэлтэй, үгүйгээр нь хэмжсэн сонголт. Харин бид сүүлийн үед хүмүүсийг, ялангуяа төрийн өндөр албан тушаалд байгаа хэдийгээ эрлийз, хурлийзаар нь чичилж, хэтэрхий туйлшраад байх шиг.
Улс нь олигтой хөгжихгүй, халаасанд нь мөнгө “тогтохгүй”, үргэлж гуйсан, өлссөн, уруу дорой байгааг “бохир” цустай хүмүүстэй холбон тайлбарлаж байгааг буруутгах нь нэг талаас өрөөсгөл мэт ч нөгөө өнцгөөс бодоход “хардах” сэтгэл төрж болох. Гэхдээ л цусаар нь “даажигнаж” хүнийг муучлах нь зөв биш болов уу. Хамгийн гол нь улсаа, унасан газар шороогоо, эх орноо гэсэн сэтгэл л хүнд чухал шүү дээ. Тэгж ярих юм бол бидний бахархал болсон их хаан лав халх биш байсан гээд туйлширчихвал түмэн олонд “алуулах” нь ойлгомжтой.
Монголыг зангидаж, нэгдсэн улс байгуулсан агуу хүний яс үндэс, цусыг “шинжилж” монгол мөн, биш гэж ярих нь аль ч талаараа утгагүй зүйл учраас тэр. Үүнтэй адил бид эрлийз, хурлийз, энэ тэр гэж “улстөржиж”, туйлшрахаа болихгүй бол нийгэмд үзэн ядагчийн арми бий болж, үзэл бодол, ёс зүйн дайн дэгдэхгүй гэх баталгаагүй. Магадгүй хойч үеийнхнийхээ сэтгэлд үзэн ядах гал өрдөж мэдэх юм.
Ер нь хүнийг цусаар нь “шиншилж”, муучлах нь яав ч олигтой зүйлд хүргэхгүйг түүх өгүүлнэ. Ари үндэстнийг дээдлэгч Гитлер үүний тод жишээ. Бидний амьдралд ч тийм муухай зүйл байсаар ирсэн. Хамгийн хожуу үеийн тод түүх гэвэл, авьяас чадвараараа цойлж гарсан дуучин бүсгүйг эрлийз гэж “цаазлаад” хэн ч биш болгосон. Гэхдээ тэр бол социалист баримжаатай, үзэл суртлын нийгэм байлаа.
Саяхан даа, нэг настан улсад хөдөлмөрөө үнэлүүлэн, энгэрээ “цоолуулаад” баярласандаа уйлж, орилж байж өөрийн тухай ярихыг сонссон юм. Түүний өвөө ХХ зууны эхээр Монголд ирж, суурьшсан хятад хүн байжээ. Үргэлж эрлийз, хурлийзаараа “цоллуулан”, олигтой ч амьдарч чадаагүй аавыгаа тэрбээр дурсан уйлсан. Энэ мэтээр цусны ариун байдлын тухай яриад байвал Монголд “но”-гүй хүн хэд байгаа бол. Хэл, цус хоёр хэзээ ч цэврээрээ байдаггүй гэсэг үг бий. Харин уламжлалаа хадгалсан өв соёл, түүх гэж бий.
Монголчууд хоёр хөршөө, ялангуяа урд зүгийнхнийг муулахдаа гаргууд. Муусайн хужаа, муу санаатай, өөдгүй, биднийг уусгах нь гээд л хардаж, хэлэлцдэг. Цахимаар бол ёстой ой гутам дайн өрнөдөг, энэ тухай. “Өмхий хужааг Монголоос зайлуул. Эрлийз, хурлийзуудыг ажилгүй болго. Улстөрчдийн цусыг шинжилдэг бол” гэх зэргээр хараал, хавчлага дүүрэн.
Яг үнэндээ тийм “давлагаа” үүсгэдэг хүмүүсийн хэд нь Эрээн, Бээжингээс бараа зөөж, амьдралаа залгуулдаг бол. Хэчнээн нь хятад хоолны газрын үнэнч үйлчлүүлэгч бол. Миний мэдэх нэг блогчин залуу бараг сар бүр өмнөд хөршийг зорьдог. Ажил албаа амжуулахын зэрэгцээ эмнэлэг, дэлгүүр хоршоо гээд амьжиргаа, хэрэгцээгээ болгочихно. Тэгсэн хэрнээ Хятадад харшилтай. Ам ангайгаад л “хужаа” гэж хараана. Алс холын Америкийг “идеалаа” болгосон, мөрөөдөгч тэр залуу геополитикийн хувьд хоёр их гүрнээсээ хаашаа ч зайлахгүй Монголд амьдардгаа үл “мэднэ”.
Урд хөршийнд очоод ирсэн монголчууд хөгжиж, цэцэглэж байгааг нь, хүний гараар босгосон гэмээргүй гайхамшигт бүтээн байгуулалтынх нь тухай ам мэдэн ярьж, магтаж, биширдэг. “Тэд ингэж хөгжиж байхад бид ингээд тогоон дотроо хэрэлдээд сууж байна” гээд л ярьдаг хэрнээ тэднээс сурахдаа бус, тэдэнд атаархаж, элдэв хов жив ярихдаа цаг илүү зараад байх шиг. “Муу хужаагийн ногоо, жимс битгий ид, гутал, хувцсыг нь бүү ав” гэх. Яг үнэндээ тэр “муусайн хужаа” нар чинь л биднийг тэжээгээд, авч яваад байгаа нь гашуун ч гэсэн бодит үнэн шүү дээ. Хэтрүүлээд хэлэхэд, Монгол хэмээх айлын хэдэн хүүхдийг тэд тэжээдэг. Уучлаарай, ингэж хэллээ гээд “чулуугаар” нүдүүлэх нь гарцаагүй. Гэхдээ худлаа гэвэл, хятадууд хэд хоног хилээ хаачихвал бид нэг хэсэгтээ “дэвхэрдэг” нь үнэн биз дээ. Чоно борооноор гэгчээр харин ч монголчууд бид үнэндээ өөрсдөө өөдгүй, бүтэхгүй, хүн чанаргүй улс. Муулж, гутаагаад байгаа тэр хятадуудаасаа ч дор хөгийн загнадаг гэхэд хэтрүүлсэн болохгүй. Үүнийгээ ч өөрсдөө мэддэг. Урдаас бараа, бүтээгдэхүүн орж ирэхгүй удвал, эсвэл хил хаагаад хэд хоноход бидний хоол, хүнсний үнэ “хөөрхөн” өсчихдөгийг мэдэхгүй хүн байгаа бил үү. Яав, ийв гээд асууж сураглахаар хэдэн наймаачин ахан дүүс маань “Хужаагаас бараа орж ирэхгүй удлаа. Хужаа нар үнээ нэмчихсэн” гэж хэнэггүй авна. За, тэгээд болж бүтэхгүй юм л бол урд зүгийнхний буруу болж “таардаг” нь манайд хэвийн үзэгдэл. Бүдэрч уначихаад хүртэл “хужаагийн буруу” гэх вий дээ, заримдаа ч айх юм байна шүү.
Хэл соёл, уламжлал, зан заншил, шашин шүтлэг гээд бүх талаараа өөр 15 улсыг нэгтгэсэн ЗХУ дэлхийн дайнд ялахад иргэдийнх нь итгэл үнэмшил ихээхэн нөлөөлснийг түүх өгүүлнэ. Тэд “Би Зөвлөлтийн иргэн” гэсэн итгэл үнэмшил, бахархлаараа олон зүйлийг даван туулсан. Өнөөдөр гэдсэндээ хөлөө жийлцэхээс наагуур байгаа Орос, Украин, Гүрж зэрэг улс тэр цагт нэгэн айл байж, тэр их зовлонг туулахдаа нэгнийгээ цус, үндэс, угсаагаар нь ялгаварлаагүй юм. Монголчуудын гарваль нь буга, чоно гэж ярьдаг. Тэгэхээр бид хүн мөн үү. Ингээд л ухаад даажигнаад байвал ямар вэ. Ийм хэтрүүлэгтэйгээр бодоод үзээрэй. Тэгээд өнөөх хужаа, буриад, монгол гэсэн зааг ялгаагаа эргэн харахад, цус цэвэр, энэ тэр гэдгээ бодолцоход гэмгүй болов уу. Бүүр цаашлаад даажигнавал их хааны маань дээд угсаа нь тоонотоор орж ирсэн “гэрлээс” бүрэлдсэн ч гэдэг биз дээ. Энд нэг зүйл онцлоход, би домгоор жишээлэн монгол цусны талаар егөөдсөнийг зүрхэндээ хэт ойр тусгаад хэрэггүй болов уу. Хамгийн гол нь цусны цэвэр, бохирын талаар яриад, хөршүүдээ гоочлоод байгаа хүмүүст шоглоомоор ч болтугай ойлгуулах гэсэн муйхарлал болой.
Ер нь бид өнөөдөр ингэж хэн нэгнийгээ хардаж, цус “мустай” нь дайтаж, хөршүүдээ гоочилж байхаар дэлхийгээс хоцрохгүйн тулд хөгжиж, боловсрох, бусдаас дутахгүй явах талдаа илүү анхаарвал яасан юм бэ.
Эрлийз, хурлийзаараа дуудалцаж, муу бүхнийг бусдын буруу болгон манарч, мангуурдгаа татахгүй бол нийгэмд таагүй уур амьсгал үүсгэж, тэр нь даамжирч, даврах хандлага илт гарах болжээ. Бусдыг зүс царай, цус, гарвалиар нь дорд үзэж байхаар тэдэнтэй харин хэрхэн зөв өрсөлдөхөө л бодоцгооё. Тэгээд ч сэтгэл нь булингартай бол цус нь цэвэр байгаад яах ч юм билээ. Танд эх орноо, төрсөн нутгаа гэсэн сэтгэл байхад л бүх зүйл болно шүү дээ. Дамдины Сүхбаатарын хэлсэнчлэн сэтгэл байхад хандах зүг аяндаа тогтох бус уу.
Эцэст нь хэлэхэд, бид бөөрөндөө байгаа хоёр хөрштэйгөө ижил тэгш, хүндлэлтэй харилцаж, хэн нэгнийг цусаар нь шинжилж бус, сэтгэлийн ариунаар нь хэмжих нь Монгол Улсын тусгаар тогтнол хийгээд ард иргэдийн хэлхээ холбоонд илүүтэй чухал биз ээ.