Жирэмслэхээс хамгаалдаг бэлдмэл буюу манайхны хэлж заншсанаар 72 цагийн эм авахаар хэд хэдэн эмийн сангаар орлоо. “Үнэ хэд вэ, жороор олгодог уу” гэсэн асуултад эмийн санчдын олонх нь тоосон шинжгүй “Зүгээр ээ, ав” гэх нь тэр. Лавлаж шалгамаар санагдаад нөгөөхөө эрэгтэй хүнд захиад, эмийн сан гүйлгэв. Орсон эхний газраасаа л аваад ирлээ шүү. Бэлгийн харьцаанд орсноосоо хойш 72 цагийн дотор уувал бие давхар болохоос сэргийлдэг эм (нэрийг нь дурдахгүй болно)-ийг эмийн сангуудаар 5000-6000 төгрөгөөр борлуулдаг юм байна. Эмзүйч нараас дээрх бэлдмэлийн борлуулалт хэр байдгийг тодруулахад “Гүйлгээ сайтай, сарын тэмдэг алдагдахаас өөрөөр гаж нөлөөгүй” гэж хариулсан.
Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд гэлтгүй өсвөр үеийнхэн хүртэл эл эмийн гаж нөлөө, хор хөнөөлийг мэдэхгүй байж баруун, солгойгүй авч, хэрэглэх болжээ. Бэлгийн харьцаанд хамгаалалтгүй орох бүртээ шахам 72 цагийн эм ууж болно гээд ойлгочихсон хүмүүс ч бийг мэргэжлийн эмч нар хэлэв.
Уг эм өндөр тунтай, тэр чигтээ дааврын агууламжтай тул жилд 1-2 удаа, эмчийн зааврын дагуу уухыг ДЭМБ зөвлөдөг юм байна. Гэтэл манайд үүнийг ямар ч хяналтгүй, эмчийн бичиггүй худалддаг. Нөгөө талаас олонх нь дур мэдэн хэрэглэдэг нь эрүүл мэндээ эрсдэлд оруулах, цаашлаад амиа гаргуунд нь гаргаж байгаагаас ялгаагүй юм.
Эмэгтэйчүүдийн ярьж буйгаар, ийм үйлчилгээтэй, жирэмслэхээс сэргийлдэг гурван төрлийн эмийг гадуур худалддаг гэх. МХЕГ-ын гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Т.Балжиннямаас энэ талаар тодруулахад “Жирэмслэхээс хамгаалах 72 цагийн эмийн хэрэглээ, гаж нөлөөг дангаар нь шалгаж, судалж байгаагүй. Жороор олгодог эмийн худалдаанд тандалт судалгаа, урьдчилан сэргийлэх хяналтыг жил тутам хийдэг. Ингэх явцдаа тухайн эмийг жороор олгож байна уу, улсад бүртгэлтэй, эсэхийг шалгаад, зөвшөөрөлтэй эмнэлэг, эмийн сангуудаар худалддаг, үгүйг давхар нягталдаг. Хүүхэд төрүүлэхээр төлөвлөөгүй бол бэлгийн харьцаанд хамгаалалтгүй орсноосоо хойш 72 цагийн дотор дээрх эмийг уудаг. Одоогоор улсын эмийн бүртгэлд ийм үйлчилгээтэй хоёр төрлийн эм байгааг жороор олгох заалттай. Эмчийн зааврын дагуу хэрэглэнэ гэсэн үг. Дааврын нөлөөтэй тул зургаан сард нэг, жилд хоёроос олныг хэрэглэвэл цус алдах, үргүйдэлд хүргэх эрсдэлтэй” гэж ярилаа.
72 цагийн гэлтгүй эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой эмийг жор баригч нар хэнд ч хамаагүй худалддаг нийтлэг үзэгдэл бий болоод удлаа. Хяналт тавих үүрэгтэй мэргэжлийн байгууллагынхан нь төлөвлөгөөт гэх нэрийн доор аж ахуйн нэгжүүдэд урьдчилан мэдэгдсэнийхээ дараа шалгалт хийдэг. Нэг бол иргэд олноор хохирсон хойно нь хуруугаа хөдөлгөх. Тогтмол хянаж, шаардаад байвал эмийн санч нар иргэдээс жор нэхэж сурах бус уу.
Шилжилтийн насны хүүхдүүд цаг үеэ дагаад сэтгэхүй болоод бие махбодын хувьд өсөлт, хөгжил нь эрт явагдах болсон. Өсвөр насандаа бэлгийн харьцаанд орох нь бараг хэвийн үзэгдэл болсныг эмч нар хэлж байна. Тиймдээ ч 72 цагийн дотор ууж, жирэмслэхээс хамгаалдаг эмийг сурагчид хэрэглэх нь ихсэж, зарим нь 20, 21-хэн насандаа үргүйдлийн эмчилгээ хийлгэх болжээ.
“Би 35 настай. Хүүхэдтэй болохын тулд долоон жилийн турш дааврын эмчилгээ хийлгэсэн. Очоогүй эмнэлэг бараг үгүй. Ажигласан зүйл гэвэл, үргүйдэх өвчин газар авч, залуужсаныг бусадтайгаа хамт эмчлүүлж байхдаа л мэдсэн. Тэр дундаа 19-23 насныхан олон байна. Энэ талаар эмч нараас лавлахад өндгөвч, шээсний замын эмгэгтэй, бэлгийн замын халдварт өвчин олон туссан, дааврын эм их хэмжээгээр уусан зэрэг шалтгаантай байдаг гэсэн” хэмээн нэрээ нууцалсан нэгэн өгүүлэв.
Бэлгийн харьцаанд орсноосоо хойш дариу ууж хэрэглэх заалттай жирэмслэхээс хамгаалдаг эмнүүд эр, эм бэлгийн эсийн үр тогтох үйл явцыг саатуулдаг. Өөрөөр хэлбэл, үр тогтсон өндгөн эсийн умайд бэхлэгдэх чадварыг бууруулах замаар хүүхэд олохоос сэргийлдэг байна. Эмчийн заавраар, зохих тунгаар хэрэглэвэл гаж нөлөө багатай. Хэрэглэсний дараа дотор муухайрч, толгой эргэх шинж тэмдэг илэрч болно гэж эмзүйч нар хэлнэ лээ. Гэхдээ элэгний архаг үрэвсэлтэй, тамхи татдаг, доошоо цус алдаж буй үед хэрэглэхийг хориглодог тухай тэд ярьсангүй.
72 цагийн эмийг жирэмслэлтийг таслан зогсоох зорилгоор хэрэглэдэггүй гэдгийг хатуу сануулъя. Мөн бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэхгүй, удаан хугацаанд жирэмслэхээс хамгаалахгүй. Тэр ч бүү хэл уг эмийг хэрэглэсний дараа бэлгийн харьцаанд орвол умайн гадуурх жирэмслэлт болох өндөр эрсдэлтэй юм байна.
16-26 насны хоёр эмэгтэй тутмын нэг нь жирэмслэхээс хамгаалах эл аргыг хэрэглэж үзсэн болохыг судалгааны баримтууд гэрчилнэ. Уг эмийг 24 цагийн дотор уувал бие давхар болохоос сэргийлэх магадлал 90-98, 48 цагийн дотор хэрэглэвэл 80 хувь гэхчлэн хугацаа алдах тусам үйлчилгээ нь буурдаг аж. Жирэмсэн болсныхоо дараа уувал цус алдах, ураг зулбах аюултай. Тиймдээ ч олон улсад өсвөр насны охид, элэг, цөсний өвчтэй, жирэмсэн эмэгтэйд дээрх эмийг хатуу хориглодог юм билээ.
Импортын бүх эм монгол хэлээрх заавартай. Тухайн эмийг хаана үйлдвэрлэсэн, улсын бүртгэлд хэзээ орсон, ямар хугацаанд хүчинтэй, хэрхэн уух талаарх мэдээлэл зааварт бий. Тиймээс охид, хүүхнүүд 72 цагийн эм уухдаа эмч зөвлөөгүй тохиолдолд тунг хэтрүүлэн, дур мэдэн хэрэглэхгүй байхыг МХЕГ-аас анхааруулж байна.
Төрөх, эмэгтэйчүүдийн эмч нар ч гэсэн уг эмийг зөвлөдөггүй. Үр тогтох үйл явцыг түргэн хугацаанд таслан зогсоодог, өндөр тунтай тул өндгөвчийг зохиомлоор хямрааж, зарим хүнд байнга цус алдах, сарын тэмдэг ирэхээ болих, мөчлөг алдагдах, умайд уйланхай үүсэх зэрэг хүндрэл гардаг гэнэ. Байгалиасаа боловсорч буй өндгөн эсийг хүчээр дарангуйлдаг учраас тэр. Түүнчлэн 72 цагийн эмийн найрлага дахь өндөр агууламжтай даавар нь цусанд орж, улмаар бусад эд, эрхтэнд нөлөөлдөг. Ойр ойрхон хэрэглэхийг хориглодог нь даавар биед зургаан сарын турш “орогнодогтой” холбоотой гэсэн.
Жирэмслэхээс хамгаалах орчин үеийн олон арга, хэрэгсэл бий. Өөрт тохирсныг нь сонгож, эрүүл мэндээ эрсдэлээс хамгаалахыг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2017 оны судалгаанаас үзвэл, нөхөн үржихүйн насны 1000 эмэгтэйн 531 нь, 15-49 насныхны 53.2 хувь нь жирэмслэхээс сэргийлэх ямар нэгэн арга хэрэглэдэг гэжээ.
Төрлөөр нь авч үзвэл, 27.5 хувь нь бэлгэвч, 20.2 хувь нь эм, бэлдмэл хэрэглэдэг бол гурван эмэгтэй тутмын нэг нь ерөндөг тавиулж, 10 хүн тутмын нэг нь тариа хийлгэдэг байна. Харин үлдсэн нь бусад аргыг сонгодог аж. Гэвч 15-49 насны гэрлэсэн болон хамтран амьдрагчтай эмэгтэйчүүдийн бараг тал хувь нь жирэмслэхээс сэргийлэх арга, хэрэгслийн талаар мэдлэг, мэдээлэлгүй байгаа талаар дээрх судалгаанд дурджээ.
Үүнээс гадна бүсгүйчүүдийн багагүй хувь нь хэнэггүй, хайнга нь дэндсэн улс байдаг бололтой. Жирэмслэхээс хамгаалах ерөндөг тавиулсныхаа дараа эмчийн хяналтад гурав, зургаа, 12 сар тутам үзүүлэх ёстой атал “буруу” харчихдаг гэнэ. Гурав, таван жилийн хугацаатай ерөндөг суулгуулаад 5-8 жил болоод эмнэлэгт хандсан нь бишгүй аж. Эсвэл “Ерөндөгтэй хэрнээ жирэмсэн болчихлоо” гээд ирдэг гэх. Нөгөөхийг нь эмч нар авах гэхээр аль хэдийн “хөдлөөд” алга болчихсон, умайн амсарт шигдэж, идээлсэн зэрэг хүндрэл үүсгэдэг байна. Тиймээс ирээдүйд ээж болох, болсон эмэгтэйчүүд минь ээ. Өөрийгөө жаахан ч атугай хайрлаач.
Эрүүл мэндийн сайдын 2013 онд 415 дугаар тушаалаар эмийн гаж нөлөө болон аюулгүй байдлыг бүртгэн, мэдээлдэг журамтай болсон. Үүний дагуу улсын хэмжээнд энэ төрлийн мэдээллийг бүртгэснээс хойш буюу 2013-2017 онд эрүүл мэндийн 99 байгууллагад эмийн гаж нөлөөний 777 тохиолдол гарсныг “Эм зүйн салбарын үзүүлэлт” товхимолд дурджээ.
Гэхдээ тус судалгааны тайланд аймаг, нийслэлийн хэмжээнд төдөн хүнд гаж нөлөө илэрсэн гэснээс биш, эмийн нэр, төрөл, үйлчилгээг нь дурдаагүй байна. Тодорхой бус гэсэн үг. Салбарын яамныхан эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор олон журам боловсруулж, баталсан ч хяналт тавих механизм нь сул байдгаас шийдвэрүүд нь амьдралд хэрэгждэггүйг хэн хүнгүй мэднэ.
Тодруулбал, эм зүйн салбарт өдгөө хүчин төгөлдөр мөрддөг гэх 63 баримт бичиг, бодлого, тушаал, журам, стандарт байна. Гэсэн хэрнээ мөрддөггүй. Хяналт тавих эрх бүхий байгууллагууд нь ч ажлаа хийдэггүй, ард иргэдийг мэдээллээр хангадаггүй, хуулиа сурталчилдаггүй. Ийм байхад иргэд нь өөрсдийгөө “оношилж, эмчлэх” нь ч аргагүй биз. Зөвхөн 72 цагийн эмийн эргэн тойрон дахь “ажиллагаа” нэг иймэрхүү.