Манай улсад сүүний хаягдал сав дахин боловсруулж буй аж ахуйн нэгж, үйлдвэр одоохондоо байхгүй. Тиймээс бидний өдөр тутам хэрэглэдэг сүүний сав хог болж, тэр хэрээр байгальд сөргөөр нөлөөлдөг. Харин ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Ойн нөөц, ой хамгааллын салбарынхан сүүний хаягдал саванд мод үрслүүлж эхэлжээ.
Монгол орны нутаг дэвсгэрийн найм хүрэхгүй хувийг ой, мод эзэлдэг гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргасан судалгаанд дурдсан байна. Энэ тоо манай оронд ойгоор бүрхэгдсэн талбай хомс байгааг илтгэнэ. Ойн экосистем доройтож, хомсдож байгаа энэ үед зориудаар тарьж ургуулахдаа цаг агаарын таагүй нөхцөлд ч дасан зохицох чадвартай суулгац бэлтгэх нь чухал аж.
Өөрийн орны нөхцөлд үрээр мод тарихдаа нийлэг уут болон хуванцраар хийсэн бортого (хоовон) ашиглах нь бий. Урд хөршөөс хуванцар бортого оруулж ирэхэд багагүй хөрөнгө шаарддаг. Харин өөрсдөө хийхэд хугацаа их зарцуулдаг аж. Тэгвэл байгальд задрахдаа удаан нийлэг уут, хуванцар сав ашиглахын оронд сүүний хаягдал савыг бортого болгон ашиглаж, нийслэлээ ойжуулах ажлыг ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийнхэн эхлүүлжээ.
Энэ талаар тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Батдоржоос тодруулахад
“Сүүний хаягдал саванд үрсэлгээ хийх нь хаягдлыг дахин ашиглаж, хэмнэлт хийж буй хэрэг. Дахин ашигласнаар байгальд нөлөөлөх сөрөг үр дагаврыг бууруулахад ч нэмэртэй. Бид нийлэг болон пластик технологиор хийсэн бортогыг судалгаандаа ашигладаг байсан. Одооноос эко бортого ашиглахаар төлөвлөж байна” гэв.
Цаасан, тетрапак буюу сүүний сав мод ургуулахад хэлбэр, хэмжээний хувьд хамгийн тохиромжтой юм байна.
Сүүлийн үед манай оронд мод тарих ажил нэлээд эрчимтэй өрнөж байна. Гэхдээ тариад орхих бус, түүнийгээ арчилж, ургуулахад анхаарлаа хандуулах цаг болсныг салбарынхан ярьж буй. Хамгийн гол нь, өөрийн орны хөрсөнд тохирох модыг үрслүүлж, тарих нь оновчтой шийдэл болохыг мэргэжилтнүүд зөвлөсөн.
Ой багассанаар хөрсний давхарга нимгэрч, үржил шим нь буурдаг. Ингэж доройтсон ойг нөхөн сэргээхэд хоёр настай шинэсний үндсэнд тохирсон бортогыг сонгож, ашиглах нь чухал аж. Одоогийн байдлаар улсын хэмжээнд судалгаа, шинжилгээний зориулалтаар ил үндэсний системээр буюу бортогогүй тарьцаар ойжуулалт хийж буй.
Энэ аргыг зөвхөн хавар, намрын улиралд, ургамал тайван байдалд орсон үед ашигладаг. Харин бортоготой ургамлыг 5-10 дугаар сарын турш үрслүүлж, ойжуулалт хийх хугацааг нь уртасгах давуу талтай гэнэ. Бортоготой тарьцны өсөлт, хөгжил ч үрсэлгээгээр суулгасан модныхоос харьцангуй сайн байгааг тус хүрээлэнгийн мэргэжилтнүүд судалгаагаар нотолжээ.
Судлаач Д.Батдорж бортогонд 5000 орчим суулгац тарьсан байна. Тэрбээр Улаанбаатар хотын хүн ам нягт суурьшсан хэсгийн хортон шавжид идэгдсэн, түймэрт өртсөн, доройтсон ойн талбайг ирэх зургадугаар сард нөхөн сэргээхээр төлөвлөжээ.
Түймэр болон хортон шавжид идэгдэж, доройтсон ойд нөхөн сэргээлт хийгээгүй удсанаас хөрс нь хээрийн бүс нутгийнхтай адил болдог аж. Тийм нөхцөлд ил үндэсний системтэй буюу бортогогүй тарьцаар ойжуулалт хийхэд үр дүн бага. Тийм учраас бортогод ургуулсан шинэс буюу хар модны тарьцаар ойжуулах замаар доройтсон ойг нөхөн сэргээх боломж бий гэв.
Энэ мэтчилэн сүүний сав зэрэг хаягдлаа ашиглан хүн бүр хүссэн цагтаа мод тарьж болох нь. Гэхдээ хашааныхаа хэмжээ, налуу, хөрсний нөхцөл зэргээс хамааран тарих модоо зөв сонгох нь чухал. Тарихаар сонгосон модоо технологийн дагуу мод үржүүлгийн газраас ухан авч, зөв тээвэрлэсэн байх шаардлагатай. Сүүний хаягдал саванд шилмүүст төрлийн мод ургуулахад нэн зохимжтой аж. Тэр тусмаа шинэс модыг сүүний саванд хоёр нас хүртэл нь ургуулах боломжтой. Үүнээс удаавал сав задарна. Харин навчит төрлийн модны үндэс урт ургадаг учир сав жижигддэг байна.
Бортогонд мод тарих ажил их хөдөлмөр, цаг хугацаа шаарддаг. Нэг удаагийн оролдлогоор ургуулж чадахгүй байх тохиолдол их аж. Гэвч сүүний сав ашиглах нь хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлдэг гэнэ. Дахин боловсруулж чадахгүй байгаа сүүнийхээ савыг ядаж энэ мэтээр ашиглавал хог хаягдлаа бууруулаад зогсохгүй ойгоо нөхөн сэргээх боломжтойг салбарынхан өгүүллээ.