Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтэст өчигдөр нэр бүхий иргэнээс гомдол иржээ. Гомдолд “Баянгол дүүргийн XIV хорооны 16 дугаар байрт чичирхийлэл мэдрэгдлээ, шалгаж өгнө үү” гэж дурджээ. Үүний дагуу тус байрны аюулгүй байдлыг шалгах болсон байна. 2015 оны тавдугаар сард энэ байрны суурь зүүн талаасаа хазайж, онцгой байдал тогтоосон удаатай.
Тухайн үед айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж, байрны суурьт бэхэлгээ, хүчитгэл хийжээ. Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгээс гаргасан зураг төслийн дагуу “Бумбод” компанийнхан дээрх ажлыг гүйцэтгэжээ. Тийм хэдий ч байрны оршин суугчид өнөөдрийг хүртэл айдастай амьдарч байна. Болсон явдлын талаар тодруулахаар бид тухайн байрны зарим оршин суугчтай уулзлаа. 12 давхар, нэг орцтой эл барилгад 36 өрхийн 250 орчим хүн аж төрдөг юм байна.
Оршин суугчдаас бодитой мэдээлэл авахаар айлуудын хаалгыг тогшиж асууж сураглалаа. Харамсалтай нь, олонх нь мэдээлэл өгөхөөс зайлсхийв. Зарим нь илт дургүйцэж “Байрны ханш унагах гэлээ” хэмээн уурласан. Хоёрдугаар давхарт амьдардаг иргэн “Захирал дуудаад байна. Яг одоо гарлаа. Завгүй” хэмээн яриа өгөхөөс татгалзав. Өөр нэг иргэн “Утсаар ярьж байна, завгүй” гэлээ. Хүлээе гэсэн боловч толгой сэгсэрч хаалгаа хаачихав.
Тавдугаар давхрын нэгэн айлын хаалгыг тогшлоо. 40 орчим насны эмэгтэй үүдээ нээв. Даанч зорилгыг маань сонсоод “Эгч нь хөдөөнөөс ирсэн. Юу ч мэдэхгүй” гэсээр цааш эргэв. Иргэд мэдээлэл өгөхөөс татгалзаж буй гол шалтгаан нь байрны ханш буурахаас болгоомжилсон хэрэг. Өөрөөр хэлбэл, байранд үнэхээр чичирхийлэл мэдрэгдсэн бол үнэ хүрэхгүй байх магадлалтай.
2015 онд байрны суурь хазайхад оршин суугчдын олонх нь “дүрвэжээ”. Зарим нь байраа зарж, олонх нь авсан үнээрээ борлуулж чадаагүй тул түрээсэлжээ. Байрны шатаар өөд уруугүй хэдэнтээ гүйсний хүчинд нэг иргэнээс яриа авлаа. Зарим нь нэрээ нууцалж, мэдээлэл өгсөн юм.
Д.БАТЖАРГАЛ: ОРШИН СУУГЧДЫН ОЛОНХ НЬ ТҮРЭЭСЛЭГЧ
-Байранд чичирхийлэл мэдрэгдсэн гэсэн. Оршин суугчийн хувьд бодит мэдээлэл өгөөч?
-2015 онд байрны дэргэд гүн нүх ухсанаас үүдэн сууриараа хазайсан. Тухайн үед иргэдийг зочид буудалд түр байрлуулж, тэр хооронд суурийг нь бэхэлсэн. Бэхэлгээ найдвартай, эсэхийг мэдэхгүй юм.
Учир нь “Энэ байр аюулгүй” гэх баталгааг бидэнд хэн ч өгөөгүй. Төрийн байгууллага болон хувийн хэвшлийн аль нь ч бодит мэдээлэл өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Байрныхан маань бараг бүгд нүүсэн.
-Танайх яагаад нүүгээгүй юм бэ?
-Аавын минь бидэнд үлдээсэн байр. Бид энд өссөн. 16 дугаар байр дарга нарынх гэсэн тодотголтой. Аав Монгол Улсын Гавьяат эдийн засагч, төрийн нэрт зүтгэлтэн Д.Моломжамц гэж хүний нарийн бичгээр ажиллаж байсан учраас энэ байранд орсон.
Дарга, сайд, урлагийнхан, генералууд гээд сэхээтнүүд амьдарч байсан сайхан энергитэй байр. Манай байрны хажууд газар ухсанаас ийм ноцтой байдал үүссэн. “Би Жи Би Жи” компанийн барилга царцаад олон жил болж байна. Уг нь байрны дэргэд хүүхдийн тоглоомын талбай барьж өгнө гэсэн ч одоо машины зогсоол болсон.
Бас байрыг гаднаас нь бүхэлд нь дулаална гэсэн ч хэрэгжүүлээгүй. СӨХ-ноос дорвитой засвар хийгээгүй, оромдоод өнгөрсөн. Царцсан барилгаа ашиглалтад оруулаад ойр орчмыг тохижуулаасай.
-Холбогдох газруудаас аюулгүй байдлаа хангуулах талаар асууж, шаардаагүй юу?
-Одоогоор мэдсэн юм алга. 2015 онд байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байх үед иргэд маш их бухимдсан. Ялангуяа гадаадад ажиллаж, амьдардаг иргэд. Тэд байраа зарахаар Монголд ирсэн. Гэтэл үнэ нь уначихсан. Миний хувьд байраа зарах бодол алга гэв.
Тус байрны олонх нь түрээслэгч, цөөхөн нь үндсэн айл гэдгийг хэд хэдэн хүн хэлсэн. Харамсалтай нь, байрныхаа аюулгүй байдлын талаар хэн ч ярихыг хүссэнгүй. Энэ талаар асууж сурагласан, эсэх нь ч тодорхойгүй байв. Ноцтой байдал үүсвэл уугуул, суугуул гэж ялгахгүй гамшиг нүүрлэнэ. Гэтэл оршин суугчид аюулгүй байдал, эрүүл мэнд, амьд явах эрхийнхээ тухай бодолцох бус, чичирхийлэл болсон байж магад гэх мэдээлэл олон нийтэд хүрвэл байрны үнэ унана хэмээн болгоомжилж, зарим нь уурлаж байлаа.
Шуудхан хэлэхэд эндхийн иргэд байраа зарах сонирхолтой аж. Зургадугаар давхрын айлын эзэгтэй “Энэ байрыг түрээсэлдэг. Нүүж ирэхээсээ өмнө суурь нь хазайсныг мэдээгүй. Ирсэн хойноо хүмүүсээс болсон явдлын талаар сонссон” хэмээн ярьсан юм. Түүний ярианаас иргэд байрныхаа талаарх бодит мэдээллийг нуудгийг анзаарч болохоор.
Угаас зарим оршин суугч дургүйцэж 16 дугаар байранд чичирхийлэл мэдрэгдсэн, эсэх талаарх мэдээлэл битгий гаргаарай гэж байв. Тус байрны “Гурван өндөр” СӨХ-ны дарга Долгорсүрэн ч “Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр 16 дугаар байрны талаар мэдээ гарангуут үнэ ханш нь уначихдаг. Хүмүүс байраа зарах гэж ядаж байхад битгий нэрмээс бол. Энэ байр зүгээр. Яриа өгөхгүй. 700 сая төгрөгөөр байрны суурийг зассан” хэмээв. Уг нь түүнээс иргэдийн эрүүл мэнд, амь нас баталгаатай, эсэх талаар тодруулах гэсэн билээ.
Баянгол дүүргийн XIV хорооны Засаг дарга Р.Батнасан “16 дугаар байр нурахгүй, 100 жилийн баталгаатай гэх бичиг баримт бидэнд алга. 2017 онд ажлаа авснаас хойш ямар нэг байдлаар албан тоот, мэдэгдэл ирээгүй. Өмнөх Засаг даргад энэ талаар мэдээлэл өгсөн, эсэхийг мэдэхгүй.
Газрын албанаас барилгаа царцаасан компанийн талаар лавласан. Уг байрны дэргэд барилга барьж эхэлсэн “Би Жи Би Жи” компанийн кадастрын зургийг хоёр хуваасан юм билээ. Урд талын газрыг нь компанийн мэдэлд үлдээгээд, хойд талын буюу байрны зүүн талын харалдаа хэсгийг нь цуцалсан гэсэн. Энэ дагуу “Би Жи Би Жи” компанийнхантай холбоо тогтоох гээд чадаагүй. Хойд хэсгийн газрын зөвшөөрлийг цуцалсан учраас нийтийн эзэмшлийн талбай болсон. Гэтэл уг газрыг хашсан хэвээр байгаа. Энэ газрыг чөлөөлж тохижуулах төлөвлөгөөтэй” гэж ярилаа.
16 дугаар байрны суурь хазайж, ноцтой байдал үүсэхэд оршин суугчид нь “Би Жи Би Жи” компанийн удирдлагыг буруутгаж байсан. Гэвч мэргэжлийн байгууллагууд “Барилгын суурь дөрвөн см-ийн хазайлттай байгаа нь тус компанийнхны ухсан нүхтэй холбоогүй” гэсэн дүгнэлт гаргасан гэх. Тиймээс нийслэлийн Засаг даргын нөөцөөс хөрөнгө гарган, 16 дугаар байрны суурийг хүчитгэж, бэхэлжээ.
Мөн онцгой байдал зарлаж, иргэдийг нүүлгэн шилжүүлсэн. 2015 онд болсон энэ хэрэгтэй уялдуулан тухайн үеийн нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батааг АТГ-аас шалгаж эхэлсэн байдаг. Хэргийг шалгаж дуусаад энэ сарын 13-нд прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн байна. Харин саяхан хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Н.Батааг Баянгол дүүргийн XIV хорооны 16 дугаар байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхдээ тухайн нөхцөл байдалд бодит дүгнэлт өгөөгүй, Онцгой комиссын олонхын саналаар шийдвэрлэлгүй байрны оршин суугчдыг нүүлгэсэн. Ингэхдээ улсын төсөвт их хэмжээний хохирол учруулж хувьдаа мөнгө завшсан байж болзошгүй гэж үзжээ. Харин иргэд байрны суурийг бэхэлж, хүчитгэл хийх шийдвэр гаргасан Н.Батаад талархаж буй.
“Би Жи Би Жи” компанийнхан анх 2014 онд “Ачлал” их дэлгүүрийн ард буюу 16 дугаар байрны дэргэд газар ухаж эхлэхэд оршин суугчид эсэргүүцэж, гарын үсэг цуглуулсан юм билээ. Түүнээс гадна тухайн үед тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Оросоо барилгын зөвшөөрлийг цуцлуулахаар Барилга, хот байгуулалтын яам, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хандаж хэд хэдэн удаа албан бичиг өгсөн боловч хариу өгөөгүй гэдэг.
Тус байрны оршин суугчдын амьд явах эрхэд баталгаа гаргах, энэ талаар дорвитой мэдээлэл өгөх албан тушаалтан одоохондоо алга. Тиймээс оршин суугчид нь би үхэхээр чи үх гэсэн аятай байраа чимээгүйхэн зараад өөрсдөө өөр газарт шилжин амьдрахыг илүүд үзэж байна.