Учир нь Иранд тэтгэврийн насныхны 50 хувь нь халамжийн үйлчилгээнд хамрагддаг. Үлдсэн нь тэтгэвэр огт авдаггүй гэнэ. Тэр дундаа хөдөө аж ахуй, хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж байсан бол тэтгэвэрт хамрагдаж, чаддаггүй. Индонез, Тайланд, Вьетнамд Ахмадын хуультай ч манай улсынх шиг халамжийн бодлогоо сайн тусгаагүй, бүх өндөр настнаа хамруулж чаддаггүй аж. Дээрх улсын ахмадуудтай харьцуулахад манайхан азтай. Гол нь хуулиа сурталчилж, хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатайг сануулахад илүүдэхгүй биз ээ.
1991 онд НҮБ-ын Ерөнхий ассамблей ахмад настнуудад чиглэсэн Нэгдсэн үндэстний зарчмуудыг гаргажээ. Энэхүү зарчимд орсон ихэнх заалт Монголын Ахмад настны тухай хуультай уялдаж буй. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактад заасан эрхүүдтэй нягт хамааралтай уг зарчим таван хэсэгтэй. Тухайлбал, “Бие даасан байдал” хэсэгт хүрэлцээтэй хоол хүнс, ус, орон байр, хувцас, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж ордог.
Мөн “Оролцоо” хэсэгт ахмад настнууд өөрсдийн сайн сайхан амьдралд нөлөөлөх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажилд идэвхтэй оролцох, мэдлэг, туршлагаа залуу үетэйгээ хуваалцах боломжийг тусгасан. Өндөр настнууд гэр орондоо, эсхүл эмнэлэгт байх үедээ гэр бүлийн халамж, эрүүл мэндийн үйлчилгээ авч, хүний язгуур эрх, эрх чөлөөг эдлэх ёстойг “Халамж”-д оруулсан байна.
Дорвитой хэрэгжүүлдэг, олон нийтэд сурталчилдаг бол Ахмад настны тухай хууль нийгмийн хэрэгцээ шаардлагыг бүрэн биш ч боломжийн хэмжээнд хангаж чадна. Ахмадууд туршлагаа хуваалцах, зөвлөгөө өгөх, өдрийн эмчилгээ хийлгэх, гэрээрээ асруулж, сувилуулах, хүнсний дэмжлэг авах, гэр бүлийн хүчирхийллээс хамгаалуулах, сурч боловсрох зэрэг олон эрхийг энэ хуулиар хамгаалж, баталгаажуулсан.
Хачирхалтай нь энэ талаар мэдэх хүн тун цөөн байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, хуульд заасан халамж, үйлчилгээ ахмадуудад хүрэхгүй байгаа юм. Ахмадуудыг асарч халамжлахад чиглэсэн бас нэг “цаас” болох “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр ч хав дарагдчихаад буй. 2020 он хүртэл хэрэгжүүлэх уг хөтөлбөрт Засгийн газраас 15 тэрбум төгрөг төсөвлөсөн. Хөтөлбөрийг сурталчлах төсөвгүйгээс зорилтот бүлэгтээ хүрч чадалгүй, хүрээгээ тэлэлгүй царцах “горимд шилжсэн” гэх юм. Харин дээрх хууль, хөтөлбөртэй танилцсан, энэ талаар сонссон Иран, Тайланд, Вьетнам, Индонез зэрэг орны Ахмадын холбооныхон ихэд сайшааж, Монголын туршлагаас хуваалцах санал гаргасан гэсэн.
“Санасан зүйлдээ хүрэх”-д ахмад настнууд нийгэм дэх боловсрол, соёл, оюун санаа болон нөхөн сэргээх нөөц бололцоог хүртэх замаар өөрсдийгөө хөгжүүлэх боломж эдэлнэ гэжээ. Эцэст нь “Нэр хүнд” хэсэгт ахмадууд бусдаар хүндлүүлэн, аюулгүй амьдарч, мөлжлөг, биеийн болон сэтгэл санааны дарамтаас ангид амьдрах ёстойг тусгасан байна. Манай улсын хууль тогтоомжид энэ бүгд оржээ. Гэвч хэрэгжүүлж буй төрийн албан албан хаагчид сэтгэлгүй, залуусын олонх нь энэ талаар мэддэггүй нь харамсалтай.
Ахмадуудад тулгардаг гол бэрхшээл нь хувийн аюулгүй байдлын үзүүлэлт, нийтийн тээврийн болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж. Жишээ нь, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн А эрүүл мэндийн даатгалаа 38 жил төлжээ. Тэрбээр 57 настайдаа эрүүл мэндийн дэвтэр анх нээлгэж, эмнэлэгт хэвтэж, цөсний чулуугаа авхуулах гэтэл 350 мянган төгрөг заавал төл гэсэн байна.
Тэтгэврийн зээлтэй тэрбээр энэ мөнгийг шууд өгч чадаагүйгээс эмчилгээгээ хойшлуулахад хүрчээ. Насаараа хөдөлмөр эрхэлж, тэтгэвэрт гарсан А улсаас эрүүл мэндийн үйлчилгээ авахын тулд мөнгө төлөх нь шударга бус хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Нөгөө талаар эмч, мэргэжилтнүүд харилцааны соёлгүй, бүдүүлэг харилцдаг нь ахмадуудад хүнд тусдаг байна. Зарим эмч оношийг нь бүрэн тодруулж, эмчлэхээс илүүтэй “насны доройтол” гэсэн ерөнхий зүйл хэлж, тавлах нь холгүй байдаг аж.
Ийм шалтгаанаар зарим хүний өвчин хэвтэрт ортлоо хүндэрч, амиа алдахад ч хүрдэг гэх. Ахмадуудад зүрх судасны, хоол боловсруулах эрхтний эмгэг, өвчин зонхилон тохиолддог аж. Мөн шээс, мэдрэлийн тогтолцооны өвчинд илүүтэй нэрвэгддэг. Манай улсад ахмад настанд үзүүлэх тусламж, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатай байгаа гэсэн. Ялангуяа насжилт, настны эмгэг судлаачдыг (геронтологич) бэлтгэн чадавхжуулах, тоног төхөөрөмжөөр хангах шаардлагатай.
Энэ төрлийн үйлчилгээ хөгжөөгүйгээс хэвтрийн өвчтэй ахмадуудад үзүүлэх үйлчилгээний хүртээмж 18 хувьтай байгаа аж. Геронтологи, гериатрын салбарыг хөгжүүлэхэд сайн дурын ажилтнуудын оролцоо их чухал юм билээ. Япон, Солонгост энэ төрлийн үйлчилгээ өндөр хөгжсөн бөгөөд ахмад настнуудын гэрт сайн дураар очиж туслалцаа үзүүлэх нь энгийн үзэгдэл болсон аж. Монголд энэ төрлийн үйлчилгээ дутмаг, бараг байхгүй гэж хэлэхэд болно. 2017 оны арванхоёрдугаар сарын байдлаар Монголд амьжиргааны түвшин доогуур настан 27 800 бүртгэгджээ. Мөн ганц бие 5800, байнгын асаргаатай 13 600, хөгжлийн бэрхшээлтэй 7870 ахмад настантай.
Ахмад настны тухай хуулийн 6.7-д Ахмад настан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу авах эрхтэй гэж заасан байдаг. Хуулийн эл заалтыг үндэслэн ахмадууд сувилалд хэвтэхдээ хөнгөлөлт эдлэх, төлсөн мөнгөнийхөө тодорхой хувийг буцааж авах эрхтэй. Даанч хуулийн талаар мэдлэггүй, сонсоогүй нь олон учир энэ үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй.
Мэдээлэлтэй зарим нь хамрагдъя гэхээр тохирсон эмчилгээ хийх сувилал ховор гэсэн. Өөрөөр хэлбэл, нэр заасан цөөн хэдэн сувиллаас ахмадууд сонгох болдог. Ахмадуудаас 10 хүн тутмын найм нь өвчтэй. Улмаар 3-4 өвчин хавсарсан байдаг гэнэ. Тиймээс ХЭҮК-оос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 15 дахь илтгэлдээ ахмадын эрүүл мэндийн талаар тусган, УИХ-д зөвлөмж хүргүүлсэн байдаг.
Мэдээлэл цуглуулах явцад “Нас өндөр болсон ээжийгээ 24-тэй хүү нь хүчирхийлжээ. Гэхдээ ээж нь төрсөн хүүгийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзав. Үүний дагуу Дундговь аймгийн Сум дундын шүүх хэргийг хэрэгсэхгүй болголоо”, “37 настай хүү 75-тай ааваасаа архины мөнгө нэхэж, өгөхгүй болохоор нь зодоод алчихжээ”, “Хэвтрийн өвчтэй ээждээ өдөрт ганц л хоол өгдөг байсан гэнэ”, “Аавыгаа ачлахыг хүсэлгүй, асрамжийн газарт өглөө” гэх мэт олон сөрөг зүйл сонсоод үнэхээр эмзэглэсэн.
Хамгийн наад зах нь тэтгэвэрт гарсан аав, ээжийгээ “Гадуур тэнэлээ”, “Битгий хэнхэглээд хүн амьтны дургүй хүргээд бай”, “Зөнөглөөд хуруун чинээ хүүхэдтэй хэрүүл хийгээд байх юм” гэж загнан, эрхийг нь байнга зөрчдөг гэнэ. Хүнд, хөнгөн хэлбэрийн бүхий л хүчирхийлэлд өртөж буйг дээрх жишээнүүдээс харж болно. Ажил албаа өгөх дөхсөн ах, эгч нараа хүртэл ахмадын тоонд оруулаад “Зайгаа хурдан тавьж өг” хэмээн “хүчирхийлдэг” гэх юм.
Товчхондоо, өөрөө хэзээ ч хөгшрөхгүй мэт ааш гаргах хүн олширчээ. Үнэндээ бидний зарим нь автобусанд ахмад настанд суудал тавьж өгөхгүйгээс эхлээд аав, ээжтэйгээ адилхан хүмүүсийг өдөр тутамдаа гомдоодог. Аав, ээжийгээ асарч тойлохын оронд зөнөглөж, дураараа аашиллаа хэмээн гомдоож, туниж байгааг нь тоолгүй, сэтгэл санаагаар нь үхүүлдэг юм билээ. Өөрсдөө өсгүүлчихээд, сургуульд соёлд сурч төгсөх хүртлээ тэтгүүлчихээд, ажилд орохоороо бас л үр хүүхдээ үнэгүй харуулж “дээрэлхдэг”.
Ахмадуудын 95 хувь нь тэтгэврийн зээлээр амьдардаг. 90 хувь нь зээлтэй гэх судалгаа бий. Зээл авагчдын 70 хувь мөнгөө хүүхдэдээ авч өгчээ. Ахмадуудын 23.7 хувь нь орон сууц, 37.2 хувь нь гэрт амьдардаг. Үлдсэн нь хашаа байшин болон бусад гэсэн ангилалд хамаарч буй. Банкууд ахмадуудад 24 сараас дээш хугацаагаар зээл өгдөггүй. Байрны зээлд бүр ч хамруулдаггүй. Ахмадуудад зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлдэг ч зорилтот бүлэгтээ хүрээгүй, тэднийг алагчилдаг гэх хэл ам их. Гэтэл бодит байдалд хувинтай нүүрсээ даахгүй шахам буурай олон.
Энэ оны хоёрдугаар сарын байдлаар 317.5 мянган хүн өндөр настны тэтгэвэр авч буй. Тэтгэврийн дундаж нь 374 600 төгрөг аж. Ийм жаахан мөнгө авдаг тэд хүүхдүүддээ ихэнхийг нь “дээрэмдүүлчихээд” яаж амьдардгийг төсөөлөхөд бэрх. Банк сарын тэтгэврийн 30 хувийг үлдээж, 70 хувийг зээлдэг. Дээрх бүхий л сөрөг үйлдэл залуусаас гардаг нь үнэхээр харамсмаар. Бидний олонх нь ийм арчаагүй, өөдгүй, сэтгэлгүй байгаагаас ахмадууд зовж, өдөр хоногийг өнгөрүүлж байна гэхэд хилсдэхгүй.
Дэлхийн хүн амын насжилт ирээдүйд тогтворжих юм билээ. 2050 гэхэд дэлхийн хүн амын 20 гаруй хувь нь 60-аас дээш настай байх нь. Харин манай улсад эсрэгээрээ насжилт жилээс жилд нэмэгдэж 2050 онд гэхэд монголчуудын таван хүн тутмын нэг нь 60 настай байна гэх судалгааг япончууд гаргасан. Судалгаагаар өнөөгийн залуус 2050 онд тэтгэвэртээ гарна. Шууд хэлэхэд өтөлнө, хөгширнө. Тиймээс энэ хорвоод төрүүлж, өсгөсөн ачийг нь бодсон ч, ирээдүйд өөрсдөө хөгшрөхөө бодсон ч ахмадуудаа амьд сэрүүнд нь ачилсан шиг ачлах хэрэгтэй гэж бодогдсон. Оройтоогүй дээрээ ээжийгээ, аавыгаа хайрлаарай. Маргааш гэж хойш тавибал магад оройтсон ч байж мэдэх юм.