“Пөөх, тэр ямар өндөр уул вэ” хэмээх хэн нэгний уулга алдсан дуунаар цочин, сэрэв. Нүдээ нухлангаа онгоцны цонхоор харвал үүлсийн доор уулс бие биеэ түшин сүндэрлэж, зах хязгааргүй мэт үргэлжилнэ. Токиод хоёр хонож, япончуудын ёс заншил, техник, технологийн дэвшилтэй танилцахын зэрэгцээ хөгжлийг нь шагшиж, тэнд уул, усны бараа хараагүй бидэнд эх орондоо яваа мэт сайхан сэтгэгдэл төрөв.
Өнөө жил “Jenesys-2018” хөтөлбөрт хамрагдсан 91 хүний 42 нь Японы иргэний агаарын тээврийн ANA онгоцоор Күмамото мужийг зорьж яваа нь энэ. Бидний найм нь сэтгүүлч, бусад нь ерөнхий боловсролын сургуулийн сурагч. Энэ удаа “Jenesys” хөтөлбөрт анх удаа хэвлэл мэдээллийн салбарынхныг багтаасан юм.
Хөгжлөөрөө Азийн төдийгүй дэлхийн нүүр царай болдог хотын нэг, өндөр өндөр барилгатай, олон давхар гүүртэй Токиогоос Күмамото муж тэс өөр. Ингэж тодотгосны учир нь хөгжилдөө бус, байгалийнх нь тогтоц, нутгийн олны амьдралын хэв маягт байгаа юм. Олонх хүн Наран улсыг далайгаар төсөөлдөг болов уу. Тэгвэл Күмамото тийм биш. Өндөр өндөр уул, шигүү ойгоороо бусад муж, хотоос эрс ялгарна.
Бид тус мужийн онгоцны буудалд буун, Минами Асо тосгоныг зорилоо. Эл тосгон мал аж ахуй, газар тариалангаараа Күмамотод төдийгүй Японд алдартай. Минами Асогийн нэрийн хуудас нь яах аргагүй улаан зүсмийн үхэр, Асо галт уул. Тэд ихэвчлэн үхэр тэжээдэг юм билээ. Малаа элдэв өвчин, эмгэг тусахаас сэргийлэхийн тулд ойр хавийнхаа өвс ногоог долоо хоног бүрийн бүтэн сайн өдөр шатаадаг гэсэн. Гурван жилийн өмнө Күмамотод болсон газар хөдлөлтийн хар сүүдэр Минами Асог тойроогүй, ул мөр нь одоо ч арилаагүй. Өдгөө тэнд засвар, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна лээ. Алхам тутамд шахам гүүр, барилгын засвар, уулын бэлд хана босгох ажил өрнөнө. Газар хөдлөлтийн үед уулын хөрс гулгасны улмаас асар их хохирол үүсдэг. Тиймээс түүнээс сэргийлэх зорилгоор томоохон уул бүрийн бэлд өндөр хана босгодог юм байна.
Манай нэгдүгээр группийнхэн Минами Асо руу хүлгийн жолоо залсан нь их учиртай. Бид дөрөв, таваараа хуваагдан, япон айлд хонохоор явж байгаа нь энэ. Тэгэхдээ тухайн айлд зочноор бус, гэр бүлийнх нь гишүүний хувиар очиж байгаа нь бидний сонирхлыг бүр их татсан. Нөгөө талаар илүү элэгсэг, дотно санагдуулсан юм. Орчуулагч Б.Болормаа багш “Уламжлалт хэв маягаар амьдардаг япон айл жилээс жилд цөөрсөөр байгаа. Бидний очих айлуудыг жуулчид төдийгүй япончууд олноороо зорин ирдэг. Тиймээс зүй бус, эвгүй сэтгэгдэл төрүүлэх үйлдэл гаргаж болохгүй. Та нар өөрсдийгөө гэртээ очиж байна гэж бодоорой. Тухайн айлын эзэн, эзэгтэйг аав, ээж гэж дуудаарай” гэж бидэнд захисан. Замдаа бид есөн хэсэгт хуваагдахад надтай хамт Б.Энхжаргал, Ц.Мөнх-Эрдэнэ, А.Отгонсүх нар хуваарилагдав. Б.Энхжаргал “Боловсрол суваг” телевизэд продюсероор ажилладаг бол А.Отгонсүх “Шинэ Монгол”, Ц.Мөнх-Эрдэнэ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын сургуулийн сурагч. Бид дөрөв Ватанабе гэдэг айлынд хононо. Бүгд дор бүрнээ ярилцан, хонох айлынхаа тухай мэдээллийг багш нараас шалгаана. Хэдэн хүүхэдтэй вэ, нохойтой юу, ямархуу зан ааштай хүмүүс байгаа бол гэх мэт асуултууд хөвөрнө. Жирийн тосгоны аж байдал, эгэл япон айлын амьдрал ямар байдаг бол.
Автобусаар хоёр цаг шахам явсны эцэст бид Минами Асо тосгонд очиход хонох айлын маань хүмүүс аль хэдийн ирчихсэн, хүлээж байв. Зөвхөн бид төдийгүй тэд ч бас нэлээд догдолсон нь царайнаас нь илт. Биднийг төлөөлж Г.Энхжаргал сэтгэгдлээсээ хуваалцсаны дараа тус тусынхаа гэрийн эзэдтэй уулзахад бид дөрөв ч бас Ватанабе гуай болон түүний гэргий Юкикотой танилцлаа. Тэгснийхээ дараа бүгд тус тусийн айл руу явав. Цугласан газраас Ватанабе гуайнх хэдхэн алхмын зайтай тул бид алхсаар гэрт нь очив. Уулс, моддоор хүрээлүүлсэн тосгоны юм юм нь сонин хийгээд содон. Тэр тусмаа Ватанабе гуайнх бүр ч соньхон.
Гэрт нь ороход үүдэнд нь байх модон сувинер нүдэнд хамгийн түрүүнд тусав. Ер нь ихэнх япон айл гэрийнхээ үүдийг тийм модоор чимдэг юм билээ. Биднийг гэрт нь ороход Юкико гуай ширээ засан, төрөл бүрийн амттан өржээ. Бид дөрөвт бэлдсэн онишими гэдэг нэртэй хоолоор хамгийн хүндтэй зочноо дайлдаг гэнэ. Ватанабе гуай “Асо тосгоныг таван уул хүрээлдэг. Өмнө нь ийм бус, бүхэлдээ ганцхан том галт уул байсан юм билээ. Дэлбэрснийхээ дараа өнөөгийн хэлбэр, тогтцоо олсон. Бид өнөөх уулын тогоонд нь амьдардаг тухай хэд хэдэн домог бий” гэж бидэнд сонирхуулснаа гэнэт нэг зүйл санасан бололтой ухасхийн зурагтаа асаав. Тэгснээ сүмо гарч буй сувгийг тааруулснаа “Хакүхо” гээд бидэн рүү инээмсэглэлээ. Энэ үеэр Юкико гуай хүмүүсийн гарын хээтэй зурагт хуудас үзүүлснээ “Аваргуудын гарын хээ энд бий. Манай ойрын хамаатан сүмо барилддаг” гэв.
Энэ үеэр тэдэнтэй цөөн хором ярилцлаа.
-Та хоёр өмнө нь монгол хүнтэй уулзаж байсан уу?
Г.Ватанабе (Г.В): -Үгүй ээ. Монгол хүн ямар царайтай, зан ааштай, соёл, уламжлалтай нь бид хоёрын сонирхлыг их татлаа. Өчигдөр цахим ертөнцөөс судлаад их найрсаг, зочломтгой хүмүүс байдаг тухай мэдсэн.
О.Юкико (О.Ю): -Монголчууд нүүдэллэн амьдарч, морь унадаг тухай мэдээгээр нэг удаа гарсан.
Г.В:-Хэлний бэрхшээл, соёл, уламжлалын ялгаа гарвал яана гээд санаа нэлээд зовсон. Харин та хэдийг автобуснаас буусны дараа сэтгэл амарсан шүү (инээв). Энэ хүү (А.Отгонсүхийг заав) япон хэл их сайн мэддэг юм байна. Японд амьдарч байсан уу?
-Үгүй ээ. Танай оронд анх удаа ирсэн. Япон хэлийг хичээлийнхээ хажуугаар бие даан гурван жил сурч байна.
-Монгол Улсын тухай хэр сайн мэдэх вэ?
Г.В: -Үнэнийг хэлэхэд тийм ч сайн мэдэхгүй ээ. Сүмочдоор л гадарладаг. Хакүхо, Асашёорюү зэрэг аваргууд монгол хүн. Тэгэхээр Монгол гэдэг улс байдаг байх нь гэж л бодсон.
О:Ю: -Хакүхо чадварлаг, IQ сайтай. Асашёорюү бяртай, дүрэлздэг.
Г.В: -Монгол сүмочидтой уулзах сан. Даанч сүмо болж байгаа газар очиж амжихгүй юм.
-Чингис хааны тухай сонсож байсан уу?
-О.Ю: -Уучлаарай, мэдэхгүй.
Ватанабе гуай “Орой болохоос өмнө хэд хэдэн газар үзүүлье. Дөрвөн хүүгээ онсэн (халуун рашаан)-д оруулна” гэв. Тэрбээр сүүлийн үеийн загвар бүхий “Кроун” маркийн автомашин хөлөглөдөг аж. Бид дөрөв түүнтэй хамт яван, Юкико гуай гэртээ үлдэв. Бидний очсон эхний газар 1900-гаад онд барьсан Кокүзажинза сүм. Минами Асо тосгоныг анх тэнд бүтээсэн гэж нутгийнхан нь ихэд шүтдэг юм билээ.
Ватанабе гуайн зөвлөсний дагуу бид хоёр удаа мөргөн, төдий тоогоор алгаа ташаад хүслээ шивнэв. Сүмийн яг хажууд нь Осүги гэдэг нэртэй мод байх аж. 2000 жил ургасан, бүдүүн гэж жигтэйхэн эл мод хэдэн оны өмнө хар салхины улмаас унажээ. Улмаар асочууд Осүгийг босгон, төмөр утсаар бөх гэгч нь бэхэлсэн гэнэ. Дараа нь бид Кокүзажинзагаас ч өмнө барьсан бас нэг сүм дээр очлоо. Гурван жилийн өмнө болсон газар хөдлөлтийн улмаас сүмийн хаалга нурж, дотогш нь хүн оруулахгүй байгаа аж. Эл сүмд асочууд хамгийн хүндтэй баяр, ёслолоо үйлддэг юм билээ.
Минами Асо тосгонд очоод хийсэн хамгийн сонирхолтой зүйлийн нэг нь онсэнд орох байлаа. Япон улс халуун рашаанаараа алдартай тул бидний сонирхлыг бүр ч их татав. Хамт онсэнд орсон япон хүмүүс биднийг их сонирхоно. “Монгол хүн, Монголоос ирсэн” гэхээр “Сүмо” гээд инээмсэглэнэ. Биднийг гэрт нь оронгуут Ватанабе гуай зурагтаараа сүмо үзсэн нь ийм учиртай байж. Амархан ойлголцохын тулд тэгсэн бололтой. Онсэны халуун рашаан ихэнхдээ 50-70 метрийн гүнээс ундардаг гэнэ.
Үүнийг ч гайхан, түүнийг ч сонирхож явсаар бид 19.00 цагийн үед гэртээ ирлээ. Юкико гуай бидэнд сукияки гэдэг нэртэй хоол хийжээ. Күмамоточуудын бэлгэдэл болох хацар дээрээ бөөрөнхий улаантай, хар баавгайн чихмэлээр тэднийх төдийгүй нутгийн айлууд гэрээ чимдэг. Ариун цэврийн, унтлагын, зочны гээд бүх өрөөнд нь эл чихмэл байх аж. Тэднийх Асо хотын захад байдаг тул газар хөдлөлт төдийлөн мэдрэгддэггүй гэнэ.
1975 онд газар хөдлөлтөд өртсөн ч гурван үеэрээ амьдарч буй байшин нь юу ч болоогүй мэт дүнхийсээр амийг нь аварчээ. Ватанабе гуайнх байшингийнхаа хажууд төрөл бүрийн ногоо тарьдаг юм билээ. Хүнсэндээ хэрэглэн, илүү гарсныг нь тосгоныхондоо тараадаг гэнэ. Хашаан доторх цэцэрлэгээ мэргэжлийн хүнээр тохижуулж, сакура тэргүүтэй төрөл бүрийн мод тарьжээ. Гэрийнхээ үүдэнд усан сан байгуулж, загас тэжээдэг байсан ч газар хөдлөлтийн улмаас эвдэрсэн аж.
Тэд бидний гэр бүлийн тухай асуун, зургийг нь үзэн, зөндөө олон зүйл сонирхсон. Тэгснээр А.Отгонсүх эмч болох мөрөөдөлтэй, манайх 22 хүүхэдтэй айлын удам, Б.Энхжаргалын бэр эгч нь япон хүн байдаг тухай мэдсэн. Үүний сацуу бид нутгаасаа аваачсан бэлгээ өгч, Монгол Улсынхаа тухай, үндэсний өв соёл, уламжлалаа тодотгох бүхий л зүйлийг аль болох сайн тайлбарлаж, мэдүүлэхийг хичээсэн юм.
Тэгэхдээ цахим ертөнцөөс бичлэг үзүүлж байгаад тайлбарласан нь тэдний сонирхлыг бүр ч татсан биз ээ. Ямар арвин түүхтэй, уламжлалтай, Монголынх гээд бахадмаар олон өв соёлын эзэн болж төрснөөрөө тэгэхэд бид үнэхээр их бахархсан, бас бардсан. Наадам, үндэсний сур, бөх, хурдан морь уралдах, айраг, морин хуур гээд олон зүйл сонирхуулснаас Ватанабе, Юкико хоёрын сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн нь уртын дуу. Бид “Уяхан замбуутивийн наран” дууг Хөдөлмөрийн баатар Н.Норовбанзад гуайн дуулснаар сонирхуулахад тэд нүдээ анин дуустал нь сонсоод толгой сэгсрэв.
-Та хоёрын сэтгэл их хөдөлсөн бололтой. Ямар санагдав?
О.Ю: -Гайхалтай. Яг өөрийнхөө хоолойгоор дуулсан уу. Ямар нэгэн программаар засалгүйгээр.
-Тийм ээ. Уртын дууг хоолойны чадал, эвээр шуранхайлж дуулдаг.
Г.В: -Хүний хоолойноос ийм чадал гардаг гэж үү.
О.Ю: -Чи минь дуулах дуртай, авьяастай шүү дээ. Оролдоод үзэх юм уу.
Г.В: -Би лав дуулах нь байтугай төсөөлж ч чадахгүй юм байна. Монгол хүн бүхэн ингэж дуулж чадах уу.
-Дуулах авьяастай, өв уламжлалтайгаа ойр байгаа хүмүүс дуулж чадна. Монголчууд найр, хурим, хүндэтгэлийн ёслолд уртын дуугаа дуулдаг.
О.Ю: -Та нар дуулж чадах уу.
-Харамсалтай нь, чадахгүй. Сурах бодол бүгдэд маань бий.
-Г.В: -Заавал сураарай. Ирээдүй, хойчдоо өвлүүлэх их чухал шүү. Тэгэхгүй бол цаг хугацааны аясаар бусад соёлд уусаж, мартагдана.
О.Ю: -Залуу байсан ч болоосой Монголд очих юм сан.
Г.В: -Оогий (А.Отгонсүх)-г эмч болохоор нь очно оо, хоёулаа.
-Заавал сурна аа. Танайд биднээс өөр орны хүмүүс ирж байсан уу?
-Франц, солонгос, швед, тайвань, хятад хүмүүс ирж, хонож байсан. Тэднээс хамгийн нээлттэй, найрсаг ярилцан, элгэмсэг байгаа нь та дөрөв. Бусад орныхон хоол идчихээд л өрөө, өрөө рүүгээ ороод унтчихдаг. Бид хоёр Тайвань, Америкаар аялж байсан.
Ватанабе гуай насаараа төрийн албанд өмгөөлөгчөөр ажиллажээ. Өдгөө тэрбээр Минами Асо тосгоны даргын албыг хашдаг. Харин Юкико гуай насаараа хувийн байгууллагад нарийн бичгээр ажиллаад гавьяаныхаа амралтад гарчээ. Тэд хүү, охин хоёртой, гурван ачтай. Хоёр хүүхэд нь гал голомтоо бадраан, Күмамото мужид амьдардаг гэнэ.
Хаа газрын залуус төв, суурин бараадах хүсэлтэй болсон нь Минами Асо тосгоныхны ч бас “шүдний өвчин” болжээ. Өдөр онсэнд ороход ганц ч залуу хүн байгаагүй нь ийм учиртай гэж Ватанабе гуай тайлбарлав. Тэрбээр ханьтайгаа учирсан тухайгаа “Аав, ээж хоёр намайг Юкикотой хүчээр гэрлүүлсэн. Бид хоёрын байр суурь, бодлоос үл харгалзан тэгж шийдчихсэн байв. Хань минь Токиод сурдаг, би энд ажил хийдэг байлаа.
Нэг удаа Токиод очин, ханьтайгаа анх уулзаж билээ. Бид гэрлэх нь тодорхой болчихсон байсан ч түүнээс өмнө ханьтайгаа уулзаагүй, царайг нь ч хараагүй байсан юм л даа. Амьдралын явцад бид бие биедээ дурласан. Би одоо 76 настай. Бид хоёр гал голомтоо бадраагаад 50 жил болжээ” гэв.
Хоёр бууралтай ярилцах их сонирхолтой байв. Гэхдээ ядрахаас нь болгоомжилсон тул монгол хоол хийж өгөх хүсэлтэй буйгаа уламжлаад 23.30 цагийн үед унтацгаав. Тэднийд азаар гурил байсан тул бид ярилцаж байгаад бууз хийхээр шийдсэн юм. Тэнд очсон монголчуудын зарим нь хоносон япон айлынхаа байшинд сүнс байгаа, эсэхийг их сонирхсон гэнэ лээ. Бид “Яаж гоё хоол хийх вэ” гэж л бодсоноос тийм зүйлийн талаар ер ярилцах сөхөө гараагүй.
07.00 цагт босоход Ватанабе, Юкико гуай хоёр аль хэдийн босчихсон, бүх ажлаа амжуулчихсан байв. Бид өглөөнийхөө цайг уучихаад хоол хийх гол ажилдаа ханцуй шамлан орлоо. Дөрвүүлээ хамжиж байгаад ямар ч байсан бууз хийсэн ч гэрийн эздэд таалагдах болов уу яах бол. Ватанабе гуай нэг бууз ам руугаа хийн, зөөлөн зажилснаа эрхий хуруугаа гозойлгов. Амттай болсон бололтой, дахин нэгийг идлээ. Юкико гуай ч бас нэгийг идсэнээ “Амттай болжээ” гэв.
Энэ үеэр цагийн сэрүүлэг дуугарахад бид дөрвийн царай барайв. 11.00 цаг болж, бид буцах дөхсөн учраас тэр. Бид цаасан дээр сэтгэгдлээ монгол бичгээр бичиж үлдээн, цуглахаар болзсон газар руугаа тэдний хамт явлаа. Хэдийгээр ганцхан хоносон ч тэнд очсон бид бүгд япончуудад их дассан байв. Баянхонгор аймгаас ирсэн сурагч Билгүүнтөгөлдөр морин хуураар “Жалам хар”-ыг тоглон, дараа уулзахын ерөөл өргөөд бид Күмамото руу хүлгийн жолоо залав.
Минаматад болсон газар хөдлөлтийн голомттой танилцсан тухайгаа болон 70 жилийн турш япончуудыг төдийгүй дэлхий нийтийг айдаст автуулсаар буй минамата өвчний улмаас насаараа зовж буй Эйко Иено эмээтэй уулзсан тухай төдийгүй Япон Улсын уламжлал, өв соёл зэргийн талаар дараагийн дугаартаа өгүүлэх болно.