УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар улс төрийн нам байгуулахаа өчигдөр мэдэгдэв. Удахгүй намынхаа их хурлыг хийж, бодлого, үзэл баримтлал, дүрэм, нэрээ нийтэд зарлах гэнэ. Байгуулаагүй байгаа намдаа элсэхийг ч уриалаад амжлаа. Өмнөх парламентын үед, АН-ыг олонх байхад гишүүн Ш.Түвдэндорж, Ц.Оюунгэрэл, Г.Батхүү, А.Бакей нарын хамт “МоАН санаачилга” гэх фракц байгуулж явсан Л.Болд гишүүний хувьд нам байгуулах нь гагцхүү цаг хугацаанаас шалтгаалах шийдвэр байсан гэхэд болно.
2016 оны ээлжит сонгуулийн чимээ хэдийн цуурайтаад эхэлчихсэн үе буюу 2015 оны эхээр эдгээр гишүүн “АН-ын фракцуудын алинд нь ч ардчиллын үнэт чанар байхгүй болсон учраас өрх тусгаарласан” хэмээн тайлбарлаж байв. Чухам тэр үед тэднийг нам байгуулах нь гэж хэн хүнгүй хардсан нь нууц биш. Тэгвэл жил гаруйн дараа болох 2020 оны ээлжит сонгуульд АН-аас нэр дэвших эрхээ хасуулсан түүний хувьд ийм шийдвэр гаргахад нь гайхах хэрэг огт байхгүй. АН-аас хөөгдсөн Ж.Батзандан гишүүнд хоргодож, тээнэгэлзэх зүйл бүр ч үгүй. Жагсаал, цуглаан хийж анх олонд танил болсон тэрбээр Иргэний хөдөлгөөний нам байгуулж, дараа нь АН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүн болсноос ч тэр үү, нам дамжин “тоглоход” нь тоомжиргүй хандах болжээ, бид.
Тэд Үндсэн хуулиар олгогсон улс төрийн эрхээ эдэлж нам байгуулж болно. Өөрсдийнх нь тодорхойлсончлон “Шинэ ардчилсан нам”, “Хөгжлийн төлөө нам”, “Монголын төлөө нам”, “Монгол хүний төлөө нам” (Улсын дээд шүүхэд бүртгэлтэй Монголын хүний төлөө нам гэж бий), “Монголыг хамгаалах нам”, магадгүй “МАНАН-гийн эсрэг нам” гэхчилэн юу гэж нэрлэх нь тэдний дур.
Гэвч тэдний байгуулсан нам “УИХ-д суудалтай” гэх тодотгол хүртэх хувьгүй, тэгж нэрлэх хууль ч байхгүйг зориуд хэлье. Боломжгүйг нь мэдсээр атал “УИХ-д суудалтай шинэ нам байгуулна” гэж мэлзэв үү, мэдэн будилж, тархи угаагаад байна уу гэдгийг асууя, Л.Болд гишүүн ээ. Дээд шүүхийн 2006 оны 48 дугаар тогтоолоор Улс төрийн намын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлахдаа “УИХ-д суудалтай нам” гэдгийг “УИХ-ын ээлжит болон нөхөн сонгуульд нам буюу намын эвслээс дэвшсэн нэр дэвшигч гишүүнээр сонгогдсон бөгөөд тухайн намын гишүүнчлэлийг хадгалж байгаа тохиолдолд түүнийг нэр дэвшүүлсэн, сонгуулийн саналын хуудсанд бичигдсэн нам буюу намуудын эвсэл хамаарна.
Нам буюу намын эвслээс нэр дэвшигч УИХ-ын гишүүнээр сонгогдсон бөгөөд гишүүний бүрэн эрхийн хугацаандаа тухайн намаас гарч, өөр намын гишүүн болсон тохиолдолд түүний нэрийг дэвшүүлсэн намын УИХ дахь суудлын тоо хасагдаж, шинээр элссэн намд суудлын тоо нэмэгдэхгүй. Аль нэг намын гишүүн намаасаа биш, харин өөрөө бие дааж нэрээ дэвшүүлж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон бөгөөд намын гишүүнчлэлээ хадгалсан, эсхүл өөр намын гишүүн болсон тохиолдолд түүний гишүүнчлэлээ хадгалж байгаа нам болон шинээр гишүүнээр элссэн намын алинд нь ч УИХ дахь суудлын тоо нэмэгдэхгүй.
Аль ч намын гишүүн биш, сонгуульд нэрээ бие даан дэвшүүлсэн нэр дэвшигч нь УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараа аль нэг намын гишүүн болсон бол тухайн намын УИХ дахь суудлын тоо нэмэгдэхгүй. УИХ-ын ээлжит болон нөхөн сонгуульд оролцоогүй намыг УИХ-ын үйл ажиллагааны бүрэн эрхийн тухайн хугацаанд УИХ-д суудалтай нам гэж үзэхгүй” хэмээн хэн ч ойлгохоор тайлбарласан байна.
Дэвшүүлсэн хүн нь сонгуульд ялж, УИХ-ын гишүүн болсноор тухайн намд “УИХ-д суудалтай” гэх тодотгол зүгээр л зүүчихэж байгаа юм биш. Өөрөөр хэлбэл, улс төрийн намаас, эсвэл бие даан нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болоход эрх, үүргийн асар их ялгаа бий. Хамгийн олон буюу 76 тойрогт 76 хүн нэр дэвшүүлээд нэг нь л УИХ-д сонгогдсон байлаа ч тухайн нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, гишүүн, дэмжигчдээсээ сойх эрхтэй болж байгаа юм. Тиймээс ч бие даан сонгогдчихоод шинээр нам байгуулан эзэн суух, эсвэл өөр намд “суудлаа худалдах” замаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй болгох гэсэн оролдлого, хардлага өнгөрсөн хугацаанд нэг биш гарсан.
Зон олны нам (Улсын дээд шүүхэд 2017 оны зургадугаар сарын 30-нд бүртгүүлсэн) байгуулагдах сургаар “эзэн” нь УИХ-ын гишүүн С.Жавхлан гэх хардлага газар авч байв. Нэр нь түүнтэй “дотно” сонсогдсон ч байж мэднэ. Олон нийтэд танигдаагүй, эсвэл хүлээн зөвшөөрөгдөх лидергүй зарим нам УИХ-ын бие даагч гишүүдийг элсүүлэх замаар парламентад суудалтай болохыг хичээдэг нь нууц биш.
Тиймээс ч 2017 оны сонгуульд гишүүн С.Жавхланг нэр дэвшинэ гэж нэлээд ярьцгаасан даа. Үүнээс гадна бие даагч гишүүн С.Жавхлан аль нэг намд элсэж болзошгүй гэсэн хувилбарын талаар ч яриад амжсан. Тухайлбал, 1996 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Баянгол дүүргийн 66 дугаар тойрогт МАХН (одоогийн МАН)-аас нэр дэвшин гишүүн болсон Ж.Гомбожав дараа онд нь болсон Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МУНН-аас өрсөлдсөн байдаг.
Тухайн үеийн парламентад МҮАН, МСДН тэргүүтэй намуудын “Ардчилсан холбоо” эвсэл 50, МАХН 25, МУНН нэг суудалтай (О.Дашбалбар) байсан бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд Ж.Гомбожав МУНН-д элсэж, нэр дэвшсэн хэрэг. О.Дашбалбар агсан, Ж.Гомбожав нар нэг нутгийн, ах, дүүгийн барилдлагатай байсныг үгүйсгэх аргагүй ч айл хэсэж, аяга тагш юм эргүүлж байгаа аятай нам дамжин хэсэж болохгүй л дээ.
Тиймээс ч Улс төрийн намын тухай хуулийг 2005 онд батлахдаа үүнийг харгалзсан гэдэг. Улмаар Дээд шүүх 2006 онд тус хуулийг тайлбарлахдаа мөн л дээрх тохиолдлыг харгалзсан түүхтэй юм билээ. Өмнөх парламентын үед ч энэ мэт тохиолдол гарч л байв. УИХ-д бие дааж сонгогдсон С.Ганбаатар гишүүн ХҮН-д элсэж, дарга нь болчихоод тус намыг “Парламентад суудалтай” хэмээн тунхаглаж явсан нь саяхан. Харамсалтай нь, ХҮН-ыг УИХ-д суудалтай юм шиг удирдах нь бүү хэл, тарааж бутарган, хаяад явчихсан.
Одоогийн парламентад МАХН-ыг төлөөлж суугаа, ганц “дайчин” О.Баасанхүүг Н.Энхбаяр тэргүүтэй удирдлага нь мөн ч их хяхаж, хавчсан. Түүнийг МАХН-аас хөөж, оронд өөр хүн суулгана гэх мэтээр зоргоороо авирласан нь зөндөө. Гэвч хуулийн хүрээнд энэ нь ямар ч боломжгүйг мэдэж буй учраас цаашид гөрдөж, гүжирдэхээ болив бололтой. О.Баасанхүү МАХН-ыг УИХ-д суудалтай болгосноор Н.Энхбаяр тэргүүтэнд төрөөс тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг очиж буй.
Тодруулбал, Улс төрийн намын тухай хуулийн 19 дүгээр зүйлд “УИХ-ын сонгуулиар тухайн намын авсан саналыг нийт хүчинтэй саналын тоотой харьцуулах зарчмаар нэг саналыг мянган төгрөгөөр тооцож, сонгуулийн дүн гарсны дараа гурван сарын дотор багтаан УИХ-д суудал бүхий намд төр нэг удаа мөнгөн дэмжлэг үзүүлнэ. УИХ-д суудал бүхий намд түүний авсан суудлын тоогоор УИХ-ын гишүүний нэг суудлыг жилд 10 сая төгрөгөөр тооцож, УИХ-ын тухайн бүрэн эрхийн хугацаанд улирал тутам улсын төсвөөс санхүүжилт олгоно.
Энэхүү санхүүжилтийн 50 хувийг УИХ-ын гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулна” гэх заалт бий. МАХН-ын удирдлага О.Баасанхүүг хөөж, туугаад байдаг атлаа Тамгын газрын санхүүгийн албанаас намын санхүүжилтээ нэхсээр байгаад авчихдаг талаар эрхэм гишүүн учирлаж ч байв.
Гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар АН-аас хөөгдсөн хийгээд гарсан нь “Бурхны ивээл” байсан хэмээн олзуурхан ярина лээ. Нам байгуулах үйлсэд нь амжилт хүсье. Тэдний үйл хэрэгт аз, эзийн аль нь давамгайлахыг өнөөдөр хэлэхэд арай эртдэх биз. Харин УИХ-дын гишүүн хүмүүс шинээр нам байгууллаа гээд парламентад суудалтай намын эдэлдэг эрх ямба, давуу байдал, “буян”-ыг хүртэнэ гэж эндүүрэх хэрэггүй, гишүүд ээ. Тэр чинь та бүхний яриад байгаа шударга ёс биш.