Монголыг ногооруулах симфони найрал хөгжим хориод жил тасралтгүй эгшиглэв. Эцэс төгсгөлгүй үргэлжлэх симфонийн хөг хэдийн алдагджээ. Чихэнд чимэггүй, нүдэнд харагдаж, гарт баригдах юмгүй, сэтгэл ч хөдөлгөхгүй хүйтэн хөндий ая. Мөнөөх утгагүй зохиолыг нь найрал хөгжимчид нүдээ тас аньчихсан тоглож суух юм. Угтаа бол ногооруулах симфонийн удирдаач нь дэндүү олдчихож. Симфонио хэрхэн амьдруулахаа мэдэхгүй баахан удирдаач хөгжимчдийн өмнө дэвхцэж, навсганаж харагдана.
Харин одоо тоглолтын хөшгийг нээж харъя. Монгол Улсын төр, засгийн тэргүүнүүд, яам, агентлагууд, нийслэл, дүүрэг, сум орон нутгийн засаг захиргаа гээд замбараагүй олон удирдаач байна. Тэдний гарт атгаастай дохиурын үзүүрт Монголын татвар төлөгчдийн хийгээд дэлхийн олон орноос Монголыг ногооруулах симфони найрал хөгжим тавихад зориулан хандивладаг хөрөнгө байх аж.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаргийг Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгосон. Ингэснээр манай улс мод тарих үндэсний өдөртэй дэлхийн 33 дахь орноор бүртгэгдэв. Ерөнхийлөгчийн зарлиг Монголыг ногооруулах их үйлсийн аянд нэгдэх хүмүүсийн тоог эрс нэмсэн төдийгүй “Мод тарих ёстой” гэсэн ойлголтыг тархинд нь суулгаж өгсөн нь үнэн. Хувь, хувьсгалынхны, гадаадынхны тарьсан модтой холбоотой статистик нийлээд хэдэн сая ширхгээр хэмжигдэх болов.
Тэгвэл зөвхөн мод тарих ажилд зориулж улсын төсвөөс жилд хэчнээн төгрөг зарцуулж байгааг инфографикаас тодорхой хараарай. Лав 2010 онд 820 гаруй сая төгрөг зарцуулж байсан бол 2014 онд бүр 2.4 тэрбум орчим төгрөг болж өссөн байх жишээтэй. Нэгтгэж тооцвол 2010-2017 онд монголчууд мод тарих гэж нийт 12 тэрбум төгрөг төсвөөс авчээ. Мөн энэ хугацаанд нийт 11 сая ширхэг мод суулгачихаж. Харин ургалтын хувь тун тааруу үзүүлэлттэй гэдгийг гудамж, талбай, зам дагуу яваад харчихад болно.
...2010-2017 онд монголчууд мод тарих өдөрт зориулж нийт 12 тэрбум төгрөг төсвөөс авчээ. Мөн энэ хугацаанд нийт 11 сая ширхэг мод суулгачихаж. Харин ургалтын хувь тун тааруу үзүүлэлттэй гэдгийг гудамж, талбай, зам дагуу яваад харчихаж болно..
Дээрх 12 тэрбум төгрөг, 11 сая ширхэг бол зөвхөн бүх нийтээр мод тарих өдрийн судалгаа. Үүнээс гадна жил бүр улсын төсвөөс цэцэрлэгжүүлэлтэд зарцуулдаг хөрөнгө хэд дахин ахиу төгрөгөөр хэмжигдэж байна. Харамсалтай нь, зарцуулсны хэрээр Монгол ногоорсонгүй. Угтаа өнгөрснийг дэнсэлбэл, нэг хүнд ногдох ногоон байгууламжаараа Монгол Улсын нийслэл Улаанбаатар дэлхийд жишиг тогтоох хотын хэмжээнд хүрэх учиртай. Үүний цаана улсын төсвийн, олон улсын байгууллагын тусламж, төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд цэцэрлэгжүүлэлтэд зарцуулсан хөрөнгө хамт хатаж байна.
Алдарт “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийг мэдэхгүй хүн үгүй. Асар их хөрөнгийг энэ хөтөлбөрт зориулж байна. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2005 онд гэхэд 13 аймгийн нутагт 307 га-д мод, бут, сөөг тарьж, 140 мянган суулгац 272 сая төгрөгийн ажил гүйцэтгэжээ. 2006 онд улсын төсвөөс 334 сая төгрөг зарцуулж 20 аймгийн 379 га-д 164 мянган суулгац, бусад хандив тусламжийн хэлбэрээр нийт 430 га талбайд 302 мянган тарьц суулгасан гээд тоон мэдээ цуварна. Энэ мэтээр жил бүр өдий хэмжээний хөрөнгө зарцуулсаар үндэсний хөтөлбөрийн эхний шат дууссан. Гэвч энэ их хөрөнгө “Ногоон хэрэм” болж хараахан “амилаагүй” л байна. Бас л нэг хөггүй аялгуу, сонсголонгүй хөгжим сонсогдоно. Юутай ч хоёр дахь шатыг өнгөрсөн жил салбарын сайд тэргүүтэй албаны баахан хүн сүр дуулиантайгаар эхлүүлээд байна.
Өмнөговь аймгийн Даланзадгадад алдарт “Ногоон хэрэм” хөтөлбөр хэрэгжсэн. Тэнд мод, бут, сөөг ургажээ. Байнгын усалгаатай энэ талбай тийм ч том биш. Харин тэнд говьд ургах чадвартай заг, хайлаас, тоорой харагдсангүй. Хөрс шороо голдоггүй ч усны “мангас” улиас их хэмжээгээр тарьсан талаар ойн салбарын эрдэмтэд ярьж байлаа. Бяцхан төглийнхөө моддыг хэдэн жил гүний худгийн усаар амьдруулна гэж тооцсон юм бол, бүү мэд. Монголыг ногооруулах симфони найрал хөгжмийн хөггүй хэсгийн бас нэг нь энэ.
Ногооруулах симпони хөг орж, амилдаггүйн бас нэг шатгаан нь бидэнтэй холбоотой. “Нүүдэлчин монголчуудын сэтгэлгээ өөрчлөгдөөгүй цагт Улаанбаатар цэцэг навч, бут, сөөгөөр гоёх тухай мөрөөдөөд хэрэггүй” хэмээн ойн инженерүүд уцаарлаж байна. Малаа хэрхэн хайрладагтайгаа адил ой модоо, ургамлаа хамгаалах сэтгэл хүн бүрийн зүрхэнд хоногшоогүй цагт хэдэн мянган мод тариад нэмэргүй гэж дендрологич Б.Чимид дүгнэв.
Яагаад? Орон нутгаас хотод суурьшсан иргэдийн олонход нь зүлэгтэй, цэцэгтэй газрыг тойроод зассан замаар явах ухамсар алга. Дуртай газраа шүлсээ хаяж, хүссэн зүгтээ морь хардаг зуршлаа өөрийн эрх чөлөө хэмээн боддог хүн олон. Ийм бүдүүлэг зангаа “Би гүндүүгүй монгол” хэмээн бахархдаг сэтгэлгээ өөрчлөгдөөгүй цагт Монголыг ногооруулах хөг бүр өнгөрнө. Хэдэн малаа үхүүлэхгүйн тулд бүхэл бүтэн төгөл, тордож ургуулсан цэцэрлэгийг ч идүүлэхэд бэлэн хүн захаасаа байгааг салбарынхан ярьж байна.
Тодорхой хэлбэл, алт, мөнгөн дохиуртай удирдаач мод тарьж, ургуулах экологийн боловсролд зориулж хөгжим бичсэнгүй. Цаашлаад тарьсан моддоо арчилж, тордоход арын суудлын хөгжимчид чухал үүрэг гүйцэтгэх учиртайг мартчихаж. Мод барилга биш. Тарьсныхаа дараа хэрхэн арчилж, усалж, тордохоос мөнөөх мод цаашид амьдрах, эсэх нь шийдэгддэг жамтай. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар залуу мод, бут сөөг, үрсэлгээний оршуулгын талбай болж хувираад байна.
Сүүлийн жилүүдэд төсвөөс ногоон байгууламжийн усалгаа, арчилгаанд дунджаар 100 сая төгрөг төсөвлөдөг гэх мэдээ бий. Ер нь энэ ажилд жилд хэдэн төгрөг зарцуулдаг талаарх судалгаа, тоо баримт тун бүрхэг. Тэгэхээр бид зөвхөн мод тарихад хэдэн төгрөг зарцуулсанд л ач холбогдол өгсөөр ирсэн нь эндээс харагдана. Усалгаа, арчилгаа хамгийн чухал гэдгийг мартжээ. Монголыг ногооруулах симфони найрал хөгжмийн хөг алдагдаад байгаа гол учир магадгүй энэ байж болох юм.