Монгол Улсын хүн амын насжилт ирээдүйд өсөх бөгөөд 50 жилийн дараа таван хүн тутмын нэг нь 62-оос дээш настай байна гэх урьдчилсан тооцоог гаргажээ. Монголын нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх "Шинрай" төслийнхний дээрх таамаглалаар ирээдүйд хүн амын насжилт хэдэн хувиар нэмэгдэхийг хүснэгтээс харна уу.
80 настай япон оюутан гурван жилийн өмнө “Манайхан эмнэлэгт хэвтэхдээ нэг ч төгрөг төлдөггүй, тэтгэвэрт гарсныхаа дараа ахмадууд дэлхийг хэрэн аялдаг” гэж билээ. Тэрбээр Өвөрмонголын их сургуулийн хятад хэлний бэлтгэл ангид бидэнтэй хамт сурч байхдаа ийн ярьсан юм.
Удалгүй тэрбээр Өвөрмонголыг голж, БНХАУ-ын Харбин хотын их сургууль руу шилжин сурах болсон. Олон орноор аялангаа суралцаж, сонирхолгүй бол төлбөрийн зөрүүнд нь түүртэлгүй өөр сургууль руу шилжин, хүссэнээ хийж, зоргоороо амьдардаг түүнд зарим оюутан цагаахан атаархдаг байлаа. Японы өндөр настнууд яаж санхүүгийн эрх чөлөөнд хүрдгийг хэд хоногийн өмнө мэдэв.
Монголын нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх “Шинрай” төслийн ахлах зөвлөх Ито Цүнэто Японы тэтгэврийн тогтолцоо, хуримтлалын сангийн талаар мэдээллээ. Түүнчлэн Монголын нийгмийн даатгалын тогтолцоо нэг л биш гэдгийг анхааруулж, яагаад гэдгийг ч тайлбарласан. Япончуудын хийсэн судалгаар монголчуудын дундаж нас жил ирэх тусам нэмэгдэж буй. Энэ нь манай нийгмийн даатгалын тогтолцоонд эрсдэл учруулах магадлал өндөр гэнэ.
Япончууд 58 жилийн өмнө шууд хуваарилалтын болон хуримтлалын сангийн хос тогтолцоонд шилжсэн юм байна. Тэнд сайн дурын нийгмийн даатгал гэх ойлголт байдаггүй, бүгд албан журмаар нийгмийн даатгал төлдөг. Нийгмийн даатгалын санд төвлөрсөн мөнгө нь ахмадуудынхаа тэтгэвэрийг олгоход хүрэлцээд зогсохгүй илүү гардаг. Үлдсэн мөнгийг хуримтлалын санд төвлөрүүлж нийгмийн бусад халамжид зарцуулдаг аж.
Японы иргэд 20 нас хүрээд албан журмаар даатгал төлөх хуультай. Оюутан, эсвэл ажилгүй бол нийгмийн даатгалаа таслахгүй, улсаас төлүүлэх хүсэлт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамандаа гаргаж болдог. Ажилтай болоод улсын мөнгийг буцааж төлөх үүрэгтэй аж. Япончууд бүх нийтээрээ албан журмын даатгалын системд шилжсэн 1961 онд хүн амын 43 хувь нь залуу, 5.7 хувь нь ахмад настан байжээ.