Төгсгөл. Түрүүч нь өмнөх дугаарт
Өмнөх дугаартаа Мумбайн сонин сайхнаас дурдсан бол энэ удаад Дели хот болон бурхан багш төгс гэгээрсэн газар гэдэг Бодьгаяагаар “аялъя”.
70 000 СОНИН ЭРХЛЭН ГАРГАДАГ
Дэлхий нийтэд цаасан хэвлэлийн зах зээл хумигдаж, тэр хэрээр сонин, сэтгүүлийн тоо цөөрөх магадлалтай гэх болсон. Харин БНЭУ-д байдал эсрэгээрээ, хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо жилээс жилд нэмэгдэж буй аж. Олон хэл, соёл бүхий ард түмэн төвлөрсөн учраас хэвлэлийнхэн нь хэдэн арван хэлээр мэдээллээ түгээдэг.
Үүний зэрэгцээ хүн амынх нь тоо өсөх хэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь жилээс жилд олшрох болжээ. Одоогоор 70 000 сонин, 900 телевиз үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Болливуд болон хэвлэл мэдээллийн салбарт нь ажилладаг хүний тоо 4.5 сая хүрдэг аж. Сэтгүүлчээр 30 жил ажилласан Г.Суреш ийн мэдээлсэн юм.
Тэрбээр өдгөө Энэтхэгийн олон нийтийн харилцааны дээд сургуулийн захирлаар ажилладаг. Тус улсын сэтгүүлчдийн олонхыг бэлтгэдэг гол сургууль нь энэ аж. 1965 онд байгуулсан энэ сургуульд 128 улсаас хүмүүс ирж суралцдагийн дотор монголчууд ч бий гэдгийг Г.Суреш онцолсон. Түүнчлэн Монголын хэвлэл мэдээллийн байгууллагынхан, оюутан залуусыг ирж суралцахыг урилаа.
“МОНГОЛ ОРОНД БУУРЦАГ ТАРИАЛАХ БОЛОМЖТОЙ”
2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монголд айлчилсан. Энэтхэгийн судалгаа, мэдээллийн төвийнхөн түүнээс хойш хоёр улсын эдийн засгийн харилцааны талаар нэлээд судалжээ. Энэтхэгийн Гадаад хэргийн яамны тушаалаар судалгааныхаа бүтээлийг ном болгон хэвлэснээ доктор, профессор Прабер Де бидэнд танилцууллаа.
Тус төвийнхөн ихэвчлэн худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү эдийн засаг, технологийн салбарт судалгаа хийгээд Засгийн газартаа тайлагнаж, улсынхаа бодлого чиглэлийг тодорхойлоход тусалдаг гэнэ.
Монгол орон байгалийн баялаг ихтэй учраас юуны түрүүнд уул уурхайн салбарт БНЭУ-тай хамтран ажиллах өргөн боломжтойг судлаач Прабер Де дурдлаа. Тус улс манайхаас жонш, коксжих нүүрс, төмрийн хүдэр авах сонирхолтой. Гэхдээ газар зүйн байрлалаас шалтгаалан зам, тээврийн томоохон асуудал тулгарах учир одоохондоо ашигт малтмалын хайгуул болон салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэлээ.
Үүнээс гадна газар тариалангийн салбарт ч хамтрах сонирхолтойгоо хэлсэн. Энэтхэгчүүдийн өргөн хэрэглэдэг буурцаг тариалахад манай орны байгаль, цаг уурын нөхцөл тохирохыг ч судалж тогтоосон бөгөөд уг бүтээгдэхүүнийг Монголд тарих хүсэлтэйгээ илэрхийллээ.
“Манай зах зээл том, бидэнтэй хамтран ажиллах өргөн боломжтой. Энэтхэг улсын хөнгөлөлттэй зээлээр Монголд газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх болсон. Шатахуунаа дотоодоосоо хангах эрх чөлөөг Монгол Улсад олгох ажил санаачлан хэрэгжүүлэх болсондоо баяртай байна. Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны “аялал” дөнгөж эхэллээ” гэж Прабер Де тэмдэглэсэн юм.
Г.Ганболд: ЭНЭТХЭГИЙН АРДЫН УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭГ НУТАГШУУЛАХ БОЛОМЖТОЙ
Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболдтой Делид уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
-БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажил аль шатанд явна вэ?
-Монгол, Энэтхэг хоёр улс төр, соёлын салбарт олон жил хамтран ажиллаж ирсэн. Одоо худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байна. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад айлчлахдаа хөнгөлөлттэй зээл олгохоо амласан.
Хоёр улсын Засгийн газар энэхүү зээлийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах талаар нэлээд судалж, боловсруулах үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, тээвэрт ашиглахаар шийдсэн. Монгол Улс жилд тэрбум гаруй ам.долларын шатах тослох материал импортолдог. Тэгсэн хэрнээ 6.4 сая баррель түүхий тос экспортолдог.
Үүнийг дотооддоо боловсруулбал олон ажлын байр бий болохын зэрэгцээ гадаад валютын нөөц нэмэгдэж, аж үйлдвэржилтийн хоёр дахь давлагаа эхэлнэ гэж үзсэний үндсэн дээр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар
шийдсэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар саяхан ирж, үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг бэлдэх талаар санал солилцсон. Ойрын хугацаанд Энэтхэгт уул уурхай, тэр дундаа газрын тос боловсруулах, баяжуулах чиглэлийн инженер, техникийн ажилтнуудыг бэлдэж эхэлнэ гэж найдаж байна.
Түүнчлэн төслийн зөвлөх компанийг шалгаруулсан. Техник, эдийн засгийн үндэслэл гээд гурван зузаан ном боловсруулан гаргалаа. Уг төслийг гардан хэрэгжүүлэх компани Улаанбаатар хотноо төлөөлөгчийн газраа ирэх сард байгуулна. Томоохон төсөл учраас олон компани оролцох нь мэдээжийн хэрэг.
-Гүйцэтгэгч компанийг хэзээ сонгон шалгаруулах вэ?
-Уг ажил хэд хэдэн үе шаттай. Эхлээд зөвлөх компанийг шалгаруулдаг. Нефтийн үйлдвэрийн бүх технологи тусгай зөвшөөрөлтэй юм байна. Хэдийгээр нэг түүхий эд ордог боловч 36 төрлийн бүтээгдэхүүн гардаг. Тэр бүх технологи нь тусгай зөвшөөрөлтэй, түүнийг нь томоохон үйлдвэрлэгчид эзэмшдэг учраас нэгбүрчлэн хэлэлцээр хийх ёстой. Жишээ нь, танаас нэрэх технологийг чинь ашиглая, өөр нэг хүн дээр очоод танай баяжуулалтын технологийг авч ашиглана шүү гэх маягаар ажиллах юм байна. Багагүй хугацаа шаардана.
-Монголд буурцаг тариалах боломжтой талаар Энэтхэгийн судалгаа, мэдээллийн төвийнхөн онцоллоо.
-Монголчууд бид хэрэгцээт уургийнхаа ихэнхийг махнаас авдаг. Харин энэтхэгчүүд буурцгаар нөхдөг. Буурцаг нь ургасан газраа азотоор баяжуулдаг ашиг шим өндөр бүтээгдэхүүн. Бид эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэхийн тулд энэтхэгчүүдийн буурцаг тариалдаг, хэрэглэдэг аргаас суралцах ёстой. Тус улсын Ассам мужийн тариаланчдыг Монголд урьж, Булган, Архангай аймагтай танилцуулахад хөрсний үржил шим өндөр, цаг уурын нөхцөл маш сайн байна гэсэн. Энэ чиглэлээр нэлээд дэлгэрэнгүй судлаад, танилцуулга бичиж, ХХААХҮЯ-нд илгээсэн.
-Эмчилгээ хийлгэхээр Энэтхэгийг зорих монголчууд цөөнгүй. Энэ чиглэлээр энэтхэгчүүдтэй хэрхэн хамтран ажиллаж байна вэ?
-Эндхийн эмч нар туршлагатай. Хувийн эмнэлгүүд нь тоног төхөөрөмж сайтай, үнэ өртөг нь ч боломжийн. Дээр нь англиар чөлөөтэй ярьдаг учраас манайханд хэлний бэрхшээл тулгарах нь харьцангуй бага. Гэхдээ энд ирж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахад анхаарах ёстой зүйл цөөнгүй байна. Тухайлбал, ирэхээсээ өмнө дотоодын гуравдугаар шатлалын эмнэлэг, нарийн мэргэжлийн эмчээр бүрэн оношлуулах хэрэгтэй. Зуучилдаг хүн, байгууллага нь мэргэжлийн, хуулийн дагуу үүрэг хүлээх ёстойг Элчин сайдын яамнаас анхааруулж байгаа. Үүнээс гадна Энэтхэгт ардын уламжлалт эмчилгээ өндөр хөгжсөн, хөхиүлэн дэмждэг, судалдаг, өргөжүүлдэг яам байдаг юм. Энэ төрлийн эмчилгээг бид нутагшуулах боломжтой гэж үзээд салбарын сайдыг нь Монгол Улсад айлчлахыг урьсан. Энэтхэгийн эм, эмнэлгийн тоног хэрэгсэл боломжийн үнэтэй, чанартай. Тиймээс малын халдварт болон халдварт бус өвчнийг анагаах чиглэлээр хоёр улс хамтран ажиллаж болно гэж харж байгаа. Монгол, Энэтхэгийн худалдаа сүүлийн гурван жилд гурав дахин нэмэгдсэн. Цаашид илүү өргөжин тэлэх боломжтой. Бид Энэтхэгт хонины ноос нийлүүлж болно. Варанаси хотод гар аргаар хивс нэхдэг юм. Тийш нь хонины ноосоо экспортолж, оронд нь малын халдварт өвчнүүдийг илааршуулах эм авах боломжтой.
ГЭГЭЭРЭХҮЙН ОРОН БОДЬГАЯА
Бурхан Будда мэндэлсэн, төгс гэгээрсэн, номын хүрдийг эргүүлсэн, нирваан дүрийг үзүүлсэн гэх дөрвөн онцгой газар Энэтхэгт байдаг аж. Дэлхийн хамгийн ариун газар гэж энэтхэгчүүд үздэг тэдгээрийн нэг, бурхан багш төгс гэгээрсэн Бодьгаяад түр саатсанаар бидний ажил өндөрлөсөн юм. Делигээс онгоцоор гурван цаг орчим явж Патна хот хүрнэ. Түүнээс цааш Бодьгаяа орохын тулд машинаар таван цаг гаруй явав. Уг нь Патнагаас Бодьгаяа хүртэл 110 км зайтай гэх боловч ийм удаан явсан нь авто зам нь нэг л урсгалтай байдгаас шалтгаалдаг бололтой. Сэлүүхэн замаар чөлөөтэй давхина гэж байхгүй, сав л хийвэл урдаас нэг машин гараад ирэх тул сүлжиж явах болон дуут дохиогоо зогсоо зайгүй хангинуулахаас өөр аргагүй аж.
Бурхан Будда 2500 гаруй жилийн өмнө Бодьгаяад ирж, бодь модны доор суудал засаад “Би зовлонгийн шалтгааныг олох хүртлээ эндээс босохгүй” гэсэн тангараг тавиад гүн бясалгалд орсон гэх түүх бий. Энэ түүхийн гэрч болсон бодь мод Бодьгаяад ургасаар буй бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан сүсэгтэн олон модны навч унахыг хүлээн суудаг юм байна. Бодь модноос унасан навчийг авсан хүний аз нь гийдэг хэмээн бэлгэшээдэг. Түүнчлэн уг модонд хүслээ шивнэж, буян заяагаа даатгахаар эл газрыг зорин ирэх хүн ч цөөнгүй гэнэ.
Бодьгаяагийн гол дурсгал нь Махабодь сүм. 48 метр өндөр эл сүм Бурхан багшийн гэгээрсэн эрхэм дээд үйлийн бэлгэдэл болдог аж. 2002 онд Махабодь сүмийг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэжээ. Сүмийн эргэн тойронд Хятад, Япон, Мьянмар, Непал, Шри Ланка, Тайланд, Төвөд, Вьетнам улсын байгуулсан сүм хийд байдгийн дотор Монголынх ч бий юм билээ.