Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж өнгөрсөн онд манай улсад айлчилсан. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэр үеэр хоёр улс сэтгүүлчдээ харилцан туршлага солилцуулах хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавьсан нь биеллээ олж эхлэв.
Энэтхэгийн Засгийн газраас уг хүсэлтийг нааштайгаар шийдвэрлэж, Монголын сэтгүүлчдийг жил бүр хүлээн авах болжээ. Хамтын ажиллагааны эхлэл болгож Монголын 20 сэтгүүлч Жагарын орны сонин сайхантай танилцаад ирлээ.
3.29 сая ам км нутаг дэвсгэртэй, эзэмшил газрынхаа хэмжээгээр дэлхийд долдугаарт ордог том гүрний эдийн засгийн өсөлт нь жилд долоон хувь. Эл үзүүлэлт ирэх онд 10-т хүрнэ гэж тооцсон байна. Ийм том зах зээлээс монголчууд хувь хүртэн, хөгжлийнхөө нэг тулгуур болгох боломжтойг очсон газар бүрийн хүмүүс онцолсон. Бидний эхний зогсоол киноны хот Мумбай байлаа.
ЖИЛД 1000 ОРЧИМ КИНО БҮТЭЭДЭГ
“Нууцаар нэвтрэхээсээ өмнө 10 дахин тунгаа” хэмээх самбар үүдэндээ байршуулсан хотхон бол Болливудын кино үйлдвэрлэлийн гол түшиц газар. Өндөр хамгаалалт бүхий энэ газарт Энэтхэгийн киноны ихэнх нь “төрдөг” аж. 1974 оны есдүгээр сард Засгийн газрын шийдвэрээр кино хотхон байгуулсан бөгөөд одоо ч төрийн өмчит байгууллага гэсэн тодотголтойгоор үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь Энэтхэгийн төр, засаг урлаг, соёлын салбартаа хэрхэн анхаардгийн илрэл болов уу.
200 гаруй га талбайг эзэлсэн уг хотхонд сүм, цэцэрлэг, орд харш, тусгайлан зассан авто зам, бурхан шүтээн, цагдаагийн газар, эмнэлэг гээд зөвхөн кинонд зориулсан, зураг авахад шаардлагатай бүх байгууламжийг бүтээн босгожээ. Киноны зураг авахад зориулсан 60 өөр байгууламж бий гэдгийг ажилтнууд нь хэлсэн.
Тус улсын киноны зах зээл том, дээр нь сүүлийн жилүүдэд гадаадын уран бүтээлчид ч энд ирж зураг авах болсон тул хотхон байнгын хөл хөдөлгөөнтэй аж. Жилд дунджаар 1000 орчим кино бүтээдгээрээ Болливудын кино үйлдвэрлэлийн салбар дэлхийд аварга, бүр Холливудынхаас гурав дахин том гэнэ.
Киноны уран бүтээлчид, продюсерууд энд зураг авах захиалгаа цахимаар өгдөг бөгөөд хотхоны удирдлага тэдэнд шаардлагатай газрыг нь олгодог. Уран бүтээлчид газраа сонгоод, хийх гэж байгаа кинондоо зориулан тохижуулах боломжтой. “Дотоод, гадаад гэж ялгахгүй ижил өртгөөр газар олгодог, цахимаар захиалга авдаг.
Хэдэн өдөр, сараар ч зураг авах боломжтой учраас монголчууд ч зорьж ирж болно” гэж манай уран бүтээлчдийг тэд урьсан. Бид “Техник” нэртэй олон ангит кино бүтээж байхтай нь таарсан юм. Авч байгаа ангийнх нь зураг гурав хоногийн дараа кино болж, үзэгчдийн хүртээл болно гэж уран бүтээлчид нь ярьсан.
ҮНДЭСНИЙ ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 2.27 ИХ НАЯД АМ.ДОЛЛАР
Мумбай хотын төдийгүй Энэтхэг улсын нүүр царай, үндэсний баялгийн нэг нь NSE буюу Үндэсний хөрөнгийн бирж аж. Тус байгууллагын удирдлага нь NSE дэлхийд хоёрдугаарт орох томоохон бирж гэдгийг уулзалтын эхэнд танилцууллаа.
Гадаад, дотоод гэж ялгавартай ханддаггүй, ижил тэгш үйлчлэх зарчим барьдаг энэбайгууллага өдгөө 25 сая хөрөнгө оруулагчтай. Үүний 15 хувь нь гадаадын хөрөнгө оруулагч. Биржийг 1992 онд байгуулсан бөгөөд улсынхаа эдийн засгийн 6-7 хувийг бүрдүүлдэг аж. Улс даяар биржийн арилжаа хийх 250 гаруй цэгтэй, голлох индекс нь NIFTY-50 юм байна. Зах зээлийн үнэлгээ нь 2.27 их наяд доллар.
Эл биржийг байгуулахаас өмнө Энэтхэгийн хөрөнгийн зах зээлийн хөгжил дорой буурай байжээ. Харин NSE-ийг байгуулсны дараа илт сэргэж, өдгөө дэлхийд хоёрдугаарт орох хэмжээнд хүрсэн гэдгийг биржийнхэн дахин онцолсон.
Энэ амжилтад хүрсэн гол нууц нь улсдаа бий болсон техник, технологийн хөгжлийг түшиглэн, орчин үеийн бүрэн автоматжуулсан, цахим арилжааны систем орон даяар нэвтрүүлж, хөрөнгө оруулагчдыг холбосноороо, тэдэнд бүх л мэдээллээ ил тодоор түгээж эхэлсэнтэй холбоотой гэнэ.
Үүнээс гадна эрсдэлийн менежментээ сайжруулсан нь хөрөнгийн зах зээлийнх нь хөгжилд эергээр нөлөөлжээ. Төр, засаг нь биржийн үйл ажиллагаанд шууд оролцдоггүй, шаардлага гарвал дэмжинэ гэсэн зарчимтай гэлээ. Лондоны, Хонконгийн зэрэг Европын зургаа, Америкийн дөрөв, Азийн долоон том хөрөнгийн биржтэй хамтран ажилладаг юм байна.
NSE санхүүгийн үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ нийгмийн хариуцлагын чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэтхэгийн хуулиар компаниуд сүүлийн гурван жилийнхээ дундаж орлогын хоёр хувийг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулах үүрэг хүлээдэг.
Энэ үүргээ биелүүлж, нийгмийн сайн сайхны төлөө ажиллах компанийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа аж. Хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрөө Засгийн газартайгаа зөвшилцсөний үндсэн дээр тодорхойлдог юм байна. Тус биржийнхэн одоогоор есөн мужид 36 төсөл хэрэгжүүлжээ. Тухайлбал, нэн ядуу мужуудад сургууль, сургалтын төв байгуулсан. Үүнээс гадна Керала мужид нүүрлэсэн үерийн гамшгаас болж хохирсон иргэдэд туслахын зэрэгцээ байгаль орчныг нөхөн сэргээж буй гэлээ.
Энэтхэгийн хүн ам харьцангуй залуу. 1.2 тэрбум гаруй буюу дэлхийн нийт хүн амын 17 хувийг эзэлдэг тус улсын иргэдийн 54 хувь нь 26, 65 хувь нь 35 хүртэлх насныхан аж. Гэсэн ч 30-35 жилийн дараа өндөр настнуудын тоо илт нэмэгдэх тул нийгмийн эмзэг бүлгийн ахмадуудыг асрах, тэдэнд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрүүдийг одооноос санаачлан хэрэгжүүлж байгаагаа биржийнхэн хэллээ.
ТҮҮХ, СОЁЛЫН ТӨВ
VIII зуунд Араб, XII зуунд Турк, XV зуунаас Европын худалдаачид өнөөгийн Энэтхэгийн газар нутагт ирж олноор суурьшсан нь уугуул оршин суугчдынх нь соёл, хэл, амьдралын хэв маягт чухал нөлөө үзүүлжээ. Өнөөгийн Афганистан, Пакистан, Декканы өндөрлөгөөс хойших хэсэг, Бангладешийн нутгийг хамарсан Моголын эзэнт гүрэн XVI зуунд бүрэлдэн тогтжээ. Улмаар XVIII зууны сүүлчээр Английн колончлогчид Энэтхэгийн хойгийг “бүрхсэн” байна.
Эртний соёл иргэншлийн төв, олон шашны өлгий нутаг гэдгээрээ алдартай Жагарын орны олон зууны өвөрмөц түүх, соёлыг илтгэн харуулах 50 мянган үзмэр бүхий музей Мумбай хотод оршино. Хэдэн мянган жилийн түүхтэй гар урлалын өв, бурхдын хөрөг бүхий энэ музей жуулчдын зорьж очдог гол газруудын нэг юм билээ. Ялангуяа манай тооллын өмнөх 3000-аад жилийн өмнө үүссэн хэмээгддэг нэхмэл сүлжмэл урлалын өвийг тайлбарлагч онцоллоо. “Энэтхэгчүүд гадаад өнгө үзэмжийг их чухалчилдаг. Гоё ганган хувцас, чимэглэл нь эртний баялаг түүхтэй болохыг эндээс харж болно” хэмээсэн.
1900 оны эхэн үед Уэльсийн ханхүүг айлчлахад зориулж Мумбай хотын төв музейг байгуулжээ. Үүний тулд ард түмнээсээ хандив цуглуулсан бөгөөд музейг 10 жилийн турш барьсан гэлээ. Архитектурыг нь англи мэргэжилтэн Жорж Виттет гаргасан, онцгой өвөрмөц дизайнтай тул барилга нь ч музейн нэг “үзмэр” болдгийг тайлбарлагч тэмдэглэсэн. Барилгыг бариад удаагүй байтал дэлхийн I дайн эхэлсэн тул Британийн Засгийн газар эмнэлгийн зориулалтаар ашиглаж байж. Харин 1924 оны есдүгээр сараас олон нийтэд нээлттэй болгожээ. Анх Уэльсийн ханхүүгийн музей гэдэг байснаа 1998 оноос Мумбай хотын төв музей нэртэйгээр үйл ажиллагаа явуулах болсон аж.
УХААЛАГ ХОТУУД
Мэдээллийн технологийн чиглэлээр дэлхийд толгой цохидог БНЭУ-ын төр, засаг шинжлэх ухааны хөгжилд онцгой анхаардаг. Биотехнологи, программ хангамжийн чиглэлээр Энэтхэгийн эрдэмтдийн хийсэн ажил хэдийн дэлхийн түвшинд хүрчээ. Эл амжилтаа хотуудаа цахимжуулж, ухаалаг болгох чиглэлээр ашиглахад сүүлийн жилүүдэд нэлээд анхаарч буй гэнэ. Ухаалаг 100 хот байгуулах том амбицтай тус улсын мэдээллийн технологийн тэргүүлэх байгууллагуудын нэг нь төрийн өмчит “Мaha IT” компани.
Ухаалаг хотууд “байгуулах” чиглэлээр ажилладаг уг компани өдгөө зарим хот, тосгоныхоо цахим системийг хөгжүүлж байгаа аж. Тухайлбал, 2.4 сая хүн амтай Нагпур хотыг ухаалаг болгохын тулд эхний ээлжид 136 газарт wi-fi байрлуулсан. Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 665 газарт хяналтын камер суурилуулжээ. Тус компанийн гол зорилго нь төсөл хэрэгжүүлж буй муж, хотынхоо бүх иргэнд цахим үйлчилгээ үзүүлэх. “Хамгийн ядуу буурай мужийн иргэн бүрт хүрч үйлчлэх нь бидний гол зорилго” гэж онцлон тэмдэглэж байв.
Түүнчлэн бизнес эрхлэгч гарааны компаниуд, хөрөнгө оруулагч, банк зэрэг аж ахуйн нэгж, эсвэл иргэн ямар нэгэн шийдвэр, ялангуяа бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад нь туслахад зориулсан цахим систем бий болгосон байна.
Төрийн өмчит компани учраас Засгийн газар, холбогдох муж, хотын засаг захиргааныхантай нягт хамтран ажилладаг гэнэ. Тэдгээр байгууллагаас шаардлагатай мэдээллүүдийг цуглуулан, боловсруулж, дүгнэлт гарган, цахим хуудсаараа дамжуулан иргэн, аж ахуйн нэгжүүдэд хүргэдэг.
Өдөрт нэг сая хүн цахим хуудсанд нь ханддаг бөгөөд илүү олон хүнд хүргэхийн тулд техник, технологийн нөөц бололцоогоо сайжруулахад анхаарч буйгаа дуулгасан. “Цуглуулж, боловсруулсан мэдээлэлдээ тулгуурлан өнгөрсөнд болсон үйл явлуудад дүгнэлт хийн, олон нийтэд хүргэж байна. Цаашид төвлөрсөн мэдээллүүдэд тулгуурлан ирээдүйд болох зүйлсийг урьдчилан таамаглах зорилго тавьсан. Тухайлбал, бизнес эрхлэгчид ямар төсөлд хөрөнгө оруулбал ашиг олох магадлалтайг таамаглах боломжтой” гэж тус компанийнхан ярилаа.
Үргэлжлэл бий.