Нийтлэл 66
Дунд орны Бээжин хотын залуус өглөөдөө Хубилай хааны ордонд дүүрэн байдаг юм байна. Миний таньдаг хүмүүсээс нэг нэгнийгээ танихгүй хоёр нь Хубилай хааны ордонд Дунд орны залуустай ам мурийсан тухайгаа надад өгүүлэв. Учрыг нь лавлахад тэр хоёр хоёулаа Хубилай хааныг монгол хаан, танай хаан биш гээн тэр залуусд өгүлэхэд хариуд нь тэд учир үүсгэв. Үүнийг сонсоод, тэр залуусын хүмүүжил зөв байна гээд мань атаархав. Дунд орны залуус манай залуусын дэргэд эрүүл инстинктэй (эрүүл увдистай) байна гэдэг нь маньд тод харагдав.
Өөрийн нутаг дээр байгаа түүхэн соёлыг Дунд орны залуус өөрийнхөө гээн эргэлзэхгүй байгаа нь тэд маш зөв, маш эрүүл хүмүүжүүлтэй байгаагын шинж гээн мани дүгнэж байна. Тэд газар усандаа хайртай гэдэг нь хөндлөнгийн маньд тод сонсогдож байна. Дунд орны түүхчид энэ өдгөө Хубилай хааныг тариаланч биш, мал ахуйтан угшлын хаан гэдгийг мэднэ. Хоёр зуун жилийн дараа тэдний өнөөгийн бодол хэвээрэй байгаасай гээн найдаж байна.
Улаанбаатарын залуусд Стамбулын туркууд “манай эхэс энэ газар усанд амьдарч байсан, энэ газар ус манай эхсийх” гэхээр тэдний урдаас өчиж чадах ганц ч залуу Монгол улсад байхгүй. Манай залуус яагаад ийм эрүүл биш хүмүүжилтэй байна, яагаад газар усаа хайрлан хамгаалах, араатанд хүртэл байдаг, Бээжингийн залуусд байгаа инстинкт нь үгүй болчив гэдгийн эхийг олцгооё.
Хүн (хүүхэн) болгон өөрийн дээд түүхийг эмээ, өвөө, аав ээжээсээ дуулдаг. Үндэснийхээ түүхийг тэд ерөнхий боловсролын дунд сургуулийн түүхийн хичээлээс, сурах бичгээс мэдэж авдаг. Иймд бүх учир уг сурах бичигт байх ёстой. “Мөнхийн үсэг” ХХК хэвлэгдсэн У.Туяа, П.Дэлгэржаргал, Б.Чинзориг, Д.Янжинжав нарын боловсруулсан VI ангийн түүхийн сурах бичгийг сөхөцгөөе.
Уг сурах бичгийн Түрэг, Уйгурын хэсгийг унших зуур дур гутрав. Хэл түүхийн мэдлэг муу хүмүүс уг сурах бичгийг бичжээ.
Хэлний мэдлэггүйн тухай: Уг сурах бичигт байгаа хэлний буруу зөрүү томшгүй их байна. Тэр болгоныг нэг нэгээр нь гаргах цаг маньд байхгүй, тэр болгоныг унших цаг уншигч таньд байхгүй болов уу. Иймээс уг сурах бичгээс ноцтой ганц хоёр хэлний зөрчлийг дэлгэе. Зохиогчид хэлний ухагдахууны утгыг эс мэдэх тул тэд нар толгойгоор нь хөл, хөлөөр нь толгой хийснийг үзүүлье.
Уг сурах бичгийн 76-р нүүрэн дэх анх өгүүлбэрт” Монгол угсааны Сяньби, Жужан улс” гээн бичжээ. Угсаа, угс, угш бүгд зүй тогтлоороо нэг үг. Угс гэдэг үг нь хойч гэсэн үг, үгийнхээ зүй тогтлоор угс хойч нэг үг. Энэ өдгөө манай уяачид уг үгийг мянга таван зуун жилийн өмнө яаж хэргэлж байсан тиймээр нь хэргэлсээр байна. Энэ хээр азрага Тогруу хээрийн угшилтай буюу уг хээр азрага Тогруу хээрийн хойч гээн өгүүлж байна. Яаж монголын хойч Сяньби, Жужан улс байх юм бэ. Монгол гэдэг үг XII зууны эхээр бий болсон нэр томъёо, XII зуунаас урьд ийм томъёо агуулсан эх сурвалж байсангүй. Угс энэ үг түүхэн эх сурвалжуудад өнөөгийн уяачдын хэргэлж буй утгаар гарч байна. Гол тэгини хадан бичигт
угшм (угш мин гэсэн утга) буюу ул (эрх мэдэл гэсэн ухагдахуун) барих угшм гээн гарна. Угш буюу угс дандаа хойч гэсэн утгаар байна. Уг бичигт
Токуз (есөн) угз буюу өнөөгийн төв халх аялгаар (токс угс) болно. Хуучин Тан төрийн бичиг, Уйгурын шастирт “ Угтаа есөн угсаа овогтон байв. Нэг дэх нь Ёрлог хааны угсаа, хоёр дахь нь Ху дө гэ, гурав дахь нь Дө лоу, дөрөв дэх нь Мо гэ ши чи, тав дахь нь А у ди, зургаа дахь нь Гэса, долоо дахь нь Ху вэн су, найм дахь нь Ёо у гэ, ес дэх нь Ши е у гэдэг”. Угсаа болон угсаатан (олон тоо-хойчис) гэдэг нь хойч болон хойчис гэсэн утга. Хэн нэгний хойч гэсэн утгаар дээрх өгүүлбэрт оржээ. Угсаа дотор олон овог байна. Угсаа нь овог овогтон хоёрын дунд орших ухагдахуунаар уг эх сурвалжид гаржээ. Уг номыг дахин хэвлэхдээ мал ахуйтны төрийн хэллэгийг Түрэг, Уйгур төрийнхээ хадан бичгээс оруулан шинэчилнэ. Өөрөөр хэлэх юм бол VII-IX зууны мал ахуйтны түүхэн үйлийн тухай өгүүлсэн Дунд орны төрийн бичгийг мөн VII-IX зууны үйлийг өгүүлж буй өөрийн эхсийн хадан бичигтэй жишич байж төрийн хэллэгийг зөв сэрээнэ.
Уг сурах бичгийн 77-р нүүрний эх өгүүлбэрт “Эртний Монголчууд бэлчээрийн мал аж ахуй голлон эрхэлнэ” гээн бичжээ. Эрхэм хүндэт уншигч та уг өгүүлбэр өдгөө (одоогоо буюу одоо) цагт бичигджээ гэдгийг анхаарна уу! Тэгэхээр мануус бэлчээрийн мал аж ахуй эрхэлч буй Эртний Монголчуудыг, Хөвсгөлийн цаатангуудтай ижил зун амралтаар очиж үзэж болох юм байна. Энэ юу болж байна вэ? Үйл үгийн цагийг үгүйсгэсэн, бүдүүлэг синтексийн ийм алдаа манай Түрэг, Уйгур төрийн хадан хөшөө бичээсэнд, Монголын нууц товчоо номонд байхгүй байхад, хэлний хөгжил гээн өгүүлдэг докторууд XXI зууны сурах бичигт ийм алдааг байлгав. Үйл үгийн зөв цаг нь “Эртний Монголчууд бэлчээрийн мал аж ахуй голлон эрхэлж байжээ” болно. Хэрэв “Эртний Монголчууд бэлчээрийн мал аж ахуй голлон эрхэлж байсан” гэвэл өнөөгийн Монголчууд бэлчээрийн мал аж ахуй голлон эрхэлхээ болив гэсэн санааг шууд тээнэ.
Уг өгүүлбэрээс эртний монголчууд хэн бэ гэдгийг тодорхойлох шаардлага гарч ирж байна. Монгол гэдэг нэр анх хэзээ үүссэн, тэр үеийг эртний монгол буюу монголчууд гээн өгүүлэх ёстой. Үүнтэй ижил түрэг гэдэг нэр хэзээ үүссэн, тэр үеийг эртний түрэг гээн өгүүлж байна. Стамбулын туркууд нь угтаа цөөхөн Сэлджүкүдийг уусгасан, тэдний соёлыг авсан арабууд болно. Тэд өөрсдийгөө эртний түрэг гээн соёлын түрэмгийлэл хийгээд байгаа нь “түрэг” нэр VIII зууны хадан бичиг дээр байгаагын учир. Хадан бичиг дээр түрэг гэдэг үг байсангүй бол тэд энэ өдгөө эртний түрэг гээн өгүүлэхгүй. XII зууны эхээр Кабул хаан Хамаг монгол овогтонг үүсгэжээ. Хамаг монгол овогтон нь их улс биш. Эртний монголчууд гэдэг ухагдахуун XII зуунаас эхэлжээ. XII зуунаас өмнө монгол гэдэг үгийг хэн ч мэддэг үгүй байжээ. Монгу шивэйг эртний монголчууд гээн өгүүлж болохгүй. Монгу шивэй нь өөрийн нэртэй Монгу шивэй овогтон болно. Харин Хамаг монгол нь Монгу шивэйгийн угш буюу угсаа болно. Монгол угсаатан гэдэг нь боловсролгүй монгол докторуудын зохиосон буруу утга агуулсан үхагдахуун. Монгол угсаатан гэвэл монголын хойч олон угсаа гэсэн утга болно. Тэгээхээр Монголын хойчсийг мэдэж байгаа түүх хэлний доктор байна уу?
Түүх хэлний мэдлэггүйн тухай: Уг 77-р нүүрний баруун дээд талд “Сяньби, Жужан улс нь Хүннүг залган гарч ирсэн Монгол улсууд тул бүгд Хүннүгийн адил Ази тивийн төвд, далай тэнгисээс алслагдмал оршдог” гэсэн өгүүлбэр оржээ. Уг өгүүлбэрт авах зүйл алга. Ганц уг өгүүлбэртэй зууралдахад 8 зүйлийн алдаа гарав. Хамтдаа үзье:
1. “Сяньби, Жужан улс нь ...Монгол улсууд тул…” ийм утга уг өгүүлбэрт оржээ. Сяньби Жужан улсыг Монгол улс гээн зохиогчид өгүүлж байна. XII зууны эхэнд үүссэн монгол овогтон нь XIII зуунд Их монгол улсыг байгуулсан гэдгийг эх сурвалжаар мануус мэднэ. XIII зуунд үүссэн монгол улс яаж I-IV зууны Сяньби, IV-VI зууны Ру ру (Жужан) улс байх вэ? Энэ бол цэгцгүй толгойноос гарсан цэгцгүй утга. Алдарт Суворов 1730-1800 жанжин зөвлөлтийн иргэн байжээ гэдэгтэй уг өгүүлбэрийн утга агаар нэг байна.
2. Сяньби улсын үед Тэлэ гэдэг нэр гарсангүй. Харин Жужааны үед Тэлэ-гий Ду ло овогтон умард тэнгэсийн хойгуур оршиж байсан баримт эх сурвалжинд байна. Ду ло нь Монгу Шивэйгийн эхэс болно. Ду ло нь Өтүгэн-ээс чанх хойш 700 км зайд оршиж байжээ. Сяньби-гийн эх нутаг Өтүгэн-ээс зүүн урагшаа 1500 км зайнд оршиж байжээ. Сяньби, Жужан улсын эхсийн эх орон Хамаг монгол улсын эхсийн эх орноос өөр зүгт байжээ.
3. “...Жужан улс нь Хүннүг залган гарч ирсэн...” гэжээ. Уг өгүүлбэрт цаг хугацааны том алдаа гарч ирэв. IV зууны Жужан улс яаж II зуунд үгүй болсон Хүн гүрний араас залгах вэ? Хоёр зуун жил хаачив? П.Дэлгэржаргал доктороо!
4. “Сяньби, Жужан улс нь Хүннүг залган гарч ирсэн” уг өгүүлбэрийн уг хэсэгт “залган гарч” гэдэг үгийг П.Дэлгэржаргал буруу сонгожээ. Сяньби нь Хүннүгийн дорно хэсгээр залган гарч ирсэн үү, умард хэсгээр залган гарч ирсэн үү, Хүннү Сяньби хамт оршиж байжээ гэсэн утгыг илэрхийлж байна. Түүхэн эх сурвалжинд арван түм гаруй хүннүгийн өрхтэй Сяньби нэгдээд хүчирхэг болов гэжээ. Нэгдэх нь залгахаас өөр утгатай үг болно.
5. “Жужан (Ру ру) улс нь Хүннүг залган гарч ирсэн” энэ хэсгийн утгыг П.Дэлгэржаргалаас асуугаарай. Жужан улс нь Хүннүг хаагуур нь залган гарч ирэв гэдэг цаг хугацаа, орон байрлалын асуултанд мань хариулж эс чадна.
6. “Сяньби, Жужан улс нь ...Хүннүгийн адил Ази тивийн төвд, далай тэнгисээс алслагдмал оршдог” уг өгүүлбэрийн “далай тэнгисээс алслагдмал” гэдэг нь II-VI зуунд ач холбогдолгүй утга. Сэхээрэх мэдээ: Далай гатлах далбайт усан онгоцны хөгжил Европ тивд IX-X зуунд эхэлсэн. Урьд нь далбаатай сэлүүрт завь хийдэг байсан нь үнэн. Далайг сэлүүрт усан онгоцоор гатлан гэж үгүй. Кристофор Колумб Америк тивийг далбаат усан онгоцоор 1492 онд нээсэн. Өгүүлж буй тухай II-VI зуунд далайд гарцгүй гэсэн ухагдахуун өнөөгийх шиг байсангүй. Хэрэггүй мэдээлэл сурагчдад өгжээ.
7. XIII зуунд бичигдсэн Монголын нууц товчоонд Тэнгис гээн Байгаль нуурыг өгүүлсэн болно. Тухайн үед мануус тэнгистэй байжээ. Далай тэнгис гээн өнөөгийнх шиг тухайн үед мал ахуйтнууд ангилдаггүй байжээ.
8. Монгол улсын умард хөрш ОХУ-ын Буриад республикийн Иволга дацанд оршдог (үйл үгийн өнгөрсөн цагаас өдгөө цагийг зааж буй хэлбэр) Итгэлт хамбын цогцосыг очиж үзэж болдог. Хамгийн сонирхолтой нь “Сяньби, Жужан улс нь Ази тивийн төвд, далай тэнгисээс алслагдмал оршдог (үйл үгийн өнгөрсөн цагаас өдгөө цагийг зааж буй хэлбэр)” тул Сяньби, Жужан улсыг өнөөгийн жуулчид очиж үзэж болох юм байна. Энэ нь үйл үгийн цагийг үгүйсгэсэн бүдүүлэг алдаа.
Ганц өгүүлбэрт бүхэл бүтэн найман алдаа гарч байна. Уг номыг бичсэн У.Туяа, П.Дэлгэржаргал нарт түүхийн мэдлэг гурван жилийн урьд байсангүй. Одоо ямарын мэдэхгүй. Тэдэнд түүхийн мэдээлэл байна. Мэдлэг байхгүй хүмүүс түүхийг цогцоор нь харж чадахгүй байна. Ийм хүмүүсээр үр хойчсийнхоо оюун санааг балалж болох уу. У.Туяа, П.Дэлгэржаргал нарын танин мэдэхүйн мэдлэгийн цар хүрээ нь маш жижиг байна. VI ангийн сурагчид танин мэдэхүйгээ тэлэхийг эрмэлзэж бүй үе дээрээ байгаа хүмүүс. Энэ үед нь зөв мэдээлэл өгч ухаан бодлыг нь тэлэх үүрэг багш, эцэг эхчүүдэд ноогддог. Ийм логик үгүй, мэдлэг үгүй, танин мэдэхүй үгүй, сонирхол үгүй сурах бичгийг У.Туяа, П.Дэлгэржаргал нар VI ангийнханд барьжээ.
Түрэг, Уйгур төртэйгээ холбоотой хэдэн өгүүлбэр хэлэх нь зүйтэй болов уу.
80-р нүүрэнд “Түрэгүүд Жужан улсын харьяат байж, Алтай нурууны орчим нутаглаж байв. Тэд 552 онд Жужааны эсрэг бослого гарган, Жужааны хаант улсыг 555 онд мөхөөсөн” гэсэн өгүүлбэр оржээ. Уг өгүүлбэр түүхэн баримттай огт таарахгүй байна. Эх сурвалжинд (Умард төрийн түүх Түрэг Тэ лэ) “Фэй ди-гийн анхдугаар оны (НТ 552 он) цагаан сар, Түмэн цэрэг гарган Ру ру-г цохиж Хуай хуан-гийн хойдод ялав. А На Гүй амиа хорлов. Түүний хөвгүүн Ань Луочэн нь Чи улсад оргов. Үлдсэн ард нь А На Гүй-гийн авга ах Жэн шү зи-г хан болгов. Түмэн тэгээд өөрийгөө И ли кэ хан гэв. Эртний шаньюй лүгээ адил гэсэн утгатай үг буй. Эхнэрээ Кэ хэ тун гэв. Эртний янжи лугаа адил гэсэн үг”. Тэгэхээр Түрэг төрийг Түмэн Ру ру-г (Жужаныг) 552 онд цохиж өөрийгөө И ли (Их улс) хаан гээн өргөмжилжээ. Түрэг төр 552 онд үүсжээ. Цагаан дээр хараар ингэж түүхэн эх сурвалж дээр бичжээ.
Харин Жужаны үлдэгдэл Жэн шү жи тэргүүтэний Лан шань ууланд Түмэнгийн хүү И ши жи кэ хаан цохин дуусгажээ.
Уг номонд Уйгур нь Хүннү-гийн шууд хойчис гэдэг түүхэн чухал мэдээлэлийг эс оруулжээ.
“Түүх VI” номонд дуусашгүй олон засах зүйл байна. Номыг мэдлэггүй хүмүүсээр бичүүлж болохгүй. Үр хойчсийнхоо оюун санааг VI ангиас нь бохирдуулж байна.
Дунд орны хүүхэд (хүүхдүүд-давхар олон тоонд буй шарилж үг) ерөнхий боловсролын сургуульдаа ойлгомжтой, цэгцтэй мэдлэг авч байна. Манай хүүхэд ойлгомжгүй, цэгцгүй мэдээлэл авч байна. Дунд орны хүүхэд нутаг орондоо хаанаас ч ирсэнгүй, нутаг орноосоо хашаа ч явсангүй гэдгээ сайн мэдэж байна. Манай хүүхэд түрэг, уйгурын нутаг усанд иржээ гэсэн мэдээлэл П.Дэлгэржаргал докторын номноос авч байна. Өөрийн түүхийн талаар ташаа мэдлэгтэй гурав гаруй түмэн хүүхэд ерөнхий боловсролын сургуулиа жил болгон дүүргэж байна. Яаж ийм түүх үзсэн монгол залуу Дунд орны залуу шиг нутаг усаа хайрлах билээ? Асуудал юунд байна?
Асуудлын гол нь П.Дэлгэржаргалд биш системд байна. Түүх судлал гэдэг ухагдахуун эх сурвалж судлал гэдэг ухагдахуунаас эхэлнэ. Дунд оронд ийм байна, Орос оронд ч ийм байна. Монгол улсад эх сурвалж биш бэлдэц буюу харийхны дүгнэлтийг цуглуулаад байна. Харийхны дүгнэлтээр өөрийн түүхийг бичдэг соёл нь зөвхөн монголд байна. Гор нь сурах бичигт тодоос тод илрэв.
Эх сурвалж судлаач мануусыг “та нар маш зөв үйл хийж байна” гээн залуу докторууд ганц ганцаар ирж дэмждэг гэдгээ илэрхийлнэ. Тэд ШУА, МУИС –д ажилдаг нэгэн. Мануусын юу хийж буйг ШУА-ийн Түүх археолгийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Г.Билгүүдэй нар сайн мэднэ. Асуудал тэдэнд биш системд байна.
Эх сурвалж судалж юмны утга учирыг гарган гэдэг нь билгэ (IQ) өндөр хүмүүсийн үйл. Өнөөдөр түүхийн 100 докторыг цуглуулахад тэдний 90 нь толгой хүрэхгүйгээс буюу билгэ дутуугаас эх сурвалж судалж чадахгүй. Үлдсэн 10-аас нь 7 нь эх сурвалж судлах мэдлэг, арга, техник эзэмшээгүйгээс болж мөн судалж чадахгүй. Ийм чадвартай өдрийн од шиг цөөхөн 3 нь системээ сөрөхөөсөө айгаад жижиг сажаг ажил хийж байна. Яагаад?
Үүний учир шалтгаа нь манай боловсролын системд байдаг. Түүхийн дээд сургуульд ерөнхий боловсролын сургуулиас хамгийн сайныг нь шилэн оруулж байсан түүх байхгүй. Харин сурц дунд болон дундаас доогуурыг нь түүх хэлний дээд сургуульд оруулдаг нь үнэн. Хамгийн сайн билгэтэй, өндөр IQ-тай ерөнхий боловсролын сургуулыг төгсөгчид гадаад дотоодын эдийн засаг, анагаах, олон улсын харилцаа, технологи, инженер гэх мэт дээд сургуулиудын хувиар авч байсан нь үнэн. Энэ өдгөө босог оноо өндөртэй төгсөгчид ийм хувиар авдаг нь хэвээрээ байгаа нь үнэн. Манай газар усны аюулгүй байдалтай шууд холбоотой түүх, хэлний дээд сургуульд шилдэг залуусаа оруулдаггүй нь үнэн.
Манай түүх хэлний их дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрийг нэн яаралтай солих шаардлагатай. Юуны түрүүнд эх сурвалжтай ажиллах аргачил, үүнд хэрэгтэй чадварыг заах хэрэгтэй байна. Хэрэггүй олон хичээлийг хасах шаардлагатай. Ухаантай багшийн сургааль дагагчаас эх сурвалж сэрээгч болгох ёстой.
МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч П.Дэлгэржаргал докторын дээрх гаргасан алдаа нь зөвхөн хувь хүн өөрийнх нь байсан бол мань өөрт нь очоод учирлана. Дээрх алдаа нь хувь хүн П.Дэлгэржаргалынх биш, манай түүх хэлний системийн буруугийн учир. Энэ өдгөө Сэргэлэн Интернашионал Экспедишион монголын түүх хэлнийхныг цөөнгүй шүүмжлэв. Хэн нэгнийг шүүмжлэх нь өөрөө сайн үйл биш, үүнийг мануус сайн мэднэ. Хэрэв манай түүх соёлд харийн төр түрэмгийлэл хийгээгүй байсан бол, хэрэв манай түүхчид Түрэг, Уйгур төрийнхээ түүхийг харийнханд булаалгаагүй байсан бол, хэрэв бүрэн эрхт, анги тогтнолт Монгол улсын газар усны “гэрчилгээ”-нд эрт урьд Стамбулын туркуудын эхэс оршиж байв гэсэн тэмдэглэлийг хүчээр оруулах гэсэн оролдлого байсангүй бол, хэрэв эх түүхээ манайхан бүтнээр нь хадгалж чадсан бол, түүх хэлнийх нь дураарай дургиж дунд чөмгөөрөө жиргэх нь тэдний салбарын асуудал байх байсан. Өнөөдөр түүх хэлний салбар гамшигт орчоод байна. Үүнийг монголчууд мэдэх ёстой.
Монголчууд аа! Бүхэл бүтэн наян жилээр бүрэлдсэн шаардлага хангахгүй түүх хэлний системээ эрхлүүлэн хэвээр нь байлгах уу? Үр хойчисд маань түүхээ өвлүүлэх чадваргүй системээ хайрлах уу? Эцэг, эхчүүдээ! Манай түүхийн аюулгүй байдлыг хангах чадваргүй уг системийг санхүүжүүлээд байх уу? Монголын татвар төлөгчид өө! Бүрэн эрхт, анги тогтнолт Монгол улсын төр баригчид аа! иргэд ээ! Уг ноцтой асуудлын гүнийг тунгаан бодож шийвэр гаргах цаг болов. Түүх, хэл нь үгүй бол үндэстэн үгүй-энэ бол жам.
Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн