ХАР ӨДРҮҮД
Хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн, залуу насныхаа ид хавыг гайхуулж явах үедээ ахуйн осолд орж, гэмтэн, тэргэнцэр дээр суух болсон энэ залууг Д.Ням-Очир гэдэг. ШУТИС-д авто замын барилгын инженер мэргэжлээр суралцсан тэрбээр дөрөвдүгээр дамжаанд орох жилдээ золгүй явдалтай учирсан аж. Түүнээс хойш найман жил өнгөрчээ. Ослын улмаас Д.Ням-Очирын хүзүү, нурууны уулзвар хэсэг гэмтжээ.
Үүнээс болж мэдрэлийн тогтолцоо нь алдагдаж, бүр гарын хуруунууд нь ч хөдлөхөө больж, хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан гэнэ. Тэрбээр “Эмнэлгээс гарахад эмч нар хэвтрийн улмаас арьс холгож, цоордог талаар, түүнээс сэргийлэх арга, хэрхэн эмчлэх тухай мэдээлэл, зөвлөгөө огт өгөөгүй. Үүнээс болж ташаа, нуруу, тохой, өвдөг зэрэг холгож болох бүх хэсгийн арьс шархалсан” гэсэн юм.
Д.Ням-Очирын хэлснээр зүүгээр хатгасан мэт жижиг шархыг хүртэл илааршуулах гэж хэвтрийн болон тэргэнцэртэй хүмүүс олон сар, жил шаналдаг аж. Тэрбээр ийм шархтай зургаан жил болжээ. Харин “Түгээмэл хөгжил” төвд гишүүнээр элссэний ачаар ижил зовлонтой бусад хүнээс мэдээлэл авч, тэргэнцэр, суудал, зөөлөвч гээд бүх зүйл өөрт нь тохирсон байх шаардлагатайг ойлгосны дараа л уг зовлонгоосоо ангижирчээ.
Өвчинд нэрвэгдсэн хүмүүс зовлонгоосоо салахын тулд аль сайн гэсэн эмч, эмнэлгийг зорьдог. Д.Ням-Очир ч энэ жишгээр олон газраар явжээ. Гэмтсэнийх нь дараа нэгэн эмч хотын ойролцоох сувилал зааж өгөөд “Нөхөн сэргээх эмчилгээ сайн хийдэг, чи бараг л хөл дээрээ босно” гэж ятгасан байна. Үнэхээр л хөл дээрээ босно гэсэн итгэлээр тэр өнөөх сувиллыг зорьсон ч бариа хийж, зүү тавихаас хэтэрсэнгүй. “Эмч нар танил тал юм уу, хамаатан садныхаа сувилалд орлого оруулах гэж над шиг өвдөж зовсон хүмүүсийг ашигладаг юм шиг санагдсан” гэж Д.НямОчир эмнэлэг, эмч нарын үйлчилгээнд сэтгэл гонсгор явдгаа өгүүлсэн.
Хүнд хагалгаа хийлгэсний дараа гэрийнхэн нь болон эмч нар түүнээс өвчнийх нь талаар нууж, сэтгэлийг нь засах гэж “Залуу хүн юм чинь зургаан сар болоод л хөл дээрээ босно. Айх хэрэггүй” хэмээдэг байж. Д.Ням-Очир ч түүнд нь баярлаж, хөл дээрээ босох өдрөө хоног тоолон хүлээнэ. Харамсалтай нь, Малайз Улсын эмч нар манайд ирэхэд нь оношлуултал хөл дээрээ босох тун хэцүү гэж хэлсэн аж. Тэд “Одоохондоо дэлхийн хэмжээнд нугас эмчлэх боломж нээгээгүй” гэж хэлжээ.
ИХ СУРГУУЛЬД ҮРГЭЛЖЛҮҮЛЭН СУРСАН НЬ
Хэдийгээр хөл дээрээ босох боломж бараг үгүй гэдгийг ойлгосон ч тэр сэтгэлээр унаж, өөрийгөө хөсөр хаясангүй. Бэртсэнээсээ хойш хоёр жил хэвтэрт байснаа дасгал хөдөлгөөн хийсний ачаар хааяа нэг тэргэнцэр дээр суудаг болжээ. Цаашлаад сургуульдаа үргэлжлүүлэн сурахаар шийдсэн байна. Гэвч түүнийг цаг наргүй асрах шаардлагаар ээж нь ажлаасаа гарч, гэр бүлийнх нь санхүүгийн байдал хүндэрснээс их сургуулийн төлбөр төлөх боломжгүй болсон гэнэ.
Түүнчлэн ШУТИС-ийн хичээлийн I байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахилгаан болон налуу шат байгаагүй тул сурахад хэцүү байсан гэдгийг хэлсэн. Харин одоогоос дөрвөн жилийн өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэд бакалаврын зэрэг горилох сургалтын төлбөрийг төрөөс 100 хувь хөнгөлдөг тухай мэджээ. Сайн мэдээний буухиа үргэлжлэн сургууль нь ч цахилгаан шаттай болов.
Ингээд сургуульдаа үргэлжлүүлэн сурах болсон ч өдөр тутамд бэрхшээлтэй тулгарч байснаа Д.Ням-Очир ярилаа. Сургууль нь цахилгаан шаттай ч түүгээр зорчихын тулд эхлээд 20 гишгүүр давах шаардлагатай. Мөн суралцдаг танхим нь зургадугаар давхарт байрладаг байсан тул тавдугаар давхарт хүрээд зогсдог цахилгаан шатнаас буугаад дахиад л хэн нэгнийг гуйх шаардлага тулгардаг байжээ.
Үүнээс гадна сургуулийнх нь гаднах налуу замыг байнга шахуу л автомашин хаагаад зогсчихдог байж. Машин байхгүй ч ганцаараа гарах боломжгүй. Учир нь Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж буй албан байгууллагуудын олонх нь налуу шат гаргасан ч стандартын дагуу хийгээгүй аж. Тиймээс уг шатаар гарахын тулд дахиад л хүн царайчлахаас өөр аргагүйд хүрнэ. “Хүн гуйх хэцүү. Энэ хүн намайг 20-30 шатаар өргөөд явж чадах, эсэхийг нь харж, тооцоолно.
Хэдий сайхан сэтгэлээр шатаар гаргаад өгье гэсэн ч өөрөө бэртэх вий гэж боддог. Хүнийг нурууны өвчтэй болгочихвол хэцүү биз дээ” хэмээн ярих тэрбээр заримдаа туслуулах хүн олох гэж 2-3 цаг суух үе ч бий гэж хэлсэн. Ангийн хамт олон нь чамгүй тусалсны ачаар тэрбээр сургуульдаа 1.5 жил суралцсан байна. Багш нар нь түүнийг ойлгож, цахимаар хичээлээ үзэх боломжтой хэмээн зөвлөдөг байсан ч түүнд гэртээ суухаас илүү хамт олныхоо дунд сурч хөгжих нь сайхан санагджээ. Тиймээс ямар ч бэрхшээл тулгарсан шантралгүй суралцаж, багш нараасаа зөвлөгөө авсаар сургуулиа дүүргэсэн гэдэг.
Хэдий бэртэж, гэмтэн хөл дээрээ босох боломжгүй болсон ч гутарч гуниад суухыг хүссэнгүй. Тиймээс тэргэнцэртэй иргэдийн “Түгээмэл хөгжил” төвийн гишүүнээр элсжээ. Тэрбээр тус төвд дэд бүтцийн хүртээмжийн мэргэжилтнээр ажиллах болсон гэнэ. Гудамж, явган хүний, авто замын хүртээмжийг судалж, стандартын дагуу хэрхэн барих ёстойг зураг төслөөр харуулан, нийслэлийн ЗДТГ болон холбогдох албан байгууллагуудад танилцуулжээ. Ингэхдээ зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрэгтэй судалгаа бус, ахмад настан, жирэмсэн эмэгтэй, хүүхдүүд гээд иргэн бүр аюулгүй, саадгүй зорчихын тулд зам, талбай ямар байх ёстойг судалдаг аж.
БИЕ ДААН АМЬДРАХ БОЛОВ
Хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа түүн шиг хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан хүн бие даан амьдрах амаргүй нь мэдээж. Гэсэн ч тэр шантарсангүй, аав, ээжээсээ тусдаа амьдрахаар шийдээд жил гаруй болжээ. Эл шийдвэрээ дуулгахад гэрийнхэн нь эхэндээ эсэргүүцсэн ч ээж нь “Чамайг насаараа асрахаас татгалзахгүй. Гэвч би нэг л өдөр хорвоогийн жамаар чамайг орхино. Түүнээс хойш миний хүүг насаараа асрах хүн ховор. Тиймээс намайг байгаа дээр бие дааж амьдарч сурвал би санаа зовохгүй нүд анина” гэжээ.
Гэсэн ч тэргэнцэр дээрээ ч өөрөө сууж чаддаггүй тэрбээр ганцаараа амьдрахаас ихэд айж байв. Хоол хийх, хувцаслах, ажилдаа явах гээд хөдөлгөөн бүр нь бусдаас хамааралтай тул айхаас ч аргагүй. Гэхдээ л өөрийгөө ялан дийлж, хүнд шийдвэр гаргасандаа тэр алдсангүй.
Олон улсад 50-60 жилийн өмнөөс хөгжсөн, бие даан амьдрах тогтолцоог “Түгээмэл хөгжил” төвийнхөн манайд нэвтрүүлсэн нь түүнд дэм болжээ. Тус тогтолцооны салшгүй хэсэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бие даан амьдрахад туслах үйлчилгээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өдөр бүр 08.00-11.00 цагт эл үйлчилгээг авч болох бөгөөд төвийн ажилтнууд тэдэнд хувцас өмсөх, хоол хийх, ажилдаа явах зэрэгт нь тусалдаг байна.
Мөн орой ажил тарах үед ч уг үйлчилгээг авч болно. “Түгээмэл хөгжил” төвийнхөн ажилтнуудаа тусгайлан бэлтгэж, хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй хэрхэн харилцах, тэргэнцэр болон машинд яаж өргөж суулгах зэрэг техникийг нарийвчлан заадаг юм билээ.
Тус төвийнхний тусламжтайгаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд бие даан амьдарснаар өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж, хэнд ч дараа болохгүйгээр ажлаа сэтгэл хангалуун хийж, бусдын адил амьдрах боломж нээгджээ.
Д.Ням-Очир нь манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс хамгийн анх бие даан амьдарч буй иргэн гэж хэлэхэд болно. Түүнд автобусанд суух, гудамжаар явах гээд нийгмийн харилцаанд ороход амаргүй ч хэн нэгний гарыг харж, бүхнийг бусдаар хийлгээд суухаас илүү амьдралын зорилготой болдог гэдгээ хэлсэн.
Тэрбээр “Би бие даан амьдрахгүй, урьдын адил гэртээ суусан бол дахин нэг хүнийг хөлдөө чирэх нь мэдээж. Надад хоол унд дөхүүлэхээс эхлээд ээжид минь ажил их. Хааяа гадуур гарсан ч ах, эгч нараа гуйж машинаар нь хүргүүлж, авхуулна гээд бэрхшээл цөөнгүй байсан. Харин одоо ганцаараа ах, эгч, аав, ээждээ дараа болохгүйгээр амьдарч чадаж байна. Тэд ч бас өөрийн гэсэн амьдралтай хүмүүс шүү дээ. Би дараа болохыг хүсээгүй. Мөн хувийн туслах үйлчилгээ авснаар өөрөө ч нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож, хэн нэгнийг цалинжуулж, ажил олгогч боллоо” гэсэн юм. Түүнд бэрхшээл их ч түүнийгээ даван дийлж чаджээ. Үүнээс ч илүү гэрэлт ирээдүй хүлээж буйг үгүйсгэх аргагүй.