УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өчигдөр цаг үеийн зарим асуудлын хүрээнд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдсан асуудалд таны нэр холбогдоод буй. Та юу хэлэх вэ?
-Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээллийг нээлттэй өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Сайд Л.Оюун-Эрдэнийн “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбогдуулан хийсэн мэдээлэлд дутуу зүйл олон бий. Тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг ил болгосон нь маш зөв. Аж үйлдвэрийн сайдын хувьд уг асуудлыг хэлэлцүүлэхээр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлсэн.
Тус тэмдэглэлээс анхаарал татаж байгаа зүйл нь “Ростех”-ийн захирлаас ирсэн бичиг. Уг бичгийг орчуулалгүй тараасан. Учир нь тус бичигт төр яагаад мөнгийг нь гаргах боломжгүй болсон бэ гэдэг асуултын хариулт байгаа. Өөрөөр хэлбэл, Оросын 49 хувийг зарах саналтай байгаагаа түүгээр илэрхийлсэн. Тодруулбал, “Хувиа зарахын тулд бид төлбөр хийх хугацааг ажлын 12 хоногоос доошгүй байхаар тогтоолоо” гэдэг өгүүлбэр бий.
2016 оны зургадугаар сарын 1-нд үйлдсэн уг бичгийг манай Засгийн газарт илгээсэн. Манайд яг хэдэнд ирснийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрынхан шүүгээд олчих байх. Өөрөөр хэлбэл, ажлын 12 хоногийн дотор Монголын төр 400 сая ам.доллар босгож, ОХУ-ын зарах гэж байгаа 49 хувийг авч чадах уу гэдэг асуудалтай тулгарсан. Одоо “Бид мөнгө олоод л авчих байсан” гэж ярих амархан. Засгийн газрын хуралдаанаар үүнийг хэлэлцсэн. Миний хийсэн танилцуулгад ч тодорхой байгаа. Төр худалдан авах боломжгүй нь үнэн юм байна гэдгийг хэлсэн.
Тухайн үед УИХ-ын ээлжит чуулган завсарлачихсан байсан. Засгийн газрын хуралдааны нууцын зэрэглэлтэй тэмдэглэлээс надад хадгалагдаж буй нэг зүйл нь гуравдугаар заалтаар “УИХ-ын ээлжит сонгууль болж байгаатай холбоотойгоор 2016 оны хаврын ээлжит чуулган завсарласан. Гэхдээ 49 хувийг худалдан авсан талаар УИХ-д танилцуулан, хэлэлцээрийг соёрхон батлах хуулиудыг хүчингүйд болсонд тооцох талаар арга хэмжээ авахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгасан”.
Дараагийн УИХ бүрдсэн даруйд үүнийг хэлэлцэх боломж байсан ч авч үзээгүй. Аж үйлдвэрийн сайдын хувьд би зарчим, бодлого хоёрын шийдэл дээр зогссон. Нэгэнт манай төр худалдаж авах боломжгүй учир “хүний нохой идэхээр өөрийн нохой идсэн нь дээр”, Монголд 49 хувь нь ирж, “Эрдэнэт үйлдвэр” бүхлээрээ манай өмч болох нь улс төрийн зөв шийдэл гэдэг байр суурь маань өөрчлөгдөөгүй. Энэ нь огт хулгай биш. ОХУ хувь эзэмшиж байхад 70 гаруйхан тэрбум төгрөгийн татвар төлсөн тус үйлдвэр 2018 онд улсад ес дахин ихийг төлсөн.
-Төрд яагаад мөнгө байхгүй байсныг тодруулахгүй юу?
-Эдийн засгийн хүндрэлээс болж мөнгөгүй байсныг хүн бүр мэдэж байгаа. Нөгөө талаас ажлын 12 хоногт багтаж тэр их мөнгийг босгож чадахгүй байсан.
-“Эрдэнэт үйлдвэр”-ийн дансанд энэ мөнгөний гуравны нэг нь байсан, Монголбанкнаас нэлээдийг нь гаргасан гээд байгаа шүү дээ.
-Ер нь санхүүгийн асуудлыг Засгийн газар шийддэг юм биш. 49 хувийг худалдан авсан үйл явцыг “мөнгө угаасан” гэж яриад байгаа. Үүнийг шүүх, хяналтын байгууллага л шийдэх ёстой. Засгийн газар тухайн үед улс төрийн шийдвэр гаргасан.
-Тухайн үед Аж үйлдвэрийн яамнаас 90 сая ам.доллар шилжүүлсэн гэх баримтын талаар юу хэлэх вэ?
-Аж үйлдвэрийн яаманд 90 сая ам.доллар байгаагүй. Улс төрийн үйл ажиллагаандаа Аж үйлдвэрийн яамыг татан оруулах хэрэггүй. Тэр хүмүүс тайлбарлах байх. Энэ бол гүтгэлэг.
-“Эрдэнэт үйлдвэр”-т онцгой дэглэм тогтоосон нь зөв үү?
-Онцгой дэглэмийг БНМАУ-ын Бага хурлын тогтоолоор хоёр дахь удаагаа хэрэгжүүлж байна. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл. Шинэ Үндсэн хуулийн төгсгөлд “Шинэ Үндсэн хууль батлагдсанаар өмнө нь үйлчилж байсан бүх хууль, тогтоомж хүчингүй болсонд тооцно” гэсэн заалт бий. 1991 оны тогтоол ашиглаж байгаагаа Засгийн газрынхан тайлбарлах биз. Энэ талаар УИХ-аар зайлшгүй ярих ёстой. Түүнээс биш “Эрдэнэт үйлдвэр”-т онцгой дэглэм тогтоосныг эсэргүүцэж байгаа юм биш.
-Засгийн газраар хэлэлцсэн талаар тухайн үеийн УИХ-ын даргад ч мэдэгдээгүй нь ямар учиртай юм бэ?
-Нууцаар хэлэлцэх шийдвэрт олонхоороо хүрсэн. Гэхдээ энэ талаар УИХ-ын дарга, Ерөнхийлөгч огт мэдээлэлгүй байсан гэдэг нь худлаа болов уу.
-Прокурорын байгууллагаас УИХ-ын таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа ээлжит бус чуулганд тавина гэх мэдээлэл байна.
-Бантан болж дуусах байх. Угаасаа л УИХ-ын үйл ажиллагаа сүүлийн үед бантан болоод байгааг бүгд харж байгаа.