Жирийн иргэнд олддоггүй ЖДҮХС-гийн зээл жинхэнэ эзэддээ очихгүй, хэдэн тэрбумын хөрөнгөтэй, эрхэлж буй үйлдвэр, үйлчилгээ нь том бизнес болсон улстөрчид, тэдний хамаарал бүхий хүмүүст очсон нь олны дургүйцлийг төрүүлээд буй. Аж амьдралаа өөд нь татаж, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид бизнесээ өргөжүүлэхийн тулд үнэд хүрэх зүйлсээ барьцаалан хэдэн төгрөгийн зээл олж авах гэж үйлээ үзэж, үхэр цамаа харайдаг билээ.
Эцэст нь 30-40 сая төгрөг зээлж авсандаа баярладаг. Гэтэл УИХ-ын гишүүд ямар ч барьцаагүйгээр, өөрсдийн албан баланк дээр хүсэлт бичээд л 950 саяас дээш төгрөг ЖДҮХС-гаас зээл нэрээр авч, мөнгө хүүлж байсан нь баримтаар нотлогдсон.
Засгийн газрын эсрэг товчлуур даруулахгүйн тулд өгсөн өндөр түвшний авлига гэж үзэж болохуйц энэ хэрэгт ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийг хамгийн эхэлж яллагдагчаар татаж, улмаар Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Г.Солтан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж яллагдагчаар татах саналаа Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-д өргөн мэдүүлсэн ч гишүүдийн олонх нь хамгаалж үлдсэн нь саяхан.
ЖДҮХС-гаас олгож буй бүх зээл барьцаатай байхад УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир ямар ч барьцаагүй зээл авсан. УИХ-ын гишүүн, “Капитал” хэмээх томоохон банкны хамаарал бүхий этгээд Б.Ундармаа дээрх сангийн сонгон шалгаруулалтаас хасагдсан “Доктор МЭИК” ХХК-даа 800 сая төгрөгийн зээл авахдаа улстөрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүний эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдоод байгаа.
УИХ-ын гишүүн Л.Энхболд “Х” тайлантай байсан ачаа тээврийн үйл ажиллагаа явуулдаг компанийг иргэн Ч-гийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, мах боловсруулах “Дэлгэр говь” төсөл бичүүлэн, улмаар гишүүний албан баланк дээрээ 2018 оны дөрөвдүгээр сарын 20-нд 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн албан тоот явуулан зээл авсан байдаг.
УИХ-ын гишүүн Г.Солтан малын тэжээлийн үйлдвэрлэлийн төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий компанид УИХ-ын гишүүний 2018 оны дөрөвдүгээр сарын 16-нд 4081 дугаартай төслийг дэмжиж “ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл олгож өгөхийг хүсье” гэсэн албан бичиг ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хүргүүлж, “Монгол шаазан” компанидаа 950 сая төгрөгийн санхүүжилт авсан юм. Яллагдагчаар татагдсан таван гишүүний үйлдлийг Улсын ерөнхий прокурор ингэж танилцуулсан.
Харин Ж.Энхбаяр, Н.Учрал нараас авхуулаад олон гишүүн хамаарал бүхий компанидаа ЖДҮХС-гаас зээл авахдаа албан тушаалын байдлаа ашигласан, эсэхийг АТГ-ынхан нарийвчлан шалгаж буй.
ХАДААСАА ШУРУП БОЛГОХ БОЛОМЖ БИЙ
Үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд зээл авахаар бичиг баримтаа бүрдүүлж өгдөг ч “Зээлийн шаардлага хангахгүй байна” гэсэн шалтгаар удаа дараа буцаан, үйлдвэрийг нь дампууруулсан тохиолдол нэг бус гэдэг. Түүнээс гадна зээл авахын тулд их хэмжээний мөнгө төлж, өрөнд орж улмаар байраа алдсан иргэн өнгөрсөн арваннэгдүгээр сард хэвлэлийнхэнд хандаж байсан билээ. ЖДҮХС-гийн зээл эздэдээ хүрдэггүй энэ мэт жишээ маш олон.
Банкуудын зээлийн хүү, өндөр, хугацаа богино байдгаас бизнесийн зээл авч үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд бэрх байдаг. Ийм нэгэн жижиг, дунд үйлдвэрлэгчийн сураг сонсоод олж уулзахыг зорилоо. Бид өөрсдийгөө “Хадаасаа ч хийж чадахгүй байж” хэмээн шүүмжилдэг. Тэгвэл 2000-гаад оны эхнээс Ц.Болд хадаас үйлдвэрлэж эхэлжээ. Тэрбээр энэ бизнесээ төдийлөн олонд сурталчилдаггүй ч бараа нь амархан борлодог юм байна.
Жижиг, дунд үйлдвэрлэл гэхээсээ илүү өрхийн үйлдвэрлэгч гэхэд болно хэмээн өөрийгөө танилцуулсан Ц.Болд гуай анх ЗХУ-ын барилгын СОТ-ын ашиглаж байсан, 1957 болон 1971 онд үйлдвэрлэсэн, төмрийн хогонд тушаасан хадаасны машиныг авч, алга болсон, хаягдсан хэсгийг нь гүйцээгээд үйлдвэрлэлээ эхэлжээ. 2000 оны үед хятадууд Монголд хадаас үйлдвэрлэж, борлуулахаар хэд хэдэн машин оруулж ирсэн ч амжилт ололгүй, хаяад явцгаасан гэдэг.
Тухайн үед өмнөд хөршийнхөн “Богд ар” зэрэг хэд хэдэн хороолол барьж, түүндээ хадаас их хэмжээгээр ашиглаж байсан бөгөөд өөрсдийн үйлдвэрийнхний хадаасыг голж, Ц.Болд гуайн хийснийг их хэмжээгээр авдаг байжээ.
Тухайн үед үйлдвэрээ өргөтгөн, ажлын байраа барьж, хэд хэдэн машин суурилуулснаар өдгөө 32-200 мм голчтой, ГОСТ 4028-63 стандартын дагуу бүтээгдэхүүн гаргаж буй аж. Биднийг Сонгинохайрхан дүүргийн нутаг, Монлаагийн үйлдвэрийн ойролцоох Ц.Болд гуайн ажлын байранд өнгөрсөн бямба гарагт очиход 150 мм хадаас үйлдвэрлэж байлаа. Үйлдвэрийнхээ зарим тоног төхөөрөмжийг арматур, автомашины хаягдал обуд ашиглан хийсэн байв.
Тэрбээр “Би 19 жил хадаас үйлдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, идэвхтэй амьдралынхаа 20 жилийг энэ үйлдвэрт зориулжээ. Үйлдвэрлэсэн хадаасаа зөвхөн “Хангай” захад л борлуулдаг юм. Тэнд авч борлуулдаг хүмүүс бий. Мөн зарим таньдаг хүн, барилгын компанийнхан захиалгаар хийлгэдэг. Импортын бүтээгдэхүүнээс хямд, чанар нь илүү болохоор амархан борлодог байх. Анх 2000 онд үйлдвэрээ байгуулахаар тооцоо, судалгаа хийхэд манай улс жилд 3000 тн хадаас хэрэглэж байсан. Одоо хэд дахин нэмэгдсэн биз.
Тэр үед манай улсын төмөрлөгийн үйлдвэр сэргэж, стандартын шаардлага хангасан катанг үйлдвэрлэнэ гэж тооцоолж байсан ч санаснаар болсонгүй. Сүүлийн жилүүдэд түүхий эдийн олдоц муудаж, олдсон нь үнэтэй байдаг болохоор хүндрэлтэй л байна. Манай энэ цех орчин үеийн өндөр хүчин чадалтай үйлдвэрийн дэргэд юу ч биш л дээ. Гэхдээ дотоодын хэрэгцээний тодорхой хувийг хангах боломж бий. Манай улсын аливаа үйлдвэрлэл хөгжихгүй байгаа шалтгаан нь хоёр хөрштэй холбоотой гэж би хувьдаа үздэг юм. Хоёр том үйлдвэрлэгч гүрний дунд байгаа учраас хөгжихгүй, импортын бүтээгдэхүүнд нь цохигдоод байна” хэмээн ярьсан.
“Сүүлийн үед барилгын салбарт хадаасаас илүүтэй шуруп буюу үзүүртэй эрэг ашиглах болсон. Энэ чиглэлд үйлдвэрлэлээ өргөтгөх боломж бий юү” гэсэн асуултад минь тэрбээр “Шуруп хийдэг машин хадаасныхтай ажиллах зарчим нь ижил. Дээр нь ховил гаргах төхөөрөмж шаардлагатай болно. Шурупний болон хадаасны толгой гаргаж буй зарчим нь яг адил. Шуруп хийх боломж байгаа ч санхүүгийн байдлаас болж тоног төхөөрөмж авч чадахгүй шүү дээ. Зөвхөн шуруп гэлтгүй бусад төрлийн хадаас ч үйлдвэрлэх боломж уг нь бий” гэсэн юм.
АЖЛЫН БАЙРАА АЛДАХГҮЙН ТУЛД ХҮҮГИЙНХЭЭ БАЙРЫГ ЗАРЖ ЗЭЭЛЭЭ ТӨЛЖЭЭ
Зах, барилгын материалын худалдааны төвүүдэд худалдаж буй, өмнөд хөршөөс оруулж ирсэн хадаас ихэнхдээ жиндээ хүрдэггүй гэдгийг наймаачид хэлж байна. 10 кг гэж савласан, өмнөд хөршөөс оруулж ирсэн хадаас 8-9 кг хүрэхтэй, үгүйтэй байв. “Хангай” захын хадаасны ченжүүд “Хятадаас оруулж ирдэг хадаасны голч бүдүүн байдаг. Манайхан нимгэн банзандаа тохирсон нарийн хадаас авахыг илүүд үздэг.
Учир нь нарийн банзанд бүдүүн голчтой хадаас хадахад хагарчихаад байдаг гэсэн. Тиймээс Монголдоо үйлдвэрлэсэн, олон улсын стандартад нийцсэн хадаас худалдаж авдаг. Ц.Болд гээд хадаас хийдэг ахын бараа нь 10 кг гэсэн л бол яг байдаг. Харин өмнөд хөршөөс оруулж ирсэн хадаас жиндээ хүрдэггүй, амархан гулзайдаг гээд хэрэглэгчид ам муутай” гэцгээж байв.
Хадаас манайхны байнгын хэрэглээ байдаг бөгөөд өвөлдөө нарийн голчтой нь, зундаа бүдүүн нь гүйлгээ сайтай байдаг аж. Үйлдвэрийнх нь гол түүхий эд нь катанг төмөр. Ийм төмрийн олдоц муудаж, үнэд орсон учраас үйлдвэрлэлээ явуулахад хүндрэлтэй байгаа талаар тэрбээр өгүүлж байсан. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” арматур үйлдвэрлэхээс биш, катанг гаргадаггүй гэнэ.
Харин Монголд үйл ажиллагаа явуулж байгаа, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай төмрийн үйлдвэрүүдийн гаргадаг болон өмнөд хөршөөс оруулж ирдэг катангийн чанар муу байдаг аж. Тиймдээ ч хадаасаа хийхийн тулд катангийг сунгаж, тохирсон хэмжээнд хүргэх гэхээр тасраад байдаг гэнэ. Чанарын шаардлага хангасан катанг сунгахаар тасардаггүй гэдгийг Ц.Болд гуай хэлээд “Катанг ингэж дундаа хөөстэй юм шиг байхад, арматурынх нь чанар ямар байгаа бол гэсэн эргэлзээ төрдөг” хэмээсэн юм.
Чанартай хадаас гаргахын тулд тэрбээр хаягдал төмөр цуглуулан хооронд нь залгаж гагнаад, тодорхой хэмжээнд хүргээд хадаасаа үйлдвэрлэдэг юм билээ. Төмрөө их хэмжээгээр татаад ахиухан нөөц бүрдүүлэхийн тулд 200-300 сая төгрөгийн хөрөнгө шаардлагатай байдаг ч тийм их хэмжээний мөнгө байхгүйгээс өдөр, хоногоо аргацааж буй гэсэн.
“Ажлын байраа өргөтгөх, хүн нэмж ажиллуулахын тулд ЖДҮХС болон банкнаас зээл хөөцөлдөж байсан уу” гэсэн асуултад “Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийн сангаас зээл авч, ажлын байраа барьсан. Тэндээс зээл авахад барьцаа хамгийн их шаардлагатай юм билээ. Гэтэл үйлдвэрийн минь тоног төхөөрөмжийг 30-40 саяар л үнэлж зээл олговол их юм болно. Тиймээс их хэмжээгээр зээл авах боломж байдаггүй.
Банкнаас бизнесийн зээл авч байсан ч хүү нь өндөр, хугацаа нь богино байдаг. Банкнаас зээл авахдаа хүүгийнхээ орон сууцыг барьцаанд тавьж, хугацаа нь дуусаж алдчих гээд байсан учраас борлуулж зээлээ төлсөн. Ажлын байртайгаа үлдэхийн тулд хүүгийнхээ байрыг л борлуулж, түрээсийн байранд амьдруулж байна. Уг нь хэдэн жилийн өмнө төмөр хямд, олдоцтой байхад 5-6 хүн ажиллуулж байлаа. Техникийн сэтгэлгээтэй хүн энэ үйлдвэрийг ажиллуулахад хялбар л даа” гэж хариуллаа.
ЖДҮХС-гийн зээл жинхэнэ эздэдээ хүрдэггүйн бодит жишээ энэ. Хэрэв хадаасны энэ үйлдвэрт УИХ-ын гишүүд хамаарал бүхий компаниуддаа авсан 950 сая төгрөгийн хөрөнгийг оруулбал бүх төрлийн хадаасаар тогтохгүй, шурупны төхөөрөмж авч үйлдвэрлэхэд хүрэлцэхээс гадна барааны хэдэн сарын нөөц бүрдүүлэх боломжтой юм билээ.