Аль ч Засгийн газрын үед ийм л байсан. Боловсролын салбарынхны мөнгө туух “туухай” нь сурах бичиг. Тиймдээ ч ганц сонгон шалгаруулалтаар хийчих ажлыг хэдэн арав нугалах нь тэдэнд ашигтай байдаг биз. Ерөнхий боловсролын цөм хөтөлбөрийн хүрээнд сурах бичгийг шинээр зохиох, хэвлэх, түгээх, борлуулах явцад гарсан алдаа дутагдал, завхралыг “Өнөөдөр” сонин цувралаар нийтэлж буй.
БСШУСЯ, харьяа агентлагуудынх нь хийж, хэрэгжүүлж буй ажлыг бид судалж, сурвалжилж, асууж, тодруулж, олон нийтэд үнэн зөв, тэнцвэртэй мэдээлэл хүргэхийг зорьж байна. Үүний хүчинд өнөөдөр сурах бичгийн тендер, хүртээмж, хангамжийн асуудал олон нийтийн анхаарлын төвд очсон. Цөм хөтөлбөрийн хүрээнд сурах бичиг зохиох, нөхөн хэвлэхэд төсвөөс 14 тэрбум төгрөг зарцуулснаа яамныхан хэлсэн юм. Гэтэл өдгөө улсын хэмжээнд нийт сурагчдын тал хувь нь номгүй хичээллэж байгааг юу гэх вэ.
Эрх баригчид бага ангийнхны сурах бичгийг улсаас 100 хувь даадаг гэж “томордог”. Дунд, ахлах ангийнхны номын 40 хувийг үнэгүй өгдөг гэж сайрхдаг. Гэтэл тэдний ам, ажил нь алд дэлэм зөрснийг Боловсролын хүрээлэнгийнхний сүүлийн гурван сард хийсэн судалгааны дүн гэрчилнэ. Төр үүргээ гүйцэтгэж чадахгүй байж иргэдэд худал мэдээлэл түгээж, цээжээ дэлддэгээ одоо болих хэрэгтэй.
Боловсролын хүрээлэнгийн Сурах бичиг, сургалтын орчны судалгааны секторын эрхлэгч Д.Пунцагсүрэн “Бага, дунд, бүрэн дунд боловсролын түвшинд сурах бичгийн хангамж, хүртээмж бодит байдалд ямар байгааг судалж, тогтоолоо. Бага ангийнхны номыг төрөөс 100 хувь хангах зорилт тавьсан. Үүний 97-98 хувийг биелүүлж байна. Хамгийн хүртээмж муутай ном нь иргэний боловсролынх.
Бага ангийн хүүхдүүдийн 10 хувьд нь эл сурах бичиг алга. 6-9 дүгээр ангид нийт сурагчдын 40 хувийг номоор хангах ёстой. Энэ нь 30 гаруй хувьтай. Номын санчдаас шалтгааныг нь тодруулахад, сурагчдынх нь тооноос дутуу нийлүүлдэг гэнэ. Ахлах ангийнхны 40 хувьд мөн сурах бичиг үнэгүй өгөх журамтай. Гэвч зорилтот бүлгийнхний 15-25 хувь нь л номтой” гэж ярилаа.
Тус хүрээлэнгийн судалгаанаас үзвэл, улсын хэмжээнд сурах бичгийн хангамж 50 хувьтай байна. Дүрслэх урлагийн номынх бүр 30 хувь. 40 хүүхэдтэй нэг ангид 20-25 сурагч сурах бичиггүй хичээллэж байхад юун цөм хөтөлбөр. Алслагдсан сумуудад 10 хүүхэд дундаа нэг номтой байна, та минь ээ. Тиймээс сайд, дарга нар цөм хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг хүлээх ч хэрэггүй. Нэн тэргүүний асуудал бол сурагчдаа номтой нь золгуулах.
Манай төр, засаг, хэвлэлийн компаниудын аль аль нь хүүхдийн эрх ашгийг хэзээ ч боддоггүй. Улсаас мөнгө авч, үнэгүй тараадаг номыг түрүүлээд хэвлэчихдэг нь үүний бэлээхэн жишээ. Сонгон шалгаруулалтад ялсан хэвлэлийн компаниуд дунд, ахлах ангийнхны номын 60 хувийг хэвлэж, зах зээлд борлуулах үүрэгтэй. Гэвч байнга хомсдол үүсгэж, дамлан худалдсаар байна.
Д.Пунцагсүрэн эрхлэгч “XI ангийнхны сурах бичиг худалдан авах чадварыг судалсан. Математик 29, монгол хэл 16, физик, биологи, хими тус бүр 25, хөгжим, газар зүй 10, дүрслэх урлагийнх 12 хувьтай байна. Үүнээс харахад, эцэг, эхчүүд хүүхдэдээ гол хичээлийнх нь номыг түлхүү авч өгдөг. Төрөөс тогтоосон үнээр бол XI ангийн бүх хичээлийн ном нийлээд 36 000 төгрөг.
Харамсалтай нь, зах зээлд үүнээс 2-3 дахин өндөр үнээр борлуулдаг. Монголчуудын амьжиргааны түвшин, өрхийн орлогоос шалтгаалаад 100 гаруй мянган төгрөгөөр ном авч өгөх эцэг, эх тийм ч олон биш. Нөгөө талаас боломжтой хэд нь хүүхдэдээ иж бүрэн сурах бичиг аваад өгье гэхээр олддоггүй. Компаниуд зах зээлд худалдах номоо бүрэн хэвлэдэггүй, цөөн тоогоор хувилсан нь дамын наймаачдын гарт ордог. Үйлдвэр дээр нь очсон ч бүгдийг нь олж авч чаддаггүй гэж эцэг, эхчүүд хэлсэн. Эсвэл тендерт ялагдсан компаниуд шүүхдээд шалгарсан аж ахуйн нэгжийн ажлыг хийлгэдэггүй. Эрх авсан хэвлэх үйлдвэрүүдийн борлуулах цэг тодорхойгүй.
Зарагдахгүй гэж болгоомжилдог юм уу, нөхөн хэвлэх хугацаа нь удаан. Эдгээр шалтгаанаас болж хүүхдүүд номгүй хичээллэж байна. Боловсролын хүрээлэн номд агуулга, үг, үсэг, логикийн ямар алдаа байгаа талаар багш нараас гадна эцэг, эхчүүд, хүүхдүүдээс санал авдаг болсон. Өдгөө үүсээд буй асуудалд гарц гаргалгаа хайх зорилготой. БСШУСЯ, харьяа байгууллагууд Сурах бичиг зохиох, хэвлэх, түгээх журмыг өөрчлөхөөр хэлэлцэж байна. Түүний дараа хэвлэлийн компаниудыг цэгцлэх боломж бүрдэнэ” гэсэн юм.
Ерөнхий боловсролын 12 жилийн тогтолцоонд шилжихэд VI, 2016 онд XII ангийнхан нийтээрээ сурах бичиггүйгээр хичээлийн бүтэн жил дуусгаж байсан. Нөгөөх л тендер, хэвлэлийн компанийнхны урагшгүй, унхиагүй байдлаас үүдэлтэй. Гэтэл хамгийн их мөнгө авдаг хэвлэлийн компаниудад хяналт тавьж, хариуцлага тооцдоггүй. Хичээлийн жил дуусах гэж байхад хүүхдүүд шинэ сурах бичигтэйгээ алаг цоог л золгож байна.
Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр, 2018-2019 оны хичээлийн жилд 99 нэр, төрлийн сурах бичгээс “Мөнхийн үсэг” 980 923, “Соёмбо принтинг” 704 002, “Сод пресс” 83 661, “Битпресс” 253 469, “Тэнгэрлэг үсэг” 28 872, “Адмон принт” 243 321 ширхэг ном хэвлэж буй. Тэд хичээл тус бүрээр 1000-28 000 ширхэг ном зах зээлд борлуулах үүрэгтэй. Гэвч зарим нь энэ үүргээ умартаж, 50 хувьд нь ч хүргэхгүй байгаа нь харамсалтай. Нэг ширхэг ном хэвлэх зардал 1300-6000 төгрөг. БСШУСЯ-ныхан 6.2 тэрбум орчим төгрөгийг зөвхөн ном хэвлүүлэх зардалд зарцуулсан гэнэ. Үр дүн нь хаана байна вэ.
Ямар ямар компани сурах бичиг хэвлэх теншатдерийг давуу эрхтэй эзэмшиж байгааг дээрх тоо баримт гэрчлэх биз ээ. Өчнөөн мөнгө цацаад ч сурах бичиг хүрэлцэхгүй байгаа нь теншат шатны байгууллагад тавих хяналт султай холбоотой. Энэ зах зээлд “тоглож” буй хэдхэн хүний хөлд хүүхдүүд хохирсоор.
Дунд, ахлах ангийн сурагчдын 60 хувь нь өөрсдөө номоо худалдан авах учиртай ч орон нутагт номын худалдааны тогтолцоо бүрдээгүй, хэвлэлийн компаниудын хамтын ажиллагаа, эцэг, эхийн худалдан авах чадвар зэргээс болж сурах бичгийн хүртээмж хангалтгүй байна. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг сурах бичгийн хангамжийг сайжруулахад жилд 40 тэрбум төгрөг хэрэгтэй гэж үндэслэл, судалгаагүй мэдээлэв. Ийм хэмжээний мөнгө төрөөс гаргуулж, “идэж, уух” гэсэн санаатнууд цаана нь нуугдаж байхыг үгүйсгэхгүй.
Ё.Отгонбаяр сайдын үед сурах бичгийг шат дараатай үнэгүй болгоно гэсэн ч өдий хүртэл дорвитой алхам хийгээгүй. Харин ч жил ирэх тусам хомсдол үүсгэж, сурах бичгийн борлуулалтаас ашиг хонжоо харах нь ихэслээ. Тиймээс сурах бичгийг нийтээр нь үнэгүй болгох, эсвэл зах зээлийн зарчмаар асуудлыг шийдэх нь зүйтэй гэж судлаачид үзэж байна.
Өнгөрсөн лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар Ё.Баатарбилэг сайд сурах бичгийн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлэх болсноо мэдээлсэн. Тэрбээр “Энэ жил ерөнхий боловсролын сургуулийн 593 150 хүүхдийн 73 хувь нь сурах бичгээ сургуулиасаа үнэ төлбөргүй авч байна” гэсэн тооцоо судалгаагүй тоо хэлэв. Нийт сурагчдын 50 хувь нь сурах бичиггүй байгааг энд дахин тэмдэглэе.
Өнөө жил ширхэг ч ном хэвлэхгүй, нэг ч төгрөг тусгахгүй гэсэн. Хүүхдүүд сурах бичиггүй байхад юугаа түрээслэх вэ. Олон улсын төсөл, хөтөлбөрөөс мөнгө “босгоно” гэнэ. Шинэ сайдын амлалт гал унтраах төдий үг бүү байгаасай. 2013-2014 онд сурах бичиг түрээсэлдэг байхад хангамж 84 хувь болж нэмэгдсэн байдаг. Тиймээс өнөөгийн нөхцөлд ийм үйлчилгээ нэвтрүүлэх нь хамгийн зөв арга гэлцэнэ.