Татвар төлөх дуртай хүн байхгүй. Гэхдээ улс орон, нийгэм, эдийн засгийнхаа эд, эс болж байгаагийн хувьд заавал татвар төлөх учиртай. “Хүн төрсөн нь үнэн бол татвар төлөх нь үнэн” гэсэн үг бий. Татвараа шударгаар төлөх нь хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хамгийн том хариуцлага.
Асрамжийн газрын хүүхдүүдэд тав, арван төгрөгийн бэлэг сэлт гардуулчихаад нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байна гэж ярихаас илүүтэй орлогоо бүрэн мэдүүлж, татвараа шударгаар төлөх нь улсдаа оруулж буй том хувь нэмэр юм. Татвараас “бултах”, орлогоо нуух явдал эрт үед ч байсан, эдүгээ ч байгаа. Өндөр хөгжсөн орнуудад ч, хөгжиж буйд нь ч аж ахуйн нэгжүүд орлогоо шударгаар бүртгэхгүй, татвараас зугтах явдал гардаг. Гэхдээ буурай болон хөгжиж буй орнуудад орлогоо шударгаар бүртгэхгүй байх явдал түгээмэл байдаг аж.
Манай компаниуд “хоёр тайлан” гаргаж, орлогоо нуун дардаг. 100 саяын орлоготой ажиллачихаад 50 сая төгрөг олсон гэсэн хуурамч тайланг татварын алба руу илгээн, бага татвар төлөхийг “хоёр тайлан” гаргах гэдэг юм. Орлогоо нуун дарагдуулахыг мэргэжлийн хэллэгээр далд буюу сүүдрийн эдийн засаг гэж нэрлэх нь ч бий. Сүүдрийн эдийн засгийн хэмжээг тодорхойлоход төвөгтэй. Аргачлалаасаа хамаарч харилцан адилгүй дүн гардаг.
Монголбанкны эдийн засагчид 2012 онд улсынхаа сүүдрийн эдийн засгийг тодорхойлох судалгаа хийсэн. Тэд Монгол Улсын далд эдийн засаг дотоодын нийт бүтээгдэхүүний 35 хувьтай дүйж байна гэж дүгнэсэн юм. Тэгвэл дараа жил нь Үндэсний статистикийн хорооныхон судалгаа хийгээд сүүдрийн эдийн засаг дотоодын нийт бүтээгдэхүүний 13.5 хувьтай тэнцэж байна гэсэн тайлан гаргав. Аргачлалаас хамаарч хол зөрүүтэй, толгой эргэм дүн гардгийн бэлээхэн жишээ энэ. Эдийн засагчид тэхий голоор нь “Манай сүүдрийн эдийн засаг дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувьтай дүйдэг” гэж ярих “дуртай”.
Далд эдийн засгийг ил болгох, татвараа шударгаар хураахын тулд манай улс НӨАТ-ын буцаан олголтын журмыг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ журмын дагуу жилийн эцэст иргэдийн нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн татварын хоёр хувийг буцаан олгох болсон юм. Иргэд нэмэгдсэн өртгийн албан татварыг 10 хувиар тооцож төлдөг. И-баримтын систем бүрдүүлж, нэмэгдсэн өртгийн албан татварын хоёр хувийг буцаан олгох болсноор аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлого нэлээд бодитой гарч эхэлсэн.
Энэ нь иргэдэд татварын урамшуулал олгох замаар далд эдийн засгийг ил болгох бодлого байв. Бодлого ч байгаа онож, далд эдийн засаг ил болж буйг татварын орлогын өсөлтөөс харж болно. Систем бүрдүүлж, татварын баримтыг бүртгэж эхэлснээр НӨАТ-ын хэмжээ өнгөрсөн оны эцэст 2.1 их наяд төгрөгт хүрлээ. НӨАТ-ын хэмжээ 2017 оны эцэст 1.6 их наяд төгрөгт хүрсэн. И-баримтын системд нэвтрүүлсэн 2016 онд 1.1 их наяд төгрөгт хүрсэн юм.
Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад НӨАТ-ын хэмжээ хоёр дахин нэмэгдсэн байгаа биз. Нэг талаар эдийн засгийн өсөлтийг дагаад аж ахуйн нэгжүүдийн борлуулалт нэмэгдэж буй нь дамжиггүй. Нөгөөтээгүүр, и-баримтын систем сүүдрийн эдийн засгийг ил болгосноор татварын хэмжээ өссөн хэрэг. Гэхдээ и-баримтын систем татварын орлого нэмэгдэхэд хэрхэн нөлөөлснийг бүрэн тайлбарлаж чадаагүй байна.
НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмбэл сүүдрийн эдийн засаг улам ил болно, компаниуд татвараа шударгаар төлнө гэж үзэх нийгмийн нэг хэсэг бий. Энэ нь буцаан олголтын хэмжээг нэмбэл иргэд и-баримтаа идэвхтэй бүртгүүлнэ, улмаар аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлого илүү тодорхой болно гэсэн санаачилга юм.
Буцаан олголтоор өмнөхөөс илүү их мөнгө авах учраас иргэд НӨАТ-ын и-баримтаа хаяхгүй, идэвхтэй бүртгүүлэх нь дамжиггүй. Худалдаа эрхлэгчид, үйлчилгээний газрууд НӨАТ-ын баримт олгохоос цааргалах тохиолдол түгээмэл болсон. Хэрэв НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмчихвэл иргэд баримтаа нэхэж авах явдал ч дэлгэрнэ. Ингэхээр мөнөөх татвар төлөгчийн орлого улам тодорхой болж, татвараа шударгаар төлөхөөс өөр гарцгүй болох юм. НӨАТ-ыг 100 хувь буцаан олгодог болох хэрэгтэй гэсэн санал гаргадаг хүмүүс ч бий.
2018 оны жишээг авбал улс маань 2.1 их наяд төгрөгийн татвар хураагаад, түүнийгээ эргүүлж тараах нь байна. Татварын орлогынхоо 25 хувийг тараана гэсэн үг. Тэгэхээр энэ бол хариуцлагаас зугтах гэсэн “утопи” санал юм. Ийм саналыг хэрэгжүүлэх шаардлага ч үгүй болов уу. Харин НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг нэг хувиар нэмье гэсэн санал гаргавал илүү бодитой, амьдралд ойр. НӨАТ-ын буцаан олголтыг яагаад гурван хувь болгож болохгүй гэж. Далд эдийн засгийг ил болгоход, татвараа шударгаар хураахад хөшүүрэг болно доо.
Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүнээс НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг нь цаашид нэмэх бодлого баримтлах, эсэхийг лавлалаа. Тэрбээр “НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг нэмэх бодлого одоогоор баримтлахгүй. Харин буцаан олголтыг жилд нэг удаа биш, улирал бүр олгож байх зохицуулалтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан” гэж хариулав.
Дэлхийн 190 гаруй улс эдийн засгийн эргэлтээ хянахын тулд нэмэгдсэн өртгийн албан татвар хураадаг. Цөөн хэд нь худалдааны татвараар эдийн засгийн эргэлтээ хянадаг юм. Нэмэгдсэн өртгийн албан татвар хураадаг хоёрхон улс л буцаан олголт хийж, иргэдээ урамшуулдаг байна. Мэдээжийн хэрэг нэг нь манайх, нөгөөх БНХАУ-ын Тайвань аж.
НӨАТ-аас үл хамааран борлуулалтын орлогоо нуух өчнөөн аргыг манайхан сэддэг. Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компани, өөр нэгэн аж ахуйн нэгжтэй алт олборлуулах гэрээ байгуулаад, түүндээ эргэлтийн хөрөнгийн зээл олгожээ. Гэхдээ зээл нь асар өндөр хүүтэй.
Мөнөөх олборлогч компани өндөр хүүтэй зээл төлж байгаа учраас бага орлоготой ажиллана. Тэгэхээр бага татвар төлнө. Зээлийн хүүтэй адилтгах орлогоос татвар төлдөггүй. Мөн л тусгай зөвшөөрөл эзэмшигч компани ч бага татвар төлөх нь дамжиггүй. Лиценз эзэмшигч компани зээлийн хүү нэрийн дор асар их ашиг олчихож байгаа юм. Манайхан “далд” хамааралтай компани байгуулаад, хамтран ажиллах нэрийн дор ингэж татвараас бултдаг.
Өөр нэг жишээ. Нэг лонх шарзыг сая төгрөгөөр борлуулдаг өндөр зэрэглэлийн ресторан Х тайлан гаргажээ. Тэднийх борлуулалтын орлогоо аж ахуйн нэгжийнхээ бус, эзнийхээ хувийн данс руу хийдэг байжээ. Компанийнхаа данс руу мөнгө оруулаагүй учраас Х тайлан гаргахаас өөр яах вэ. Монголчууд татвараас бас ингэж бултан, сүүдрийн эдийн засгийн хүрээг өргөсгөдөг юм.
Татварын албаныхан НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг нэмэхээс илүүтэй аж ахуйн нэгж, түүний хамаарал бүхий этгээдийн банкан дахь дансны мэдээллийг авах, үйл ажиллагаа явуулсан ч Х тайлан гаргаж буй аж ахуйн нэгжийн татварыг хамаарал бүхий этгээдээр нь төлүүлэх, гаалийн хяналтын системээ сайжруулах замаар далд эдийн засгийг ил болгож, татвараа шударгаар хураах зохицуулалтыг татварын багц хуулийн шинэчлэлийн төсөлд тусгасан гэнэ. Тэгэхээр НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмүүлэх гэсэн иргэдийн санал хэрэгжихгүй нь бололтой. Гэхдээ хожим хэрхэхийг хэн ч хэлж мэдэхгүй байна.