Этиопт анх удаа шүүхээр хүчингийн хэргийг ялсан Woineshet Zebene Negash жүжигчин Mario Bello-гийн хамт /2010 он/
Ямар азаар Монголд эмэгтэй хүн болж төрөө вэ? Хойд Азийн хаа нэгтээ эхийн хэвлийд бүрэлдсэн бол хүйсийг минь үзүүлээд л үр хөндүүлчих байсан байх. Эсвэл заншилаа дагаж байна гээд хүчиндсэн хүнтэйгээ суу гэж шаардуулж, боловсрол эзэмших гэсэн хүслээсээ болж чулуугаар цохиулж амиа алдах байсан ч юм билүү? Эрэгтэй бол тээдэг, эмэгтэй бол үр хөндүүлдэг явдал Азийн орнуудад нийтлэг байдаг. Хятадад хүйсийн тэнцвэргүй байдлыг тогтворжуулахын тулд 1995 онд эмч нарыг хэвлийдэх хүүхдийн хүйсийг тодорхойлохыг хуулиар хориглосон.
Гэсэн хэдий ч хууль бусаар ажиллах оношлогооны газрууд жирэмсэн эмэгтэйчүүдийн хөлд дарагдсаар байна. Үүний улмаас Хятадад хүн амын хүйсийн харилцаа 34 саяар зөрүүтэй. 34 сая эрэгтэй эхнэр авах боломжгүй. Энэтхэгт энэ тоон зөрүү 63 сая. Учир нь мөн л эмэгтэй хүүхэд байвал үр хөндүүлдэг. Эмэгтэй хүүхдийг тээж төрүүлсэн ч вакцин хийлгэдэггүй. Вакцин хийлгэх мөнгөгүйгээс гадна, охин хүүхдийн амыг чухалчилж үздэггүйгээс тэр. Аз нь байвал хүн болно гээд зөнд нь орхидог. Аз нь байгаад хүн болсон ч эмэгтэй болж төрсөнийхөө төлөө тэд маш их төлөөс төлдөг. Хулгайлагдаж, худалдагдаж, хүчирхийлүүлж, хүчиндүүлж, ялгаварлан гадуурхагдаж, эрх нь зөрчигддөг явдал зуу зуун сая эмэгтэйчүүдийн хувь тавилан.
Жишээ нь, Этиопод таван залуу 13 настай Войншэт гэх охиныг бүлэглэн хүчиндсэн хэрэг гарсан. Этиопод хуулиндаа хүчирхийлэгч хохирогчтой гэр бүл болсон тохиолдолд хуулийн хариуцлага хүлээдэггүй байсан байна. Энэ нь ар гэрийн боломжгүй, бэр гуйхад нөгөө тал нь зөвшөөрөхгүй залуучууд охидыг хулгайлж, хүчиндээд дараа нь гэр бүл болдог заншилаас үүдэлтэй. Хүчиндсэн залуусд хүн хулгайлсан хэргээр арван жилийн хорих ял оноосон боловч хэрэгтнүүд сар гарны дараа шоронгоос суллагдсан байна. Охиныг ахин хулгайлан хүчиндэж, хүчинг толгойлж байсан Эвэрэб гэх 20 настай залуу өөртэйгөө гэрлэхийг шаардаж зодож дарамталж хориж байж. 15 хоногийн дараа оргон гэртээ ирээд ахин шүүх цагдаагаар явсан байна.
Цагдаа “хүчиндэгч чамтай суухыг хүсч байна, шүүхээр яваад нэмэргүй” гэж ятгаж байсан бөгөөд тосгоныхон гэр бүл болдог уламжлалыг эвдэн хуулийн байгууллагаар явж байна гэж ар гэрийхнийг нь буруутгаж байжээ. Энэ хэрэг дөрвөн жил сунжирсны эцэст 2004 онд анх удаа Африкт хүчингийн хэрэгтэнд ял эдлүүлэхээр болсон юм. 2012 онд 16 настай охин хүчиндсэн хүнтэйгээ суухгүй гэж амиа хорлосон тохиолдол Морокко улсын хуулинд өөрчлөлт ороход нөлөөлсөн. Энэ мэтчилэн хүчиндэгчтэй гэрлэсэн тохиолдолд ялаас чөлөөлдөг хууль бага багаар өөрчлөгдөж байгаа ч Филипин, Лебанон, Тажикстан, Палистан, Ли биа, Ирак, Сириа, Кувайт, Бахрэйн, Эритриа, Камерион, Экуатор Жэниа, Ангола зэрэг улсуудад хүчингийн хэрэгт хуулийн хариуцлага хүлээдэггүй хэвээр байна.
Мөн өнөөдрийг хүртэл Африкд байгаа Муслим шашинтай орнуудад эмэгтэйчүүдийг “ариун байлгах” нэрийдлээр бэлэг эрхтэний гаднахыг огтолж зөвхөн шээх, болон сарын тэмдэг гадагшлах хэмжээний нүх үлдээн оёдог уламжлалтай хэвээр байна. Египтээс олдсон эртний мумминуудын эм бэлэг эрхтэнг оёсон байсан байна. 1666 оны Германы анагаахын сурах бичигт хэрхэн энэ мэс ажилбар хийх зааварчилгааг бичиж үлдээсэн байдаг. 1860 он хүртэл Англи, Америк, Европийн зарим оронд тус мэс ажилбарыг хийдэг байжээ.
Өнөөдөр 130 сая эмэгтэй энэ мэс ажилбарыг хийлгэсэн гэсэн тоо байдаг бөгөөд Нэгдсэн үндэсний байгууллагийн Африкт хийсэн судалгаагаар жилд дунджаар гурван сая охид мэс ажилбарт ордог байна. 41 сая хүн амтай Судан улсын эмэгтэйчүүдийн 90%, 12 сая хүн амтай Гүниан улсын эмэгтэйчүүдийн 99% нь бэлэг эрхтэнээ огтоллуулж, оёуулсан байдаг. Энэ мэс ажилбар улс улсад янз бүрээр хийгддэг бөгөөд Ямины тосгод, Оман, Индониз, Малайз, Бэдойн болон хойд Арабын зарим хэсэгт, Израйл болон Энэтхэг, Пакистанд өргөн дэлгэр хийгдэж байна.
Яминд охидыг төрснөөс нь хойш хоёр долоо хоногтой байхад нь оёдог бол Египтэд өсвөр насанд нь оёдог байна. Энэхүү мэс ажилбар нь эмэгтэй хүнийг бэлгийн хүслийг бууруулдаг бөгөөд хүнтэй суутлаа охин биеээ ариун авч явах ёстой гэдэг уламжлалтай холбоотой. Хүнтэй суусных нь дараа нөхөр эсвэл сайн дурын анагаагч нар хайчаар оёдолыг задалдаг байна. Гэрийн нөхцөлд сайн дурын анагаагчаар хийгдэх энэхүү мэс ажилбарын явцад бохирдох, цус алдалтыг тогтоож чадахгүй байх зэргээс сая сая охид амиа харамсалтайгаар алдаж байна.
Чулуу шиддэг зан үйл буюу “Нэр төрийн аллага”
Эмэгтэй болж төрсөний төлөө тамлуулах нь энэ хүрээд зогсохгүй. Лалын шашинтай орнуудад биеийн онцлогоос шалтгаалаад хуримын анхны шөнө онгон халиснаас цус гарахгүй байх, эцэг эхийнхээ суу гэсэн хүнтэй суухыг эсэргүүцэн дурласан хүнтэйгээ суухыг оролдох, гудамжаар харгалзах эр хүнгүйгээр явах, дээд боловсрол эзэмшихийг хүсэх зэрэг нь үхлийн ялтай. Эмэгтэйг амьсгал хураатал нь чулуу шиддэг энэ зан үйлийг “Нэр төрийн аллага” гэдэг. Аллагад хуулийн хариуцлага хүлээлгэдэггүй бөгөөд жилд дунджаар 5000 эмэгтэй эцэг, эр нөхөр болон ах дүүсийнхээ гарт амь үрэгдэж байна.
Дээр дурдсан хориотой зүйлсээр лалын шашинтай улсын эмэгтэйчүүдийн эрх хаязгаарлагдаад зогсдоггүй. Тэд нөхрөөсөө өөр хүнд үсээ харуулж болохгүй, гэрээс гарахдаа нүднээс бусдаар шагай хүртэлээ өөрийгөө халхалж, танихгүй эрэгтэй хүнтэй үг солих, олон нийтийн газар чанга хоолойгоор ярих зэрэг нь тухайн эмэгтэйг хэвтэрт ортол зодуулахад хүргэдэг. 2002 онд Сауди Арабд охидын сургуульд гал гарсан байна. Сургуулийн ажилчид охидыг галаас гаргахын оронд толгойгоо хар нөмрөгөөр халхалаагүйг нь буцаж галруу татаж оруулан халхавчаа зүүж гарахыг шаардаж байсан бөгөөд үүний улмаас 14 охин галд түлэгдэж үхсэн байна.
Пакистанд 2012 онд 15 настай Малала Юсафзай охиныг сургуулийн автобусанд нь буудсан хэрэг гарч байсан. Малалагийн аав Зиэуддин Юсуфзай охид боловсрол эзэмших эрхтэй гэж үздэг байсан бөгөөд сургууль нээн охидын анги хичээллүүлдэг байсан байна. Зиэддин болон Малала “Эмэгтэй хүүхэд ч бас сурах эрхтэй” компанит ажил явуулж байжээ. Нэгэн өдөр охины сууж явсан автобусыг нь зогсоон та нарын хэн нь Малала вэ гэж асуун, Малалагийн толгойруу хоёр бууджээ. Хажууд нь сууж явсан хоёр охин тэнэсэн суманд өртөн гар болон цээжиндээ шархадсан байна.
Тухайн үед англиас эмч нар Пакистанд туршлага солилцох хөтөлбөрөөр очсон байсан бөгөөд эмч нар охиныг Англи авч яван эмчилжээ. Малала 17 настайдаа нобелийн шагнал хүлээж авсан бөгөөд боловсролын төлөө дуу хоолойгоо дэлхий нийтэд хүргэсээр байна. Өнөөдөр гурван охин хүүхдийн нэг нь сургуульд сурж байгаа бөгөөд тэд дунд сургуулиа төгсөх эрхтэй. Гуравны хоёр нь огт боловсрол эзэмшээгүй тул санхүүтэй холбоотой асуудалд хоёр эмэгтэй гэрчийн үг нэг эрэгтэй гэрчийн үгтэй тэнцүү гэж үздэг. Эмэгтэй хүүхдийн сургуульд сурахыг дэмждэггүй учираас Афканистанд нэг ч эмэгтэй эмч байхгүй. Эмэгтэй хүнийг эрэгтэй эмч үзэж болохгүй гэж үздэг тул эмэгтэй хүн эмнэлэгийн тусламж авч чадалгүйгээр гэртээ үхдэг.
17 насандаа Нобелын шагнал хүртсэн Малала Юсуфзай охин
Энэ мэтчилэн эмэгтэй болж төрсөний зовлонт амьралын түүхүүдийг бичиж суухад Монголд эмэгтэй болж төрсөн нь дээдийн хувь гэдгийг ойлголоо. Сурч боловсорч, хайрлаж дурлаж, ажиллаж хөдөлмөрлөж, уйлж инээн үгээ хэлэх эрх олгодог эх орон минь БАЯРЛАЛАА!
Нэгдсэн үндэсний байгууллагийн хүйсийн тэгш эрхийн судалгааны материал болон Half The Sky, I am Malala, The Thousand Splendid Sun тоо баримтыг цуглуулсан болно.
Гүрбазарын Монголмаа