Монгол Улс жилд 55.9 сая ширхэг гялгар уут импортлодог. Үүнийхээ ердөө найман хувийг дахин боловсруулдаг бөгөөд үлдсэн 92 хувь нь байгальд хаягддаг гэх судалгаа бий. Энэ нь байгальд маш их хэмжээний хор хохирол учруулж байдаг учраас Засгийн газраас тогтоол гаргаж гуравдугаар сарын 01-нээс эхлэн нийлэг уут худалдах, хэрэглэхийг хориглосон. Харин худалдаалж хууль зөрчсөн иргэнийг 300 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 3 сая төгрөгөөр торгоно гэж заагаад байгаа билээ.
Гэвч бодит байдал дээр хүнсний бүтээгдэхүүнийг савлахдаа орлуулах тор бүрэн хангагдаагүйн улмаас гурил, будаа, элсэн чихэр, хүнсний ногоо зэрэг кг, граммын бүтээгдэхүүнүүдээ хэрхэн, юунд савлаж өгөх вэ гэсэн асуулт худалдаачид болон ард иргэдийн дунд үүсээд байна. Хууль нь батлагдаад 7 хоночихоод байхад иргэд даавуун болон цаасан торыг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлж амжаагүй л явна. Түүнчлэн зарим худалдаачид нимгэн гялгар уутанд бараа бүтээгдэхүүнээ савлаж өгсөн хэвээр байлаа.
Гоо сайхны бүтээгдэхүүн болон бусад жижиг бараа авч байгаа худалдан авагчдад тор өгөхөө больжээ. Мөн зарим лангуунууд 300 төгрөгөөр зардаг том торноос өөр торгүй байв.
Ганц килограмм мах, төмс худалдаж авбал юунд савлуулах вэ? 300 төгрөгийн том торонд савлаад өгөхгүй нь лавтай. Бэлэг сэлтийн зориулалтын аятай харагдах дээрх цаасан уут нь 120 төгрөг гэж байгаа. Өөрөөр хэлбэл 10 төгрөгийн нийлэг уутнаас 12 дахин үнэтэй гэсэн үг.
Үйлдвэрлэсэн эзнээсээ ч урт насалдаг энэ нимгэн гялгар уутнууд байгалийн хөрсийг 500 жил үхжүүлдэг хэмээн мэргэжилтнүүд хэлж байсан. Тэгвэл одоо нөгөөх торыг нь хэд дахин зузааруулчихаар хор хөнөөл нь тэр хэмжээндээ нэмэгдэнэ гэсэн үг биш гэж үү?
Хууль батлагчид маань эхлээд хэрэглээ, хяналтаа амьдралд ойртуулчихаад хуулиа мөрдүүлвэл зүгээрсэн. Үүнийхээ дараа "хориг" тавьж гялгар уутыг хэрэглээнээсээ хасаж болмоорсон. Ёстой л “саалиа бэлдхээр саваа бэлд” гэж энэ дээ.