Аавууд охин үрдээ илүү, ээжүүд хүүдээ илүү гэж ярьдаг. Энэ үнэний талтай. Сэтгэл зүйн шинжлэх ухаан ч үүнийг нотолчихсон байдаг. Харин охин эх хоёрын харилцаа их өвөрмөц, өөрийн гэсэн жимээр явдаг бололтой. Эмэгтэй та охин хүүхэдгүй байж болно. Харин өөрөө охин байсан. Эх охин хоёрын харилцаа эмэгтэй хүний цаашдын амьдралд ямар их нөлөөтэйг бид тэр болгон мэдэрдэггүй билээ.
Таван настай байхдаа би ээжийгээ их үгүйлдэг байлаа. Аав маань намайг гэдсэнд байхад өнгөрсөн юм. Би дээрээ нэг ахтай. Тэгээд ээж маань төрөөд удалгүй л ажилд орсон гэдэг. Хэдэн ажил ч хийдэг байсан юм бүү мэд ээ. Өглөө гараад л шөнө дөлөөр биднийг унтсан хойно л орж ирнэ. Бидний төлөө ээж маань гадаа гарч эр гэрт орж эм гэдгийг бяцхан хүүхэд яаж ойлгох вэ дээ. Тэгээд л ээжийгээ хаяж явлаа гэж гомдоно. Хамтдаа байх цөөхөн өдрүүдээр би ээжийгээ үлгэр ярьж өгөөч гэж нэхнэ. Ээж маань тэврээд ид шийдийн гоё үлгэр ярьж өгч хажууд хэвтэхэд ямар сайхан санагддаг байв аа. Эмээ мань амралтад явчихсан үе шиг санагдана. Тэгэхэд ээж хэд хоног ажлаа гэртээ авчирч сууж хийдэг байв. Өглөө босгож хоол ундыг минь хийж өгчхөөд л нөгөө цаасаа шагайгаастай. Өдөр мөн ялгаагүй. Орой ч л бас. Ээж маань хажууд байгаа хирнээ байхгүй мэт. Би ээжийгээ үлгэр ярьж өг гэж байнга гоншгоноод л. Тэгээд ээж үлгэрийг нь ярьж өгөхгүй бол намайг унтахгүй нь гэдгийг ойлгосон бололтой түргэн түргэн хөдлөн намайг оронд оруулаад хажууд минь сууснаа “эртээ уртын цагт нэгэн цох хорхой байж гэнэ ээ. Тэр цох хорхой өвсөн дундуур мөлхөж явтал нэг том мэлхий ирээд түүнийг залгичхаж гэнэ. Тэгээд тэр мэлхий хордоод үхчхэж. Цох хорхой ч мэлхий ч аль аль нь үхчихэж. Ингээд үлгэр дуусаа. Одоо унт” гэж хэлээд хөнжлөөр минь хучаад өрөөний хаалгыг минь хаачхаж билээ. Таван настай жаахан охин харанхуй өрөөнд эмгэнэлтэй түүхэнд сэтгэл үймэсээр үлдэж билээ. Бас гомдол. Би ид шийдийн гоё түүхтэй шинэ үлгэр сонсох гэж байтал ээж юу ярьчхаад яваад өгөв.
Олон жилийн дараа том болсон хойноо би ээжтэйгээ гэр бүлийн цомог эргүүлэх мэт хуучнаа дурсаж байхдаа энэ тухай нэг удаа ярьсан юм. Тэгэхэд ээж над руу их сүрхий харж билээ. Том болтол бас их олон юм болно шүү дээ. “Эрх чөлөө, тусгаар тогтнол” гэсэн шилжилтийн нас. Яагаад ч юм энэ үед ээжийн надад хандуулах анхаарал халамж учиргүй нэмэгдэн уурыг минь бардаг болов. Дотроос минь “намайг таван настай байхад л та и хэрэгтэй байсан юм даа” гэж нөгөө гомдол минь хатгана. Түүний дараа ээж маань бүр өнгөрсөн зууны хүн мэт санагдах үе ирнэ. “Яахаараа энэ гар утасны учрыг олж чаддаггүй юм бэ, ийм амаархан юмыг” гэм мэт хоцрогдсон тэнэгийг нь гайхдаг байлаа.
Ээжийгээ би өөрөө эх хүн болсны дараа л жинхэнэ утгаар нь хайралж хүндэлж эхэлсэн юм даа. Хажуудаа түших ханьтай, амьдралын боломжтой миний хажууд ээж маань ганцаараа хоёр хүүхдээ хөгшин эхийгээ яаж чирч явсан юм бол гэж бодон өөрийнхөө тэнэгийг гайхаж суух болов. Нэг өдөр нөхрийн ажлынхан манайд зочлов. Охин маань тэгэхэд гурван нас өнгөрч байсан юм. Би ээж рүү утас залгаад хүүг авч байхгүй юу манайд зочид ирээд байна гэж гуйлаа. Мэдээж ээж маань ах бид хоёрын байнгын туслагч болохоор зөвшөөрөлгүй яахав. Яагаад ч юм тэр өдөр охин маань надаас салах дургүй над руу тэмүүлэн уйлагнаад, би хоол унд гээд жаахан тээршээх янзтай. Ээж маань охиныг аргалаад орой унтуулчихлаа. Харин сарын дараа миний төрсөн өдрөөр ээж надад нэг сонин бэлэг дурсгав. Өөрөө гараараа хийсэн бололтой ном аж. Гэхдээ үлгэрийн ном байлаа. Юуны тухай гээч. Цох хорхойн тухай.
“Эртээ уртын цагт сүүн далайг шалбааг байхад сүмбэр уулыг дов байхад нэгэн цох хорхой амьдардаг байжээ. Тэрхүү цох хорхой үзэсгэлэнтэй бас их сайхан сэтгэлтэй болохоор нь түүнд бүгд хайртай байж гэнэ. Цох хорхой өдөр болгон нар мандахтай зэрэгцэн сэрж өглөөний шүүдрээр нүүр гараа угаагаад ажилдаа явдаг байжээ. Цох хорхой маш олон цэцгүүдтэй найзалдаг байв. Тэрбээр тэдгээр цэцгүүдийг өдөр болгон арчилдаг гэнэ. Цох нэг цэцгээс нөгөө рүү нисэн ургамалд хортой янз бүрийн амьтдаас хамгаалан цэвэрлэдэг байжээ. Цэцэгс ч цохонд их хайртай байж. Түүнийг нисээд ирэхэд нь ягаан, цагаан, улаан, хөх гээд өнгийн өнгийн цэцэгс навчаа дээш өргөн угтаж, дэлбээ дэлгэж өгөн амраадаг байв. Цох хорхой анхилам голт борын цэцгээс даруухан хонхон цэцэг руу, үзэсгэлэнт гарьхан цэцгээс ихимхий хонин нүдэн цэцэг рүү, цагаахан дэгдээс хөгжилтэй багваахай цэцэгрүү, бардам нарцисаас далий ягаан руу өдөржин ээлжлэн нисэх аж. Ийм тустай ажил хийдэг болохоор нь байгаль эх түүнийг хамгаалалдаа авсан байна. Яаж хамгаалалдаа авсан бэ гэхээр тэрбээр цохыг ямар ч амтгүй болгосон аж. Амтгүй юм чинь цохыг ямар ч амьтан шувуу иддэггүй гэнэ. Амтгүй болохоороо цох хорхой маш тод өнгийн байдаг аж. Яг л жижигхэн хар дугуй хээтэй час улаан даашинз өмссөн юм шиг. Сайн харвал тэрхүү хар дугуй хээнүүд нь зүрхэн хэлбэртэй байдаг юм шүү. Ингээд нэг өдөр цох хорхой олон цэцэгс арчилж яваад нар жаргах дөхсөнийг анзаарсангүй гэнэ. Их хөдөлмөрлөөд ядарсандаа өөрөө дээшээ нисэх чадалгүй болжээ. Шоргоолж найз нь түүнийг өргөх гэсэн дийлдэггүй гэнэ. Эмгэн хорхой хэтэрхий удаан байв. Гэтэл ойролцоох навчин дээр түүний эртний танил ногоон мэлхий сууж байна гэнэ шүү.Тэд удаан уулзаагүй болохоорхоо учиргүй баярлан өөд өөдөөсөө яаран уулзжээ. Тэгээд мэлхий найзыгаа мөрөн дээрээ суулгаад дээш үсэртэл агаарт хөөрсөн цох хорхой далавчаа дэлгэн нисэж, гэртээ харьжээ. Ингээд амар сайхандаа жаргаж гэнэ”. Ээж маань надаас ингэж уучлал гуйсан юм болов уу даа. Эсвэл надад чи одоо ээж хүн гэж сануулсан юм болов уу. Эх охин хоёр оо гэж. Нэг нэгнийхээ үргэлжлэл юм даа.