Ерөнхий боловсролын цөм хөтөлбөрийн хүрээнд сурах бичгийг шинээр зохиох, хэвлэх, түгээх, борлуулах явцад гарсан алдаа дутагдал, завхралыг “Өнөөдөр” сонин 2018 оны арванхоёрдугаар сараас эхлэн цувралаар нийтэлж буй. Нэгдүгээр ангийнхны сурах бичгийг жил бүр шинээр хэвлэж, дараа жил нь хаядаг. Агуулга, үг, үсэг, найруулга, логик алдаатай хэвлэсэн, 1-12 дугаар ангийн хэдэн зуун сая ширхэг номыг шинээр нь хаясан.
Зохиосон гэх номуудаа сургуулиудад тараах болсноор хэрэглээнээс гарсан сурах бичгүүдийг улсын хэмжээнд агуулах сав олдохоо байсан. Дахин боловсруулах үйлдвэрийн түүхий эд болгоё гэхээр шохойтой цаас учраас хэн ч авдаггүй. Сургуулиуд нь устгах гэхээр заавал актлуул гэнэ. Эдгээр асуудлыг “Шинэчлэлийн шуурганд шинээрээ хаягдаж буй сурах бичгүүд” нийтлэлээрээ анх хөндсөн билээ.
2014 оноос цөм хөтөлбөрийн хүрээнд сурах бичиг зохиох, нөхөн хэвлэхэд улсын төсвөөс 14 тэрбум төгрөг зарцуулсан. Гэсэн ч өнөөдөр зарим сурагч номгүй хэвээр. Дээрх мөнгөний нэлээдгүй хувь нь салхинд хийссэнийг “Алдаатай сурах бичгүүдийг дахин хэвлэхэд тэрбум тэрбумыг цацжээ” нийтлэлд тодорхой өгүүлсэн. Хэвлэлийн хуудас тутамд 1 500 000 төгрөгийн цалин авсан номын зохиогч нар алдаа гаргасны балгаар 100 орчим нэр, төрлийн сурах бичгийг засаж, дахин хэвлүүлсэн. Хэнд нь ч хариуцлага тооцоогүй.
Сурах бичиг хэвлэх тендерийг эрх баригч намынхан үеийн үед онцгой эрхтэй авч ирсэн. 2018 онд хоёрхон компанид илт давуу эрх олгосноор өчнөөн нэр, төрлийн сурах бичиг одоо болтол эздэдээ хүрээгүй байгаа зэрэг асуудлыг бид дараагийн нийтлэлүүдээрээ хөндсөн билээ.
Зарим сурах бичгийг цөм хөтөлбөрийн дагуу зохиогоогүй, багш нараа сургаагүй, мэдлэг мэдээлэл олгоогүйгээс таван жил хэрэгжсэн гэх хөтөлбөр нь амьдралд нийцэхгүй байгааг хамгийн сүүлд “Цөм өшиглөвөл таарсан цөм хөтөлбөр” сурвалжилгаараа дэлгэрэнгүй мэдээлсэн.
БСШУСЯ, харьяа агентлагуудынх нь цөм хөтөлбөрийн хүрээнд хийж, хэрэгжүүлж буй “цэг, таслал” бүрийг бид судалж, сурвалжилж, асууж, тодруулж, олон нийтэд үнэн зөв, тэнцвэртэй мэдээлэл хүргэхийг зорьсон нь энэ. Үүний хүчинд өнөөдөр сурах бичгийн тендер, хүртээмж, хангамжийн асуудал олон нийтийн анхаарлын төвд очлоо. Энэ хооронд салбарын сайд ч солигдож, БСШУСЯ, харьяа байгууллагууд манай нийтлэлийн мөрөөр судалгаа хийж, сурах бичиг зохиох, хэвлэх, түгээх журмыг шинэчлэхээр ажиллаж байна.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нэн тэргүүнд сургалтын хөтөлбөрт “гар дүрэхгүй”, тогтвортой мөрдөнө гэдгээ хэлсэн. “Цөм хөтөлбөрийн “шүүсийг” шахаж, сурагчдын ачааллыг бууруулна. Сурах бичгийг хугацаанд нь хэвлэж, хүртээмжийг сайжруулна” гэв.
Жил бүр сурах бичиг шинээр хувилах, нөхөн хангах нэрийдлээр төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж буйг болиулж, 2019 онд нэг ч төгрөг гаргаж, ном хэвлэхгүй гэдгээ зарлав. Нэг ёсондоо сурах бичиг зохиох, хэвлэх, түгээх нэрээр өчнөөн тендер хэсэгчлэн зарлаж, түүнийг нь хэдхэн хүн хуваагаад “найрлачихна”. Энэ бизнесийг таслан зогсооход хувь нэмрээ оруулах нь хэвлэл мэдээллийнхний үүрэг билээ.
Бидний дуу хоолой шийдвэр гаргагчдад хүрсний ачаар ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хангамжийн бодлого, өнөөгийн нөхцөл байдлыг салбарын сайд Ё.Баатарбилэг Засгийн газрын өчигдрийн хуралдаанд танилцуулав. Ингээд дунд, ахлах ангийн хүүхдүүдийг сурах бичгээр бүрэн хангах зорилгоор түрээсийн үйлчилгээ нэвтрүүлэх шийдэлд хүрэв.
Үүнээс олсон орлогыг номын эх бэлтгэх, хэвлэх, түрээслэхэд зарцуулах журам, аргачлал баталж, мөрдүүлэхийг салбарынхандаа даалгасан юм. Ингэснээр сурах бичиг дамлах, үнийг нь өсгөх явдал эрс багасах учиртай. Энэ талаар болон бусад мэдээллийг бид дараа дараагийн нийтлэлээрээ хөндөх болно.