Худалдаа хөгжлийн банк (ХХБ)-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, тус банкны дийлэнх хувьцааг эзэмшигч, 1968 онд төрсөн иргэн Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац” компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг өчигдөр ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгчид тус албаны байранд авчран байцаав. Тэднийг ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын алба хаагчид хуяглан авчирсан бөгөөд нэг бус хүнийг гэрээс нь саатуулсан аж.
“Монголын зэс корпорац” компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинг өчигдөр өглөө ЭЦА-ны байранд авчирч мэдүүлэг авсан бөгөөд 12.05 цагийн үед тэрбээр өмгөөлөгч, мөрдөгчийн хамт гарч ирсэн юм. Байцаалт түр завсарлаж, тамхилж байхад нь уулзахад “Мөрдөгчийн зөвшөөрөлгүй ярилцлага, мэдээлэл өгөх боломжгүй. Намайг үүрээр энд хүчээр авч ирлээ. Өчигдөр цацагдсан “Цензургүй сурвалжилга” нэвтрүүлэгтэй холбоотойгоор тайлбар авч байгаа гэж ойлгож байна” гэсэн юм.
11.40 цаг. Түүнийг ийнхүү салхилахын өмнө ХХБ-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Эрдэнэбилэгийг Тусгай ажиллагааны газрын алба хаагчид гарыг нь гавлаж, нүүрийг нь халхлан ЭЦА-ны байр руу оруулсан юм. Түүнийг Зайсангийн “Энхжин” хотхон дахь гэрээс нь баривчилсан гэнэ.
12.10 цаг. Удалгүй ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхоныг тусгайгийн алба хаагчид баривчлан авчрав. Эх сурвалжуудын мэдээлснээр түүнийг Зайсан дахь орон сууцны хорооллын орчимд автомашинтайгаа явж байхад нь саатуулсан хэмээсэн бөгөөд түүний хөлөглөдөг “Рэнж ровер” маркийн автомашиныг нь Тээврийн цагдаагийн албаны автомашин ачигчаар зөөж ирсэн юм. Энэ удаад О.Орхоны нүүрийг халхалсангүй, хоёр гарыг нь гавлан автомашинд суулгажээ.
Тэднийг ийнхүү албадан ирүүлж байцаасныг цахим мэдээллийн хэрэгслээр янз бүрээр мэдээлсэн. Тухайлбал, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг худалдан авахад зарцуулсан 400 270 000 ам.долларын эх үүсвэрийг бүрдүүлсэн схем гэгчийг танилцуулахдаа дээрх хувьцааг авсан үнийн дүнгийн 72.4 хувийг нь төрөөс, 27.6 хувийг ХХБ-наас гаргасан байж магадгүй, хэрэв энэ үнэн бол мөнгө угаасан гэмт хэрэг болно” гэсэнтэй холбон бичиж буй.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан санхүүжилттэй холбоотой асуудлыг ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Уг хэрэгтэй холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэгт ХХБ-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал
О.Орхон, “Монголын зэс корпорац” компанийн захирал Ц.Пүрэвтүвшин нарыг авчирч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Шалгалт үргэлжилж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй” гэсэн юм.
14.30 цаг. “Монголын зэс корпорац” компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингээс хамтарсан ажлын хэсгийн мөрдөгчдийн авах байцаалт дуусаж гарч ирлээ. ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгч нар түүнтэй хамт явж, “Блю скай тауэр”-ийн наймдугаар давхарт байрлах компанийнх нь албан өрөөнд нэгжлэг хийж, хэрэгт ач холбогдол бүхий санхүүгийн болон бусад нотлох баримт, эд зүйлийг хураан авчээ. Энэ ажиллагаа нэлээд орой болтол үргэлжилсэн.
15.10 цаг. “Монголын зэс корпорац” компанийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхбаатарыг мөн гэрчээр дууджээ. Тэрбээр өмгөөлөгч Б.Мэргэний хамт ирээд ЭЦА-ны үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. “Сайд Л.Оюун-Эрдэнэ ЭЦА-нд үүрэг өгч байна лээ. Хуулийн байгууллага хараат бус байдлаар ажиллах ёстой. Бид Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй. Өчигдрийн ярьсан тавилттай жүжгийн дагуу энэ үйл явдал өрнөж байна. Манай компани төрөөс ямар нэг байдлаар мөнгө аваагүй. Мэдүүлэг өг гэсэн учраас ирлээ. Би өмнө нь 4-5 удаа ирсэн. Ц.Пүрэвтүвшин захирал надаас ч олон удаа ирсэн байх. Бид санхүүгийн мэдээллээ бүгдийг нь төрийн байгууллагад гаргаж өгсөн. Энэ бол хувийн байгууллага руу төр дайрч байгаа хэрэг. ХХБ-ыг манайд зээл өгсөн гэж буруутгаж байгаа юм шиг байна. Өөрсдийнхөө хийсэн хэргийг нуух гэсэн зохион байгуулалттай ажиллагаа гэж хардаж байгаа. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн ярьж байгаа үнэн бол бид ирж мэдүүлэг өгөхгүй байсан. Зугтаад явах байсан шүү дээ. Хүмүүст буруу мэдээлэл өгч, мэдээллийг гуйвуулж байна. Л.Оюун-Эрдэнэ системтэйгээр тархи угаадаг ажлаа хийж байна лээ. Нууцаас ил гаргасан гээд байгаа материал чинь хоёр жилийн өмнө ил болчихсон. 51 хувьтай холбоотой асуудлыг шүүх хэлэлцэх гэж байна. Үүнийг анхаарлаас гаргахын тулд өнөөдрийн үйл ажиллагааг явууллаа. 51 хувийн асуудлаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ҮАБЗ-д хандсан ч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй. 49 хувийг төр буцаан авна гээд байгаа. Хэрэв худалдах, худалдан авах гэрээ хүчингүй болвол 49 хувь нь Монголын Засгийн газарт биш “Ростех”-ийн мэдэлд шилжинэ гэдгийг тэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа” гэсэн тайлбар өгөв.
15.35 цаг. Б.Мөнхбаатарыг дотогш орсноос хойш удалгүй Д.Эрдэнэбилэгийг мөрдөгчид авч гарч ирлээ. Өөрөөс нь тайлбар, мэдүүлэг авч дуусаад, байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэхээр ХХБ-ны төв байрны зургадугаар давхар, “Улаанбаатар хотын банк”-ны байран дахь албан өрөөнд нь нэгжлэг хийхээр дагуулан явсан юм.
16.20 цаг. Энэ үед ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхоноос ЭЦА, АТГ-ын ажлын хэсгийн мөрдөгчид мэдүүлэг авч дууслаа. Улмаар цагдаагийн байгууллагын машинд суулган авч явж, албан өрөөнд нь нэгжлэг хийжээ.
Ийнхүү ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн НПГ-ын прокуроруудын хяналт дор хуульд заасан байцаан шийтгэх ажиллагаа явууллаа. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нараас тайлбар авахаар өмнө нь нэг бус удаа мэдэгдэл, зарлан дуудах хуудас хүргүүлсэн ч ирээгүй учраас ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын алба хаагчдаар албадан авчруулсан юм байна. Тэднийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авсан санхүүжилтээс гадна өөр хэд хэдэн хэрэгт холбогдуулан шалгаж, яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн аж.
Дугаар шилжих мөчид дээрх холбогдогчдын ажлын байранд хийсэн нэгжлэг дуусаж, яллагдагчаар тооцон цагдан хорих саналаа НПГ-ын хяналтын прокуроруудад хүргүүлжээ. Мөрдөгчдийн саналыг прокурор хүлээн авч, албадан саатуулахаар
22.10 цагийн үед ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр анги руу авч явлаа.