“Банкууд зээлийн хүүгээ бууруулахгүй байна. Өндөр хүүтэй зээл олгож мөнгө хүүллээ” гэж ярихыг та олонудаа сонссон болов уу. Монголын арилжааны томоохон банкууд жилд зургаан их наяд төгрөгийн хөрөнгө эргэлдүүлдэг. Ингээд жилд 100 гаруй тэрбум төгрөгийн ашиг олдог юм. Их хэмжээний мөнгө эргэлдүүлээд хоёрхон хувийн ашиг олж байгаа бизнесийг “мөнгө хүүлэлт” гэж яагаад ч илүү үзэж боломгүй. Зарим нэгэнд банкуудыг өмөөрч байгаа юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ энэ бол бодит үнэн. Зээлийн хүү тогтоход банкуудын үйл ажиллагааны зардал, инфляц, валютын ханш, гадаад эх үүсвэрийн өртөг гэх мэт олон хүчин зүйл нөлөөлдөг. Эдгээр нь гол нөлөө үзүүлдэг учраас санхүүчид онцгойлон авч үздэг юм.
Монголд одоогоор зээлийн хүүгийн жилийн дундаж 18 хувь байна. Арваад жилийн өмнө 30 гаруй хувь байсантай харьцуулбал дэвшил гарчээ. Гэхдээ жилийн 3-4 хувийн зээлийн хүүтэй хөгжингүй орнуудтай харьцуулбал хэд дахин өндөр байгаа нь маргаангүй. Эдийн засгийн өсөлт тогтворжиж, санхүүгийн систем хөгжсөн нь зээлийн хүү буурах үндсэн шалтгаан болсон гэсэн ерөнхий тайлбарыг эдийн засагчид хийдэг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн эрсдэл буурч, түүнийг дагаад зээлийн хүү багасна гэсэн үг. Эдийн засаг хэдий чинээ тогтвортой байна, хүү нь төдий чинээ буурна. Найдвар муутай, итгэл алддаг хүнд мөнгө зээлэхдээ хэзээ эргүүлж өгөх, юунд зарцуулах гээд олон асуулт тавьж, эргэлзэн байж өгдөг. Тэгвэл найдвартай, итгэл даадаг, хэлсэндээ хүрдэг хүнд мөнгө зээлэхдээ юунд ч санаа зовохгүй өгч орхидог. Эдийн засгийн эрсдэл нь үүнтэй агаар нэг юм.
Арилжааны банкууд сүүлийн жилүүдэд үйл ажиллагаандаа мэдээллийн технологид суурилсан техник хэрэгслийг ихээхэн ашиглаж буй. Тод жишээ нь АТМ. Үйл ажиллагаандаа мэдээллийн технологи ашиглах болсноор банкууд зардлаа нэлээд хэмнэж байгаа. Энэ нь ч зээлийн хүүг бууруулахад бодитоор нөлөөлж эхэлсэн. Гэхдээ дорвитой нөлөөлж чадахгүй. Банкууд үйл ажиллагааныхаа зардлыг хэчнээн танаад ч зээлийн хүүг 1-2 хувиар л бууруулах боломжтой.
Зээлийн хүүг бууруулахад инфляц чухал нөлөөтэй. Инфляц бага байвал хадгаламжийн хүү буурна. Иргэд инфляцаас доогуур хүүгээр мөнгөө хэзээ ч хадгалуулахгүй. Хадгалуулсан мөнгө нь ямар ч өгөөжгүй учраас тэр. Инфляц найман хувьтай байя гэж бодъё. Ийм тохиолдолд мөнгөө долоон хувийн хүүтэй хадгалуулбал иргэд ямар ч бодит өгөөж хүртэхгүй. Харин нэг хувийн алдагдал хүлээнэ. Учир нь худалдаж авах бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээнийх нь үнэ найман хувиар өсчих учраас мөнгө нь үнэгүйдэж байна гэсэн үг. Тиймээс инфляцаас өндөр хувиар мөнгөө хадгалуулахыг хичээнэ. Өдгөө хадгаламжийн дундаж хүү 13 хувьд хүрээд буй. Инфляцын өсөлт өнгөрсөн жилийн эцсийн байдлаар Улаанбаатарт бараг 10 хувьд хүрсэн. Энэ нь хадгаламжийн хүү өсөх дохио өгч байгаа. Хадгаламжийн хүү нэмэгдэхээр зээлийн хүү өснө. Тэгэхээр зээлийн хүүг бууруулахын тулд инфляцыг бага байлгах шаардлага урган гарах юм.
Монголбанкны гол үүрэг нь инфляцыг бага түвшинд тогтвортой байлгах. Төвбанкныхан бодлогын хүүгээ өсгөх, багасгах замаар зах зээл дэх бэлэн мөнгөний эргэлтийг хянаж инфляцыг зохицуулдаг. Гэхдээ заримдаа инфляцаа зохицуулахад хүч хүрэхгүй байх тохиолдол бий. Манай улсын инфляц хэдэн жилийн өмнө 15 хувьд хүрдэг байснаас үүнийг харж болно. Инфляц хэрхэн үүсдэг вэ?
Нэг талаар иргэдийн үрэлгэн зан инфляц үүсгэдэг. Хэрэгцээнээс илүү их бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авч “тансаглах” нь эрэлт үүсгэж, бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг хөөрөгддөг. Тэгэхээр хэрэгцээгээ л хангах зүйлс худалдан авч, санхүүгээ зөв удирдах нь бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй байх талтай юм. Өөрөөр хэлбэл, инфляц үүсэх нөхцөл бий болгохгүй гэсэн үг. Инфляц өсөхгүй бол хадгаламжийн хүү нэмэгдэхгүй. Улмаар зээлийн хүү өсөхгүй. Тэгэхээр иргэд үрэлгэн зангаа татаж, хэрэгцээндээ л тохирсон бараа, бүтээгдэхүүн худалдаж авах нь эдийн засгийн гинжин хэлхээгээр дамжин зээлийн хүүг бууруулахад нөлөөлөх нь байна.
Зээлийн хүүг бууруулах дараагийн нэг чухал хүчин зүйл нь валютын ханш. Монгол Улсад сүүлийн 14 жилд ам.долларын ханш жилд дунджаар зургаан хувиар өсжээ. Энэ нь зээлийн хүүг бууруулах нөхцөлийг хязгаарлаж байна гэж эдийн засагчид тайлбарладаг. Манай улс гадаадаас жилийн 7.5 хувийн хүүтэй ам.доллар татаж байгаа. Үүн дээр ам.долларын ханшийн зургаан хувийн өсөлтөө нэмэхээр 13.5 хувь болно. Гадаадаас татсан ам.долларынхоо хүүг ингэж төгрөг рүү хөрвүүлдэг. Хадгаламжийн хүүгээс бага зэрэг илүү байгаа биз. “Голомт” банкны эдийн засагч Г.Ганзориг “Төгрөгийн ханш ам.долларын эсрэг их хэмжээгээр сулрахаа боливол зээлийн хүү 3-4 хувиар буурах боломжтой” гэж ярьсан. Ам.долларын ханшийг тогтворжуулахын тулд Монгол руу орох урсгалыг нь нэмэгдүүлэх шаардлага бий. Ингэхийн тулд их хэмжээний бүтээгдэхүүн экспортлох учиртай. Энэ бол маш удаан хугацаанд хийх ажил. Түүнээс өмнө ам.долларын ханшийн өсөлтийг бага боловч саармагжуулах арга бий. Үүнийг иргэд хийж чадна.
Валютын ханш өсөх нь гэсэн сургаар л манай иргэд ам.доллар их хэмжээгээр худалдаж аваад хадгалчихдаг. Ийм зан нь “ногоон”-ы ханшийг улам хөөрөгдөх нь бий. Нөгөөтээгүүр, иргэдийн үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгтөө итгэдэггүйн илэрхийлэл юм. Манай банкуудын нийт хадгаламжийн 20-30 хувийг валютын хадгаламж эзэлдэг. Иргэд төгрөгтөө итгэж валют хадгалуулах нь багасвал ам.долларын ханш тогтворжиход нөлөөлнө. Ам.долларын ханш тогтворжвол зээлийн хүү буурна. Тэгэхээр иргэд ам.долларыг “шүтэхээ” боливол зээлийн хүү буурахад хувь нэмрээ оруулах нь.
Манай улс гадаад зах зээлээс дунджаар 7.5 хувийн хүүтэй зээл авч байгааг дурдсан. Лондоны банк хоорондын захын суурь хүү буюу LIBOR нь гадаадаас зээл авах суурь болдог. LIBOR хүү хоёр жилийн өмнө нэг хувьтай байсан. Тэгвэл өдгөө 2.5 хувьд дөхөөд байна. Суурь хүү өссөн учраас гадаадаас зээлэх валютын хүү нэмэгдэх нь гэсэн хүлээлт үүслээ. Гэхдээ бид улсынхаа зээлжих зэрэглэлийг сайжруулж чадвал LIBOR-оос үл хамааран өнөөгийнхөөс хямд хүүтэй санхүүжилт татаж чадах юм. Манай улс гадаадын Засгийн газар, санхүүгийн байгууллага, компаниудад 20 гаруй тэрбум ам.долларын өртэй. Үүнийг үлэмж хэмжээгээр бууруулж, ялангуяа Засгийн газрын гадаад өрөө нимгэлж байж зээлжих зэрэглэлээ сайжруулна гэж эдийн засагчид дүгнэдэг. Төр, засгийн буруу бодлогоос шалтгаалан Засгийн газрын өр нэмэгдсэн. Тиймээс зөв бодлого хэрэгжүүлэх, цаашдаа нэмж өр тавихгүй байх төрийн түшээдийг сонгох учиртай. Эрх барих улс төрийн хүчин, төрийн түшээд иргэдийн саналаар сонгогддог. Иргэд зөв сонголт хийвэл зээлийн хүүг бууруулахад дам байдлаар нөлөөлж чадах нь ээ.