Өдгөө Зүүн хойд Азийн орнуудад 1.74 тэрбум орчим иргэн амьдарч буй нь дэлхийн нийт хүн амын 24 хувийг эзэлж байна. Мөн дэлхийн эдийн засгийн 25, худалдааны 20 хувь энэ бүс нутагт ногдож буй. Өөрөөр хэлбэл, цэнхэр бөмбөрцгийн эдийн засгийн чухал хөдөлгүүрийн нэг нь Зүүн хойд Ази юм.
Нөгөөтээгүүр, уг бүс нутгийн орнууд дэлхийн нийт эрчим хүчний 37 орчим хувийг “залгиж” буй дүн бий. Тэгвэл энэхүү бүс нутагт орших, цахилгааны хэрэглээ нь улам нэмэгдэх Монгол, БНХАУ, ОХУ, Япон, БНСУ-ыг холбосон эрчим хүчний нэгдсэн сүлжээ бий болгохоор талууд шамдаж байна.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ БОЛНО
“Зүүн хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги” төслийн олон улсын уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор өнгөрсөн баасан гарагт боллоо. Уулзалтыг нээх үеэрээ Ерөнхийлөгч Х.Баттулга “Бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааны замын зураглалыг тодорхойлох стратеги нь Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах ажлын чухал алхам юм.
Миний бие 2018 оны есдүгээр сард ОХУ-д болсон “Дорнын эдийн засгийн чуулга” уулзалтын үеэр энэ бүс нутгийн орнуудыг эрчим хүчээр хангах, оргил цагийн ачааллыг хуваалцсан, нөөц ашиглалтын оновчтой шийдэл болох “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төслийн ажлыг хамтран, шуурхай эрчимжүүлэх зорилго, зохицуулалтын үүрэг бүхий байгууллагыг Улаанбаатарт байгуулах санал тавьсан.
Уг сүлжээний эдийн засгийн ач холбогдол маш өндөр болохыг та бүхний судалгаа баталжээ. Жишээ хэлэхэд, Монгол Улс нэг кВт/цаг эрчим хүчийг зургаан цент, түүнээс багаар ч үйлдвэрлэх боломжтой нь бүс нутгийн зарим хэрэглэгчийн төлж буйтай харьцуулахад гурав дахин хямд байна. Хэлэлцэж буй санаачилгын үр дүнд эрчим хүчийг хэрэглэгчдэд маш хямд хүргэх боломжтой” хэмээн тодотголоо.
Үүнийг тодруулбал, “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” санаачилгыг амжилттай хэрэгжүүлэх үүрэг бүхий, дээрх орнуудын зохистой оролцоог хангасан байгууллага байгуулах санал гаргасан юм. Энэ нь дээрх төслийг хэрэгжүүлэх чиглэлээр өнөөг хүртэл хийсэн судалгааны ажлуудыг уялдуулж, нэгдсэн бодлого, зорилгоо тодорхойлон, холбогдох гэрээ хэлцлүүдийг бэлтгэх зэргийг гүйцэтгэх аж.
ЗҮҮН ХОЙД АЗИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ 25 ХУВИЙГ ХАНГАХ НӨӨЦТЭЙ
Монгол Улс нар, салхинаас эрчим хүч үйлдвэрлэх ихээхэн нөөцтэйг мэргэжилтнүүд тодотгосон тус уулзалтын үеэр “Зүүн хойд Азийн бүс нутаг дэлхийн нүүрсхүчлийн хийн 40 хувийг ялгаруулдаг нь анхаарах асуудал тул эрчим хүчний сүлжээ бий болгох нь ихээхэн ач холбогдолтой. Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр бүс нутгийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг багасгах боломжтой.
Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний нөөцөө ашиглан хэрэглээгээ хангахын сацуу бүс нутгийн эрчим хүчний хэрэгцээний 25 хувийг хангах боломж бий” хэмээн Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен тэмдэглэв.
“Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги” судалгааны төслийг Эрчим хүчний яамны захиалгаар Азийн хөгжлийн банк санхүүжүүлэн хэрэгжүүлж буй билээ. Тус банкны техникийн туслалцааны төслийн багийн ахлагч Филипп Леэнхарт “Зүүн хойд Азийн бүс нутгийн төвд байрладаг нь Монгол Улсын давуу тал. Нар, салхины нөөцтэй газрууд ч БНХАУ-тай ойр байршилтай” хэмээн онцолсон. Тэдний хийсэн судалгаагаар Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц таамагласнаас ч их байсныг тэмдэглэснийг онцолъё.
Ийм эх үүсвэр ашиглах технологид ихээхэн дэвшил гарч, сайжирч буйтай энэ нь холбоотой аж. Товчхондоо, манай улс Азийн орнуудад хамгийн өрсөлдөхүйц хэмжээнд сэргээгдэх эрчим хүч экспортлох боломжтой хэмээн дүгнэсэн таатай мэдээ байна. Уг судалгааг ирэх зургадугаар сард дуусгахаар төлөвлөсөн ч Азийн хөгжлийн банк дахин зургаан сараар сунгах хүсэлтэйг эх сурвалж хэлж байлаа. Хэдий судалгааг хоёр жил хийсэн ч сүүлийн нэг, хоёр жилд томоохон өөрчлөлтүүд гарч буй зэрэгтэй энэ нь холбоотой гэнэ.
“Шинэ дэлхий-эрчим хүчний шилжилт болон геополитик” сэдэвт илтгэл тавьсан, Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн хамтын ажиллагаа хариуцсан захирал Гурбуз Гүнул Монгол Улсын идэвх, санаачилгыг үнэлж, дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Тэрбээр “Дэлхийд эрчим хүчний шилжилт болж байна. Агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүчин зүйл үүнд нөлөөлж буй.
Улс орнууд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжиж буй бөгөөд технологийн шинэчлэлд хөрөнгө оруулж, өртгийг нь бууруулж байгаа. Эрчим хүчний үр ашигтай байдал, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, хангамж гэсэн гурван зүйл өөрчлөлт, шилжилтийг тодорхойлж байна. Эрх мэдэл нүүрс, хий, нефтийн баялагтай улс орнуудаас сэргээгдэх эрчим хүчний нөөцтэйд нь шилжиж байгаа. Иймээс улс орнуудын геополитикийн харилцаанд сэргээгдэх эрчим хүч томоохон нөлөө үзүүлнэ” гэсэн юм.
Мөн БНХАУ-ын “State grid” корпорацын эрчим хүчний судалгааны хүрээлэнг төлөөлөн ирсэн Зао Лиужун “Нэгдсэн сүлжээтэй болсноор Япон, БНСУ-д нийлүүлэх эрчим хүчний үнэ буурна” гэв. Тухайлбал, Японд цахилгааны үнэ 60-70 хувиар буурах тооцоо ч бий юм байна. Дээр дурдсан орнууд бүгд 2030, 2035 он гэхэд эрчим хүчнийхээ хэчнээн хувийг сэргээгдэх эх үүсвэрээс гарган авах зорилтоо хэдийн гаргасныг түүний илтгэлээс мэдэж болохоор байв.
...“Улс бүр хожих тул “Зүүн хойд Азийн бүс нутгийн нэгдсэн сүлжээний стратеги” төслийг бүгд сонирхож байна. Өдгөө улс орнууд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд хэн нь манлайлах вэ гэж өрсөлдөх болсон. Монгол Улс ч үүнээс хоцрох ёсгүй. Нөөц, технологийн боломжийг ашиглан хүрч чаддаггүй зах зээлдээ хүрэх, хэн нэгнээс шууд шалтгаалдаг хамаарлыг ч байхгүй болгох ач холбогдолтой”...
Агаарын бохирдол нэмэгдэж буйтай холбоотойгоор Засгийн газар нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжихээ илэрхийлсэн БНСУ-ын KEPCO корпорацын төлөөлөл Сун Хо Риу эрчим хүч худалдааны механизм, харилцан зөвшилцөл, татвар, мөрдөх журам зэргийг хэлэлцэн, тодорхой болгох хэрэгтэйг хэлж байлаа. Ерөөс хамгийн шилдэг, сүүлийн үеийн дамжуулах сүлжээний, өндөр хүчдэлийн ухаалаг сүлжээний технологи ашиглах боломжтой гэж дүгнэсэн тул Зүүн хойд Азийн орнууд хоорондоо эрчим хүч худалдах нь ач холбогдолтой гэдэгт мэргэжилтнүүд санал нэгдэж буй юм.
Эрчим хүчний сүлжээг хооронд нь буюу аль цэгээс аль цэгт, хэрхэн холбох вэ гэдгийг тодорхой тусгасан зураг, схем гарсан учраас тэр. Нүүрстөрөгчийн хэмжээ, эрчим хүч нийлүүлэлтийн өртөг, нүүрсний хэрэглээг бууруулах хүсэлтэй орнуудад энэхүү төслийг хэрэгжүүлэхэд сорилтууд тулгарах нь дамжиггүй. Гагцхүү хэрэгжүүлж чадвал “Сэргээгдэх эрчим хүчний диваажин” гэгддэг Монгол Улсын экспорт төрөлжих нь. Монголоос бусад оронд эрчим хүч нийлүүлнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй, цаг хугацааны л асуудал хэмээн харж буйгаа зарим мэргэжилтэн хэлж байлаа.
Эрчим хүчний яам, Азийн хөгжлийн банк хамтран зохион байгуулсан энэхүү уулзалтыг Монголын бизнесийн зөвлөл, “Азийн супер сүлжээ Монгол нийгэмлэг”, Монголын сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын эрчим хүчний ассоциац дэмжин ажилласан юм.
Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхан “Улс бүр хожих тул “Зүүн хойд Азийн бүс нутгийн нэгдсэн сүлжээний стратеги” төслийг бүгд сонирхож байна. Өдгөө улс орнууд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд хэн нь манлайлах вэ гэж өрсөлдөх болсон. Монгол Улс ч үүнээс хоцрох ёсгүй. Нөөц, технологийн боломжийг ашиглан хүрч чаддаггүй зах зээлдээ хүрэх, хэн нэгнээс шууд шалтгаалдаг хамаарлыг ч байхгүй болгох ач холбогдолтой” гэж тодотголоо.