Намрын чуулганы хугацаанд хэрэлдэж, талцан, УИХ-ын үйл ажиллагааг гацааж, төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэж амжаагүй олонх ээлжит бус чуулган зарлахаас өөр аргагүй болсон. Намрын чуулган хаах үед ээлжит бус чуулганы сураг сонсогдсон ч тухайн үед Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “Ямар асуудал хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэхээ тодорхой болгосны дараа ээлжит бус чуулган зарлах ёстой. Одоогоор тийм тодорхой зүйл алга” хэмээн мэдэгдэж байв.
Үүнээс хойш бэлтгэл хангаж буй ч ээлжит бус чуулганы тов болон хэлэлцэх асуудлын жагсаалтыг эцэслэн тогтоогүй л байна. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Энэ сарын дундуур ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна. Ээлжит бус чуулганаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай, Татварын багц хууль зэрэгт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа” гэдгээ орон нутагт ажиллах үеэрээ мэдэгдсэн юм.
ЖИЛД ГАНЦ УДАА САНХҮҮГИЙН ТАЙЛАН ГАРГАЖ, НЭГ ХУВИЙН ТАТВАР ТӨЛӨХ ҮҮ
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хуулийн зорилгыг үйлдвэрийг төрөлжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийн улс орны эдийн засагт эзлэх хувийг дээшлүүлэх хэмээн томьёолсон.
Мөн иргэд хувиараа эрхэлдэг аж ахуйгаа өргөжүүлэн компани, хоршоо байгуулах замаар жижиг, дунд бизнесийн дэмжлэгт хамрагддаг байх зарчмын шинжтэй өөрчлөлтийг тусгажээ. Одоо хэрэгжиж буй хууль дахь тунхаглалын шинжтэй, жижиг, дунд үйлдвэрийн дэмжлэгийн талаарх бодлого, үндсэн чиглэлтэй холбоотой заалтуудыг өөрчлөн найруулж, хуулийн үйлчлэх хүрээг нарийвчлан тогтоон, ажил олгогчдын ажлын байр шинээр бий болгох сонирхлыг эдийн засгийн хөшүүрэг ашиглан нэмэгдүүлэх зохицуулалтыг ч тусгасан байна.
Үүний зэрэгцээ жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн ангилалд хамаарах аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр нэг хувь болгох, уг хуулийн үйлчлэлд хамаарч буй байгууллагууд санхүүгийн тайлангаа жилд нэг удаа хялбаршуулсан байдлаар гаргадаг байхаар төсөлд тусгажээ. Бас жил бүрийн улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 10-аас доошгүй хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг жижиг, дунд бизнес эрхлэхэд зориулахаар төвлөрүүлэх, эцсийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зохицуулалт төсөлд бий гэнэ.
“МОНГОЛЫН ПАРЛАМЕНТАД ДЭЛХИЙН ЖИШИГТ НИЙЦСЭН ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ЦАГ НЬ БОЛСОН”
“Монголын парламентад дэлхийн жишигт нийцсэн өөрчлөлт, шинэчлэл хийх цаг нь болсон. УИХ-ын болон УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаас энэ шинэчлэлийг эхлүүлнэ. УИХ-ын гишүүдийн сахилга хариуцлага, парламентын мэтгэлцээний дэг журмыг шинэчлэн тогтооно” гэж УИХ-ын шинэ дарга Г.Занданшатар мэдэгдэж буй.
УИХ-ын гишүүдийн хоосон цэцэрхдэг, ард түмэнд амин хайртайгаа харуулдаг, хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн хамгаалалтан дор тооцоо судалгаагүй, баримт нотолгоогүй, үндэслэлгүй зүйл ярьдаг, хэрэлдэж, уралцдаг талбар болоод удаж буй парламентад дэлхийн жишигт нийцсэн өөрчлөлт, шинэчлэл хийхийг удахгүй болох ээлжит бус чуулганаас харах нь.
УИХ-ын даргын хэлж буйгаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа гишүүдийн дагаж мөрдөх хариуцлага, ёс зүйн зарчмыг хуульчлах замаар хуралдаандаа суудаггүй, суусан ч хэлэлцэж буй асуудалтай огт холбоогүй зүйлийг хадуурч ярьдаг байдлыг халж, олон нийтийн санал бодолд тулгуурласан, баримт нотолгоотой, шинжлэх ухааны үндэслэлтэй, парламентын мэтгэлцээн өрнүүлж, хууль тогтоох ажлаа хийдэг дэг журмыг тогтоох аж. Энэ нь өдөр өдрөөр унаж буй парламентын болон төрийн нэр хүнд, үнэлэмжийг дээшлүүлэх ажлын нэг хэсэг гэсэн.
X ТАЙЛАНТАЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭЭС УЛИРАЛ ТУТАМ ТАТВАР АВНА
Татварын багц хууль нь ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаж буй бөгөөд уг том хуулийг энэ үеэр эцэслэн баталж амжих, эсэх нь эргэлзээтэй. Тиймээс хаврын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэж, батална хэмээн төлөвлөж байна.
Хуулиар ногдуулсан албан татварыг төлөх нь иргэн бүрийн хүлээсэн үндсэн үүрэг тул эрх зүйн орчныг сайжруулж, татвараас зайлсхийх явдлыг бүрэн хааж, татварын бааз суурь, төсвийн орлогыг нэмэгдүүлэх бодлогыг чухалчлахын зэрэгцээ татвар төлөгч, бизнес эрхлэгч, хувь хүний эрх ашгийг дээдлэн, аливаа үйл ажиллагааг татварын бодлогоор дэмжин урамшуулдаг байх, ингэснээр бизнесийн орчин сайжран, далд эдийн засаг ил болж, дотоод, гадаад хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөл бүрдэх ач холбогдолтой хэмээн хууль санаачлагчид онцолж буй.
Түүнчлэн татварын хуулийн шинэчлэлээр жижиг, дунд, бичил, өрхийн бизнес эрхлэгчдэд давуу тал олгоно. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд буй 1.5 тэрбум хүртэл төгрөгийн борлуулалтын орлоготой иргэн, аж ахуйн нэгжүүдийг нэг хувийн татвартай болгох үзэл баримтлал энд мөн бий. Орлогын 10 хувийн татварын 90 хувийг буцааж олгохоор төсөлд тусгасан. Улсын хэмжээнд татвар төлөгч 191 мянган аж ахуйн нэгж байгаагаас 95.9 хувийг нь бичил, жижиг аж ахуйн нэгж эзэлдэг байна.
Татварын ерөнхий хуулийн төсөлд татварын өр төлөх хугацаа хоёр сар байгааг 24 сар болгон сунгах, жилийн борлуулалт нь 50 сая төгрөгөөс доош аж ахуйн нэгжүүд өөрийн хүсэлтээр жилд нэг удаа тайлан гаргаж, нийт орлогын нэг хувиар татвар төлөх боломж олгох, харин жилийн борлуулалт нь гурван тэрбум төгрөгөөс дээш бол жилд дөрвөн удаа, доош бол хоёр удаа тайлагнадаг болох зэрэг шинэ зохицуулалт тусгажээ.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөлд гадагшаа шилжүүлэх орлогоос суутгадаг 20 хувийг 15 болгож бууруулах, гадаадын хөрөнгө оруулагчдын ногдол ашгийн орлогоос 20 хувийн татвар суутгадаг байсныг тав болгох, банкны зээлээр эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг 10 хувийн татварыг тав болгох, X тайлантай аж ахуйн нэгжүүд улиралд 60 мянган төгрөгийн тогтмол татвар төлөх заалт бий гэнэ.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төсөлд хүүгийн орлогоос 10, жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс бага бол орлогын нэг хувиар татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан тайлан гаргаж болно, орон сууцны татварын хөнгөлөлт гурван сая төгрөг байсныг зургаан сая болгоно, ипотекийн зээлийн хүү, хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төлбөрийн зөрүүтэй тэнцэх татварын хөнгөлөлт үзүүлнэ гэсэн зохицуулалт бий аж.
ТЕНДЕРИЙН АСУУДЛЫГ ДАГНАН ХАРИУЦАХ БАЙГУУЛЛАГАТАЙ БОЛНО
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ. Уг төслийн гол үзэл баримтлал нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа гадаадын чанартай, чанаргүй бараа авчирч шахах бус, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, “эх оронч” худалдаа хийхийг хуульчлахыг зорьж буй аж. Ингэснээр үндэсний үйлдвэрлэл хөгжиж, ажлын байр бий болоход зохих хэмжээгээр нөлөөлнө. Ажлын байх нэмэгдэхэд нөгөө талд нь ядуурал буурна гэж үзэж буй гэнэ.
Мөн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах асуудлыг дагнан хариуцах байгууллагатай болохоор төлөвлөж буй юм байна. Худалдан авах ажиллагааг ил тод, авлига, хүнд суртлаас ангид, шилэн болгох зорилготой гэх уг газрыг АТГ, хуулийн байгууллагын хяналтан дор ажиллуулахаар төсөлд тусгажээ.
Эдгээр төслийг гуравдугаар сарын дундуур гэхэд бэлэн болгож, ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж буйгаа УИХ-ын дарга хэлсэн.