Англи хэлээр гардаг сонинд монгол үг, өгүүлбэр бүхий сонгон шалгаруулалтын зар тавиулах гэхэд нь сэтгүүлч “Англиар орчуулахгүй байсан юм уу” хэмээн лавлаж. Хариуд нь “Зүгээр ээ, ямар ч хамаагүй сонинд хэвлэгдсэн байхад л болно” гэдэг тайлбараар ам руугаа “алгадуулсан” найз минь гайхшаа барчихсан явж билээ.
Тендер, худалдан авах ажиллагааны зарыг сонин хэвлэлд нийтлүүлж, олон нийтийн сонорт хүргэх нь чухал бус, хууль журамд тийм заалт байдаг учраас л түүнийг ёс төдий мөрдөж буй хэрэг гэдэг нь ортой. Тийм ч учраас олон уншигчгүй, хүмүүс нэг их мэддэггүй хэвлэлийг зориуд сонгож, зараа нийтлүүлэх сонирхолтой этгээд бишгүй байдаг гэлцэнэ.
Сонинд сонгон шалгаруулалтын зар хэвлэгдэж байх мөчид ажил гүйцэтгэгчээр аль эрт онцгой эрхээр тодорсон хүмүүс хундага тулган, баяраа тэмдэглэж суудаг ч гэх. Манай төрийн байгууллагууд ямар нэг ажил, үйлчилгээ хийлгэх гүйцэтгэгч сонгон шалгаруулахдаа танил тал, эсвэл мөнгөтэй хүнд давуу эрх олгодог болсоор удаж буйн сонгодог жишээ энэ.
Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагуудын “Шударга байдлын үнэлгээ”-г гаргадаг. Нийслэлийн ЗДТГ-ынхан өнгөрсөн жил 100 онооноос 67.8 оноо авсан нь өмнөх оныхоос 1.0 пунктээр буурсан үзүүлэлт бөгөөд 2015 оны дүнтэй харьцуулбал 5.1 пунктээр уруудсан таагүй мэдээ байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын төр, захиргааны байгууллагуудад авлигыг хянах механизм ажилладаггүй учраас “Шударга байдлын үнэлгээ”-гээр жил ирэх тусам улсын дунджаас доогуур оноо авч, үзүүлэлт нь буурах болжээ.
Нийслэлийн төсвийн 2018 оны хөрөнгө оруулалтаас харахад нээлттэй тендер зарлахаар үнийн дүн бүхий ажлуудыг шууд гэрээ хийх, эсвэл харьцуулалтын аргаар гэрээлж гүйцэтгүүлсэн тохиолдол бишгүй гарсан аж. Тэр тусмаа үнэлгээний хорооны нэг хурлаар тендер зарлан, нэг өдрийн дотор нэг байгууллагаар 2-3 ажил хийлгэхээр шалгаруулаад зогсохгүй, нэг доор бүх материалыг нь хүлээн авснаараа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг уландаа гишгэсэн ноцтой зөрчил ч гарчээ.
Түүнчлэн нэг үнэлгээний хороо хэд хэдэн тендер зохион байгуулсан, нэг тушаалаар байгуулсан үнэлгээний хороо нэг ажлыг “хаа, гуя”-аар хувааж хэдэн өөр газар шалгаруулсныг АТГ-ын удирдах албан тушаалтан саяхан улалзтал хэлээд авна билээ.
2017, 2018 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайлангаас харахад олон удаа зохион байгуулагддаг нэг тендерт гурван компани санал ирүүлээд эхнийх нь ялдаг, нөгөө хоёр нь “хонины ээлж”-ээ хүлээж байгаад дараа дараагийн сонгон шалгаруулалтад ээлжилж ороод, ялалт байгуулдаг тогтолцоо Монголд нэгэнт бий болсон гэхээр яалтай билээ. Улаанбаатар хотод зам засвар, хот тохижилт, мод, ногоон байгууламж, хог, эзэнгүй муур, нохойг устгахтай холбоотой ажлууд жил бүр зарлагдаж, төсөвт өртөг нь ч байнга нэмэгдэж байгаа бөгөөд ёстой л улсын мөнгө “ёо” гэдэггүй тулдаа болж байх шиг.
Үүний эсрэг хөдөлье гэвэл эхний ээлжинд авах арга хэмжээ нь худалдан авах ажиллагааны нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн сонгон шалгаруулалт зохион байгуулдаг явдлыг даруй таслан зогсоох шаардлагатайг албаны хүмүүс сануулж байна.
2017 онд зохион байгуулсан худалдан авах ажиллагааны явцын мэдээний жагсаалтыг үзтэл нүд орой дээр гармаар зүйлс их аж. Тухайлбал, тухайн үеийн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаярын шууд оролцоотойгоор 46 ажил “эзнээ” олсон байх юм.
Баянзүрх дүүргийн V хорооны 280 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгаас (“Жинсийн орой” ХХК) эхлээд, Сонгинохайрхан дахь Нарангийн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн II ээлж (“Усны барилга” ХХК), Баянгол дүүргийн X хорооны А хэсэгчилсэн талбайн гадна цахилгааны ажил (“Бумбод” ХХК), тарилгын бусад шингэн нийлүүлэх (“Айвико интернэшнл” ХХК), 65 дугаар сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах зориулалтын орчин бүрдүүлэх ажил (“Веста групп” ХХК) гээд салбар бүрийн, 30 саяас хэдэн тэрбум төгрөгийн үнийн дүнтэй худалдан авах ажиллагаа зөвхөн түүний гараар шийдэгдэж байж.
Түүгээр ч зогсохгүй нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяртай нийлээд хоёул долоон ажилд өөрсдийн хамаарал бүхий компаниудад давуу эрх олгосон байх юм. Өдгөө Ц.Ариунбаяр нь албан тушаалаасаа буугаад байгаа бол Ж.Тогтохбаяр сүүлийн хэдэн сар ажилдаа ирээгүй гэх. Тэрбээр мөн л худалдан авах ажиллагаа зохион байгуулах явцад “Төгс үржих зам” ХХК тэргүүт зургаан компанид давуу эрх олгожээ.
Тухайн үед нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын орлогч дарга байсан Б.Гүндсамбуу ч 11 компанид давуу эрх олгосон талаар Сангийн яамны шалгалтын комиссынхон мэдэгдэж байв.
Тэгвэл 2018 онд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст нийслэлийн ЗДТГ болон түүний харьяа агентлагуудын албан тушаалтнуудтай холбоотой 73 өргөдөл, гомдол ирснээс 29 хэрэгт мөрдөн шалгалт явуулжээ. Тухайлбал, үүнд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсвэл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон 22 хэрэг, хахууль авсан тав, авлига өгсөн гурав байсан аж.
Зарим албан тушаалтанд Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн 22.10-т заасанчлан Үндэслэлгүйгээр хөрөнгөжих зүйл ангиар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ. Улсын төсвийн хөрөнгө болон нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр өнгөрсөн онд эрх шилжиж ирсэн 16 ажлын худалдан авах ажиллагаатай танилцахад зураг төсөвгүй, газар нь шийдэгдээгүй хөрөнгө оруулалтыг хууль зөрчин баталсан тохиолдол ч байж.
Нийслэлийн төр, захиргааны байгууллагын толгойд гарсан удирдлага урьд өмнөх хэрэг явдлаасаа сургамж авах нь байтугай, харин ч амташсан хэрээ 13 дахина гэдэг шиг өнгөрсөн жил мөн л хотын мөнгөний “авдарт” ханцуйгаа лавхан дүрсэн гэхээр манайханд айж эмээх нь бүү хэл, ичих булчирхай үгүй болсны илрэл гэлтэй.
Улаанбаатар хот бол хаанаас нь ч аваад үзсэн хамгийн олон асуудалтай газар. “Улсын нийт хүн амын талаас илүү нь суурьшиж байхад нэг аймагтай адилхан төсөв хуваарилдаг, тэр нь хаанаа ч хүрэлцдэггүй” гээд л хотын удирдлага амны уншлага болтол ярьдаг. Гэтэл үнэндээ байгаа мөнгөө ч хэрэгтэй зүйлд нь, оновчтой зарцуулж чадахгүй, яаж үрэн таран хийдгийн зах зух нь л энэ. Хотод шийдэх асуудал, хийх ажил өчнөөн байхад энийг нь далимуулаад яаж хэдэн төгрөг халааслаад авах вэ гэсэн өлөн “чононууд”-аар чиглүүлж, удирдуулж явна гэхээр эмгэнэлтэй.
Эцэст нь ганц жишээ татахад, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар баталсан журмаар бол байгалийн гамшигт үзэгдэл тохиолдсон, нийтийг хамарсан цөмийн болон цацрагийн осол гарсан үед түүний хохирлыг бууруулах, тархалтыг хязгаарлах, үр дагаврыг арилгах зорилгоор цаг үеийн шинжтэй зарим арга хэмжээг санхүүжүүлэхэд Засаг даргын нөөц хөрөнгийг зарцуулах учиртай.
Гэтэл баяр ёслол тэмдэглэх, тэмцээн, уралдаан, наадам, шагнал, урамшуулал, туршлага солилцох аялал, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд үүнийг зарцуулсаар нийт батлагдсан хөрөнгийн 30-аас доошгүй хувийг нөөцөд байлгах шаардлагыг хангахгүйд хүрчээ. Тухайлбал, нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөд 2018 онд 6.8 тэрбум төгрөг төсөвлөснөөс гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд 227.6 сая төгрөг л зарцуулсан байна.
Бусдаар нь ахмадуудыг хүлээж авах, эмэгтэйчүүдийн баяраар одонтой ээж нарыг баярлуулах, зорилтот бүлгийн хүүхдүүдэд бэлэг өгөх зэргээр тал тал тийш цацаж байхад бид өнөөхөд нь баясаад сууж байж. Тэгээд эцэст нь Улаанбаатар хот 2018 онд Улсын онцгой комиссоос 1.2 тэрбум төгрөг авч, гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах арга хэмжээнд зарцуулсан байгаа юм.
Иргэдийн өмнө тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх, төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэхэд хэрэгтэй хөрөнгийг шийдэхгүй байж төсвийн хөрөнгөөр өөрсдийгөө сурталчилсан, ард иргэдэд таалагдах гэсэн аар саархан ажил хийж байгаа нь ухаангүй ноёнтой урагшгүй албат бидний хохь юм болов уу.