“Хятадын төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээ амжилттай болсон учир ирэх сарын 1-нээс тус улсын 200 тэрбум долларын бараа, бүтээгдэхүүний татварыг нэмэхээр төлөвлөснөө хойшлууллаа” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн. CNBC телевизийн мэдээлснээр Хятадын төлөөлөгчид Америкийн талд 1.2 их наяд долларын буулт хийсэн бололтой. Тодруулбал, АНУ-аас өдөөсөн худалдааны дайныг зогсоохын тулд далайн чанадын орноос худалдан авдаг бараагаа Хятадын тал ийм хэмжээгээр өсгөх замаар буулт хийх санал тавьсан гэнэ. “Зууны” гэх тодотголтой уг мэдээлэл дэлхийн хэвлэлүүдээр тархаж, Д.Трамп, түүний засаг захиргаа Хятадтай хийсэн эдийн засгийн сөргөлдөөнд яллаа хэмээн бичихэд хүргэжээ. Гэхдээ CNBC телевизийн мэдээлэл бодит байдалд бүрэн нийцсэн байсан ч тийм дүгнэлт хийх нь арай эрт аж.
Талууд Хятадаас санал болгосон шинэчлэлийн асуудлаарх харилцан ойлголцлын тухай зургаан тунхаг бичгийн заалтыг хэлэлцэж эхэлсэн тухай “Reuters” агентлаг мэдээлснийг CNBC уламжилжээ. Энэ хоёр эх сурвалжийн мэдээлэлд 1.2 их наяд доллар бус, зарчмын болон бүтцийн асуудлаарх хэлэлцээ цаашдын тохиролцооны хэлбэр, мэтгэлцэх сэдвээ тодорхойлох шатандаа явж буйг онцолсон байна.
Хятадын талыг бүрмөсөн бууж өгөхүйц үр дүн АНУ-ын Ерөнхийлөгчид хэрэгтэй. Одоогоор тус улсын хувьд тэдгээр тунхаг бичгийг батлах нь хэлэлцээний хамгийн нааштай үр дүн болохоор буй. Энэ нь Д.Трампын хувьд “гашуун” хоёр баримтыг хүлээн зөвшөөрөхөд хүргэжээ. Юуны түрүүнд, Хятадтай байгуулсан гэрээг Конгресс болон Сенатаар батлуулж чадахгүй. АНУ-д хэчнээн ашигтай байсан ч Д.Трамп түүхэн ялалт байгуулсан хэмээн дараагийн сонгуульд оролцох боломжид хүч нэмэхгүйн тулд ардчилсан намынхан уг баримт бичгийг дэмжихгүй.
...Хэрэв Америкийн тал үнэхээр энэ арга замыг сонговол тус улсын хэвлэлүүд болон дипломатууд ялалтын мэдэгдэлд “дарагдана”. Харин дэлхийд ноёрхохын төлөө АНУ болон Хятадын шийдвэрлэх тулаан 2020 оноос хойш өрнөх юм. Гэхдээ энэ тулалдаан эдийн засгийн талаар өрнөх, эсэхийг одоо хэлэхэд эрт байгааг шинжээчид тэмдэглэв...
Хоёрдугаарт, Хятадын төлөөлөгчид үүнийг мэдэж буй учир Конгресс, эсвэл Сенатаар батлуулах шаардлагагүй ч сонгуулийн кампанит ажилдаа ашиглаж болохоор баримт бичгийг АНУ-ын Ерөнхийлөгчид санал болгож буй аж. Энэ утгаараа 1.2 их наяд долларын “авлига” нь сайн пиар болох юм. Эдийн засаг, дипломатын арга хэрэгсэл хүнд байсныг шүүмжлэхээс илүүтэй эл хөрөнгө оруулалт сонгогчдод чухал, бас таатай байх магадлалтай.
Энэ дүн эхлээд харахад асар их мөнгө юм шиг боловч Америкийн өрийн үнэт цаас дахь Хятадын хөрөнгө оруулалттай тэнцэх юм. Өөрөөр хэлбэл, Хятад улс АНУ-ын өрийн 1.2 их наяд долларыг ийм өртөг бүхий бараагаар солино гэсэн үг. Үүнийг Хятад ялагдсанд тооцохгүй л болов уу. “Хятад болон АНУ Вашингтонд дээд хэмжээнд хийсэн эдийн засаг, худалдааны хэлэлцээнийхээ сүүлчийн шатны дараа тодорхой асуудлаар бодит амжилтад хүрсэн” гэж Хятадын “Global times” сонинд тус улсын төлөөлөгч мэдэгджээ.
Хятадын дипломатчдын хувьд ч хэлэлцээ амжилттай болсон байна. Хэрэв барааг нь нэг удаа худалдан авахаар тусгасан тунхаг бичигт гарын үсэг зурсны хариуд Хятадыг Д.Трамп түр тайван орхихыг зөвшөөрвөл энэ нь Америкийн талын буулт болох юм.
Ташрамд хэлэхэд, Америк, Хятадын худалдааны дайны хамгийн магадлал өндөртэй үр дүн нь аль нэг тал буулт хийхийн оронд Вашингтон болон Бээжинд ялалт хэмээн зарлахаар эвлэрлийн гэрээ байгуулах явдал аж. Америкийн фермерүүд болон үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах тухай харилцан ойлголцлын тунхаг байгуулбал сонгуульд их тус болно гэдэгт Д.Трамп найдаж болох төдийгүй улиран сонгогдсон тохиолдолд Хятадыг буулт хийлгэх гэлтгүй тус улсын зах зээлийг америк бараанд нээлттэй болгох шахалт үзүүлж ч болох гэнэ.
Хэрэв Америкийн тал үнэхээр энэ арга замыг сонговол тус улсын хэвлэлүүд болон дипломатчид ялалтын мэдэгдэлд “дарагдана”. Харин дэлхийд ноёрхохын төлөө АНУ болон Хятадын шийдвэрлэх тулаан 2020 оноос хойш өрнөх юм. Гэхдээ энэ тулалдаан эдийн засгийн талаар өрнөх, эсэхийг одоо хэлэхэд эрт байгааг шинжээчид тэмдэглэв. Дунд болон ойрын тусгалтай пуужингийн гэрээнээс гарч, Америкийн цэрэг, аж үйлдвэрийн цогцолборыг Хятадаас хараат байдлыг бууруулахыг оролдож буй зэрэг АНУ-ын сүүлийн үед
авч буй арга хэмжээнээс үзвэл цэргийн хүч БНХАУ-тай сөргөлдөх шалтаг болж магадгүй гэнэ.
Үүний сацуу эл хоёр улсын хооронд технологийн салбарт хүйтэн дайн дэгдвэл Хятадын тал зохих эсэргүүцэл үзүүлж чадах бөгөөд технологийн салбарт тэргүүлэгчийн байр сууриа хадгалан авч үлдэх боломжтой гэж тус улсын шинжээчид үзэж буйг “Global times” сонин уламжлав. “Технологийн салбарт АНУ болон Хятадын хооронд хүйтэн дайн дэгдвэлд БНХАУ Америкаас илүү бэлтгэлтэй байна. Хятад улс аж үйлдвэрийн салбарт дэлхийд тэргүүлэгч. Ухаалаг гар утасны 90 орчим хувийг Хятадад үйлдвэрлэж байна. Бусад улсад байхгүй бололцоо манайд бий” хэмээн “cctime.com” цахим хуудасны гүйцэтгэх захирал Сян Лиган ярьжээ. Мөн 5G холбоос хийгээд хиймэл оюун ухааны технологи боловсруулах салбарт Хятад улс дэлхийд тэргүүлнэ гэж үзэж буйгаа тэрбээр илэрхийлсэн байна.
Сүүлд ирсэн мэдээллээс үзвэл өнгөрсөн долоо хоног болсон уулзалтад оролцсон БНХАУ-ын төлөөлөгчдийн багийн зарим гишүүн хоёр талын худалдааны хэлэлцээг шинжээчдийн түвшинд үргэлжлүүлэхээр Вашингтонд үлдсэн тухай “South China morning post” сонин мэдээлжээ. Үүнээс өмнө болсон Америк, Хятадын хэлэлцээнүүдийн үеэр худалдааны маргаантай асуудлуудаа зохицуулах талаар ихээхэн ахиц гаргасныг “Xinhua” агентлаг урьд нь уламжилсан билээ. Тухайлбал, талууд оюуны өмчийн эрхийг хамгаалах, технологийн экспорт, тарифын бус саадыг арилгах, мөн үйлчилгээ үзүүлэх салбарт гарсан маргаанаа зохицуулах, хөдөө аж ахуй, валютын ханштай холбоотой тулгамдсан асуудлуудаар зөвшилцсөн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр Аргентинд уулзахдаа гурван сарын дотор худалдааны хэлэлцээр байгуулах алхмууд хийхээр тохиролцсон билээ. Ингэснээр урьдчилан төлөвлөсний дагуу Хятадын 200 тэрбум долларын бүтээгдэхүүнээс авч байсан 10 хувийн татвараа энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 25 болгож нэмэхгүй байхаар зөвшилцсөнийг Цагаан ордны тэргүүн мэдэгдсэн юм. Худалдааны хэлэлцээр байгуулах хугацаа маргааш дуусах бөгөөд хэлэлцээ Вашингтоны хувьд зөв чиглэлээр, амжилттай болж буй цагт татвараа нэмэхгүй гэдгээ Д.Трамп хэлсэн байна.