Украины телевизийн “Орёл и решка” хэмээх орос хэлээр явуулдаг, аяллын алдартай нэвтрүүлэг бий. Тэдний хүрээгүй улс орон, хот, анхаарал татам өнцөг булан энэ дэлхийд үлдээгүй бөгөөд манай улсад анх удаа 2013 онд ирж нэвтрүүлэг бэлтгэн цацсан юм. Хөтлөгч Регина нь Зайсан толгойн оройд хот руу харж суугаад “Улаанбаатар одоо л хөгжиж эхэлж байгаа юм байна. Маш олон өргөгч цамхаг байна. Олон байшин босох нь ээ” гэж байлаа. Үүнээс таван жилийн дараа буюу ноднин зун багийнхан дахин ирсэн. Хөтлөгч Настя нь “Таван жилийн өмнө хамтран ажиллагч маань Монголын нийслэлийн тухай тэгж хэлж байсан.
Одоо бол Улаанбаатарт маш олон өндөр байшин байна. Хурдацтай хөгжиж буй юм байна. Би Монголыг ийм орчин үеийнх гэж ер бодоогүй” гэсэн. Хотоор хэсэг явж таван жилийн хугацаанд ямар дэвшил гарсныг олж харахыг хичээв. Гярхай “золиг” нийтийн тээврээр зорчих журам өөрчлөгдсөнийг мэдээдхэв. Автобусны буудлын ТҮЦ-ээс нийтийн унаанд суух карт арайхийж олж аваад бухимдангуй “Монголчууд бараг бүгд оросоор ярьдаг гэсэн хаа байна, орос хэл мэддэг хүн алга, бас англи ч үгүй юм байна, тэгэхээр энэ хүмүүстэй ямар хэлээр нэвтрэлцэх вэ” гэж байв. Ердөө ингэж хэлснээс нь дүгнэлт хийж болохоор. Орос муу, муухай гээд хэлийг нь гадуурхах болсон юм бол өнөөх нүдээ аниад мөрөөдөөд байдаг Америкийнхаа англи хэлийг сурчих нь яадаг юм бол гэмээр. Юутай ч Настя монголчуудад гадаад хэлний мэдлэгийн тухайд муу дүн тавиад одсон. Орон гүрэн олныг хэсэж, хий нь гарсан цовоо сэргэлэн хөтлөгч бүсгүй монголчуудын чухам үнэнийг цөөн үгээр хэлчихээд явсан бөгөөд хөгждөггүй монголчууд хэрүүлээ хийгээд ард нь үлдсэн дээ.
Гадаад хэл мэдэхгүй байх нь уншдаггүй, судалдаггүй, хичээдэггүйнх. Мэдлэг, боловсрол, соёлын түвшин, улмаар оюуны хөгжил тэр хэрээр тааруу байна гэсэн үг. “Тэнэгийн дотор уужуу” цаг тэртээх ардын хувьсгалын дараа хөмөрсөн тогоотой хамт өнгөрсөн байлтай. Гэтэл бүтэн зууны хойно бид бахь байдгаараа харанхуйн дунд тэмтэчсэн хэвээр. Ямарсайндаа хэл шинжээч, доктор С.Дулам саяхан “Бурхан болоочдын араас “Ом мани бад мэ хум” гэж Жанрайсэгийн зүрхэн тарни уншдаг болохоос, ном судар төгсгөдөг “Ом сайн амгалан болтугай” гэж хэлдэггүй. Энэ бол төвөд хэлний “Ом дэлэгсү жүржиг” гэсэн үгийн монгол орчуулга болой” гэсэн байх вэ. Мэдэхгүй бол түүнийгээ гайхуулж элэг доог болж байхын оронд мэдэхийн төлөө чимээгүй тэмцмээр. Мэдэхгүйгээ мэдэхгүйн аюул гэж бас байх юм.
...Хүүхэд сургах үүрэгтэй багш нар нь уншихгүй, сурагчид нь бас унших дадалгүй, эцэг, эхчүүд нь ч юу уншихаа төдийлөн ойлгохгүй, уншиж боловсорсон хүмүүсийнхээ үгийг сонсохгүй ийм л номгүй, эрдэмгүй ард түмэн болж байна даа..
Гадаад хэлийг хэд хэдээр нь эзэмшиж, төвөдөөр маань, тарни хэлэх нь бүү хэл, монголоороо зөв ярьж, бичиж чадахаа байсан “хүн сүрэг”-ээр энэ нийгэм дүүрлээ. Ярьж, бичих чадвар дорой байхын хэрээр сэтгэхээр тааруу байх нь зүй тогтол. Өнөөдөр байдал иймдээ тулаад байхад анхаарч, арга хэмжээ авах төр, засаг алга, түмэн олон эзэнгүй айлын дураараа хүүхдүүд шиг зоргоороо бужигнаж байна.
Төр засагт найдалтгүй. Боловсролын яамыг харахын ч хэрэггүй. Бага, дунд боловсролын тогтолцоо, хөтөлбөрийг элдвээр самарсны дүнд эх хэлээрээ бичиж, ярьж чаддаггүй залуусыг “Ингээд амьдар” гээд зөнд нь тавьчихаж байна. Ийм нөхцөлд эцэг, эхчүүд үр хүүхдийнхээ эрдэм боловсролд санаа тавих, өөрсдөө ч хөгжих шаардлага урьд урьдынхаас илүү тулгарч буй юм.
Хөгжлийн суурь бол оюун санаагаа цэгцлэх. Арга замуудын нэг нь унших, бас дахин унших юм. Юу уншихаа бодож, онож сонгох хэрэгтэй болж байна. Нэг удаа уншаад инээгээд, эсвэл уйлаад өнгөрөх гэхээс илүүтэй насан туршийн мэдлэг, боловсрол, хоол, хань болох номыг олж уншихыг урьтал болгохыг цаг үе шаардаж байна.
Ном зохиогчид олон болсон. Номын дэлгүүр ч хангалттай бий. Лангуун дээрх өнгө алагласан олон ном дунд төөрч, таарснаа, эсвэл гоё өнгө, зурагтайг нь авах гэхийн оронд ямар зорилгоор ямар ном унших гэж байгаагаа тооцоолоод чамбай гэгч нь танилцаж байж худалдаж авмаар. Гэтэл бусдыг дагаж “Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөхийн үлгэр”-ийн орчин үеийн хувилбарын гол дүрд тоглогсод олширчээ. “Интерном” номын дэлгүүрт ямар ном эрэлттэй байгаа болон худалдан авагчид ямар шалгуураар ном сонгодог талаар асуухад “Уран зохиолын болон хувь хүний хөгжлийн сэдэвтэй ном гүйлгээ сайтай байна. Сурталчилгаа сайтай номуудыг сонгох нь элбэг. Зарим нь “Фэйсбүүкээр “яваад” байсан энэ ном байна уу” гэж асуудаг. Тэгэхээр бусдыг даган дуурайж, бусдад бэлэглэх зориулалтаар ч юм уу, худалдаж авах тохиолдол байдаг” гэсэн нь бодлыг минь батлав.
Сайн гээд хошуураад байдаг зарим номыг унших гэж оролдох төдийд дотор муухайрах нь бий. Монгол хүн монголоор бичсэн гэхэд хэцүү номыг залуус дугаарлаж зогсоод худалдаж авч байсныг юу гэх вэ. Бүхэл бүтэн номд зөв найруулсан өгүүлбэр бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Монгол хэл тааруухан заалгасан залуус тийм номыг үнэхээр уншиж дуусгасан бол, тэр л найруулга муутай өгүүлбэрүүдээр нь хэсэгтээ амьсгална. Улмаар монгол хэл гэж ийм байдаг гэсэн ойлголттой үлдэнэ. Ингээд бодохоор эх хэлээ болон улс орон, үндэстнийхээ ирээдүй болсон залуусаа мэдэхгүйн аюулаас аваръя гэвэл дээхнэ үеийн “Главлит” хэмээх, олон нийтэд түгээх номыг хянаж шалгаж, зөвшөөрөл олгодог байсан зарчмыг сэргээмээр ч юм шиг.
Номын зэрэгцээ сурах бичиг хэмээх хүүхэд хүн болох, эсэхийг шийддэг бүтээгдэхүүний эргэн тойрон дахь маргааныг нэг мөр болгох шаардлага нэн тулгамдлаа.
Уншихгүй бол хөгжихгүй. Дунд сургуулийн сургалтын “Цөм” хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан сурах бичгүүдээр хичээл удирдаж явуулах үүрэг бүхий багш нар өнөө хэр сурах бичгээ ч, хөтөлбөрийг ч гоочилсоор. Сургалтын чанарыг дэвшилд хүргэх зорилгоор шилдэг гэсэн 150 мэргэжилтний баг ажиллаж боловсруулсан хөтөлбөр, түүний хүрээнд гаргасан сурах бичгүүдийг дунд сургуулийн багш нар “Хэцүү, цаг зав илүү шаардах юм билээ” гээд гар хүрэхгүй, ширээнийхээ нүд рүү шидчихээд өнгөрсөн, улирсан сурах бичгүүд эргүүлж хичээл зааж байгааг бас юу гэх вэ. Багш нар өөрсдөө уншиж, ухаанаа задлан, учрыг олж, сурагчдаа яагаад гэдэг асуултад тэр дор нь хариу өгч чадах мэдлэг, бодит чадвартай болгон төлөвшүүлж, хөгжүүлэхээс залхуурч, шантарч байна гэж харахад хүрч буй юм. Энэ чиглэлээр судалж удаа дараа бичсэний хувьд ийм дүгнэлт хийж байна. Сүүлдээ “Цөм” хөтөлбөрийг боловсруулахад оролцсон багш нар, мэргэжилтнүүд өөрсдийнхөө зөв гэдгийг баталж, нотлохоос залхаад, өөр өөрсдийн бодож, зорьсноор хувийн сургуулиудад тэрхүү хөтөлбөрийн хүрээнд, өнөөх хэцүү гээд байгаа сурах бичгүүдээрээ хичээл заагаад, сурагчдаа бодуулж, эргэцүүлж, яагаад хэмээх асуултад хариу өгүүлж сургасаар байгаа юм билээ. “Цөм” гээч нь Япон, БНСУ зэрэг XXI зуунд хөгжлөөрөө тэргүүлэгч улс орнуудын дунд сургуулийн сургалтын хөтөлбөрөөс авахаа авч, өөрийн орны туршлага, замналтай сүлэн гаргаж ирсэн хөтөлбөр юм билээ л дээ.
Хүүхэд сургах үүрэгтэй багш нар нь уншихгүй, сурагчид нь бас унших дадалгүй, эцэг, эхчүүд нь ч юу уншихаа төдийлөн ойлгохгүй, уншиж боловсорсон хүмүүсийнхээ үгийг сонсохгүй ийм л номгүй, эрдэмгүй ард түмэн болж байна даа. Монголчууд уншихыг үзэн ядаж, ам дамжин хөөсөрсөн хов живийг харин сэтгэлээ ханатал “уншиж”, амаа задартал инээж, цээжээ хөндүүрлэтэл ханиах зуур уншиж сурсан ард түмнүүд амьдралд чиглүүлдэг ном эрдэнэсээ урьдын адил дээдэлсээр, урагшилсаар.
Бид ч гэсэн зөв сонгож, хөгжилд хүргэх сайн номнууд уншсаар байх аваас сар, жил хожин урагшилж чадах билээ.