Гадаадын их, дээд сургуульд боловсрол эзэмшихээр харийн нутаг руу хүлгийн жолоо залах хүсэлтэй хүн цөөнгүй. Манай улсын нийт оюутны 60-75 хувь нь “Боломж гарвал гадаадад сурна” гэсэн хүсэлтэйг өнгөрсөн онд хийсэн судалгаагаар тогтоожээ. Тэр хэрээр оюутан, сурагчдын гэгээн хүсэлд тулгуурлаж, “Ажиллангаа суралцах боломжтой хөтөлбөр зарлалаа”, “100 хувийн тэтгэлгээр нэр хүндтэй сургуульд зуучилна” хэмээн горьдлого төрүүлж, сайхан үгээр хүмүүсийг хуурдаг байгууллага, хувь хүн ч цөөнгүй болжээ. Хуурамч гэрээнд мэхлүүлэгсэд ямар нөхцөл байдалтай тулгардаг, түүнээс гарах ямар арга зам байдгийг тодруулахаар холбогдох байгууллагуудыг зорилоо.
Ашиг хонжоо харсан зуучлагч нарт хууртсан иргэдийн нэг болох Сүхбаатар дүүргийн XI хороонд оршин суугч О.Хүрэлтулга фэйсбүүк хуудас дахь зарын дагуу Э.Өлзийжаргал гэх эмэгтэйгээр зуучлуулан өнгөрсөн оны гуравдугаар сард эхнэрийнхээ хамт хилийн дээс алхсан байна. Бусад улсын сургуулиас зардал нь хямд, тавигдах шаардлага бага, хэлний оноо ч шаардахгүй тул Тайванийг зорьжээ. Зуучлагч, зуучлуулагч талууд очоод ажиллангаа эрүүл мэндийн даатгал, хэлний бэлтгэл зэрэгт 3200 ам.доллар суутгуулахаар тохиролцсон аж. Ажлын байртай, сургуульд хөнгөлөлттэй үнээр, тэтгэлэгтэй сургана гэж амласан ч очсон хойноо байдал эсрэгээрээ байсан гэнэ. Тайванийн Тайнан их сургуульд эхний долоо хоногт суусан ч дараа сараас нь профессор Чун гэгч “Хичээлдээ суух шаардлагагүй. Би аргалчихна, чи ажлаа хийхэд болно” гэсэн байна. Гэвч үнэндээ О.Хүрэлтулгатай хамт явсан оюутнуудыг тус сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үнэгүй ангид хагас сайн өдөр л хичээллүүлж, англи хэл заадаг байжээ. Сургуулийнх нь бүртгэлийн системд ч О.Хүрэлтулгын нэр байхгүй, урилга нь хуурамч болохыг хожим мэдсэн аж.
Гэвч “Гадаадад ирснийх ажил хийж мөнгө хураая” гэсэн хүсэл тэднийг Монгол руу хөтөлсөнгүй. О.Хүрэлтулга сургуульгүй хоцорсон ч Э.Өлзийжаргал түүнийг ажилд зуучилж өгнө гэсэн тул хэдэн сар Тайваньд байхаар шийджээ. Барилгын ажил хийсэн ч гэрээнд тусгаагүй янз бүрийн даатгал нэрээр 10 000 тайвань доллар сар бүр цалингаасаа суутгуулах болов. Ийм байдал удаан үргэлжилсэн учир хосууд хураасан мөнгөгүй, сурсан хэлгүй, өнгөрсөн арванхоёрдугаар сард Монголдоо иржээ. Тэд зуучлуулсан хүндээ нийт 15 сая гаруй төгрөг өгсөн байна. Очсон хойноо ч янз бүрийн даатгалд цалингийнхаа 50 хувийг суутгуулж байсныг дээр дурдсан. Тэд зуучлуулсан мөнгөө буцааж авахаар өмгөөлөгч хөлсөлтөл “Хохирлыг тань барагдуулах хуулийн үндэслэл алга” гэсэн хариу сонсов. Учир нь талуудын хийсэн гэрээнд зуучлагч, зуучлуулагчийн хүлээх эрх, үүрэг гэсэн ямар ч үг, өгүүлбэр байгаагүй бөгөөд нотариатаар баталгаажуулаагүй аж. Үүнээс гадна сургуульд оруулсан, ажилд зуучилсан нь өнгөн хэсэгтээ үнэн байж. Өөрөөр хэлбэл, мэхлүүлсэн тохиолдолд өгсөн мөнгөө буцааж авах үндэслэлгүй, хохирсныг нь батлах баримт үлдээгүй гэсэн үг. Бусад зуучлалын газрын ихэнх нь “Ажилд зуучилж, хувь хүний санхүүгийн хэрэгцээг хангана, дээд зэрэглэлийн орчинтой сургуульд элсүүлнэ, англи хэлний анги тусгайлан нээж өгнө, хэлний оноотой болгоно” гэх чихэр шиг амлалт өгсөн ч гэрээндээ түүнийгээ биелүүлээгүй бол ямар хариуцлага хүлээх талаар тусгадаггүй байна. Иргэд ч түүнийг нь анзаардаггүй аж.
Энэ талаар “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын ерөнхий нарийн бичгийн дарга З.Ариунтэнгэр “Энэ мэтээр хохирсон иргэн олон. Саяхан гэхэд Хятад руу зуучлуулах гээд 200 гаруй оюутан хөрөнгө мөнгөөр хохирч, цаг хугацаа алдсан. Иргэд гэрээгээ сайн судлахгүй байна. Зуучлагч тал нь төрийн бус байгууллага гэсэн халхавчийн цаана үйл ажиллагаа явуулдаг. Уг нь энэ мэт үйл ажиллагаанд БСШУСЯ-ны дээд боловсрол хариуцсан мэргэжилтнүүд хяналт тавих ёстой. Гадаадын их, дээд сургуулиудын тэтгэлэг зарлах үеэр ийм луйвар улам газар авдаг. Нэг талаас харвал иргэдийг мэдэхгүйгээр нь далимдуулж мөнгө завшдаг зуучлагч нарт хариуцлага тооцох ёстой. Нөгөө талаас тодорхой судалгаагүй, баталгаагүй мэдээлэлд итгэдэг нь иргэдийн буруу. Миний мэдэхээр, зуучлалаар дамжуулан гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны олонх нь чансаа муутайд нь элссэн байдаг. Зуучлагч тал тухайн сургуульд оюутан элсүүлснээр аль аль талдаа ашигтай байдаг” гэсэн юм. Түүний хэлснээр зуучлагч нар хүн бараг сурдаггүй сургуульд оюутан элсүүлдэг. Тайваньд их, дээд сургуульд суралцах насныхан цөөрсөн учир зарим нь хаалгаа барихад хүрсэн аж. Тиймээс гадаадаас солилцоогоор оюутан элсүүлсэн тохиолдолд тухайн сургуульд Засгийн газраас нөхөн төлбөр олгодог юм байна. Тухайн их, дээд сургуулийн урилга ч эхний жилдээ ямар ч үнэ төлбөргүй байдаг. Тэр урилгыг авахын тулд л оюутан, сурагчид зуучлалын хөлсөнд 1000 ам.доллар өгч, мөнгөө салхинд хийсгэж буйг тэрбээр онцлов.
Англи хэлний тодорхой хэмжээний мэдлэгтэй бол гадаадын ямар ч их, дээд сургуульд өөрийн материалаа илгээж, урилга авч болох нь.
Унгар 500, Хятад 200 оюутан гэх зэрэг нийт 2000 гаруй квотыг Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн жагсаалтад тусгажээ. Өөрөө л сайн судалбал заавал энд, тэндхийн хувь хүн, компани, ТББ-д мөнгө төлөх шаардлагагүй аж.
Зуучлалын үйлчилгээ үзүүлдэг газруудад хэн хяналт тавих ёстойг БСШУСЯ, ХНХЯ, Хүний эрхийн үндэсний комиссынхноос тодруулсан юм. ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ хариуцсан ахлах мэргэжилтэн “Сургалтын виз гаргадаг хүмүүс БСШУСЯ-наас зөвшөөрөл авна, манайх зөвхөн ажиллах хүчинтэй холбоотой зөвшөөрөл олгож түүндээ хяналт тавьдаг” хэмээв. Харин БСШУСЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга н.Гарьд “Зуучлалын үйлчилгээ үзүүлдэг газарт манайх хяналт тавихгүй. Засгийн газраас тэтгэлэгт хөтөлбөр зарласаар байхад хувь хүнд найдах эрсдэлтэйг иргэд ухамсарлах ёстой. Манай байгууллага зуучлалыг дэмждэггүй” гэсэн бол ХЭҮК-ынхон ч энэ төрлийн зөрчлийг гэмт хэрэг гэж үздэг тул хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандах нь зүйтэй гэв.
Зуучлалын газруудад тавих хяналт сул, компани, төрийн бус байгууллага нэрээр үйл ажиллагаагаа халхавчлан оюутан, залуусыг гадаад руу гаргаж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг ихсэх нөхцөл бүрдүүлдэг бололтой.
Төрийн бус байгууллага нь соёл, урлаг, боловсрол, хүмүүжил, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, байгаль орчин, ахуйн хөгжил, хүний эрх, хүн амын тодорхой бүлэг, давхаргын эрх ашгийг хамгаалах чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулах эрхтэй тул тэдний ажлын нарийн ширийнийг байнга хянах хүндрэлтэй гэж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтсийн мэдээлэл судалгааны мэргэжилтэн, дэслэгч Т.Ууганжаргал хэлсэн юм.
Гадаадын их, дээд сургуульд иргэн зуучлах тусгай зөвшөөрөлтэй 66 байгууллагад хамгийн сүүлд 2017 онд хяналт, шалгалт хийж, 19-ийнх нь үйл ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлсэн болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Бямбасүрэн ярилцлагадаа дурджээ. Нийт байгууллагын 33-т нь зөрчлөө арилгах албан шаардлага хүргүүлж байсныг ч онцлов. Харин өнөөдрийн байдлаар гадаад руу оюутан, сурагч зуучилдаг зарим газар тусгай зөвшөөрөл авах шаардлагатай, эсэхийг ч мэдэхгүй үйл ажиллагаа явуулж байна.
Гадаадын их, дээд сургуульд зуучлах үйлчилгээ үзүүлдэг хэдэн газраар оров. Тэдний ярианаас гадаадын сургуульд элсэх тун амархан санагдлаа. Гэхдээ тухайн байгууллагууд оюутан зуучлах зөвшөөрөл хаанаас авдаг, урилгаа хэрхэн гаргадаг талаар тодруулахад ихэнх нь тоймтой зүйл хэлсэнгүй. Олон улс руу иргэдийг зуучилдаг газруудын нэг болох “Гэрэл” төвийн иргэдтэй харилцах мэргэжилтэн энэ талаар “Тусгай зөвшөөрөл авна гэсэн юм байхгүй. Манайхаас гадна компани, хувь хүний нэрээр, тэр ч бүү хэл гадаадад оршин суудаг хэн ч тухайн улс руу оюутан сургахаар зуучилдаг” гэлээ.
“Тайваньд төгсөгчдийн холбоо” ТББ-ын менежер Т.Тунгалаг “Гадаадад оюутан зуучлахад зөвшөөрөл авах шаардлагагүй. Тусгай зөвшөөрөл ав гэж шаарддаг газар байхгүй гэхэд хилсдэхгүй” гэсэн юм.
Гэхдээ албан байгууллага болон хувь хүнээр зуучлуулаад хохирсон иргэд тухайн улсынхаа Боловсролын яаманд мэдэгдвэл зуучлал хийсэн хүмүүсийн хилээр нэвтрэх эрхийг хасах, хохирол барагдуулах, торгох арга хэмжээ авдаг гэж Тайванийн Тайнан их сургуульд магистраар суралцдаг Б.Дөлгөөн хэлсэн.
Зуучлах байгууллагад хандаж хохирсон иргэдийн гомдлыг залилах гэмт хэрэг гэж үзэн цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг аж. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн тоон мэдээнээс харахад, 2016 онд залилан бүртгэгдсэн нийт хэргийн 7.9 хувийг эзэлж байв. 2017 онд 9.2, 2018 оны эхний гурван сарын байдлаар 12.7 хувь болтлоо өссөн байлаа. Энэ тооноос залилах гэмт хэргийн тоо өссөөр байгааг харж болно. Уг гэмт хэргийн төрөлд хамаардаг, гадаадын их, дээд сургуульд зуучилдаг хүмүүс, албан газруудтай холбоотой зөрчлийн тоо ч өссөн байхыг үгүйсгэхгүй.
Зуучлагч газруудын ихэнх нь жилд 2-3 удаа, нэг ээлжинд 10-20 хүн гадаад руу гаргадаг аж. Тайваньд л гэхэд “Нан Хуа”, “Да Еэ”, “Чен Кунг” зэрэг сургуульд жилд 80-100 гаруй монгол оюутан хувийн байгууллагуудаар зуучлуулан суралцдаг гэнэ. Тэндхийн их сургуулийн 40 орчим хүүхэдтэй нэг ангийн 35 нь монгол оюутан байсан тохиолдол өнгөрсөн жил гарчээ.
Энэ мэтээр хуурамч урилга, хэлний оноо амладаг зуучлах байгууллагад хандаж, эдийн засаг, цаг хугацаа, сэтгэл санаагаараа хохирохгүйн тулд товлосон сургуулийнхаа чансаа, үзүүлэлт, мэдээллийг http://www.webometrics.info гэсэн хаягаар шалгах боломжтой. Цаашлаад тухайн сургуулиас ирүүлсэн урилгаа ч албан ёсных мөн, эсэхийг баталгаажуулах нь иргэн хүний наад захын үүрэг. Аль сургуулиас ямар мэргэжлээр элсүүлэхийг зөвшөөрсөн тухай мэдээлэл урилга дээр нь тодорхой бичсэн байдаг. Урилга тань хүчинтэй, эсэхийг тухайн сургуулийн мэргэжилтэн рүү утасдаж, асуух боломжтой. Эс бөгөөс хүчингүй урилгатай очоод, дээр дурдсан иргэн шиг хүнд байдалд орохыг үгүйсгэхгүй. Хувь хүн, байгууллагууд итгэлцэлд үндэслэсэн гэрээгээр танийг мадлах эрсдэлтэйг дахин сануулъя.
Хохирсон хүмүүс ихэвчлэн тодорхой мэдээлэлгүйн улмаас мэхлүүлдэг тул сургуулиа болон зуучлагч байгууллагаа сайтар судлах хэрэгтэйг холбогдох албаныхан анхаарууллаа.