Дөчөөд насны нэгэн эр ажлынхаа залуустай “Тэндхийн тендер яасан бэ. Зам, барилгын ажил эхлэх хугацаа туллаа даа. Компаниудаас нааштай үнийн санал ирэхгүй бол яах вэ” гэх зэргээр жигтэйхэн ажил хэрэгч ярилцана. Тэдний ярианд Тавантолгойн нүүрсний ордын хүнд даацын авто замын тухай хүртэл дурдагдах аж. Эл яриа аль нэг албан газрын гял цал өрөөнд бус, сэтгэцийн эмнэлгийн эргэлтийн өрөөнд болсон гэвэл та итгэх үү. Дээрх ярилцагч эр болбоос костюм, зангианы оронд биеийн тамирын хослолтой, ус гүйж хавдсан нүцгэн хөлдөө шаахай угласан өвчтөн билээ. “Таны тариаг соруулж бэлдчихээд, хүлээгээд байна. Хурдлаарай” гэсэн сувилагчийн командаар нэгэн компанийн ажилтнуудын энэ удаагийн “хурал” тэгсхийгээд өндөрлөв. Архины хамааралд орсон нэгнээ эмнэлэгт эргээд буцаж байгаа нь энэ...
Гал тогооноос өвчтөнүүдийн үдийн хоолыг авчрахаар сувилагчтай хамт сэнжтэй том сав дамжлан эргэлтийн өрөө рүү гарч ирсэн жижгэвтэр биетэй шар залуу нүдэнд шууд тусах нь тэр. Түүнийг хаана ч билээ, харсан юм шиг, тэгэхдээ бүр ярилцаж байсан мэт дуу хоолойных нь өнгө танил санагдсаныг яана. Сэтгүүлч хүн ажлын шаардлагаар янз бүрийн хүмүүстэй уулздаг тул хааяа дунд нь төөрөлдөх явдал бий. Гэхдээ энэ удаа би буруу таниагүй байлаа. Мөрийтэй тоглоомд донтсон гэх эмгэгийн улмаас энд хэвтэн эмчлүүлж буй тэрбээр төрийн захиргааны нэгэн байгууллагад ажилладаг болж таарав...
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох эмгэг судлалын клиникт түр саатсан хэн ч болов дон хэмээх эмгэг манай нийгмийг дотроос нь алгуурхнаар, асар өргөн “фронтоор” эзлэн түрэмгийлж буйг гадарлах болно. Бидний төсөөлдөгчлөн “Шар хад”-ны эмнэлгийн донтолтын тасагт зөвхөн “өвгөнтийнхөн” албадан эмчлүүлдэг цаг улирч, шинэ үеийн, шинэ төрлийн өвчтөнүүд халааг нь авчээ. Магадгүй тэдний нэг нь та, би, бидний эргэн тойрныхон ч байж мэдэхээр, аюул тийм ойрхон ирчихсэн мэт. Эндхийн хэвтэн эмчлүүлэгсдийн 30 ортой тасаг нь байнгын ачаалалтай, дараалалтай байдаг бөгөөд Шинэ жил, Цагаан сар зэрэг баяр ёслолын дараа “эрэлт хэрэгцээ” нь бүр ч ихэсдэг гэнэ. Хүлээлгийн өрөөнд нь эмчийг хүлээх зуурт төрөл бүрийн жанрын “гол дүр”-тэй таараад үнэндээ эмзэглэсэн. Гэвч “Донтолт Монголд хаа сайгүй газар авсан” гэх эмч мэргэжилтнүүдийн үгтэй хоолой нийлүүлэн “Нээрэн, тийм байна. Яана даа” хэмээн дэмий шогшрох нь тусгүй. Харин түүний оронд цаашид юу хийвэл, яавал дараа дараагийн үеийнхнийг донтолтынхны “арми”-д хүч нэмэн түрж оруулахгүй байх вэ гэдэгт анхаарвал зүйтэй мэт.
Донтолтыг хоёр ангилдаг байна. Нэг хэсэг нь мансууруулах бодис, эм, архи, тамхи гэхчлэн ямар нэг химийн бодис хэрэглэж донтдог бол үлдсэн хэсэг нь интернэт тоглоомд хэт дурлах, хулгай дээрэм хийх зэргээр зан үйлийн донтолтод өртсөн хүмүүс байдаг аж. Тухайлбал, худалдан авахын дон, мөрийцөх, шатаах дон гээд зан үйлийн донтолтын цөөнгүй хэлбэр бий гэнэ. Тус төвийн Донтох эмгэг судлалын клиникээр үйлчлүүлдэг өвчтөнүүдийн олонх нь архинаас хамааралтай байдаг бол хар тамхи, мансууруулах бодис, цахим тоглоомд донтогчид араас нь шил дардаг байна. Донтолт ихсэх, багасах нь нийгмийн хөгжлөөс ихээхэн хамааралтай бөгөөд үүний эсрэг хариу урвал үзүүлэх хамгийн гол вакцин нь хүмүүсийг багаас нь сэтгэл хөдлөлөө удирдах чадвартай, сэтгэл зүйн дархлаатай болгож төлөвшүүлэх явдал гэдгийг СЭМҮТ-ийн Донтох эмгэг судлалын клиникийн их эмч Б.Соёлмаа хэлсэн. Тийм ч учраас архинаас хамааралтай өвчтөнүүд заавал эмнэлэгт хэвтэж, ор эзлэхгүйгээр ажлынхаа хажуугаар сайн дураараа өдрийн эмчилгээнд хамрагддаг сэтгэл зүйн заслын үр дүн олон улсад өндөр байдаг юм байна. Сүүлийн таван жилийн дүнгээс үзэхэд манайд ч өдрийн эмчилгээний үр дүн өндөр байгаа бөгөөд 10 хүн 21 хоногийн турш сэтгэл заслын эмчилгээнд хамрагдахад 5-7 нь эдгэрдэг болжээ.
ТА ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭГЧ МӨН ҮҮ?
Та хэзээ нэгэнт цагт согтууруулах ундааны хэрэглээгээ багасгах хэрэгтэй гэж бодож байсан уу?
Хэн нэгэн таныг архи их ууж байна гэж шүүмжлэн, дургүйг тань хүргэж байсан уу?
Та архи, согтууруулах ундаа хэрэглэдэг байдлаа “Буруутай” гэж бодож, сэтгэл дундуур байж үзсэн үү?
Архи уусны маргааш өглөө босонгуутаа эвгүйрхсэн дотроо засахын тулд өлөн дээрээ дахин ууж үзсэн үү?
Эдгээр дөрвөн асуулт нь архины хэрэглээг илрүүлэх хурдавчилсан сорил (GAGE) бөгөөд олон улсад нэгэн адил мөрддөг аж. Хэрэв та нэг асуултад “тийм” гэж хариулсан бол архи хэтрүүлэн хэрэглэгч байж болзошгүй. 2-3 асуултад “тийм” хэмээн толгой дохисон бол архи хэтрүүлэн хэрэглэгч мөн гэж үздэг байна. Харин бүгдэд нь “тийм” хэмээн хариулсан тохиолдолд архины хамааралтай хүн гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстойг Донтох эмгэг судлалын клиникийн эмч нар анхаарууллаа. Долоо хоногт 1-2 удаа баяр ёслол тэмдэглэх, уйтгар гуниг, бухимдлаа тайлах гэх мэт шалтгаанаар тогтмол архи, согтууруулах ундаа хэрэглэх нь аажимдаа бие махбод, оюун санаагаараа өөрийн эрхгүй этанолын хамааралтай болох эрсдэл өндөр гэнэ. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд эрчүүдээс илүү хурдан хугацаанд буюу 2-5 жилийн дотор архинд донтох магадлалтайг Б.Соёлмаа эмч хэлэв. Тухайлбал, 10-аад жилийн өмнө тус төвд хандаж, эмчлүүлдэг хүмүүсийн 10 хүрэхгүй хувь нь эмэгтэйчүүд байсан бол өдгөө 40 шахам хувийг нь бүсгүйчүүд эзэлдэг болсон гэх сэтгэл сэртхийм мэдээ дуулгасан.
“Би ямар ажил, амьдралаа алдтал уудаг биш. Яахаараа архины хамааралтай болдог юм” гэсэн өөрийгөө зөвтгөх бодлоо түр хойш тавиад, цэнэж нэг үзэхгүй бол ирээдүйд томоос том харанхуй ангал руу халтирах эрсдэл өнөөгийн нийгэмд хэнд ч тулгарч болзошгүйг өдрийн эмчилгээнд явж буй өвчтөнүүдийн нэгэнтэй уулзаад мэдрэв. Баатар хэмээн өөрийгөө танилцуулсан тэрбээр найзаасаа эндхийн өдрийн эмчилгээний тухай дуулаад иржээ. “Найз минь энд эмчлүүлснээсээ хойш жил гаруй хугацаанд архи огт амсаагүй учраас юутай ч нэг очоод үзье гэж бодсон юм. Долоо хоногт нэг удаа уудаг, “халуурахаараа” шараа тайлна гээд хоёр хоног гөвчихдөг би өөрийгөө хэзээ ч архинд донтогч гэж бодож байгаагүй. Гэтэл энд ирээд өөрийгөө архинаас хамааралтайг бүрэн хүлээн зөвшөөрсөн. Өнөөдөр эмчилгээний 10 дахь өдөр. Надтай л адилхан ажил, хөдөлмөр эрхэлдэг, “Архийг тааруулж хэрэглэдэг” гэсэн үзэл бодолтой хүмүүс энд ирээд өөрсдийгөө хүлээн зөвшөөрч, архины өмнө бууж өгч, ялагдахгүйн төлөө хичээж байна. Амьдралын бодит түүхээр жишээлээд, хүний оюун санаанд нөлөөлж, дадал хандлагыг нь өөрчлөх сэтгэл зүйн эмчилгээ хийж буй нь их үр дүнтэй юм” хэмээн ярилаа.
21 хоногийн хугацаатай өдрийн эмчилгээний энэ удаагийн “Өөртөө туслах бүлэг”-т 13 хүн бүртгүүлсний тав нь эмэгтэй гэсэн. Ирцийн самбараас харахад тэд бүгд эмчилгээндээ идэвхтэй ирдэг бололтой. Сургалтын өрөөний хананд О.Дашбалбарын “Тэнгэр шиг бай” шүлгийг хадсанаас эхлээд хүний оюун сэтгэхүйд эергээр нөлөөлөхүйц орчин нөхцөлийг сайн бүрдүүлж өгчээ. Энд архины хамааралтай 1000 орчим хүн сэтгэл зүйн эмчилгээ хийлгэснээс 500 гаруй нь эдгэрсэн буюу 3-5 жил согтууруулах ундаа огт амсаагүйг нийгмийн ажилтан Ж.Гижир хэлсэн юм. “СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛ МАШ ЧУХАЛ”
Ямар нэг зүйлд донтож, өөрийгөө хянах чадваргүй болтлоо тэмүүлнэ гэдэг нь сэтгэцийн эрүүл мэнд доройтсоны шинж гэнэ. “Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд эрүүл мэндийн хичээл оруулдаг болох ёстой” гэхээр манайхан зөвхөн бие махбодын эрүүл мэндтэй холбож ойлгодог. Угтаа энэ хичээлээр хүүхэд багачуудад сэтгэцийн эрүүл мэндийн талаарх ойлголт өгч, нийгмийн хөгжлийн нөлөөгөөр ямар ч сөрөг муу хүчин зүйл гарч ирсэн байлаа гэхэд түүнийг сохроор даган “боолчлогдох” бус, сайн-муу, зөв-бурууг ялгаж байж шийдвэр гаргадаг сэтгэл зүйн дархлаатай иргэнийг төлөвшүүлэх учиртай. Тиймээс СЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сэтгэцийн эрүүл мэндийн хичээлийг хэрхэн ойлгомжтой байдлаар оруулах тухай агуулга хөтөлбөр боловсруулахад хамтарч ажиллажээ. Түүнчлэн тус төвийн сэтгэлзүйчид нэгэнт өвчлөөд ирсэн хүмүүст үйлчлээд зогсохгүй, өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэхийн тулд ажлын бус цагаараа сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөхөд анхаарч эхэлсэн байна. Мансууруулах бодисыг бодоход цахим тоглоом болон архинд донтсон хүмүүсийг тэр “харанхуй хонгилоос” татаж авах боломж арай илүү учраас сэтгэлзүйчдийн эрэлт хэрэгцээ их байгаа нийгмийн шаардлагыг дагасан нь энэ.
Ташрамд дурдахад, хүүхдээ гар утсаараа “саатуулдаг” эцэг, эхчүүд үрсийнхээ тархийг өөрсдөө гэмтээж буй хэрэг гэдгийг эмч нар сэрэмжлүүлж байна. “Хүүхэд унаад, ямар нэг юм мөргөхөд тархи толгой нь гэмтэж үү” гээд манайхан эмч, бариач руу гүйдэг. Гэтэл цахим тоглоомд донтож, дэлгэцийн хамааралтай болсон хүүхдийн тархи яг түүн шиг гэмтэж байдаг аж. Буруу эрхлүүлсэн хайр нь даамжирсаар байвал эцэстээ үр хүүхэд тань дэлгэцийн донгоосоо салах гэж насан туршдаа зовж мэдэхийг бүү март!