Нийтлэл 64
Энэ өдгөө бүрэн эрхт, анги тогтнолт Монгол улсын иргэд бид түүхийнхээ гээгдсэн баруун хэсгийг, үгүйсгэгдсэн гал голомт төв хэсгийг одоо манууст байгаа зүүн хэсэгтэйгээ нийлүүлэн үнэн, цогц түүхээ босгох цаг ирлээ. Ашна Түрэг овогтон болон Хамаг Монгол овогтонд өнөөгийн халхууд (хүн амын дийлэнхи) яаж ханддаг вэ? Түүх болон гений (яс цусны) хувьд яаж хандах ёстой вэ гэдгийг та бүхэндээ учирлая. Харийн ой санамжинд автсан халх, харийн ой санамжинд эс автсан халхын тухай өгүүлэх гэж байна.
Халхуудын талаар дэлгэр нийтлэл хожим хүргэнэ. Халхуудын шууд дээдэс Хэрэйд, Найман, Мэргэд овогтон. Хэрэйд, Найман, Мэргэдийн дээдэс нь Уйгураас задарсан улс. Уйгур нь Хүннүгий шууд хойчис. Хүннү, Тэлэ, Есөн угс, Уйгур, Хэрэйд, Халх нь гал голомт төв овогтон болно. Төв овогтон гэдэг нь тэд Өтүгэндээ хаанаас ч ирээгүй, Өтүгэнээсээ хаашаа ч яваагүй учрынх болно. Энэ тухай хөдлөшгүй эх сурвалж уншигч таньд хүргэсэн билээ. Энэ удаагийн нийтлэл нь халхуудын толгойнд буй хуучин ужгийг буюу харийн ой санамжийг хөөн гаргахад зориулагдав.
Тэдний эх орон буюу анх орон
Ашна Түрэг овогтны ихсийн эх орон нь Өтүгэнээс баруун хойшоо 1000 км зайнд Саяны нуруунд оршиж байжээ. Энэ нь Суо улсын газар ус. Хамаг Монгол овогтны ихсийн эх орон нь Өтүгэнээс чанх хойшоо 600 км зайнд тэнгисийн (Байгаль далайн) умард оршиж байжээ. Энэ нь Ду ло улсын газар ус. Ду ло нь Тэлэ овогтны хэсэг байжээ. Ашна Түрэг овогтны ихсийн эх улс Суо, Хамаг монгол овогтоны ихсийн эх улс Ду ло-гийн хооронд 300 километрийн зайтай буюу хөрш улсууд болно. Суо нь Енисей мөрний эх буюу Найман голын савд, Ду ло нь Енисей рүү цутгадаг Ангар мөрний савд оршиж байв. Хоёулаа урцанд амьдардаг ойн иргэд болно.
Тэдний нүүдэл
Ашна нь II зуунд (он тоог бичсэн баримт байхгүй, бичигдсэн гол тоймоор нь баримжаалахад) Хөх нуур буюу Дунд орны Баруун далай руу нүүжээ. Бөртө чоно, Гоа марал тэнгис гэтлэн VI зуун (он тоог бичсэн баримт байхгүй, Тэмүүжинээс дээшээ үелэхэд) Шивейгийн газар усанд очжээ.
Ашна нь Хөх нуураас Алтайд очсон тухай Умард төрийн түүх Түрэг, Тэлэ –д ингэж тэмдэглэгджээ: “Овог нь Ашина гэдэг. Вэй Тай У хуанди (424-452 онууд) нь Чи чү овогтныг мөхөөхөд Ашина таван зуун өрх дагуулан Ру ру-д одов. Алтан уулын өвөрт суурьшин Ру ру-гийн төмөрчин болов. Алтан уул нь дуулга адил байдаг. Энгийн үгэнд дуулга нь түрэг болж нэршив”.
Шивэй нь анх Түрэг төрийн хур, дараа нь Тан төрийн хур, дараа нь Кидан төрийн хур байжээ. Монгу Шивэйг Кабул хан XII зууны эхэнд хурааснаас Хамаг Монгол овогтон үүсэв. XII зуунаас өмнө Монгол гэдэг нэр эс байжээ.
Тэд төртэй болохын өмнө хаана, ямар байдалд байв.
Түрэг овогтон Алтан ууланд хүчирхэгжив. Энэ тухай уг эх сурвалжид ингэж тэмдэглэжээ: “Түүний хойнохыг Тү мэнь гэдэг. Аймаг улс нь баахан хүчирхэг болмогц хилд хүрч торго дурдан авдаг байв. Хятадтай (Дунд оронтой) наймаа хийх дуртай байлаа. Баруун Вэй улсын Да тун-гийн арван нэгэн он (НТ545 он). Жо Вэн ди хаанаас Жю чуань-ий ху хүн Ань нуо пан туо-г Түрэгт элчлүүлэв. Тэдний улс баярлалдан өөр хоорондоо “Их улсын элч ирэв. Манай улс мандах болно” гэцгээнэ. Арван хоёр он (НТ 546 он). Түмэн элч явуулан орон нутгийн бэлэг юм өргөв. Тэр үе Тэ лэ нь Ру ру-г дайлах гэж байв. Түмэн аймаг улсаа дагуулан дайлж Тэ лэ-г ихээр эвдэв. Тэдний түм илүү өрхийг буулгаж авав”. Түрэг нь улс төрийн хувьд Ру ру-гээс бүрэн анги болсон байсныг тэдний гадаад харилцаа нотолж байна. Эдийн засгийн хувьд Ру ру-гээс анги болсон байсныг тэдний худалдаа нотолж байна. Тэд мандах болно гэдэгтээ бүрэн итгэлтэй байжээ. Алтай нь мал ахуйн хувьд Өтүгээнээс ихээр тарчиг, хүн амын хувьд мөн ихээр цөөн газар ус. Алтайд хүчирхэг болно гэдэг ойлголт зөвхөн Өтүгэнийхэн хуваагдсан үед гарах ухагдахуун.
Хамаг Монгол овогтоны Тэмүүжин Хэрэйд Тойрол хаантай эцэг хүү болцгоов. Тэмүүжин 1177-1178 онд Удуит мэргэдийг цохиж, олзоо Тойрол хаан болон тэдний нөхдүүдэд өгжээ. Тэр хоёр бие биендээ тусалж эцэг хүүгийн харилцаагаа батжуулж байв. Бүх Хэрэйдүүд тэдний эцэг хүүгийн харилцааг мэдэж байв. Өнөөгийн Хэнтий болон Дорнын тал нь мал хүн амын тоогоор Өтүгээнээс хамаагүй бага болно. Сүүлийн тавин жилийн хугацаанд худаг ихээр байгуулсан нь малын тоо, малчдын аж амьдралд эергээр нөлөөлөв.
Өтүгэн буюу төв газар усныхан ямар байв. Тэлэ Ру ру-тэй дайдах гэж байв.
XII зууны сүүлээр Уйгурын хойчис Хэрэйд, Найман, Мэргэд болон хуваагдсан байжээ.
Баруун болон зүүн овогтон нь Өтүгэнд ирж төр барьдаг нь тэдний өөрсдийнх нь сайны учир гэхээс Өтүгэний муугийн учир байжээ. Төвийн овогтон хоорондоо муудалцан эвдрэлдэн төрөө алддаг нь үеэс үеэд байв. Төвийн овогтон эргэн нэгдэн төрөө буцаан авдаг нь үеэс үеэд байв. Өтүгэнийхэн төрөө алддаг нь бас байгалийн гамшгийн учираас болсон удаа бий. Хоёр жил дараалан царцааны нүүдэл болсноос мал, хүн амын дийлэнх нь үхэж, шил дараалан дүрвэж, үлдсэн арав гаруй түмэн хүннү өрх буюу ойролцоогоор 700 000 гаруй хүн Сяньбитэй нэгдсэн тухай битигч Фань. Э “Хожуу Хан улсын бичиг” Ухань Сяньбигийн шастиртаа тэмдэглэжээ.
Ямар тулаан хийв.
“Хүчиндээ эрдэж Ру ру-гийн вангаас ураг гуйв. А На Гүй ихэд хилэгнэж элч явуулан “Чи миний төмрийн боол, юу гэж зүрхлэв” гэж гутаан хараав. Түмэн бас уурлан элчийг алж тэдэнтэй холбоогоо тасалж, Вэй-гээс ураг гуйв” Умард төрийн түүх Түрэг Тэлэ. Олон эх сурвалжаас харахад ураг гуйна гэдэг нь нэг түвшингийн ахлагч нарын хоорондын үйл байжээ. Тэлэ-гийн хэсгийг хураасан Түмэн Ру ру-гийн А На Гүй гээс хүчтэй гэдгээ түүнд мэдрүүлэх алхам хийжээ. Түмэн Ру ру-г гэндүүлж дайрсангүй, түүнд дайн зарлав.
“Фэй ди-гийн анхдугаар оны (НТ 552 он) цагаан сар, Түмэн цэрэг гарган Ру ру-г цохиж Хуай хуан-гийн хойдод ялав”. Умард төрийн түүх Түрэг Тэлэ. Түмэн тулаанд Ру ру-г ялжээ.
“Түмэн үхэв. Хөвгүүн Кэ Луо ор залгамжлав. Кэ Ло-гийн цол нь И ши жи кэ хан болно. Жэн шү жи-г (А На Гүй-гийн дараа хан болсон түүний авга ах) Вуо е-гийн хойд Лан шань ууланд алав”. Ру ру Түрэг хоёр хоорондоо хоёр удаа тулалдаж Түрэг ялжээ. Тэд үнэхээр хоорондоо хүчээ үзэж ялагч нь Түрэг болжээ. Суо-гоос Ашнай, Ашнайгаас Түрэг хүртэлх тэдний их түүхэнд их хаан анх болсон нь Түмэн байжээ.
Чингис хааныг хүчирхэг болж байгаад Ван хаан хардан Чингисийг цохиж, Халх гол руу Чингисхаан зугтав. Энэ үед Ван хааны хүч хамаагүй илүү байжээ. Чингис хаан Ван хааныг гэнэдүүлэн цохиж түүний улсыг хураав. Хэрэйдүүд ар араасаа Чингис хаанд ирж нэгдэв. Хамгийн гол нь Хэрэйдүүд эцэг хүүгийн үйл (асуудал) гарлаа гэж харж байв. Хэрэйдүүд овог хоорондын тэрсэлдээн гэж эс харав. Чингис хаан Наймааны эзэлснээр их хаан болов. Ду ло-гоос Монгу Шивэй, Монгу Шивэйгээс Хамаг монгол хүртэлх тэдний их түүхэнд их хаан анх болсон нь Тэмүүжин байжээ.
Ашна Түрэг овогтон Хамаг монгол овогтны түүхэн дэхь ижил зүйлс
Хүн (Хүннү) гүрэн мал ахуйн хэвшилд ороод гурван мянга орчим жилийг үзэж, Модун Шанью дөчин түмэн цэргээр Хан төрийн Гао Ди хуандийг бүсэлж байхад Ашна, Хамаг монгол овогтны дээдэс ойд урцанд амьдарч байв. Тэд Мал ахуйтнаас 50 дахин бага бүтээмжтэй эдийн засгийн хамтрал хэвшилд оршиж байв. Аль альнийхан дээдэс сайн газар усыг бараадан өмнө зүг нүүн иржээ. Аль альнийхан дээдэс бусдын хур байжээ. Аль альнийхан дээдэс төмөр олборлодог байв. Тэдний түүхэнд хамгийн анх Өтүгэнд ирж их хаан болсон нь Түмэн, Тэмүүжин хоёр болно.
Түмэн Ил их хаан, Гу до лүй Илтер их хаан, Тэмүүжин Чингис их хаан болсон арга зам
Манай түүхэнд цаг цагийг эзэлсэн гурван их хааны маань их хаан болсон арга зам нь өөр өөр байх юм.
Түмэн болон түүний дээдэс эхэлж өөрийн овогтноо хүчирхэг болгосон. Дараа нь хүч түрэмгийлж Өтүгэнд ирж Түрэг төрийн илийг байгуулжээ. Энэ нь өнөөгийн улс төрийн үйлээр зүйрлэх юм бол Түмэн өөрийн хүчтэй намыг байгуулж, төрийн эрхэнд гарав гэдэгтэй адил.
Гу до лүй-гийн үе өөрийн онцлогтой. Тан төрийн Тайзун хуанди сая мал ахуйтныг тариачин, нэхмэлчин болгох хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байсан цаг хугацаа. Мал ахуйтны нутагт хүн ам цөөрч хаангүй байсан үе. Гу до лүй өөрийгөө Илтирс (Ил хураагч) их хаан гэж өргөмжилжээ. Тэр үед Гу до лүй ердөө таван мянга илүү хүнтэй (Хуучин тан төрийн бичгээр), ердөө хоёр мянган цэргээр (Тонуйкукын бичээсээр) Есөн угсыг цохижээ. Гу до лүй нь манай 90 оны ардчилсан хувьсгалын үеийн улс төрчидтэй адил талтай. Төр байхгүй үед хэн эхэлж бусдад таалагдсан нь төрийн эрхэнд гардаг нь 1990-ээд онд байв, VII зууны дундуур бас байжээ.
Тэмүүжин өөрийн овгийг хүчирхэг болгож Өтүгэнд очсонгүй. Тэр хамгийн том овогтонтой эцэг хүүгийн харилцаанд орж их хаан болох замаа тавьсан нэгэн билээ. Өнөөгийнхөөр дотоод зохион байгуулалт муу том намд орж, уг намыг сахилга батжуулснаар намын дарга, дараа нь төрийн эрхэнд гарсан нэгэнтэй адил.
Ил их хаан Түмэн өөрийн хөвүүн Айжинд Алтан уулнаас ирсэн хүчирхэг цэргүүдийг үлдээжээ.
Илтирс хаан Гу до лүй-г өөд болмогц улс нь таран оджээ. Түүний ин (эр дүү) Можо (Хуучин тан төрийн бичгэн дэхь нэр) буюу Ачим (Хадан бичээс дэхь нэр) их хаан ахынхаа тарсан олныг нь дахин хураажээ.
Чингис их хаан Тэмүүжин нь өөрийн хүү Өгөөдэй их хаанд нэгдсэн хэрэйд, найман цэргүүдийг үлдээжээ. Дээрхи гурван хааны их цэргийн цөм нь хүн амаар хамгийн олон Өтүгэнчүүд (Тэлэ, Уйгур, Хэрэйд овогтон) байв.
Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ-н судалгааны үр дүн ЗХУ-ын багш нараар бичүүлсэн өнөөгийн Монгол улсын албан түүхтэй эрс зөрж байна. 50-90 насныхан өөрийн түүхэндээ гамгүй, хайргүй, амьгүй зүйлд ханддагтай адил ханддагийг хараад мань анхандаа учрыг нь олохгүй байв. Учир нь ЗХУ-ын докторинд байжээ. Коммунизм байгуулах нь өөрөө шинжлэх ухаан бөгөөд хүмүүн төрлөхтөний жам гэж тэд үздэг байв. Коммунизм байгуулагч нар хүмүүн төрлөхтөний түүх хөгжлийг доорхи таван формацид (хэлбэрт) хуваажээ: Хамтрал (хүй нэгдэл) хэлбэр, Боол хэлбэр, Феодал хэлбэр, Капиталист хэлбэр, Коммунист хэлбэр. Тэд түүхийг нийгмийн ухаан биш шинжлэх ухаан гээн үзэж байсан тул хими, физик, биологи гэх мэт салбарт ханддаг шиг хандаж байв. Энд гол нь хуулийг нь мэдэх. 1000 метрийн өндрөөс 250 граммын жинтэй гар утас унагаахад хэдэн хормын дараа газар унах вэ гэдгийн томъёог мэдэж буй хүн тооцоолж чадна. Үүнтэй ижил түүх нь өөрөө шинжлэх ухаан тул түүхийн хөгжлийн томъёог, хуулийг нь мэдэж байхад хангалттай гэж социализмын материал техникийн баазыг байгуулагч монголчууд зөвлөлт багш нартайгаа адил үзэж байв. Тэр үед өнгөрсөн түүх чухал нь чухал боловч ирэдүйн түүхээс тийм чухал биш гэж үзэж байв. Ирээдүй бол коммунизм формац (хэлбэр). Энэ онолоор манай түүхийг тухайн үед феодализмаас капитализмыг алгасч коммунизмын эхэн шат болох социализмд ирж буй гээн дүрсэлж байв. Түүхэн эх сурвалжийг тэд өндрөөс унагаасан гар утасны нэртэй ижил, түүхийн томъёонд хамаагүй зүйл гэх мэтээр үгүйсгэж байв. Өнөөдөр ОХУ түүхэндээ өөрөөр хандах болов. Манай өнөөгийн ахмад түүхчид хуучин заншилаараа түүхэндээ хандаж, монголчууд Чингисийн монголоос үүсэлтэй гэсээр байна. Тэд их сурвалж тоодоггүйн цаад учир ийм байжээ.
Сэргэлэн Интернашионал Экспедишионы судалгааны үр дүн ЗХУ-ын түүхийн номнолд ороогүй монгол сэхээтнүүдийн монголын түүхийн тухай үзэл баримталтай нь нийцэв. Их зохиолч Дашдоржийн Нацагдорж (1906-1937) мануусын дээдэс Хүннү нар гэдгийг уг шүлгэндээ тод буулгажээ.
“Түүхэн шүлэг”
Манай Монгол улс маш эртний улс аа,
Монголын яруу түүх, магад их гэрэлтэй,
Гэгээн наран мандсаар хангай говийг гийгүүлсэн
Хэдэн мянган жилээс бид энд оршсоор
Хэдийнээ балар цаг, таван мянган жилийн өмнө
Хойд газар оршиж, хол ойрыг хувьсгасан
Хүннүгийн үе хүрээд хүчирхэг улсыг мандуулсан
Хянган уулын тэндээс, Тэнгэр уулыг тулсан
Энэхүү Хүннүгийн улс, хоёр мянган жилийн тэртээ
Өмнө нанхиадыг сүрдүүлж, урт хэрэмийг цогцлуулсан
Ромын улсыг хүрч, Европ дахиныг сандруулсан
Өөрийн дурсгалт зүйлээ, Монгол орондоо хоцоргосон.
Чулуун овогт Цэвэгийн Бат-Очир (1873-1934) Монгол улсын Судар бичгийн хүрээлэнгийн нарийн бичгийн дарга, гишүүний үүргийг 1921-1930 онуудад гүйцэтгэж байв. Тэрээр “Монгол улсын эртнээс уламжлан ирснийг товчлон тэмдэлэсэн бичиг” номондоо өгүлэрүн: “Хоёр мянган хоёр зуун жилийн урьд Хятадын Цинь улсын Ши хуан-гийн үед, хойт хязгаарын Монголууд улсын нэрийг Хиунну хэмээн нэрийдэж, Дундад улсыг байлдан ирэхийг Чжао улсын түшмэл Ли Му хэмээгч угтан байлдаж Хиунну улсыг дарж эгүүлэв”. Ч.Бат-Очир нь ЗХУ-ын түүхийн номнолд ороогүй сэхээтний төлөөлөл тул өнөөгийн Монголчуудыг Хиунну буюу Хүн улсаас үүдэлтэй гээн бичжээ.
Анандын Амар (1886-1941) Монгол улсын ерөнхий сайдын албыг хоёронтой хашсан сэхээтэн. Ул эр “Монголын товч түүх” номондоо өгүлэрүн: “Хүннү нь Монголын өвөг болох нь сэжиггүй хэрэг болно”. Мөн уг номонд “Монгол оронд эрт цагаас эхлэн монгол, түрэг, зүрчид угсаатан оршин сууж, ээлжлэн улс төр байгуулж явсан бөгөөд түүний аль нэгэн нь удирдан тэргүүлж, улс байгуулбал нөгөө хоёр нь түүний дотор хамтран багтаж байсан явдлыг мөн дээр өгүүлсэн бөлгөө” гээн битигч Ананд өгүүлжээ. Баруун овогтныг Түрэг, Зүүн овогтныг зүрчидээр төлөөлүүлж, Төв овогтон Халхыг Монголоор тэрээр төлөөлүүлж байна. Анандын Амар ЗХУ-ын түүхийн номлолд ороогүй сэхээтэн тул өнөөгийн монголчууд Чингисийн монголоос үүсээгүй гэдгийг тов тодорхой өгүүлжээ. “Монголын товч түүх” номыг мань хоёронтой уншисан билээ. Анх гурван жилийн урьд, хоёр дахь удаагаа уг нийтлэлийг бичиж байх үедээ. Эх сурвалжийн хомсдол битигч Амарт үлүг их байгаа нь эх сурвалж судлаач маньд харагдаж байгаа боловч тэрээр манай түүхийг голч бичжээ. Нэг сонин баримт дэлгэе. Битигч Амар өөрийн номондоо өгүлэрүн: “Түрэгийн төрөлх нутаг болбоос Бараба бөгөөд тэндээс Хүннүгийн үе хүртэл Чингисээс мянга хэдэн зуун жилийн өмнө тэд нар зүүн өмнөд зүг давшин, Алтай ба Саянд, Катун, Бия мөрний ба Енисейн баруун талаас нийлсэн Кемчиг, Абакан хоёр мөрний усны сав газар оршиж байсан буй”. Уг өгүүлбэрийг уншаад мань мэл гайхав. Хагас, Тува нарын дээдсийн нутаг буюу Суо улсын нутгийг битигч Амар яаж тов тодорхой заав. Ямар эх сурвалж ашиглав гэдэг нь мануусын сонирхолыг татав. 62-р нийтлэлдээ нийт дөрвөн эх сурвалжийг судласны үндсэн дээр мануус Ашна овгийн эх нутгийг тогтоосон. Умард төрийн түүх Түрэг Тэлэ-д Хүннүгийн хойно, Абакан гол, Шан (Саян) уул гээн гардаг, Судрын чуулганд Сэкз буюу Найман голын сав тал гээн гардаг, Тариатын бичигт Сэкз буюу Найман голын савд тариа тариалж байв гээн гардаг, мөн Хакас гээн гардаг, Д.Нацагдоржийн шүлгээс Саяны нуруу урьд манайх байжээ гэдгийг мэдсэн. Манууст байгаа эх сурвалжуудаас битигч Амар “Умард төрийн түүх Түрэг Тэлэ”-гийн манж хөрвүүлэг байсан бол танилцсан байж болох юм, Судрын чуулганы И.П.Березины хэсгэлсэн хөрвүүлэгтэй танилцсан байж болох юм, Саяны нурууг манай нутаг ус байсан гэдэг ухагдахуун тэр үеийн сэхээтэн болгонд байжээ. Харин хадан бичигтэй танилцаагүй байсан нь тов тодорхой. “Барбара гэдэг газар уснаас зүүн өмнөд зүг ирсэн” гэдгийг баталсан эх сурвалж Дунд орны үе үеийн төрийн түүхээс шүүхэд мануусд олдсонгүй.
Дүгнэлт: Анх судалгаа хийхдээ мани ЗХУ-ын номлолтой нэгэн нь байжээ. Мани түрэг, уйгурчуудаас өөрийнхөө түүх, бичиг үсгийг салган авах зорилготой байв. Судалгааны үр дүнд өнөөгийн халхын шууд өвөг нь уйргур, Алтан уулын ахан дүүсийн шууд өвөг түрэг, зүүн нутгийн ахан дүүсийн дээдэс Хамаг монголчууд болов. Судалгааны өмнө маньд зөвхөн Чингис хаан хамаатай байсан, бусад нь харийн хаан гэж үзэж байсан бол энэ өдгөө Чингис их хаан манай хаан, Ил их хаан Түмэн манай хаан, Илтерс их хаан Гу до лүй манай хаан болов. Манай судалгааны үр дүнг үгүйсгэж чадах нэг ч судлаач Монголын ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгээс гараагүй байна. Саяхан Монголын ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн эрхлэгч академик С.Чулуун дүү хүүтэй уулзахад “Та өөрөө мэдэж байгаа, манайхнаас таныг шүүмжлэх, мэтгэлцэх хүн байхгүй гэдгийг” гээн өгүүлсим. Энэ тухай миний дотор бодол бол хувь хүн намайг шүүмлэх асуудал биш, эх сурвалж судалдаг багийг үгүйсгэвэл эх сурвалжаар үгүйсгэнэ. Өнөөдөр Монгол улсын түүх, хэлний салбарыг 50-90 насныхан шууд болон шууд бусаар удирдаж байна. Өнөөдөр тэд ардын багш, гавъяат багш, төрийн шагналт, доктор профессорууд болжээ. Дэлхий нийтээрэй түүх, хэлийг нийгмийн ухаан гээн үзэж байхад тэд шинжлэх ухаан гээд өнөөг хүрэв. Үүнд асуудлын ул оршино.
Манай судалгааны үр дүн XIX зууны сүүлээр төрсөн сэхээтнүүдийн төлөөлөл болсон Д.Нацагдорж, Ч.Бат-Очир, А.Амар нарын манай түүхийн талаар бичин хоцроосон тэдний ноён нуруу баримтлалтай таарч байна. Бүрэн эрхт, анги тогтнолт Монгол улсад түүхээ сэрээх цаг нь ирлээ.
Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн