Засгийн газрын тэргүүн хийгээд гишүүд, сайдаар толгойлуулсан гийчид малчны хотонд саатжээ. Үйл явдал өрнөхтэй зэрэгцээд өргөн улаан тууз гэрийн эзний энгэрт “намирч”, өргөмжлөн хүндэтгэсэн үгстэй жааз гэрийнх нь хойморт залраадахав. Малынхаа толгойг 1000-аас давуулсан аваргуудад төрийн хишгийг хүртээж, түмэн олонд зарлан тунхаглах “хариуцлагатай” ажил өрнөж байгаа нь энэ. Яг тийм тууз, өргөмжлөлтэй мянгат малчны тоо өдгөө улсын хэмжээнд арван мянгыг хол давсан мэдээ байна.
Хөшигний нөгөө талыг нээе. Ажиллагсдынх нь тоо 1000- аас давсан захирал “сампин” цохин, шаналж сууна. Ажиллах хүч нь нэмэгдэхийн хэрээр халаасан дахь цоорхой нь томорч үзэгдэнэ.
Олон төрлийн татвар татаас, дээр нь нийгмийн даатгалын шимтгэл гээд толгой өвтгөх түмэн асуудал эздийг шаналгана. Эцэст нь ажилчдадаа олгох тэтгэмж, урамшуулал, дэмжлэгийн цар хүрээгээ танана.
Манай улсын эдийн засгийн 80-аад хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлдэг. “Монгол Улсыг үндсэндээ үүрч яваа энэ цагийн ЭГЭЛ БААТРУУД бол бизнес эрхлэгчид, та бүхэн” хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх тодорхойлон тодотгов. Харин манай эгэл баатруудад өргөн улаан тууз байхгүй. Өргөмжлөн хүндэтгэж, тунхаглан баталгаажуулсан бичиг ч алга. Гэхдээ гол учир нь жаазтай өргөмжлөл, улаан туузанд бус гэдгийг ухан ойлгож буй биз ээ.
Өнөөдрийн байдлаар Статистикийн бизнес регистрийн санд бүртгэлтэй 163 мянган аж ахуйн нэгж байна. Эдгээрийн бараг тал хувь нь үйл ажиллагаа явуулдаггүй. Ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдээс 50-иас дээш ажиллагсадтай нь 2500-гаадхан нь. Бүр тодорхой хэлбэл, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын ердөө гурван хувийг эзэлдэг гэсэн судалгаа байна.
Тэрчлэн сүүлийн дөрвөн жилийн үзүүлэлтээс харахад, аж ахуйн нэгж, байгууллагуудын тоо ерөнхийдөө нэмэгдсэн ч жижгэрэн давжаарах хандлагатай байгаа нь ажиглагджээ. Ажиллах хүчнийхээ тоог нэмэхийн хэрээр нийгмийн даатгалын шимтгэлийн төсөв жин нэмэн оворжиж байгаа нь эздэд хүнд тусаж эхэлсний баталгаа энэ. Мөн цалин нэмэх сонирхлыг нь өдөөх өчүүхэн төдий гэрэл харагдах цонх манай татварын тогтолцоонд нээгдээгүй байна.
...Ажиллагчдаа 50-д, 100-д, 500-д, 1000-д хүргэсэн эздийг улс даяар сурталчлан зарлаж, татварын хөнгөлөлт зоригтойгоор үзүүлдэг “баавартай” төр хэрэгтэй байна...
Одоо малчны хотонд эргээд саатъя. Манай улс 1918 онд анх удаа малаа тоолсон түүхтэй. Энэ цагаас хойш буюу зуун жилийн дараа монгол малын тоо 66.4 сая толгойд хүрээд байна. Малчин өрхийн тоо хүртэл 230 мянгыг давжээ. Мөн бага малтай өрхийн тоо буурч, их малтай бүл өссөн дүн гарав. Статистик үзүүлэлт ийм таатай байхаас аргагүй. Монгол төрийн бодлогоор урамшуулан тэтгэдэг хөнгөлөлт, урамшуулал, дэмжлэгийн хүчинд мал маллах сонирхолтой өрхийн тоо гэрлийн хурдаар ийн өсөж байна.
Түүнчлэн Үндсэн хуулиар олгосон эрхээ малчид бүрэн утгаар нь эдэлж байгаа. Бэлчээр, ус, газрыг “тултал” ашигладаг хүн малчдаас өөр байгаа гэж үү. Цаашлаад арьс шир, ноос, ноолуурын урамшуулал, банкны зээлийн хамгийн хямд хүүгийн нөхцөл, нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл, өвс, тэжээлийн тусламж гээд цуварна. Мөн хүүхдийнх нь сургалтын төлбөрийг татвар төлөгч бид дааж байна. Хувийн өмчөө өсгөн үржүүлж, амьжиргаагаа дээшлүүлж, ахуйгаа тэлснийх нь төлөө төр тэднийг ийн халамжилдаг. Үүнийхээ төлөөсөнд ядаж малын хөлийн татвар дээр луу унжсаар өдийг хүрлээ.
Дэлхийн хүчирхэг эдийн засагтай улс орнуудын хөгжлийн тулах цэг нь хувийн хэвшлийнхэн. Төрийн оновчтой бодлого, дэлхийд жишиг болохуйц татварын тогтолцоогоор хувийн салбараа дэмжиж, хүчирхэгжиж байна, тэд. Тэгвэл Монгол Улс хувийн хэвшлээ дэмжих үүднээс 1000-аас дээш хүнийг ажлын байраар хангасан эздийг ивээлдээ авч яагаад болохгүй гэж. Ийм тооны хүн байтугай хэдхэн хүнийг цалинжуулна гэдэг хэн хүссэнийх нь чаддаг ажил ч биш. Энэ утгаар нь 50-иас дээш ажиллагсадтай 2500 гаруйхан аж ахуйн нэгж, байгууллагынхаа эздийг урамшуулан дэмждэг бодлогыг түмэн олон хүсэж байна.
Ядаж л үндэсний 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниудад татварын хөнгөлөлтийн элдэв аргыг санаачлан сэдэж болно. “М Си Эс”, “Монос групп”, “Номин холдинг”, АПУ, “Юнител”, “Говь”, “Таван богд”, “Сүү”, “Талх чихэр”, “Алтан тариа” гээд томоохон компаниудад олон мянган хүн ажиллаж, амьдралаа тэтгэж байна. Нэг хүний цаана гэр бүлийнх нь гишүүдийг дунджаар гурваар тооцвол ач буяныг нь хүртэж байгаа монголчуудын хүрээ улам бүр тэлнэ.
Үнэндээ эдийн засгийн хямралын үеийн өнгөрсөн жилүүдэд манай үндэсний компаниуд хамгийн их сульдсан. Зах зээлийн үнэлгээ нь хэдэн зуун тэрбум төгрөгөөр тооцогдох аж ахуйн нэгжүүдийн цэвэр ашиг өчүүхэн хувиар хэмжигдэх урамгүй жилүүдийг тэд үзсэн. Валютын зээлийн ханшийн алдагдалд хамаг ашгаа хуу хамуулчихаад “үрчийж” суусан цаг саяхан. Тэглээ гээд хүнээ цөөлж, хөрөнгөө хэмнэх гэж улайраагүй юм, монгол эзэд.
Хүнийхээ тоог нэмэхийн хэрээр нийгмийн даатгалын шимтгэлээс тодорхой хэмжээгээр чөлөөлдөг хөнгөлөлт тэдэнд хэрэгтэй байна. Ажилчдаа 50-д, 100-д, 500-д, 1000-д хүргэсэн эздийг улс даяар сурталчлан зарлаж, татварын хөнгөлөлтийг зоригтойгоор үзүүлдэг “баавартай” төр үгүйлэгдэж байна. Ийм тооны хүнийг ажилтай, орлоготой болгож, амьдралынх нь баталгааг даасан ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийн 10 хувийг чөлөөлчихөж яагаад болохгүй гэж. Хожмын үр дагавар, бодитоор нөлөөлөх эерэг шийдэл нь төрөөс үзүүлсэн ийм хэмжээний урамшууллаас хавьгүй илүү тусна гэдэгт итгэж байна.