Ц.Саранцацрал гэх эмэгтэй Эрүүл мэндийн сайдтай уулзах гэж жил орчим хөөцөлджээ. Очих болгонд нь завгүй, байхгүй гэж шалтагласаар ийм хугацаа өнгөрсөн гэх. Ажлын цагаа бүртгүүлж буй мэт, өдөр бүр Эрүүл мэндийн яаманд очсоны эцэст саяхан сайдыг гарч явахтай таарчээ.
Замыг нь тосож уулзах гэсэн ч тэрбээр үгийг нь сонсохгүй шууд л машиндаа сууж, жолооч нь зугтаах шахам хөдөлсөн юм байна. Машиныг нь дагаж гүйгээд ч тусыг олсонгүй. Араас нь цөхөрч уйлаад үлдсэн тухайгаа бидэнд ярьсан юм. Түүний нөхөр 2016 оны дөрөвдүгээр сарын 16-нд Дорнодоос Манжуур орох замдаа осолд орсон байна. Ослын улмаас нуруу нугас нь хүнд гэмтэж, ГССҮТ-д онгоцоор хүргэгджээ. Улмаар яаралтай мэс засалд орсон гэнэ.
Харамсалтай нь, мэс заслын дараа тус төвийн эмч нар “Нөхрийн тань амийг аварлаа. Энэ хүн босох найдваргүй” хэмээн хэлжээ. Нөхөр чинь насаараа тахир дутуу үлдэнэ гэхийг нь сонссон эмэгтэй бууж өгөхийг хүсээгүй тул н.Мягмарцогц гэдэг эмчийг зорин очиж зөвлөгөө авсан байна. Тэргэнцэртэй байхын зовлонг биеэрээ мэдэрч яваа тэрбээр Ц.Саранцацралын гэрт нь хүртэл очиж, сэргээн засах дасгалын зарим тоног төхөөрөмж өгсөн гэдэг. Сэргээн засах дасгал хийснээр нөхрийнх бие нь бага зэрэг дээрджээ.
Тэрбээр нөхрөө дагуулан Монголын сайн гэх бүх газрыг гүйцээжээ. Амаржаад удаагүй тэрбээр зарим үед нялх охиноо таван настай эгчид нь үлдээгээд өөрөө тэргэнцэртэй нөхрөө дагуулан мөнгөтэй үедээ хөлсний тэргэнд сууж, заримдаа автобусаар, мөнгөгүй бол алхаж олон газрын үүд сахиснаа ярьсан юм.
Солонгосын эмч бидэнтэй фэйсбүүкээр холбоо тогтоож, өдөр бүр дүрсээ харан уйгагүйгээр дасгал хөдөлгөөн зааж байгаа. Тэр эмч ирэх сарын дундуур Монголд ирнэ. “Эмчилгээний тал мөнгөө хуримтлуулж бай, үлдсэнийг нь өөрийн цалингаас гаргана. Энэ хүнийг босгохын төлөө чадах бүхнээ хийнэ” гэсэн. Хүний төлөө гэсэн сэтгэлийг нь биширсэн.
Хоёр жилийн хугацаанд Монголд байдаг Нөхөн сэргээх төв нэртэй газруудад олонтоо очсон ч үр дүн өгсөнгүй. Ингээд Ц.Саранцацрал интернэтээр судалгаа хийж БНСУ-ын эмнэлгүүд рүү материал явуулсан байна. “Ча Сен” эмнэлгээс түүний нөхрийг хүлээж авах боломжтой гэсэн хариу авчээ.
Ингээд хоёр талынхаа ах дүү, найз нөхдөөс хандив тусламж гуйж 30 орчим сая төгрөгтэй болж өнгөрсөн арванхоёрдугаар сард тэд тус улсыг зорьжээ. Ц.Саранцацрал “БНСУ-д очихоос өмнө нөхөр маань хэвтэрт байлаа. Тэнд 14 хоног эмчлүүлэхэд биеийн байдал нь эрс сайжирч, өөрөө бие засаж чаддаг болсон.
Эмчилгээ хийлгэж эхэлсэн даруйд цусны эргэлт сайжирч, хатингартсан хөл нь сэргэж, өвдөг нь мэдээ орохоор барахгүй, аажмаар, юм түшээд алхсан. Нөхрийг минь эмчилсэн Кан Соо эмч “Сэргээн засах эмчилгээ эртхэн хийлгэхгүй дээ” гэж дуу алдсан. Хуримтлуулсан мөнгө дуусан учир аргагүйн эрхэнд эмчилгээгээ тасалж, Монголдоо ирсэн.
Харин Солонгосын эмч бидэнтэй фэйсбүүкээр холбоо тогтоож, өдөр бүр дүрсээ харан уйгагүйгээр дасгал хөдөлгөөн зааж байгаа. Тэр эмч ирэх сарын дундуур Монголд ирнэ. “Эмчилгээний тал мөнгөө хуримтлуулж бай, үлдсэнийг нь өөрийн цалингаас гаргана. Энэ хүнийг босгохын төлөө чадах бүхнээ хийнэ” гэсэн.
Хүний төлөө гэсэн сэтгэлийг нь биширсэн. Нөхөр маань хөл дээрээ босох магадлалтай учраас тэр бидэнд тусалж буй. Гэтэл Монголын зарим эмч үнэхээр хүнд сурталтай. Харь элгийн хүнээс дор байгаад харамсаж байна. Надад хандаагүй газар алга. Гадаад харилцааны яамныхан нааштай хүлээж авч, ямартай ч хүсэлтийг маань сонссон” гэсэн юм. Ц.Саранцацрал нөхрөө гадаадад эмчлүүлсний нөхөн төлбөр авахаар Эрүүл мэндийн яаманд хүсэлтээ гаргасан боловч дорвитой шийд өгөхгүй, хүлээж авах албан тушаалтан олдоогүй гэнэ.
ДЭМБ-аас Сэргээн засах эмчилгээг эмнэлгийн тусламж үйлчилгээнд яаралтай оруулах шаардлагатай гэх зөвлөмжийг Эрүүл мэндийн яаманд өгчээ. Тийм хэдий ч манай улсад сэр гээн засах эмчилгээ жинхэнэ утгаараа хөгжөөгүй, сайн эмчилдэг газар алга.
Аливаа мэс засалд орсоны дараа болон цус харвалт, зүрхний шигдээсийн үед сэргээн засах эмчилгээ чухал үүрэгтэй. Гэтэл нэг, хоёр, гуравдугаар шатлалын аль ч эмнэлэгт нөхөн сэргээх эмчилгээний мөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгодоггүй. Тэгсэн хэрнээ зарим сувилалд сэргээн засах эмчилгээний мөнгийг Эрүүл мэндийн сангаас өгдөг аж.
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасагт жилдээ 9000-10 000 хүн эмчлүүлдэг. Энд хэвтэн үйлчлүүлж буй иргэд үндсэн оношоороо (Цус харвалт, зүрхний шигдээс гэх мэт) эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг. Дээд тал нь 14 хоног хэвтэн эмчлүүлдэг бөгөөд эмч нар зөвхөн хэвтэх хугацаанд нь сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс эмчилгээ үр дүнгүй болж, эцэст нь иргэд хохирдог гэдгийг тус эмнэлгийхэн хэллээ. Харамсалтай нь, сэргээн засах эмчилгээг хамгийн багадаа 3-6 сар хийж байж үр дүнгээ өгдөг аж.
Эмнэлгээс гарсан иргэд сэргээн засах эмчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа учраас ихэнхдээ тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй болж, нийгмийн амьдралд эргэж орж чадахгүй хохирч үлддэг. Хөдөлмөр эрхлэх талаар бүр ярилтгүй. Тоотой цөөн хүн маш их зардал гаргаж, гадаадад эмчлүүлж буй.
Өндөр хөгжилтэй орнуудад сэргээн засах үйлчилгээг цогцоор үзүүлдэг аж. Тэндхийн Сэргээн засах төвд сэргээн засах эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, портез, ортопедын мэргэжилтэн зэрэг хүмүүс багаараа ажилладаг.
Тархины цус харвалттай хүн ирэхэд эхлээд үндсэн оношийн дагуу аль нэг тасагт 14 хоног эмчилж, үргэлжлүүлээд Сэргээн засах эмчилгээний тасаг руу шилжүүлдэг байна. Жишээ нь, Японд осолд орсон хүн хамгийн багадаа 180 хоног эмнэлэгт хэвтэж, хөдөлмөр эрхлэх боломжтой үедээ эмнэлгээс гардаг тогтолцоотой.
Өвчтэй хүмүүсийн хувьд эхний 30 хоног сэргэлтийн үе байдаг. Энэ үед нь сэргээн засах эмчилгээг эрчимтэй хийх ёстой. Харин Монголд ийм боломж одоогоор алга.
Гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн Сэргээн засах эмчилгээний тасгийн эмч нар “Эрчимжсэн сэргээн засах эмчилгээний тасаг нэн шаардлагатай. Сэргээн засах зорилгоор эмнэлэгт хэвтүүлдэг болгоё, ортой тасаг нээж өгөөч” гэх хүсэлтийг салбарын яамандаа удаа дараа тавьжээ.
Эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгүүдэд сэргээн засах эмчилгээний мөнгө өгдөггүйгээс гадна эдгээр тасагт ор байхгүй. Харин сувиллууд дээрх сангаас сэргээн засах эмчилгээний төлбөр авдаг. Тэгсэн хэрнээ эрчимжсэн сэргээн засах эмчилгээ хийдэггүй. Эмнэлгээс гарсан тархины харвалттай, осолд орсон хүмүүст шавар тавьж, иллэг хийж, зүү тавихаас хэтэрдэггүй гэх. Энэ нь өвчтнийг улам идэвхгүй болгодог.
Уг нь дээрх өвчтэй иргэдэд хөдөлгөөн засал, хөдөлмөр заслын үйлчилгээг түлхүү үзүүлэх ёстой. Иргэнийг идэвхтэй хөдөлгөөн хийж, хэвтээ үедээ эргэж хөрвөөх, ганцаар зогсох, бие даан явж сурахад нь тусалдаг бөгөөд үүнийг хөдөлгөөн засал гэдэг аж. Иргэн үсээ самнаж, шүд, нүүрээ угааж чадахгүй зэрэг олон бэрхшээлтэй тулгардаг. Дээр нь тоолж чадахгүй, өнгө, дүрс ялгахгүй болох нь ч бий.
Эл өөрчлөлтийг арилган бие даахад нь сургахыг хөдөлмөр засалч гэнэ. Харин шавар, зүү тавьж, иллэг хийх нь сэргээн засах бус уламжлалт эмчилгээнд хамаарах аж. Гэтэл сувиллууд Эрүүл мэндийн даатгалын сангаас уламжлалт болон сэргээн засах эмчилгээний төлбөрийг давхар авдаг.
Эмнэлгийн тухай хуульд “Сэргээн засах эмчилгээг эрчимжүүлнэ” гэж заасан ч жинхэнэ утгаар нь хөгжүүлж чадахгүй байна. Монголд байгаа Сэргээн засах төв нэртэй газруудад ч энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэггүйг эмч нар онцолсон. Тиймээс сэргээн засах эмчилгээг цогцоор нь үзүүлдэг улсын чанартай томоохон төв шаардлагатайг тэд учирлаж байлаа.
Гуравдугаар шатлалын эмнэлэгт уламжлалтаасаа илүү сэргээн засах эмчилгээний хэвтэн эмчлүүлэх тасаг байгуулах нь нэн тэргүүний асуудал болоод байна. Энэ нь хүмүүст илүү өгөөжөө өгнө. Өөрөөр хэлбэл, сэргээн засах эмчилгээнд хамрагдсанаар иргэд нийгмийн амьдралдаа илүү хурдан орж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тоо цөөрөх аж. Уламжлалт эмчилгээ нэн тэргүүний асуудал биш учраас хоёрдугаар шатлалын дүүрэг, аймгийн эмнэлэгт байж болно. Харин гуравдугаар шатлалын эмнэлэгт хэвтүүлэн эмчилдэг Сэргээн засах тасаг шаардлагатай байгааг Эрүүл мэндийн сайдад дахин уламжилъя.
Эрүүл мэндийн даатгалын санг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяаллаас гаргаж, Эрүүл мэндийн яам хариуцах болсон. Тийм хэдий ч Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрсөн мөнгийг хэрэгтэй газарт нь зүй зохистой хүргэж чадахгүй байна. Энэ нь Эрүүл мэндийн сайдыг салбарынхан нь даахгүй нохой булуу хураана гэгчийн үлгэр боллоо хэмээн шүүмжлэхэд хүргэв.