-Нэгэн агуу теннисчний замнал 31 жилийн өмнө эхэлсэн-
Р.Федерер, Р.Надаль, Н.Жокович нарын эрин үеэс өмнөх шилдгийн шилдэг теннисчин бол Пит Сампрас гэдэгтэй спорт сонирхогчид санал нийлэх болов уу. Грек гаралтай америк тамирчин асар олон дээд амжилт тогтоосны заримаас дурдвал, “Их дуулга”-д хамгийн олон (14) аваргалсан, чансааны эхэнд хамгийн олон долоо хоног (286) бичигдсэн гэх мэт. П.Сампрас 2002 оны “Америкийн нээлттэй тэмцээн”-д түрүүлээд теннисээ орхисон нь түүний агуу замналд яг тохирох төгсгөл байлаа.
Түүний тамирчны замнал тун даруухан эхэлсэн юм. 1988 онд дэлхийн залуу теннисчдийн чансаанд долдугаар байрт бичигдэж, 16 настай П.Сампрас Филадельфи хотод хоёрдугаар сард болох АТР-ийн тэмцээний ерөнхий зохион байгуулагчаас сонгон шалгаруулалтад оролцох цагаан хуудас өгөхийг хүссэн аж. Тухайн үед Пит мэргэжлийн нэг ч тоглолтод оролцоогүй байсан ч М.Фернбергер зөвшөөрснөөр оргилд хүрэх эхний алхмаа хийсэн юм.
Тэрбээр сонгон шалгаруулалтын шатанд гурван өрсөлдөгчөө итгэл төгс ялсан ч тэмцээний эхний тойрогт Сэмми Жиаммалвед (4:6, 3:6) хялбархан ялагдав. Гэвч тэрбээр чансааны эхний оноогоо авснаар АТР-ийн чансааны 893 дугаарт бичигджээ.
Нэг сарын дараа Индиан-Уэллст болсон тэмцээнд Пит анхны “жинхэнэ” ялалтаа байгууллаа. Тэрбээр эхний тойрогт хүнд гурван үеийн эцэст энэтхэг теннисчин Р.Кришнаныг (чансааны 37 дугаар байр) ялсан юм. Дараачийн тойрогт тэрбээр хашир туршлагатай Э.Тельчертэй таарлаа. Түүнтэй хөрш амьдардаг, спарринг хамтрагч байсан учир тоглолтыг нь Пит тун сайн мэддэг, энэ нь ч өрсөлдөгчөө ялахад нь тус болов.
Сонирхолтой нь, хоёр жилийн дараа Э.Тельчер Питийн дасгалжуулагч болсон билээ. “Элиотын тоглолтыг мэдэх учир би өөртөө итгэлтэй тоглосон. Тэр ч миний арга барилыг мэднэ. Гэвч тэр намайг гайхашруулах зүйл хийж чадаагүй” хэмээн П.Сампрас уг тоглолтын дараа ярьжээ. Гуравдугаар тойрогт залуу теннисчин тэмцээний чансаанд наймдугаарт бичигдэж байсан Э.Санчест дийлдэв. Гэвч хоёр ялалтынхаа ачаар Пит чансаагаа 311 дүгээр байр хүртэл өсгөлөө.
Тэрбээр мөн оныхоо наймдугаар сард, анхны “Их дуулга” тэмцээн болох “US оpen”-д оролцох үедээ дэлхийн чансааны 188 дугаар байрт ороод байв. Гэсэн ч Пит эхний тойрогт дийлдснээр том тэмцээний утаа дөнгөж үнэрлээд л буцсан аж.
1989 оны нэгдүгээр сард П.Сампрас чансааны эхний 100-д багтаж, 97 дугаар байрт орж ирэв. Харин 1990 онд, тамирчны замналаа эхэлсэн Филадельфи хотдоо АТР-ийн анхны тэмцээндээ түрүүлжээ.