Бог малын өлөн гэдсийг сайтар цэвэрлэн гүзээ, сэмжтэй нь хольж, чанга ороосон хагас тохой хэрийн урттай нэгэн төрөл хоолыг баруун аймгуудад ороомог гэнэ. Богоос 25 орчим метр өлөн гардаг тул чанасан гэдэсний багагүй хэсгийг ороомог эзлэх нь ч бий.
Урд хөрш рүү экспортолж эхлэхээс өмнө бид богийн нарийн гэдсийг ийм байдлаар хүнсэндээ хэрэглэдэг байв. Өлөн нь төрөл бүрийн эрдэс, уураг, коллаген агуулдаг тул хүний эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй аж. Ийм тустай бүтээгдэхүүнийг 2000 оноос анхан шатны боловсруулалтад оруулж Хятад руу экспортолж эхэлсэн. Энэ үеэс малын чанасан гэдэснээс ороомог хасагдаж, өмхий үнэр ханхлуулж, ус их хэмжээгээр үрж, хөрс бохирдуулсан өлөнгийн цехүүдийн тоо өссөн. Тэгвэл одоо өлөн гэдэсний боловсруулалт, экспорт ямар байгаа бол.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд түүхий эдийн “Эмээлт” захад хонины нэхийг 1000, өлөнг 500 төгрөгөөр худалдан авч байв. Одоогоор өлөн болон нэхийг салгаж авч байгаа нь олзуурхууштай. Хятад ченжүүд манай улсын түүхий эдийн ханшид хяналт тогтоон, үнэ хэлбэлзүүлэх нь хэвээр буй бөгөөд эл байдал өлөнгийн зах зээлийг ч тойрохгүй байна.
Дэлхийн зах зээл болон урд хөршид нарийн гэдэсний үнэ өсвөл энд ч нэмэгдэнэ. Гэсэн ч ченжүүд их ашиг олохоор улайрч, дотоодын үйлдвэрлэгчдээс өрсөн түүхий эдийг нь хамна. Өнгөрсөн жил гэхэд өлөн гэдэсний үнэ 3000-3500 төгрөг хүрснээс түүхий эдийн ханшаа дийлээгүй дөрвөн ч үйлдвэр үүдээ барьжээ.
Эсрэг тохиолдолд өлөнгийн үнэ буурч 500-1000 төгрөгт хүрэхэд малчид, иргэд гэдсээ тоохоо больж энд, тэндгүй хаячихна. Тиймээс хятадууд арьсыг өлөнтэй авах бодлого баримтлан хүмүүс ч нэхийгээ “далд оруулах” зорилгоор өлөнгөө дагуулж өгнө. Аль ч тохиолдолд дотоодын үйлдвэрүүдэд зорьж авч аваачиж өгөх нь ховор гэнэ. Иймээс боловсруулах үйлдвэр нэг бол түүхий эдийн үнэд цохиулж, нөгөө талаас хомсдолд өртсөөр тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж тааруу хэвээр байгааг Монголын өлөн гэдэс үйлдвэрлэгч, экспортлогчдын холбооныхон хэлсэн юм.
Урьд нь дэлхий нийтэд өлөн гэдсээр мэс заслын утас, хөлөг онгоцны татлага, олс, спортын зарим хэрэгсэл хийдэг байсан ч одоо бараг больжээ. Учир нь малын гаралтай бүтээгдэхүүн хүний бие болон ус, давсархаг орчинд хялбар уусчихдаг гэнэ. Харин богийн өлөн гэдсийг зайдасны бүрхэвч болгон ашиглах нь түгээмэл, хамгийн эрэлттэй зах зээл болжээ.
Хальстай нь иддэг, чанартай, өндөр үнэтэй зайдасны бүрхэвчийг дэлхий нийтэд богийн өлөнгөөр л хийнэ. Энэ төрлийн бүтээгдэхүүний хамгийн өргөн хэрэглээтэй улсуудад Европын Холбоо, Ойрхи Дорнод, БНХАУ орно. Сүүлийн хоёр нь тогтвортой худалдан авагч байж чаддаггүй тул манайх Европын Холбооны 28 улстай “найзалж” буй аж. Тус холбооны улсуудын 500 орчим сая иргэн өглөө бүр зайдас иддэг бөгөөд эл хэрэглээ улам өсөж байгааг мэргэжилтнүүд хэллээ.
Европын Холбооны гишүүн болох Герман, Франц улсын мэргэжилтнүүд манайхтай өлөн боловсруулах, экспортлох салбарт 1990 оны дундаас хамтран, техник, технологи нэвтрүүлэн, шаардлагатай стандарт хэвшүүлэн ажиллаж буй юм байна. Одоогоор өлөнг бүрэн боловсруулж экспортод гаргадаг 10 гаруй үйлдвэр манайд бий. Тэд жил бүр нядалдаг 3.5-4.5 сая богийн, 80-100 сая метр хэмжээтэй нарийн гэдсийг бүрэн боловсруулахад “жижигдсэн” хэвээр.
Учир нь бид малаас гарч буй нарийн гэдэснийхээ 30-40 хувийг л бүрэн боловсруулж, экспортолдог гэсэн статистик байна. Мөн түүхий эдийн үнийн өсөлт, хагас боловсруулж экспортолж буй байдлаас шалтгаалсан хомсдолд өртөнө. Үүнээс гадна экспортын нарийн гэдсэнд бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхой байлгах, хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс заавал үйлдвэрийн аргаар нядалсан малынхыг боловсруулах шаардлагатай тул мах боловсруулах үйлдвэрийн хүчин чадлаас ч тэдний бүтээмж шалтгаална.
Энэ мэт асуудал өлөн боловсруулах үйлдвэрүүдэд тулгарч байгаа ч ямартай ч үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, ажил олгон, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй цөөн аж ахуйн нэг нь “Преком” компани. Тус компани 2000 оноос энэ салбарт ажилласан бөгөөд одоогоор бүтээгдэхүүүнээ Европын Холбооны улсууд руу экспортолдог. Тус холбооны 28 улс импортын бүтээгдэхүүндээ нэг л стандарт мөрддөг тул нэг сумаар 28 туулай буудахын үлгэр мэт өргөн зах зээл бий гэлээ. Таван аймагт салбартай “Преком” компанийнхан өдөрт 4000 малын гэдэс боловсруулдаг.
Олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн гаргахын тулд үйлдвэрийн байр, орчин нөхцөл нь ч тодорхой шалгуур хангасан байдаг гэв. Тэд дөрвөн үет нарийн гэдэсний гурвыг нь хуулж хамгийн сүүлийн булчинт давхаргыг нь үлдээн, цэвэрлэж, урт болон диаметрийг нь хэмжин, тэмдэглэсэн эцсийн бүтээгдэхүүнийг экспортолж буй. Ийм бүтээгдэхүүн бэлтгэх нь мөн л тухайн малын эрүүл мэнд, гарал үүсэл, нядалгааны аргатай шууд холбоотой гэсэн.
Сүүлийн жилүүдэд малын эрүүл мэнд муудаж, бие давжаарсан нь гэдэсний хэмжээ, чанарт нөлөөлж буй талаар тус компанийн захирал, Монголын өлөн гэдэс үйлдвэрлэгч, экспортлогчдын холбооны тэргүүн Б.Мөнхзаяа хэлсэн юм. Өлөн боловсруулах гэдгийг хүйтэн чингэлэгт давстай усаар угаан, өмхий ханхлуулж, орчин бохирдуулсан үйлдэл мэтээр төсөөлдөг байдал үеэ өнгөрөөснийг цэвэрхэн, саруулхан, элдэв үнэр танаргүй үйлдвэрээ үзүүлэх явцдаа хэлнэ лээ.
Тэрбээр салбарынхаа талаар “Дэлхий нийтэд өлөнгөөр эцсийн бүтээгдэхүүн хэрхэн хийдэг яг тэр технологи Монголд бий. Ийм үйлдвэрүүдийн тоо олшрох тусам түүхий эдийг хаягдалгүй ашиглаж, ажлын байр нэмэгдүүлэн, улсынхаа эдийн засагт өгөөжөө өгөх боломжтой. Төрийн зүгээс биднийг дэмжих цөөхөн ажил нь хагас боловсруулсан өлөн экспортлохгүй байх, зориулалтын мал нядалгааны газрын тоог өсгөх, малын эрүүл мэндийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх юм. Тэгвэл эл салбарынхан улам дэвжин, жилд 10 сая орчим ам.долларын бүтээгдэхүүн экспортлох боломжтой. Гол нь шударга өрсөлдөөн, чанартай бүтээгдэхүүн гаргах орчин бүрдүүлэх хэрэгтэй байна” гэлээ.
Түүчлэн манай улсын мах, махан бүтээгдэхүүний салбарт хиам, зайдасны хальсыг малын гаралтай гэдсээр хийхээс илүүтэй хямд үнэтэй хиймэл бүрхэвч ашигладаг аж. Боловсруулах үйлдвэрийнхэн бүтээгдэхүүнээ дотооддоо нийлүүлдэггүй нь ч үүнтэй холбоотой. Үүнээс гадна том, бүдүүн хиамны хальс хийж болох бод малын гэдэс, олгой хаягдал хэвээр байгааг тус салбарынхан хэлж байна.
Одоогоор богийн гэдсээр бүрсэн махан бүтээгдэхүүн дотооддоо төдийлөн бэлтгэдэггүй, гарсан түүхий эдийг бүрэн боловсруулж дийлэхгүй байгаа нь бодын гэдсийг ашиглах талаар ярих болоогүйг илтгэнэ. Монгол мал ихтэй, хэрвээ нядалсан бүх малынхаа гэдсийг өндөр түвшинд боловсруулах үйлдвэрүүдийн тоо олширч, дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл (Европын Холбооныхон өлөнгийн өнгө, чанар, урт, диаметр, гарал үүсэл, хэрэглэж буй ус, давс, үйлдвэрийн байранд гэхэд л 20 гаруй шаардлага, стандарт тавьдаг) нэмэгдвэл энэ зах зээл хэнд ч, хэзээд ч өгөөжөө өгөх том талбар гэдэг нь харагдана.